| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2023/03603/И |
| Дугаар | 210/МА2025/01831 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01831
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03685 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Эхнэр *******аар дамжуулан ******* нь *******тай танилцсан бөгөөд ******* нь *******гээс 100,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, хүү 10,000,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлсэн боловч ******* нь зээлсэн мөнгөө өгөхгүй 3 жил гаруй хугацаа болсон тул ******* нь *******т хандаж “Хаан банкнаас мөнгө зээлсэн банк мөнгөө нэхээд, хугацаа сунгахгүй гээд байна, банкинд хүү төлөөд хохирч байна,чи л *******т мөнгө зээлүүлсэн, найзаасаа мөнгө авч өг” гэж удаа дараа шаардсан байдаг.
Ингээд эхнэр ******* нь “******* орон сууцыг түр барьцаанд тавиад зээлээ хаачихаад дахин зээл аваад чөлөөлөөд өгнө, ******* үнэхээр хэцүү байна, ангийнхаа хүүхдээс мөнгө авч өг гээд суулгахгүй, загнаад байна, чи тус болооч” гэж хэлэхээр нь зөвшөөрч, орон сууцаа барьцаалах итгэмжлэлийг *******д 2022 оны 5 дугаар сарын сүүлээр нотариат орж хийж өгсөн. Гэтэл итгэмжлэлээр зээл өгөхгүй, зээл авагчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгоно гэж байна гэсний дагуу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан.
1.2. Миний хувьд *******д өөрийн орон сууцаа огт зарж, худалдаагүй, зарах шаардлага, шалтгаан, хүсэл зориг байгаагүй, эхнэр *******ийн хүсэлтээр *******д тус болох зорилгоор маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхээ түр хугацаагаар дүр үзүүлсэн хэлцэл хийснээр шилжүүлсэн. ******* нь *******аас өр төлбөрөө төл гэж шаардаж 55,000,000 төгрөгийг авч, *******д өмнө нь өгсөн 90,000,000 төгрөг дээр нь нэмээд өгөх гэсэн боловч би хохирсон, залилуулсан гэж марган, орон сууцыг өгөхгүй хохироож байна.
Иймд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тай 2015 оноос хойш үерхэж, нөхөрлөж байгаа бөгөөд 299,995,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, бэлэн мөнгө авсан бөгөөд үүнээс 65,785,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 234,215,000 төгрөгийн 120,000,000 төгрөгт дүйцүүлэн маргаан бүхий орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн.
2.2. ******* нь 88,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 60,000,000 төгрөгт нь *******ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр зээлсэн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж дуусгавар болгосон. *******аас 60,000,000 төгрөгийг ******* аваад оронд нь 28 м.кв талбай бүхий орон сууцыг *******д өгсөн. Энэ асуудлыг ******* мэднэ. Орон сууцны үнийг нотариат дээр хоорондоо яриад 200,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 120,000,000 төгрөг болгосон. Орон сууцыг банкны барьцаанд тавих гэж аваагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. *******ийн хүсэлтээр түүний 232,575,000 төгрөгийн өрийг 120,000,000 төгрөгт тооцож, гэрээний үнийг тодорхойлж, гэрээний 3.2, 3.3-т төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн агуулгыг тодорхой тусгаж, гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш орон сууцыг чөлөөлж өгнө гэдэг байсан боловч нэхэмжлэл гаргах хүртэл элдэв шалтгаан хэлж хойшлуулсаар ирсэн.
Иймд *******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. *******, ******* нарын өр авлагын асуудлыг огт мэдэхгүй. *******ийн өр төлбөрт орон сууцаа оролцуулан шилжүүлсэн гэдэг зүйлийг анх удаа хариуцагчийн тайлбараас олж мэдлээ. Эдгээр хоёр хүний өр төлбөрийн асуудалд нэхэмжлэл ямар ч хамааралгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй барьцаа хөрөнгө нь хураагдах гээд байгаа учир дахин зээл авч барьцаа хөрөнгөө чөлөөлөхийн тулд орон сууцаа түр барьцаалуулаач гэдэг гуйлтын дагуу *******д барьцаанд тавих итгэмжлэл хийж өгсөн байдаг. Хэрэв эхнэрийн өр төлбөрт өгч байгаа бол барьцаанд тавих итгэмжлэл өгөхгүй байсан.
4.2. Тухайн байранд нэхэмжлэгч амьдардаггүй учраас чөлөөлөх боломжгүй. Хариуцагч бол маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч биш учраас түүнд шаардах эрх байхгүй. Улсын бүртгэлд бүртгүүлэн нэр дээрээ шилжүүлэн авсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл учраас уг маргаан шийдэгдээгүй тохиолдолд түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0076 бүртгэлийн дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 79.91 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* овогтой ******* ******* /РД:*******/-г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 898,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 898,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт гаргасан баримт болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг анхаарч харж үзээгүй. Нэхэмжлэгч *******, гэрч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар өөр хоорондоо хамаарал бүхий этгээдүүд үг хэл, үйл хөдлөлөөрөө нэгдэж баримтууд болоод шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт ...******* гэдэг хүн энэ байрыг ******* болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 6 дугаар сарын 03-ны шилжиж байгаа гэдгийг огт мэдээгүй гэдэг ч... энэ хүнтэй бид хоёр ч удаа уулзаж өр, авлагийн жагсаалтыг гаргасан ба ******* хэлэхдээ ...за хүүрээ ингээд нэг юм салъяа..., *******г явуулчихъя гэснээр ******* их дэлгүүрийн ард буюу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Худалдан авах гэрээний үнийн дүнгийн хувьд ... гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож... нэхэмжлэгч “за чи өөрөө мэд” гэснээр 120,000,000 төгрөгөөр тохиролцон татварыг ******* төлсөн.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг байгуулж нотариат гэрээг баталж, талуудад хууль ёсны эрх, үүргийг тайлбарлан таниулсан байдаг. Иргэн *******гийн эрх ашиг хөндөгдөж байгааг тодруулж дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын бичгээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон давж заалдах гомдолд дурдсан хэргийн үйл баримт, тайлбар зэргийг баримтаар нотолдоггүй. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д банкнаас зээл авахад нь туслах зорилгоор дүр үзүүлж, маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох хариуцагч *******, нэхэмжлэгчийн эхнэр болох ******* нарын хооронд чаталсан фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, ******* хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.
7.2. Талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үйл баримтад маргадаг. Хариуцагч нь өр төлбөрт тооцож өгсөн гэж тайлбар гаргадаг боловч 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өр төлбөрт тооцож өгсөн талаар өгүүлбэр байдаггүй. Энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг өр төлбөрт авсан талаар нотлоогүй гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Нэхэмжлэгч нь *******ын зээлтэй холбоотойгоор орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж, харин хариуцагч нь ******* зээлээ төлөөд дууссан, үлдэгдэл төлбөрт нь *******аас өөр орон сууц шилжүүлэн авсан, маргаан бүхий орон сууцыг *******ийн зээлийн төлбөрт авсан гэж тус тус тайлбарласан, мөн *******аас хариуцагчид ******* тоотын 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байж болох баримт хэрэгт авагдсан байхад ******* нь *******гээс хэзээ, хэдий хэмжээний зээл авсан, төлж дууссан эсэх, түүний зээлд дээрх нэг өрөө орон сууц хамааралтай эсэх зэрэг үйл баримтын талаар шүүх тодруулаагүйгээс маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын тайлбартай холбогдох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, тодорхой бус байхад анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэх агуулгаар зөвхөн гэрээний гол нөхцөлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Маргааны үйл баримт бүрэн тогтоогдсоноор шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
3.2.Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2024/21513 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /1хх-201-204/
Дээрх хүсэлтээсээ нэхэмжлэгч тал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад татгалзсан боловч тухайн гэрчийн мэдүүлэг нь маргааны үйл баримтад хамаарал бүхий байж болзошгүй байхад гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах эсэхийг хариуцагч талаас тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.8 дахь хэсэгт нийцэхгүй байна.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.ГАНДИЙМАА