| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0206/Э |
| Дугаар | 198 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0206/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Дашням
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц холбогдох 193900..........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ц. нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадна иргэн Г.Мөнгөннавчтай таарамжгүй харьцааны улмаар маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Б.Ц. нь... хохирогч намайг цохих гэж дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор хохирогчийг түлхэж унагаасан...гэжээ
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Мөнгөннавчийн өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний орой 22 цаг өнгөрөөд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “ Хишиг” бааранд манай найз Чаагий бид 2 орсон тэгээд нэг нэг лааз пиво авсан. Тэгээд пиво уугаад сууж байтал 3 эмэгтэй ирээд өөр суух ширээ алга аа зөөгч энд суучих гэнэ ээ гээд болох уу гэж асуусан тэгэхээр нь бид хоёр тэг тэг гээд цуг суусан. Би ууж байсан пивоо түлхэх гэж байгаад асгачихсан. Тэгтэл бүжгийн талбайд бүжиглэж байсан хар хувцастай эмэгтэй гүйж ирээд яагаад хүний хувцасан дээр асгачихаж байгаа юм бэ гэж баахан хараалын үг хэлээд байсан тэгэхээр нь Чаагий бид хоёр төвөгшөөгөөд зөөгчийг дуудаад хажуу талын өөр ширээнд очиж суусан. Тэгээд удалгүй баар хаах цаг болоод Чаагий бид хоёр баарнаас гараад харих гээд зогсож байтал нөгөө ширээнд суусан 3 эмэгтэй нөгөө хар хувцастай эмэгтэйтэй хамт гарч ирсэн. Тэгээд юм дуугаралгүй такси хүлээгээд зогсож байхдаа би авч гарч ирсэн пивоо газар унагаачихсан тэгтэл тэр хар хувцастай эмэгтэй над дээр ирээд ганц пиво аятайхан уучихаж чаддаггүй юм уу гээд дахиад л хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би Чаагийг гэр лүүгээ явъя гээд бид хоёр явах гэж байтал хар хувцастай эмэгтэй ирээд намайг мангасдсан би гайхаад яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг үсдэж дараад унагаасан би босох гээд дээшээ өндийхөд нүүрэн дундуур халуу дүүгтэл өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартаад сонин болоод нэг сэргэсэн чинь баарны гадаа ганцаараа хэвтэж байсан тэгээд босоод нүүр халуу дүүгээд өвдөөд байхаар нь шууд гэр лүүгээ явсан...хамраа засуулмаар байна, гоо сайханд учирсан хохирлоо барагдуулмаар байна. эмчилгээ хийлгэж толгойгоо бариулсан мөнгийг төлүүлнэ бас энэ явдлаас болж 7 хоног ажилдаа явж чадаагүй энэ хугацаан дахь ажлын хөлсөө нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Т.Дуламын өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2 найзтайгаа Гангаагийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд явж байтал Ц. таарсан тэгээд бид 4 нийлээд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Хишиг бааранд орсон. Тэгээд суух ширээ байхгүй байж байтал зөөгч охин тэнд 2 хүүхэн сууж байгаа очоод хэлээд суучих гэхэд бид 4 очоод суусан. Тэгээд тэр 2 хүүхэн ширээн дээр ирээд энд хэн суу гэсэн юм бэ юун хүүхнүүд вэ гэж хэлээд лаазтай пиво түлхээд ширээн дээр асгасан юм. Тэгтэл Ц. бүжиглэж байснаа ирээд юу болоод байгаа юм бэ гээд тэр охинтой хэрэлдээд байсан. Тэгсэн бид хэд ойлголцчихлоо гэж бодсон. Тэгээд удалгүй баар хаах цаг болоод бид 4 баарнаас гараад харих гээд байж байхад нөгөө 2 хүүхэн баарнаас гарч ирээд бахиралдаад орилоод байсан тэгээд би такси барих гээд зогсож байгаад эргээд харсан Ц. нөгөө 2 хүүхэн дээр оччихсон үсдэлцээд зогсож байсан тэгээд салгаад эргээд явж байхад нөгөө 2 хүүхэн баахан элдвээр хэлээд байсан тэгтэл дахиад Ц. очоод гараараа нэг түлхсэн тэгтэл нөгөө хүүхэн арагшаа уначихсан тэгээд Гангаа бид 2 хүн алчихлаа шүү дээ гээд зогсож байтал нөгөө хүүхэн босоод ирэхээр нь гайгүй юм байна гээд харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Гэрч М.Гантуяагийн өгсөн:... баар хаах цаг болоод гараад такси барих гээд зогсож байтал тэр 2 охин араас гарч гарч ирэхэд Ц. ганц лааз пиво аятайхан уучихгүй юм аа гээд нөгөө бор царайтай цагаан нүдний шилтэй охин нэг юм хэлсэн тэгээд Ц. чи юу гээд байгаа юм бэ гээд очсон тэгээд нэг харахад зодолдоод үсдэлцээд хоёулаа газар уначихсан байсан. Тэгээд Дулам тэр 2-г салгах гэж очоод салгаад Ц. аваад явах гэж байхад нөгөө цагаан нүдний шилтэй охин баахан хараал хэлээд байхад Ц. эргэж очоод түлхэчихсэн чинь нөгөө охин хана мөргөөд уначихсан. Тэгээд бид хэд ухаан алдчихлаа гээд байж байтал удалгүй тэр охин босоод ирсэн. Тэр үед нөгөө охины дух нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн:... Тэгээд такси барих гээд зогсож байтал араас нөгөө 2 хүүхэн гарч ирээд тэр цагаан нүдний шилтэй нь баарны гадаа баахан орилоод барьж байсан пивоо асгаад байсан тэгээд нэг харсан Ц. тэр хүүхэн дээр оччихсон хоорондоо үсдэлцээд л зогсож байсан тэгэхээр нь Дулам очоод салгаад явах гэж байтал дахиад л элдвээр хэлэхээр нь Ц.очоод түлхсэн чинь тэр цагаан нүдний шилтэй хүүхэн арагшаа саваад хийдийн хана мөргөөд уначихсан юм. Бид хэд айгаад ухаан алдчихлаа гэж бодож байтал тэр хүүхэн босоод ирсэн. Тэгээд бид нар харьцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Г.Чанцалдуламын өгсөн:...Мөнгөннавч баарнаас авч гарсан нэг пивоо дахиад л асгасан байсан. Би тэр үед багадаа нэг ангид сурж байсан найзтайгаа таараад зогсож байхад Мөнгөннавч ирээд тэр 4 эмэгтэй дахиад элдвээр хэлээд байна гэсэн тэгсэн ирээд манай Мөнгөннавчийг зодож эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 288 дугаартай дүгнэлт
Д.Ц. яллагдагчаар өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед би Золжигүүр дэлгүүрийн хойд талын засварын газрын төмөр дээр өөрийн найз Сайнжаргалтай салхилаад сууж байхад Дулам, Оюунгэрэл, Гантуяа гуравтай таараад ганц ганц пиво ууя гээд Хишиг баар руу 23 цаг 25 минутын үед орсон. Тэгээд ширээ байна уу суух гэсэн юмаа гэхэд бармен охин манайх 10 минутын дараа хаах гэж байна гэхэд за хаатал нь суучихъя ширээ байна уу гэхэд зүүн талын 2 дахь ширээн дээр очоод суучих гээд суух гэтэл бүжгийн талбайгаас жижигхэн туранхай шар хүүхэн ирээд яах гэж байгаа юм бэ гэхэд нь бид 4-т суух өөр ширээ алга аа ширээнд чинь цуг сууж болох уу гэхэд зөвшөөрөл аваад суусан. Тэгээд бармен охиныг дуудаад бид дөрөв нэг нэг пиво захиалаад пивоноосоо амсчихаад би бүжгийн талбай руу бүжиглэх гээд явсан. Тэгээд тэр цагаан нүдний шилтэй цагаан өнгийн биеийн тамирын цамцтай хүүхэн нөгөө жижигхэн шар хүүхэнтэй хамт ширээн дээрээ ирж суугаад цагаан нүдний шилтэй хүүхэн юун хачин авгай нар манай ширээн дээр ирээд суучихсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүжиглэж байгаад очоод юу болоод байгаа юм бэ гэхэд тэр цагаан нүдний шилтэй хүүхэн энэ чинь манай ширээ биз дээ гэхээр нь чиний ширээ гэж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь олон нийтийн газар биз дээ бид хэд зөвшөөрөл аваад суусан гэхэд тэр цагаан нүдний шилтэй хүүхэн ууж байсан пиво ширээн дээр тавихдаа бид нар луу цацчихсан. Тэгээд маргалдаж байхад тэр ширээн дээр сууж байсан жижигхэн шар хүүхэн бармен охиныг дуудчихсан байсан. Бармен ирээд юу болсон бэ гэхэд нь болсон явдлаа хэлэхэд за өөр ширээнд суучих гээд нөгөө талын ширээнд суулгасан...Баарнаас гараад такси барих гээд зогсож байтал нөгөө хоёр хүүхэн гараад ирсэн тэгээд гудамжинд бахиралдаад байхаар нь манай Оюунгэрэл тэр 2 охинд жоохон хүүхдүүд байж ганц пиво аятайхан уучихгүй юмаа гэхэд тэр цагаан нүдний шилтэй хүүхэн пивийг уух гэж авдаг юмуу гэж хэлэхээр нь би очоод пивийг уух гэж авахгүй тэгээд яах гэж авдаг юм бэ гээд мөр лүү нь түлхсэн юм аа. Тэгэхэд тэр хүүхэн намайг үсдэж аваад унагаасан тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэж бид 2 зууралдаад байхад манай найз Дулам ирээд бид 2-г салгасан юм. Тэгээд холдоод явж байхад араас ирээд цохих гээд дайрахаар нь би эргэж хараад толгой руу нь гараараа түлхсэн чинь нүүрээрээ саваад тэнд байсан хийдийн блокон хашааг мөргөөд уначихсан...Миний бодлоор тэр хүүхнийг түлхээд хана мөргөж унасных нь дараа очиход тэр хүүхний зүүн нүдний дээд талд хавдсан байсан. Тэгээд тэр нь 2 нүд рүүгээ орсны улмаас хөхрөлт үүссэн байх, мөн өвдөгний шалбархай газар унахад нь үүссэн шарх л байх гэж бодож байна. Хүзүүний ар хэсэг үсдэлцэж байхад л үүссэн байх, өөр мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/
Д.Ц.нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/
Д.Ц. иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 54 хуу/
Хохирогч Г.Мөнгөннавч нь эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 168.000 төгрөг нэхэмжилсэн тухай нэхэмжлэл, нэгдсэн эмнэлэгт толгойн томографи хийлгэсний төлбөрт 90.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 66-67 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Цэгмидэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ц. нь 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадна хохирогч Г.Мөнгөннавчтай маргалдан зодож зүүн нүдний ухархайн ялтас ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, дух, зүүн чамархай, зүүн өвдөг, хүзүүнд зулгаралт, зүүн баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Ц. нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд биеэ хамгаалах зорилготой байсан гэж мэдүүлэг өгчээ.
Гэвч хэрэгт авагдсан хохирогч Г.Мөнгөннавчийн өгсөн... хар хувцастай эмэгтэй ирээд намайг мангасдсан би гайхаад яаж байгаа юм бэ гэсэн чинь намайг үсдэж дараад унагаасан би босох гээд дээшээ өндийхөд нүүрэн дундуур халуу дүүгтэл өшиглөсөн... гэх мэдүүлэг, гэрч Т.Дуламын өгсөн... эргээд харсан Цэгмид нөгөө 2 хүүхэн дээр оччихсон үсдэлцээд зогсож байсан тэгээд салгаад эргээд явж байхад нөгөө 2 хүүхэн баахан элдвээр хэлээд байсан тэгтэл дахиад Цэгмид очоод гараараа нэг түлхсэн тэгтэл нөгөө хүүхэн арагшаа уначихсан... гэх мэдүүлэг, гэрч М.Гантуяагийн өгсөн... тэгээд Цэгмид чи юу гээд байгаа юм бэ гээд очсон тэгээд нэг харахад зодолдоод үсдэлцээд хоёулаа газар уначихсан байсан. Тэгээд Дулам тэр 2-г салгах гэж очоод салгаад Цэгмидийг аваад явах гэж байхад нөгөө цагаан нүдний шилтэй охин баахан хараал хэлээд байхад Цэгмид эргэж очоод түлхэчихсэн чинь нөгөө охин хана мөргөөд уначихсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунгэрэлийн өгсөн... нэг харсан Цэгмид тэр хүүхэн дээр оччихсон хоорондоо үсдэлцээд л зогсож байсан тэгэхээр нь Дулам очоод салгаад явах гэж байтал дахиад л элдвээр хэлэхээр нь Цэгмид очоод түлхсэн чинь тэр цагаан нүдний шилтэй хүүхэн арагшаа саваад хийдийн хана мөргөөд уначихсан юм...гэх мэдүүлэг, гэрч Г.Чанцалдуламын өгсөн... Мөнгөннавч ирээд тэр 4 эмэгтэй дахиад элдвээр хэлээд байна гэсэн тэгсэн ирээд манай Мөнгөннавчийг зодож эхэлсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг биеэ хамгаалах зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Ц. үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Мөнгөннавч нь эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 189.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 90.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримттай /толгойн томограф зурагны үнэ/ байх бөгөөд бусад зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Мөн 7 хоногийн ажлын хөлсөө нэхэмжилсэн боловч ажил эрхэлдэг болон цалин хөлсний талаар ямар нэгэн нотлох баримтгүй байна.
Хохирогч Г.Мөнгөннавч нь хэргийн материалтай танилцах үедээ гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ