| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/01224/И |
| Дугаар | 210/МА2025/01922 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01922
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07000 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,991,132 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч ******* нь манай ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 13,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
1.2. ******* нь Зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээл авснаас хойш хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 373,917.81 төгрөг, зээлийн хүүнд 2,926,082.19 төгрөгийг төлсөн.
1.3. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5-д тус тус заасныг үндэслэн зээлдэгч *******аас үндсэн зээлийн 13,126,082.19 төгрөг, 2022 оны 08 сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл 896 хоногийн үндсэн хүүнд 8,689,267.70 төгрөг, нийт 21,815,349.89 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.4. Зээлдэгчийн барьцаалан зээл авсан ******* улсын дугаартай Toyota aqua маркийн автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 08 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, автомашин барьцаалан 13,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй авсан.
2.2. Миний бие 2022 оны 12 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж 2 жилийн хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоолгож, ажлаа хийх ямар ч боломжгүй болсон.
2.3. Хариуцагч нь ******* боомтод нүүрс тээвэр хийж хөдөлмөр эрхэлдэг байсан ба тэнд унаж явж байсан машин болон ажлын байр тээврийн хэрэгслүүд Хилийн цэргийн хашаанд албадан саатуулагдсан тул орлого олох боломжгүй болсон.
2.4 Нэхэмжлэгч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.1, 141.2, мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 18.6-д тус тус заасан зохицуулалтыг зөрчсөн тул хүү, алданги шаардах эрхгүй ба мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд ******* ХХК нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаар ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.
2.5. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй байх тул хүү, алданги авах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлээс үндсэн зээл 13,500,000 төгрөгөөс 3,299,999 төгрөгийг төлсөн 10,200,001 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 10,200,001 төгрөгийг сард 1,000,000 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 257,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч *******тай 2022 оны 08 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан ******* улсын дугаартай, Toyota Aqua маркийн машиныг барьцаалан 13,500,000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.
4.2. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.4-т хэрэв зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцааж төлөх үүрэгтэй ба хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан.
4.3. Тиймээс манай компани Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйл, 286 дугаар зүйл заалтуудыг тус тус баримтлан хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 13,126,082.19 төгрөг, гэрээний хугацааны хүүгийн үлдэгдэл 6,553,132.68 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд өгөх хүртэл тооцсон алданги 4,311,918 төгрөг, нийт 23,991,132.87 төгрөг нэхэмжилсэн.
4.4. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд дурдахдаа ... 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүнийг хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно. гэсэн нь шүүх хүчин төгөлдөр бус болсон заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын алдангиас 4,016,730.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.5. Иймд хүчин төгөлдөр ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй нь тодорхойгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07000 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч ******* нь ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд тухайн үйл ажиллагааг явуулахдаа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баримталж үйл ажиллагаа явуулах ёстой.
5.2. Тус хууль нь 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний алдангийг нэхэмжилсэн. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг компани нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд тухайн компанийн хүү авах эрх нь нээгдэх ёстой байсан боловч ******* ХХК нь бүртгэлгүй байсан.
5.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д алдангийн зохицуулалтыг хуульчилж өгсөн. Иймд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэлгүй компани зээл олгосон нь хууль бөгөөд анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Тухайн үед Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт заасан зүйл заалт нь мөнгөн зээлийн харилцааны үйл ажиллагааг зохицуулж байсан.
5.4. Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгож байгаа компани нь тухайн барьцааны зүйлийг зарж борлуулах тухай зээлдэгчид мэдэгдэх хэрэв мэдэгдээгүй тохиолдолд 10 хоногийн дотор комиссын шийдвэрээр барьцаалсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарж борлуулах эрхтэй. ******* ХХК нь тухайн эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалт хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.5. Тухайн үед барьцаалан зээлдүүлэх харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан үндэслэлээр зохицуулж байсан. 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш тус харилцааг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулдаг болсон. Иймд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулаагүй компани алданги бодож байгаа зохицуулалтыг харгалзаж үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,991,132.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 10,201,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2022 оны 08 сарын 19-ний өдөр 1206130111000119 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 13,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээл олгох, зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч *******тай 2022 оны 08 сарын 19-ний өдөр 1206130111000119 дугаар Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай, Toyota aqua маркийн автомашиныг барьцаалжээ.
4. Анхан шатны шүүх талуудын талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.
5. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, мөнгөн хөрөнгө 13,500,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 373,917 төгрөг, зээлийн хүүнд 2,926,082 төгрөг, нийт 3,300,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтад талууд маргаагүй.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хариуцагч *******аас үндсэн зээлийн үүрэгт 13,126,082.19 төгрөг, зээлийн хүүд 6,553,132.66 төгрөг, алданги 295,188 төгрөг, нийт 19,974,402.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна. Зохигч талууд зээл, зээлийн хүүг шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
6. Нэхэмжлэгч талын ... зээлийн гэрээний алданги 4,016,730 төгрөг гаргуулна гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль 2022 оны 11 сарын 04-ний өдөр батлагдаж, уг хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж хуулийн үйлчлэх хугацааг зохицуулжээ.
Талуудын хооронд 2022 оны 08 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдах үед Иргэний хуулийн 286 дугаар зүйлд өөрчлөлт ороогүй байсан тул анхан шатны шүүх гэрээ байгуулах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх нийтлэг зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч талын ... хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг хэрэглэх байсан гэх гомдлыг хангахгүй.
6.2. Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.4-т хэрэв зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлж авсан төгрөгийг гэрээнд заасан хугацаанд буцааж төлөх үүрэгтэй ба хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоногийн хугацааны алдангийг хариуцагч хариуцах үүрэгтэй талаар зөв дүгнэж, хариуцагчаас 10 хоногийн алдангид 295,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох харилцаанд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хөдлөх хөрөнгө барьцаалах гэж хуульд тусгайлан хуульчилсан тул уг зээлийн харилцаанд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг давхардуулан хэрэглэх замаар хариуцлага тооцох нь хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй ба нэхэмжлэгч байгууллага нь хөдлөх хөрөнгийг бусдад худалдах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой байхад хэтэрсэн хугацааны алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь учир дутагдалтай байх тул дээрх зохицуулалтыг хасаж, энэ төрлийн маргаанд шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт заасан зохицуулалтыг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07000 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3 ... гэснийг ... 282 дугаар зүйлийн 282.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
С.ЭНХБАЯР