| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2023/00233/И |
| Дугаар | 203/МА2025/00042 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 203/МА2025/00042
2025 оны 11 сарын 05 өдөр Дугаар 203/МА2025/00042 Даланзадгад сум
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00116 дугаар шийдвэртэй, Б.*******гийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох
"*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын Төлөвлөлт, судалгааны ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиуны гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиун /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Б.******* миний бие нь *******-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт 2020 оны 08 дугаар сараас эхлэн Төслийн менежер, Төлөвлөлт судалгааны ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байсан болно.
Гэтэл *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болголоо.
Миний бие нь өнгөрсөн хугацаанд тус компанид ажиллахдаа хууль болон гэрээгээр ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр, өөрийн ур чадвар, мэдлэг, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.
Ажил олгогчийн зүгээс дээрх шийдвэр /тушаал/-ийг гаргахдаа буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө наад ийм шийдвэр гаргах болсон талаар мэдэгдэж, надаас тайлбар ямар нэг байдлаар аваагүй ба гэнэт л ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үл ялих шалтгаанаар цуцалж, ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй талаар заасан билээ.
Нэхэмжлэгч би танай шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх, ажил олгогчтой харилцан ойлголцож шийдвэрлэх зорилгоор зохих байгууллагад бичгээр удаа дараа гомдол гаргаж, хариу авсан болно.
Тодруулбал, хариуцагч ******* нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулаагүй учир Өмнөговь аймаг дахь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гомдол гаргаж, үүссэн маргааныг шийдвэрлүүлэх оролдлого хийсэн ба Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнуудтай хэд хэдэн удаа утсаар холбогдож, тодруулахад: "...Манай аймагт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаад асуудлаа шийдвэрлүүл... гэх хариу амаар өгсөн тул танай шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн мөн өдрийн 144/Ш32023/00731 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т "шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар дээрх шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дахин 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд бичгээр гомдол гаргасныг тус хороо 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд "...хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... болохыг тайлбарлаж, маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болгосон тул ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна.
Иймд "*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаал буюу ажил олгогчийн энэхүү хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх боломжгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр хандаж байгааг минь хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 02 сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа авсан байдаг. Ээлжийн амралтын хугацааг нь 2023 оны 02 сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногийн хугацааг олгосон. Ээлжийн амралтын хугацааг хэтрүүлж, ажилдаа 9 хоног ирээгүй буюу 72 цагийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй гэх үндэслэл шалтгаанаар 2023 оны 03 сарын хорин 28-ны өдрийн 115 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан байдаг юм. Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 мөн хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан байдаг. Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.18-д ажилтан албан хаагч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан дараах ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дангаар цуцлан ажлаас чөлөөлнө гэж заасан. Уг заалтад заасан ноцтой зөрчил шалтгаангүй буюу чөлөө авахгүй 3-аас дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан гэж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т дараах тохиолдолд ажилтны гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 6.2.3-т удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчоос санаачлагчаар шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзээд байгаа. Нэхэмжлэгч талаас Б/115 дугаартай тушаалыг гардуулаагүй, мэдэгдээгүй гэдэг байдлаар маргаж байгаа. Үүнийг тодруулахаар манай талаас Мөнгөнсүх, Халиунаа нарыг гэрчээр асуусан байдаг. Гэрч Халиунаа юу мэдүүлсэн гэхээр Б.******* нь ээлжийн амралтын хугацаагаа биеэр эдэлсэн, ээлжийн амралтын хугацаа дуусаад ажилдаа ирээгүй талаар мэдүүлдэг. Мөн Б.Буян- Өлзийтэй онлайнаар харьцаж байсан, тухайн үед Б.******* нь Австрали Улсад байсан, Б/115 дугаартай тушаалыг вайбераар танилцуулсан гэдэг байдлаар мэдүүлсэн. Гэрч Мөнгөнсүхийн хувьд Б.******* нь Халиунаатай онлайнаар харьцаж байсан, ээлжийн амралтын хугацаа хэтрүүлсэн гэдэг талаар мэдүүлдэг. Халиунаа тухайн үеийн захиргаа удирдлагын газрын захирал Мөнгөнсүхэд мэдэгдэж, улмаас Мөнгөнсүх нь Б.*******тэй холбогдоод ямар шалтгаантай байгааг тодруулаад хүсэлт өг гэдэг байдлаар хандсан байдаг. Гэтэл Б.******* нь өөрөө албан ёсоор хүсэлт ирүүлээгүй, ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүхэл бүтэн 9 хоног хэтрүүлж ажил тасалсан тул тухайн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Үүнийг гэрч Мөнгөнсүх, Халиунаа нар тодорхой мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Дориг овгийн Батмөнхийн *******г *******-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын төлөвлөлт, судалгааны ажилтнаар эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас нэхэмжлэгч Б.Буян- Өлзийгийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 79,595,965.8 /Далан есөн сая таван зуун ерэн таван мянга есөн зуун жаран таван төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож,
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******-д нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 626,129.8 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиуны давж заалдах гомдлын агуулга:
Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухайд: Ажлаас халсан тушаал 2023.03.28-ны гарсан байхад 2023.11.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2023.07.06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2023.07.07-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүхээс 2023.09.18-ны өдрийн 144/Ш32023/00731 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан бөгөөд үндэслэл нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж, ИХШХШтХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагынхаа , хэрэв байгууллага нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй байхаар тус тус хуульчилсан байна.
Хэрэв байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр заасан.
Ийнхүү сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд:
а. Ажлаас халсан тушаал гарсан болохыг Б.******* нь 2023.04.19-ний өдөр мэдсэн байх, тэр үед надад итгэмжлэл олгосон, тушаалыг 2023.05.03-ны өдөр Д.Халиунаа гэх ажилтнаас хүлээж авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас хугацааг тооцож үзэхэд шүүхэд 2023.07.06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-д заасан ...30 хоногийн дотор... гэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.*******гөөс *******-д маргаан таслах комисс байгаа эсэхийг тодруулахад тэрээр байхгүй гэж хэлсэн учир 2023.05.05-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан гэх тайлбар нь нэхэмжлэгчээс хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагынхаа буюу *******-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, ийнхүү хандсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Өмнөговь аймгийн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд огт хандаагүй байна.
б. Нэхэмжлэгч хэлэхдээ ажлаас халсан тушаалыг сүүлд мэдсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа дуусч 2023.03.15-ны өдрөөс ажилдаа орох талаар өөрөө мэдэж байсан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т удирдлагадаа урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч мэдэж байсан, мэдэх ёстой гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл ажлаа 1 сар гаруй хугацаанд тасалчхаад, намайг ажлаас халсан гэдгийг 2023.04.19-ний өдөр мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хоёр. Нэхэмжлэгчээс хугацаа хожимдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх. харилцан тохиролцох үүднээс зохих байгууллагад бичгээр удаа дараа гомдол гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосонтой холбоотой маргааныг 30 хоногийн дотор байгууллагын ХМТК эсхүл сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, хэрэв эдгээр байгууллага байхгүй эсхүл гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс эдгээр байгууллагад хандсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй, мөн хуульд заасан сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, хуульд маргааныг шийдвэрлүүлэхээр тухайлан эрх олгогдоогүй, ямар ч хамааралгүй байгууллагуудад хандсан, хугацаа алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гурав. Заавал чөлөө олгоно гэх хуулийн зохицуулалт байхгүй тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно. 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна. гэж заасан бөгөөд ажил олгогч заавал чөлөө олгох үүрэгтэй гэж заагаагүй, чөлөө олгож болно гэж заасан байгаагаас харахад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт болон ажил олгогчийн зөвшөөрлийн үндсэн дээр чөлөө олгох эсэх нь шийдвэрлэгдэхээр байна.
*******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 114.8.5-д ... цалингүй чөлөө олгож болно., Чөлөө олгох боломжтой эсэхийг тодорхойлсон албаны даргын тодорхойлолтыг үндэслэн гүйцэтгэх захирал чөлөө олгох тухай тушаал гаргана гэж заасны дагуу хэнд чөлөө авах талаар хандсан, хэн хэдэн өдрийн чөлөө олгосон гэх баримт хэрэгт байхгүй байна. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасны дагуу удирдлагадаа албан ёсоор мэдэгдэж, албан ёсоор чөлөө аваагүй. Чөлөө авах хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт байхгүй байна.
Дөрөв. Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээгээгүй, уг хуулийн зохицуулалтад хамаарахгүй тухайд: Б.*******гийн ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил тасалсан тохиолдолд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил олгогч нь ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудад хамаарахгүй байх бөгөөд ажил олгогчоос Б.*******д хувийн чөлөө олгогдоогүй болно.
Ажилтны зүгээс ажилдаа хугацаандаа орж чадахгүй гэхээрээ ажил олгогчоос түүнд заавал хувийн чөлөө олгохыг зөвшөөрнө гэж ойлгох нь үндэслэлгүй юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй гэх үндэслэлээр хуулиар эрх олгогдоогүй, хууль бусаар байгуулагдсан Аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан тухайд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй шалтгаанаар хуулиар эрх олгогдоогүй аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо ажилтны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй тухайд: Хэрэв аймгийн ХМЗГТХорооны хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх тохиолдолд хуульд заавал нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна. Тодруулбал, байгууллагын ХМТК байгуулагдаагүй байхгүй тохиолдолд мөн суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тохиолдолд аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах эрхтэй байхаар хуульчлах шаардлагатай. Гэтэл хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй, Аймагт байгуулагдсан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо нь ямар хуулийг үндэслэж гомдол гаргагчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн эсэх, мөн ямар эрх бүхий байгууллагад аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороог байгуулах эрх олгогдсон эсэх талаарх хуулийн зохицуулалт байхгүй байна. Тодруулбал, Аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо нь ямар хуулийн заалтыг үндэслэн гомдлыг хүлээн авч, хурлын тэмдэглэл үйлдэж байгаа нь ойлгомжгүй байна.
Аймгийн ХМЗГТХорооны хурлын тэмдэглэлд шийдсэн нь: Талууд харилцан тохиролцоогүй, уг хурлын тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандах талаар дурдсан байхад нэхэмжлэгчээс уг шийдвэрийг зөрчиж шууд шүүхэд хандсан байна.
Хоёр. Шүүхээс Нэхэмжлэгч Б.******* нь ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгч Б.Буян- Өлзийд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хугацаанд нь мэдэгдээгүй байна. гэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж үзээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.*******г шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хэмээн мэтгэлцэж, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....нэхэмжлэгч Б.******* нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандсан болох нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 05-р сарын 31-ний өдрийн 266 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн 500 тоот албан бичиг зэргээр тус тус тогтоогдсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай гомдол гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасантай нийцжээ хэмээн дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон буюу цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох тухай дурдсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад хандаж болохоор хуульчилсан.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч Б.******* нь ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.№.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгч Б.*******д Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хугацаанд нь мэдэгдээгүй байна гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасныг тус тус үндэслэж тушаалаа гаргасан байдаг.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд мэдэгдэхдээ мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.2-т заасан буюу ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүр мөсөн шилжүүлсэн, 78 дугаар зүйлийн 78.1.5-д заасан буюу тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон, 80-р зүйлийн 80.1.1-д заасан буюу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан буюу ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино, 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан буюу ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэж зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн зүгээс ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх тухай хуульд тусгаагүй байгааг анхан шатны шүүх анзаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.*******тэй байгуулсан 2023 оны 01-р сарын 23-ны өдрийн 04 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.2-т Дараах тохиолдолд ажилтны гаргасан үйлдлийг ноцтой зорчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байх бөгөөд мөн гэрээний 6.2.3-т Удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон байсан.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.******* нь ажил тасалсан болох нь тогтоогдсон гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуульд заасныг буруу тайлбарлаж тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 04-р сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00116 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие нь өнгөрсөн хугацаанд тус компанид ажиллахдаа хууль болон гэрээгээр ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр, өөрийн ур чадвар, мэдлэг, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд мөн хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно.
Ажил олгогчийн зүгээс дээрх шийдвэр /тушаал/-ийг гаргахдаа буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө надад ийм шийдвэр гаргах болсон талаар мэдэгдэж, надаас тайлбар ямар нэг байдлаар аваагүй ба гэнэт л ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үл ялих шалтгаанаар цуцалж, ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилдаа 9 хоног ирээгүй буюу 72 цагийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, байгууллагын удирдлагад мэдэгдээгүй гэх үндэслэл шалтгаанаар 2023 оны 03 сарын 28-ны өдрийн Б/115 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсан гэж тайлбарласан.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиун анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.******* нь ажил тасалсан болох нь тогтоогдсон гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуульд заасныг буруу тайлбарлаж тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Зохигчдын маргааны зүйл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст болон сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй талаар заасан.
*******-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул дээрх хуулийн заалтаар ажилтан маргаан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх боломжгүй нөхцөл үүссэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх ба энэ талаар хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн онцгой төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт буюу үүнд хуулиар хугацаа тогтоогоогүй ба анхан шатны шүүх нэхэмжлэгч гомдол гаргасан тул хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол нь үндэслэлгүй.
Б.******* нь *******-д 2020 оны 08 дугаар сараас эхлэн Төслийн менежер, Төлөвлөлт, судалгааны ажилтнаар ажилласан, зохигчид 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр /хх70-80/ тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулсан талаар зохигч талууд маргаагүй.
*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 мөн хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь заалтуудыг үндэслэн Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн үйлдлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба нэхэмжлэгч Б.******* нь ажил тасалсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасныг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгч Б.*******д Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хугацаанд нь мэдэгдээгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалыг гардуулсан, мэдэгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Нэхэмжлэгч Б.*******д *******-ийн төлөөлөгчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 02 дугаар тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 20 хоногийн ээлжийн амралт олгосон байна /хх-83/.
Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл ажиллаагүй болох нь ирц бүртгэлийн хуудас /хх-84/, гэрч Б.Мөнгөнсүхийн Б.******* нь Халиунд би Австрали улсад явж байна гэж хэлсэн байсан. Надад бол хэлээгүй. Ажлаас гарах хүсэлтээ өг гэхээр өгөөгүй. Халиунд түүний цахим хаяг, сүлжээгээр холбогдож хариу өгөөгүй. Иймээс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажлаас халах шийдвэр гаргасан гэсэн мэдүүлэг /хх-114-115/, гэрч Д.Халиунаагийн Б.******* 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажил тасалсан. Өөрөө viber-р холбогдон Австралид байна очих боломжгүй байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-122/ зэргээр нотлогдож байна.
Иймд Б.******* нь хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг заавал шат дараалан авах талаар тус хуульд зохицуулаагүй тул давж заалдах шатны шүүх хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, холбогдох үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 144/ШШ2025/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2,3 дахь заалтыг бүхэлд нь хасч,
1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн *******-д холбогдуулан гаргасан "*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын Төлөвлөлт, судалгааны ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалт гэснийг 2 дахь заалт гэж өөрчилж, ...хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 626,129.8 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар *******-ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,930 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР