Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                              Хэргийн индекс: 180/2019/0221/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Дашням

Улсын яллагч                                                  Я.Сансар

Шүүгдэгч                                                         Л.Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  овгийн Л.Б холбогдох 193900........... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Б нь  2019 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн хөндий гэх газарт насанд хүрээгүй Ц.Мөнхтулгын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхтулгын өгсөн:...Би Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Дэрстийн хөндий гэх газар аав Р.Гантөмөрийн  хамт өөрсдийн малаа маллан амьдардаг. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны 19 цагийн  орчимд  саахалт нутагладаг манай аавын  талын хамаатан Б ахынд үхрээ сураглаад очтол Батболд ах  танихгүй хүмүүстэй архи уугаад  сууж байсан юм. Тэгээд аав үхрээ сураад тэр хүмүүстэй яриад  би Б ахын хүүхэдтэй нь тоглоод араас нь тэврээд зогсож байтал Батболд ах чи муу миний хүүхдийг дээрэлхэхгүй шүү гээд өөдөөс хүрээд ирэхээр нь би арай ч цохьчихгүй байлгүй гэж бодоод зогсож байтал миний хамар руу зангидсан гараараа 1 удаа цохисон. Тэгээд дахиад өөдөөс маань дайраад байсан бөгөөд аав Гантөмөр, нэг бүдүүн ах босож ирээд салгаад аав бид хоёр машиндаа суугаад яваад өгсөн... Тэгээд хамрын зүүн нүхнээс цус  гарсан...Миний толгой өвдөөд, халуураад, бөөлжис хүрээд байгаа, хамар янгинаж өвдөөд байгаа, хамар хавдаад  нүд рүүгээ хаван нь орчихоод, өвчин намдаах эм хэрэглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч Д.Мягмарсүрэнгийн өгсөн...Би Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн хөндий гэх газарт нөхөр Л.Батболд, охин Л.Мишээл, хүү Л.Түвшинбаяр, охин Л.Алтжин нарын хамт өөрсдийн малаа маллан амьдардаг. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 22-ны  өдөр өөрийгөө эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмчилгээ дуусаад аймгийн төв дээр байдаг гэртээ  иртэл нөхөр Л.Батболд  ирчихсэн, хамаатны дүү Ц.Мөнхтулгыг хүү Л.Түвшинбаярыгаа өмөөрөөд  цохьчихлоо гэж ярьж байсан...Нөхөр Батболд дээр тухайн өдөр Сэлэнгээс найзууд нь ирээд архи уусан байсан юм шиг байна лээ, тэгээд согтуудаа хүүхдүүд тоглож байхыг андуураад хүүгээ дээрэлхүүлж байна гэж бодоод цохьсон гэж байсан. Тэгснээс  манай нөхөр хүүхдэд гар хүрэх хүн биш ...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

Гэрч Р.Гантөмөрийн өгсөн...Би 2019 оны 08 дугаар сарын 13-ны орой 19 цагийн  үед саахалт нутагладаг  хүргэний дүү болох Л.Батболдынд үхрээ хайж очсон. Очиход танихгүй хүмүүстэй архи уугаад гэрийнхээ гадаа сууж байсан. Тэгээд үхрээ  асууж сураглаад сууж байтал  манай хүү Мөнхтулга руу  манай хүүг дээрэлхэлээ гээд босоод очсон. Манай хүү Мөнхтулга  Батболдын хүүтэй ноцолдоод  тоглож байсан юмаа уг нь тэгтэл Батболд гүйж  очих мөртлөө нүүрэн дундуур нь 1 удаа гараа зангилж байгаад цохисон. Тэгээд би очиж салгасан...Батболд архи ихээр  уусан ихээр согтсон  байсан болохоор  согтуурхаад  хүүхдүүд тоглож  байхыг эндүүрч  цохисон байх гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18  хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны  өдрийн 379 дугаартай дүгнэлт

  1. Ц.Мөнхтулгын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй /хх-ийн 28 хуудас/

Л.Б  яллагдагчаар өгсөн:...Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд мэдүүлэг өгсөн болсон асуудлын талаар мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй Хийсэн хэрэгтэй гэмшиж байна архи ууснаас болж алдаа гаргалаа. Би учруулсан хохирлоо барагдуулсан. Одоо бид сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

Л.Б иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 40 хуу/

Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуу/

Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхтулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Гантөмөр нарын гаргасан Л.Б нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэсрэн, эмчилгээний зардалд 1 сая төгрөг авсан тухай нотариатаар гэрчлүүлсэн эвлэрэлийн гэрээ /хх-ийн 50-53 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Нарийн хөндий гэх газарт 15 настай Ц.Мөнхтулгын нүүрэнд нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал  бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй  хохирогч Ц.Мөнхтулга,  гэрч  Р.Гантөмөр, Д.Мягмарсүрэн, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон,  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Л.Б нь насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхтулгын нүүрэнд цохьсон үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Л.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 52 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган / хх-ийн 56 хуу/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Батболд хүлээн зөвшөөрч /хх-ийн 60 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Л.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Мөнхтулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Гантөмөр нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн эвлэрэлийн гэрээ /хх-ийн 50-53 хуу/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  2   /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ