Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00409

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1963 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Булган аймгийн Орхонсумын 4 дүгээр баг, Мааньтад оршин суух, Хард овогт Одонпүрэвийн Сарантуяа /РД:ГЖ63081704/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00450/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Сарантуяа, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Сарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1985-1988 онд малчнаар ажиллаж байсан боловч тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, зарим нэг сарын цалинд гарын үсэг, тамга байхгүйгаас болж хүчингүйд тооцож байна. Иймд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 онны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Сарантуяа нь Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 онны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №23 дугаар цалингийн лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Хишигсүрэнгийн ...Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1977 оноос хойш малчнаар ажиллаж байхад О.Сарантуяа нь 1984 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан... гэх, гэрч С.Бариаширын ...Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1972 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байхад О.Сарантуяа нь 1984 оноос 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хард овогт Одонпүрэвийн Сарантуяаг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлдмалчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 онны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ