| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09840/И |
| Дугаар | 210/МА2025/01931 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01931
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШШ2025/05617 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******тэй 2024 оны 08 сарын 02-ны өдөр бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. ******* нь ******* дэлгүүртээ *******-аас 2024 оны 08 сарын 20-ны өдөр 30,015,000 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи худалдан авсан. ******* нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 2024 оны 09 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг хасуулсан ба 2024 оны 09 сарын 23-ны өдөр 11,375,000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн буцаасан. Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15,640,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна.
******* нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу сар бүрийн 25 буюу 2024 оны 09 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан хэдий ч 15,640,000 төгрөгийг төлөлгүй 2024 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл нийт 56 хоногийн хугацаа өнгөрсөн, 56 хоногийн хугацаа хэтэрсний алданги нь хоногийн 0.5 хувиар бодоход 28 хувь буюу мөнгөн дүнгээр 4,379,200 төгрөг болж байгааг үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
******* нь гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй биднийг хохироож байна. *******эс алданги гаргуулах шаардлагаас татгалзаж, бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,640,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 15,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 236,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 сарын 21-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2 хуулийн этгээд хооронд буюу ******* түүнийг төлөөлж худалдааны төлөөлөгч ******* болон ******* ХХК түүнийг төлөөлж захирал ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 08 сарын 02-ны өдрийн бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан.
******* нь ******* ХХК-д борлуулагч ажилтай болохоос байгууллагыг шүүх болон бусад төрийн байгууллагад төлөөлөх эрхтэй этгээд биш юм.
Анхан шатны шүүх хариуцагч *******ийг жинхэнэ хариуцагч мөн эсэх асуудлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Тухайн бараа бүтээгдэхүүнийг авсан этгээд нь хариуцагч мөн учир *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд уг бараа бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагч төлнө гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15,640,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4,379,200 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 4,379,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
3.1. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2024 оны 08 сарын 02-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээг үндэслэн хариуцагчаар *******ийг гэж тодорхойлон бараа бүтээгдэхүүний төлбөр шаардаж 2024 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /хх-1, 5-6/
3.2. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 12 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 сарын 20-ны өдөр гардуулсан байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа бичгээр гаргаагүй боловч маргааны үйл баримт хэргийн баримтаар тогтоогдох учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон түүнд холбогдох нотлох баримтын хүрээнд түүний шаардаж буй бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 15,640,000 төгрөгийг ******* төлөх үүрэгтэй болох нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдсон нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журамд нийцэх юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр буюу хэргийн болон маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаарыг 101/ШШ2025/05617 гэж дугаарласан нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2024 оны 11 сарын 07-ны өдрийн 253 дугаар тогтоолоор баталсан Хэргийн индексийн журамд нийцэж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй.
5. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2025/05617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ж.ЛХАГВАСҮРЭН