Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0220/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         О.О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.О холбогдох 193900......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.О нь  2019 оны 08 дугаар сарын 09-ний   өдөр 02 цагийн үед  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 1 дүгээр гудамжны 33 тоотод   иргэн Б.Буяндаваатай  хувийн таарамжгүй  харьцааны  улмаар маргалдаж түүнийг  толгой руу нь гараараа цохих, үснээс нь зулгааж аяганы хагархайгаар толгойг зүсэх зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Буяндаваагийн  өгсөн:...Миний биед олон тооны газар хөхөрсөн, язарсан, зулгаралт үүссэн. Энэ гэмтлүүдийг надад О гэх хүн надад согтуугаар учруулсан. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна...Би О гэх хүнд гомдолтой байна. Бие махбодь, сэтгэл санааны хохиролдоо 6 сая төгрөг О  гэх хүнээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний  өдрийн 376 дугаартай дүгнэлт

  1. Б.Буяндаваагийн биед зулай, дагз, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх зүүн мөр, бугалга, тохой, зүүн гуя, зүүн өвдөгөнд зулгаралт, нүдний зовхи баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, сарвуунд цус хуралт, үүдэн баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр  болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 22 хуудас/

Хохирогч Б.Буяндаваагийн биед хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 8-11 хуу/

             О.О гэрчээр өгсөн :...Манай дүү Баттүшигийн эхнэр Буяндаваа 3 жилийн өмнө манайд  манай бэр болсон. Буяндаваа манайд ирэхдээ 3 сартай нялх хүүхэдтэй ирсэн. Буяндаваа өөрт нь юм таалагдахгүй бол хүүхдээ зодоод байдаг. Би хүүхдийг нь өсгөсөн хүүхдийг нь Сохуу-Үжин гэдэг юм. Буяндаваагийн хүүхэд намайг ээжээ  гэж дууддаг. Би дүү Баттүшигийнхтэй 2018 онд Хэнтий аймгийн 3 дугаар баг нефтийн хашаанд айл буусан. Энэ  үед Буяндаваа 4 сартай хүүхэдтэй байсан. Хүүхдээ төрөөд удаагүй байхад Буяндаваа хүүхдээ хаяаад явчихдаг байсан. Манай дүү Баттүшиг хүүхдээ бариад  манай орж ирдэг байсан. Бид хүүхдийг нь угждаг байсан. Буяндаваа тэнэж байгаад ирээд хүүхдээ санаад байна хөх чинэрээд байна гэж гуйж байгаад буцаад гэртээ ирдэг байсан. Баттүшиг Буяндаваа хоёртой манай аав Оргодол цуг амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой Буяндаваад хэдэн үг хэлье гээд гэрт очсон. Манай дүү Баттүшиг байхгүй хөдөө явсан байсан. Баттүшигийн гэрт ороход Буяндаваа хоёр хүүхдийн хамт байсан. Мөн  манай аав байсан. Манай аав над руу утсаар яриад ухаан алдаж унаад гээд надад хэлсэн. Намайг очиход манай аав бие нь өвдөөд газарт хэвтэж байсан. Буяндаваа шалдан хэвтэж байсан. Хөхөө гаргаад хэвтэж байсан. Би тэгэхээр нь Буяндавааг ямар ичдэггүй юм  хадам аавынхаа хажууд гэж хэлээд босоод ир гэж хэлсэн. Намайг ороход гэрлээ унтраачихсан унтаж байсан. Би гар утасныхаа гэрлийг асааж орсон. Буяндаваа өөдөөс хэрэлдээд байсан. Манай эгч Саранчимэг саяхан төрсөн юм Буяндаваа манай эгчийг гэрээсээ хөөгөөд хүний хүүхэд гаргаад гэж хөөсөн байсан. Манай эгч надад Буяндаваагийн гаргасан үйлдлийг надад хэлсэн. Би 2019 оны 08 дугаар сарын 09-ний орой  караокед орж хэдэн пиво уучихсан байсан. Тэгээд Буяндаваад хэдэн үг хэлэхээр очсон. Буяндаваа өөдөөс хэрэлдээд намайг нэг юмаар цохисон  би тэгээд Буяндавааг гараараа зодчихоод гараад явсан. Би гартаа гар утасаа барьчихсан явж байсан гараараа Буяндавааг цохисон. Би өөр эд зүйлээр Буяндавааг цохиогүй. Буяндаваа бид хоёр зулгаацалдаад нилээд ноцолдсон....гэх мэдүүлэг / хх-ийн 19 хуу /

О.О  яллагдагчаар өгсөн:...би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урд мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

О.Онь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36 хуу/

О.О иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 55 хуу/

Хохирогч Б.Буяндаваагийн бичсэн О.О сайн дураараа эвлэрсэн,  нэхэмжлэх зүйлгүй, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 58 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.О  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.О  нь  2019 оны 08 дугаар сарын 09-ний   шөнийн 02 цагийн үед Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 1 дүгээр гудамжны 33 тоотод хохирогч Б.Буяндаваатай  хувийн таарамжгүй  харилцааны  улмаар маргалдан түүнийг зодож зулай, дагз, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх зүүн мөр, бугалга, тохой, зүүн гуя, зүүн өвдөгөнд зулгаралт, нүдний зовхи баруун бугалга, шуу, зүүн мөр, бугалга, сарвуунд цус хуралт, үүдэн баруун дээд 1-р шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Буяндаваагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч О.Онь хохирогч Б.Буяндавааг зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас О.О үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 59 хуу/ прокурор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч О.О нь  хүлээн зөвшөөрч /хх-ийн 63 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч О.О г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Буяндаваа  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт гаргасан /хх-ийн 58 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ