| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0429/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 439
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ын Д-д холбогдох эрүүгийн 18100 1952 0434 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Мөнх-Очир Хар Сүлд” ХХК-д харуул хамгаалалтын ээлжийн ахлахаар ажиллаж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Төв аймгийн Угтаал цайдам сум, ***** бригадын ***** дугаар багт амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 05 сарын 22-ны өдрийн 177 дугаартай Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын Д,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 8 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Э-ыг “хашааны ажлаа бага үнээр хийгээд өгчих” гэж маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Надад хэргийн үйл баримт болоод гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед хашаа хийлгэх гээд ажлын хөлснөөс болж бидний хооронд марган гарсан юм. Хохирогч нь миний шидсэн чулуунд оногдож, биед нь гэмтэл учирсан. Бид хоёр тухайн үед сайжруулсан засмал зам дээр унаж ноцолдсон. Би хохирогчийг өмнө нь таньдаг байсан. Х.Э бид хоёр нэг шил архи хувааж уусан, харин хохирогчтой анх уулзахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Х.Э-ын зүгээс надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би дахин ийм үйлдэл гаргахгүй, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дараа нь хохирогчтой эвлэрсэн. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 1952 0434 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Э-ын хохирогчоор өгсөн:
“...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед өмнө нь нэг газарт хамт ажилладаг байсан Д ах надруу залгаад “12.000.000 төгрөгний хашаа барих ажил байна, маргааш явъя” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 8 сарын 06-ны өдөр намайг гэрээс ирж авахдаа өөр хүнээр машинаа бариулчихсан ирээд, Д ах бид хоёр 0.75 болон 0.5 литрийн савалгаатай “Хараа” архи машинд нь хувааж уусан.
Тэгтэл Д ах намайг “хашааны ажлаа 6.000.000 төгрөгөөр хийгээд өгчих” гэхээр нь “Би чадахгүй” гээд хэрүүл маргаан болсон юм. Тэгээд нөгөө ажил хийх газар буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хүйтний ам” гэдэг газар ирэхэд Д намайг машинаас чирч буулгаад, би өмдний тэлээгээ хүзүүн дээрээ тохсон байхад миний өмдний тэлээгээр хүзүүнээс доош дараад бид хоёр хамт газар унаад өвсөн дээр өнхрөлдөж ноцолдсон.
Тэгээд бид хоёр салахад Д ах “намайг ална” гэж дайраад байсан ба энэ үед жолоо барьж байсан залуу бид хоёрыг салгасан. Тэгэхэд Д ах сүх барьчихсан байж байгаад сүхээ хаяаад, газраас чулуу авч миний дагз хэсэгт цохисон. Тэгээд намайг “машинд суу” гээд явж байгаад зам дагуу буулгачихаад яваад өгсөн. Би хотруу алхаж байгаад найз Элдэв-Очирыг дуудаж гэртээ харьсан.
Миний биед учирсан дух, нуруу, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтлийг би Д ахтай ноцолдож байгаад зүлгэн дээр зулгалж шалбасан. Харин миний дагзанд учирсан гэмтлийг Д ах чулуугаар цохиж учруулсан.
....Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кувейтийн ам” нэртэй газар зодуулсан. Би тухайн үед “Кувейт” гэдгийг нь “Хүйтний ам” гэж сонсоод андуураад өргөдөл дээрээ бичсэн байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 26х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Т-ын гэрчээр өгсөн:
“...Би 2018 оны 8 дугаар сарын 06-ны өглөө манай найз Д надруу залгаад “Машинд чинь бензин хийгээд, өнөөдөр жоохон ажил амжуулъя” гэхээр нь би зөвшөөрөөд Д-г Баянбүрдээс очиж авахад Д “Нисэх рүү явна” гээд Нисэхийн байрны дунд очоод өмнө нь хамт ажилладаг байсан Т- гэдэг дүүтэйгээ уулзаад, машин дотор нэг шил архи хувааж уугаад ажил ярьж байсан. Тэгээд тэр хоёр “ажил хийх газраа очиж үзнэ” гээд Өлзийт хороолол өнгөрөөд Кувейтын ам гэдэг газарт баригдаж байгаа барилга дээр ирээд, Д тэр хоёр буугаад би машиндаа үлдсэн.
Тэр барилга руу явах замд тэр Т- гэдэг залуу нь согтчихсон, дуу нь чангараад “намайг 500 саяын Т- гэдэг” гээд байсан. Би машинд сууж байгаад нэг харахад Д тэр Т- гэдэг залуутай газарт өнхрөлдөж байгаад босч ирээд маргалдаад байсан. Тэгээд Т- нь газраас чулуу авахад Д тэрийг нь булааж аваад толгойд нь цохих шиг болсон.
Д тэр Т- гэдэг залууг машинд суулгаад “явцгаая” гээд хөдлөөд явж байтал тэр залуу татаж байсан тамхиа машинд хаяаад орилоод, “намайг 50 саяын Т-” гэдэг гээд байхаар нь би Д-д “Би наад хүнийг чинь авч явж чадахгүй” гэхэд Төв аймаг руу явдаг засмал замын ойролцоо түүнийг буулгаад, Д-г буцаад барилга дээр нь хүргэж өгөөд, би өөрөө хотруу явсан. Ийм л асуудал болсон.
Тухайн үед Э-, Д хоёр нилээн согтуу байсан ба Э нь их согтолттой байсан. Д Э хоёр ажлын хөлснөөс болоод замдаа машинд муудалцах гээд байхаар нь би тэр хоёрыг “боль” гэж хэлээд болиулсан юм. Надад Э-ыг цохиж зодсон асуудал байхгүй. Би Д-тай багын найзууд. Н.Д нь хүнд их тусархуу, хөдөлмөрч залуу байгаа юм. Би Д-г архи ууж байхыг нь харсан удаа байхгүй, тэр л өдөр харсан. Ааш зангийн хувьд хүнтэй их эвтэй, элэгсэг зантай хүн байдаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 8 сарын 14-ний өдрийн 9786 дугаар:
1. Х.Э-ын биед дагз, дух, нуруу зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Даваасүрэнг байцаасан тэмдэглэлд:
“...Х.Э-ын биед учирсан дагз, дух, нуруу, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүх гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Д-гийн яллагдагчаар өгсөн:
“... Би 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өмнө нь хамт ажилладаг байсан дүү Э-т ажлын санал тавих гэж Нисэхэд байдаг гэрийнх нь гадаа очсон юм. Тэгээд бид хоёр ажил ярингаа 2 шил архи хувааж уугаад, ажил хийх газар болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Кувейтын аманд очсон юм. Тэгтэл Э нилээн согтчихсон Т бид хоёрт томроод “Бооцоотой барилдах хүн байна уу?” гээд байсан.
Тухайн үед би согтуу хүнтэй барилдаад яахав гэж бодоод байж байтал Э намайг зуураад, тэвэрч аваад бид хоёр хамт унаад өнхрөлдсөн. Тэгээд би “Хүн амьтан харчихвал намайг ажлаа хийхгүй архи уугаад хүнтэй муудалцаад байдаг юм байна гэж ойлгочих байх” гэж бодоод тэнд байсан сүх аваад “машинд суу” гэтэл орохгүй, өөдөөс чулуу аваад над руу далайхаар нь би сүхээ хаяаад, чулууг нь булааж авч толгойны ар хэсэгт нь чулуугаар нь цохиод, машинд суулгачихсан юм. Тэгээд бид гурав буцаад явж байтал Э агсам тавиад зүгээр явахгүй болохоор нь төв зам дагуу буулгачихаад буцаад ажил дээрээ очсон. Э-ыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Э өөрөө эхэлж намайг тэвэрч унагаачихаад намайг “ахаа” гэдэг байж чулуу барихаар нь л би тэр үед жоохон уурлаад чулуугаар нь өөрийг нь цохисон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 50х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/, “Мөнх Очир Хар Сүлд” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 53х/, шүүгдэгч Н.Д-гаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 74х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Х.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 73-74х/ 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид нарт танилцуулан Н.Д-д холбогдох эрүүгийн 18100 1952 0434 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 8 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Э-ыг “хашааны ажлаа бага үнээр хийгээд өгчих” гэснээс болж тэд өөр хоорондоо маргалдан ноцолдож, улмаар шүүгдэгч Н.Д нь хохирогч Х.Э-ын дагзанд чулуугаар цохиж, биед нь “дагз, дух, нуруу зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Х.Э-ын: “...2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед өмнө нь нэг газарт ажилладаг байсан Д ах надруу залгаад “12.000.000 төгрөгний хашаа барих ажил байна, маргааш явъя” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 8 сарын 06-ны өдөр намайг гэрээс ирж авахдаа өөр хүнээр машинаа бариулчихсан ирээд Д ах бид хоёр 0.75 болон 0.5 литрийн савалгаатай “Хараа” архи машинд нь хувааж уусан. Тэгтэл Д ах намайг “хашааны ажлаа 6.000.000 төгрөгөөр хийгээд өгчих” гэхээр нь “Би чадахгүй” гээд хэрүүл маргаан болсон юм. ...бид хоёр хамт газар унаад өвсөн дээр өнхрөлдөж ноцолдсон. Тэгээд бид хоёр салахад Д ах “намайг ална” гэж дайраад байсан ба энэ үед жолоо барьж байсан залуу бид хоёрыг салгасан. Тэгэхэд Д ах сүх барьчихсан байж байгаад сүхээ хаяаад, газраас чулуу авч миний дагз хэсэгт цохисон.
Миний биед учирсан дух, нуруу, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтлийг би Д ахтай ноцолдож байгаад зүлгэн дээр зулгалж шалбасан. Харин миний дагзанд учирсан гэмтлийг Д ах чулуугаар цохиж учруулсан. ....Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кувейт ам” нэртэй газар зодуулсан. Би тухайн үед “Кувейт” гэдгийг нь “Хүйтний ам” гэж сонсоод андуураад өргөдөл дээрээ бичсэн байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, 26х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...Х.Э--н биед дагз, дух, нуруу зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн 2018 оны 8 сарын 14-ний өдрийн 9786 дугаартай дүгнэлт /хэргийн 35х/,
- шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Х.Э-ын биед учирсан дагз, дух, нуруу, зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүх гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/, гэрч О.Т-ын мэдүүлэг /хэргийн 30х/ болон шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 45-46х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Х.Э-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дагз, дух, нуруу зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Д “хашааны ажлаа бага үнээр хийгээд өгчих” гэснээс болж тэдгээр нь өөр хоорондоо маргалдан ноцолдож, улмаар хохирогч Х.Э-ын дагз тус газарт нь чулуугаар цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь шуут санаатай үйлдлээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Н.Д нь хохирогч Х.Э-тай маргаан үүсгэж, түүнийг цохиж зодон эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Н.Д-гийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бөгөөд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Хэргийн шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч Н.Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Х.Э-ын биед учирсан “...дагз, дух, нуруу зүүн бугалга, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Х.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй нь шүүгдэгч Н.Д-гийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болох юм.
Шүүгдэгч Н.Д нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан тухай хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2011 оны 03 сарын 17-ны өдрийн 191 дугаартай магадлал, ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан 2013 оны 05 сарын 22-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан /хэргийн 51х, 55-61х/ байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгч Н.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Х.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Н.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Н-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Н.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД