Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0207/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Я.Сансар

Шүүгдэгч                                                         Б.Ч  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч холбогдох 193900................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ч нь  2019 оны 07 дугаар сарын 06-ны   өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймаг Баян-Овоо сумын Жаргалант  багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Баянгүрэм” гэх амралтын газарт  иргэн Б.Наранбаттай   таарамжгүй  харьцааны  улмаар маргалдаж түүний  хүзүү нүүрийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Наранбатын өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Гүрмийн нуурны  баруун талд байрлах “ Баянгүрэм” гэх амралтын газар Болдоо гэх залуугийн хамт хоол идээд сууж байхад Ч орж ирсэн, мэнд мэдээд манай хар Цогоо хар Чимбаа хоёр ирсэн гэсэн  хаана байна гэхэд  миний найз нарыг хар, шараар нь дууддаг хэн болсон юм бэ гээд Баянгүрэм гэх амралтын газрын  ресторанд байрлах урд хойд хаалгыг чиглэн байрласан буюу  тухайн объектийг голлон  байрласан 4 ширхэг ширээг цувруулан тавьсан байсан бөгөөд хамгийн урд талын  ширээн дээр байрлах хэсэгчлэн хувааж, шарж хийсэн  тавган доторх гэдэснээс баруун гартаа барьсан хутганыхаа үзүүрээр гэдэс  хатгаж идэж байгаад босч ирээд  чи миний хоёр найзыг хар, шараар нь дууддаг хэн бэ гээд барьж аваад намайг заамдаад  сандал руу шахаад  хутгаа миний  хоолойн дээр  минь тавиад  хохь нь  шүү гэхэд нь би урдаас нь босоод ирсэн  хоолойгоор халуун оргиод явсан зүсүүлсний дараа нь дух руу баруун  гараараа  цохисон. Гэхдээ тухайн үед надаас  их цус гарсан  дараа нь оёдол хийлгүүлсэн... уг нь бид хоёр төрсөн ах дүүс шиг ойр дотно байдаг хүмүүс тухайн өдөр ямар хүчин зүйлийн улмаас тийм юм болсныг мэдэхгүй байна...Архи ууснаас л хамаг  зүйл болсон байх ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Ч.Шүрэнсувдын өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 06-ны 19 цаг 30 минутын үед Наранбат гэх хүн  нүүр ам дүүрэн цус болчихсон  эмнэлэгт хүргэгдэж ирсэн баруун нүднээс доош  ташуу 3 см орчим  хоёр зүсэлттэй  зүүн эрүүний доод талд 12 см зүсүүлсэн  байсан. Эгч нь гээд нэг хүн цуг  алчуураар зүссэн хэсгийг нь дарж орж ирсэн ариутгаад гурван оёдолыг  их эмч Д.Улам-Оргил  бага эмч Р.Ариунтунгалаг бага эмч Ч.Хэрлэнчимэг нар хийж гүйцэтгэсэн. 19 цаг 40 минутын орчим Хэнтмй аймгийн Баян-Овоо  сумын цагдаад дуудлага өгч мэдэгдсэн....Өвчин намдаах тариа  хийлгэж  эм уусан  толгой их өвдөлттэй байгаа  бололтой зовиуртай  байсан...Согтолтын зэрэг бага байсан байх  сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Гэрч Д.Оюунсүрэнгийн өгсөн:... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгүрэм амралтын газрын ресторанд  18 цаг 30 минутын  үед тоос цэвэрлэж байгаад Ч Наранбат 2 маргалдаж  байхыг сонссон юу ярьж байсныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд цэвэрлэгээ хийж  байсан усаа асгахаа аваад гарсан тэрнээс  би сайн юм  мэдэхгүй байна. Эргээд ирэхэд бүгдээрээ гүйлдэцгээж байсан тухайн үед хүмүүс  Наранбат гээд найз нь хутгалуулчихсан гээд ярьж байсан. Би тэрнээс хойш юу болсныг  сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Гэрч Б.Болдын өгсөн:...Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын  нутаг дэвсгэр Гүрмийн нуурын  баруун талд байрлах “Баянгүрэм” гэх амралтын газрын ресторанд Наранбат  ах бид хоёр цай уугаад сууж байхад Ч ах орж ирэхэд Наранбат ах Чойдорж ахаас  танай хар шар хоёр найз чинь хаана байна гэхэд Ч ах хэн гэхэд Наранбат ах шар Цогоо, хар Чимбаа гээд хоёр найзыг чинь гэхэд Ч ах чи цэрэг нь байсан биз дээ чи ингэж ярих болоогүй шүү гэхэд Наранбат ах Багануурын байрныхан чинь угаасаа  тэгж дууддаг биз дээ  гээд удахгүй Ч ах хойшоо нь  түлхээд хутга тулгаад хоёр хүний налууртай  сандал дээр шахаж суугаад хутга тулгахад нь би шууд босоод хутгыг аваад газар хаяаад Чойдорж ахыг аваад рестораны хойд хаалганы хажууд ирэхэд Ч ахын бага хүү болох Буянбаатар бид хоёр Ч ахыг аваад дөнгөж хаалгаар гараад байж байхад Наранбат ахын том хүү Тэнгис ирээд Наранбат ахыг аваад Тэнгис, бэр эгч Наранчимэг, ах Чойдоржийн том охин Саранзул нар Хэнтий  аймгийн Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төв рүү яваад би Буянбаатартай хамт Ч ахыг авч үлдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 хуу/    

Гэрч Н.Тэнгисийн  өгсөн:...Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн  нутаг дэвсгэр Гүрмийн нуурны баруун талд байрлах “Баянгүрэм” гэх амралтын газрын рестораны гадаа яана аа аав хүн алчихлаа шүү дээ Наранбат ахыг аймар болгочихлоо шүү дээ  гэхэд нь Саранзулын нөхөр Чинзориг бид хоёр рестораны баруун хойд талын шовгорын урд талд юм хийж байгаад гүйгээд очсон чинь Ч ах манай аав руу би чамайг алчихъя л даа лалар минь гээд дайраад байхаар нь Болдоо ах бид хоёр Чойдорж ахыг хамт холдуулж байхад аав цус мэт хүрэн улаан  өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай хувцастай яаж байгаа юм бэ гээд гараад ирэхэд нь би аав руугаа гүйж  очоод түшээд машин руу очоод Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төв рүү явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны  өдрийн 351 дугаартай дүгнэлт

  1. Б.Наранбатын биед  нүүр, эрүүнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь  ир ирмэгтэй зүйлийн нэг  болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хх-ийн 39 хуудас/

Б.Ч   яллагдагчаар өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Баянгүрэм амралтын газар дээр байж байтал  эхнэрийн дүү Наранбат  манай амралтын газрын нээлтэнд оролцохоор ирсэн юм. Харин би хоёр найзынхаа хамт амралтын газрынхаа хогийг хаячихаад буцаад ирэхэд Наранбат манай ресторанд хоол идээд сууж байсан ингээд намайг ороход Наранбат надаас танай хар шар хоёр найз чинь хаагуур яваад байгаа юм бэ? гэж асуухад нь би нэртэй улсуудыг нэрээр нь хэл гэж хэлэхэд танай хоёр найзыг хар, шар хоёр гэдэг биз дээ гээд хэлсэн, ингээд бид хоёр хоорондоо маргалдаад би мах идэж байсан хутгыг ширээн дээрээс аваад айлгах санаатай Наранбатыг  сууж байхад нь хоолой дээр нь дарсан тэгтэл Наранбат гэнэт л босч ирээд өндийхдөө хутганд хоолойгоо зүсчихсэн, харин энэ үед намайг сандраад  хутгаа татаж авах үед Наранбатын нүүрэн тус газар зүсэгдсэн. Би хийсэн үйлдэлдээ  маш их гэмшиж байна...Наранбат архи хэрэглээгүй байсан, харин би хоёр найзынхаа хамт амралтын газрынхаа хогийг хаях замдаа 0.5 литрийн экс архи хувааж уусан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 3-7 хуу/

Б.Наранбатын бичсэн Б.Ч гомдол саналгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 12 хуу/

Б.Наранбат нь Эм би жи  гэмтэл согогийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүхийн хуулбар / 40-45 хуу/

 Б.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуу/

Б.Чиргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 67 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Ч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ч нь  2019 оны 07 дугаар сарын 06-ны   өдөр 18 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Овоо сумын Жаргалант  багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Баянгүрэм” гэх амралтын газарт  хохирогч Б.Наранбаттай   согтуугаар маргалдаж түүний  хүзүү, нүүрийг хутгаар зүсэж дух орчмоос баруун хөмсөгний дотор ирмэг хүртэл 4 см урт 1.5-2 см гүн зүсэгдсэн ташуу байрлалтай шарх, хамрын хянга яснаас хамрын угалз хүрсэн 3 см урт 1.5 см гүн зүсэгдсэн шарх, эрүүний доод хэсгийг хамарсан 12 см урт 3.5 см гүн хөндлөн байрлалтай зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Наранбат,  гэрч Н.Тэнгис, Б.Болд, Д.Оюунсүрэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон,  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.Наранбатын нүүр, хүзүүг хутгаар зүссэний улмаас үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Б.Ч үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Б.Наранбат нь шүүгдэгч Б.Ч гомдол, саналгүй тухай тодорхойлолт гаргасан, мөн хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                    

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ч  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  2  /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ