Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00413

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00429/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2б-18-05 тоотод оршин суух Боржгон овогт Дашдэлэгийн Болхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нар нь ХААН банкны Булган салбараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13/2602 тоот зээлийы гэрээ байгуулан 15,790,327 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 2.3.1 дахь хэсгийг зөрчсөн, цалингийн зээлийн төлбөрийг эргэн төлөлгүй хугацаа хэтэрч 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээл нь 170 хоног хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нар нь хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нар нь ХААН банкны Булган салбараас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13/2602 тоот зээлийы гэрээ байгуулан 15,790,327 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 2.3.1 дахь хэсгийг зөрчсөн, цалингийн зээлийн төлбөрийг эргэн төлөхгүй байна. Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нар нь хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үүгэжээ.гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва, О.Энхтуул нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Сарантуяа, Ш.Пүрэвдагва нар нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3Б хэсгийн 7-9 тоотод оршин сууж байгаад шилжсэн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар,Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Харин иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Энхтуул нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут 7-186 тоотод бүртгэлтэй байна. Түүний тухайн хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул О.Энхтуулыг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Сарантуяа /РД:ГЮ63011102/, Ш.Пүрэвдагва /РД:ГЮ63061514/ нарыг эрэн сурвалжилж, О.Энхтуул /РД:ЛЕ86020205/-ыг эрэн сурвалжлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарД.Сарантуяа, Ш.Пүрэвдагва нарыг эрэн сурвалжилах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийж, энэ тухай нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ