| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00474/И |
| Дугаар | 00410 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 00410
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1963 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Булган аймгийнГурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух, Шартайж овогт Дамбаагийн Цэвэлмаа /РД:ГГ63111601/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2016/00474/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1979 оны 07 дугаар сараас 1988 оныг дуустал Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд саальчнаар, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс тус оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Худалдаа бэлтгэлийн анги-д худалдагчаар тус тус ажиллаж байсан. Иймд 1979-1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэвэлмаа нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл, Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар /ганзагийн худалдагч/ 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №211 дугаар цалингийн лавлагаа, Булган аймгийн Гурванбулаг сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тушаал, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №00/704909, №00/704910,№00/704908 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Цэрэнпилийн ...Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. Д.Цэвэгмаа нь тус нэгдэлд 1979 онд саальчнаар 1989 оныг дуустал ажиллаад, Худалдаа бэлтгэлийн ангид шилжиж 1989 оны 12 дугаар сарыг дуустал ганзагийн худалдагчаар ажиллаж байсан нь үнэн болноо... гэх, гэрч М.Дашзэвэгийн ...Би Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд 1973 оноос 1989 оныг дуустал ажиллаж байхад Д.Цэвэлмаа нь 1979 оноос 1988 он хүртэл саальчнаар, 1988 оноос 1989 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан нь үнэн болно... гэх гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шартайж овогт Дамбаагийн Цэвэлмааг Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэлд малчнаар 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар, Гурванбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар /ганзагийн худалдагч/ 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 10 /арав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ