Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01860

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/10007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,535,000 төгрөг, олох ёстой байсан орлого 5,700,000 төгрөг нийт 7,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эмнэлэгт төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, мөн олох ёстой байсан орлого нь нотлогдоогүй, хөдөлмөрийн хөлс нь өдрийн 300,000 төгрөг гэж тооцоход эргэлзээтэй, нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн шүүх хуралдаанаас өмнөх зардал учир эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлүүлээгүй гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолоор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-10-12/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч *******гийн гэм бурууг тогтоогдсон гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* 2024 оны 07 сарын 17-ны өдрөөс 2024 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчийн үзлэгт 35,000 төгрөг, эмчилгээний зардал 669,600 төгрөг, ор хоногийн төлбөр 830,400 төгрөг нийт 1,535,000 төгрөгийг Энх ундарга эмнэлэгт төлснийг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардал гэж дүгнэн хариуцагч *******гаас 1,535,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх-3/

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2024 оны 07 сарын 08-ны өдөр ******* ХХК-д аяллын хөтчөөр ажиллах хөтөчтэй хийх гэрээ байгуулсан, уг гэрээний 1.4-т хөдөлмөрийн хөлсний хэмжээ 300,000 төгрөг, 1.6-д гэрээний хугацааг 2024 оны 08 сарын 03-ны өдрөөс 2024 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл байхаар тус тус заасан. /хх-7-9/

Бичгийн гэрээнд заасан 300,000 төгрөг нь аяллын хөтчийн өдрийн хөлсний хэмжээ гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Тиймээс энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг нэхэмжлэгчийн нүүрэн хэсэгт гэмтэл авсан учир бинт боолттой, боолтоо солиулж байсан, хөтчийн ажил бол олон хүнтэй нүүрээрээ харилцах ажил учир энэ талаас ч эрүүл мэндийн талаас ч гэрээний ажлыг хийх боломжгүй байсан гэх тайлбартай харьцуулан дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 5,700,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолоор ******* өөрт учирсан гэмтлийг оношлуулах, эмчлүүлэхтэй холбогдуулан гарсан зардалд нийт 2,226,366 төгрөг нэхэмжилснээс 1,535,000 төгрөгийн баримтын эх сурвалж тодорхойгүй буюу хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй гэж дүгнэн, хасаж тооцон, нэхэмжлэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурджээ. Үүний дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаа зохих журмаар бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байна.

 

9. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хариуцагч *******гаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 7,235,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 510 дугаар зүйлийн 505.1 гэж техникийн алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/10007 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН