| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/00413/И |
| Дугаар | 210/МА2025/01929 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01929
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07655 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Зуучлалын гэрээний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тэй 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр түүний өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, 4,320 м.кв талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх хэлцэл хийх сонирхолтой гуравдагч этгээдийг холбож өгөх зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн.
1.2. Дээрх үйлчилгээг үзүүлж гуравдагч этгээд болох Нийслэлийн ерөнхий боловсролын *******-тай 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр холбож өгснөөр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 7 сарын хугацаатай байгуулсан.
1.3. Зуучлуулагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 4,320 м.кв ба 1 м.кв талбайн хэмжээг 22,000 төгрөгөөр тооцоход 95,040,000 төгрөг болсон ба үүний 88 хувиар буюу 83,635,200 төгрөгөөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний ажлын хөлсийг тооцож тохиролцсон.
Иймд зуучлалын гэрээний үүрэгт 83,635,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн зүгээс түрээслэгч олж өгч, гэрээ байгуулсантай маргахгүй. Тухайн үед үл хөдлөх хэрөнгөө ийм үнээр түрээсэлмээр байна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд ийм үнийн дүнгээр ажлын хөлсийг тохиролцоогүй. Зуучлалын хөлсийг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бусад агентлагуудын адил 1 сарын түрээсийн төлбөрийг төлнө гэсэн хүлээлттэй байсан.
2.2. ******* нь удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа тул хөнгөлөлттэй байдлаар гэрээний үнийг 40,000,000 төгрөг болгож бууруулах, зуны 2 сарын хугацаанд тэрнээс илүү хөнгөлөлт үзүүлэх санал гаргасныг хүлээн авч, түрээсийн гэрээ байгуулж, 2 сарын түрээсийн төлбөрөө авсан. Энэ агуулгаараа 40,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг төлнө гэсэн хүлээлттэй байсан боловч ******* нь илүү үнийг нэхэмжилсэн учраас маргаан үүссэн. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний эхний хэсэгт буюу агуулгад ойлголцлын талаар бичсэн болохоос зуучлалын хөлсийг тохиролцсон зүйл байхгүй.
2.3. Мөн нэхэмжлэгч нь 83 сая төгрөгт нийцсэн ажил хийгээгүй, гэрээнд зааснаар 3 ажил хийх ёстой байтал хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 576,126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 7 дугаар зүйлд “Гэрээний хөлс 83,635,200 төгрөгийг хэлцэл хийх гуравдагч этгээдтэй холбон өгч түрээсийн гэрээ хийснээс хойш 3 хоногийн дотор төлнө” хэмээн гараар нөхөж бичсэн, харин хариуцагчийн гаргаж өгсөн гэрээний 7 дугаар зүйлд гараар бичих хэсэг хоосон байдаг.
Энэхүү зөрүүтэй байдлыг шүүхээс дүгнэсэн боловч гэрээний оршил хэсэгт дурдсан үнэ гэх хэсгийг буруу дүгнэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд “зуучлагчид төлөх хөлс, тооцоо хийх журам” хэмээн төлбөрийн асуудлыг тодорхой зохицуулсан байгааг огт анхаарч дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт талууд хэрэв 6 сар хүртэлх сараар түрээслүүлсэн бол эхний сарын түрээсийн 90 хувийг зуучлагчид олгох, хэрэв 6 сараас дээш хугацаагаар түрээслүүлсэн тохиолдолд эхний нэг сарын төлбөрийг 100 хувиар тооцож авна хэмээн зохицуулсан. Харин гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Зуучлагч үйлчилгээ үзүүлсний төлөө доор дурдсан хэмжээ журмаар хөлс авна” хэмээн нэхэмжлэгчийн ажлын хөлсийг хэрхэн олгохоор талууд тохиролцсон байна.
Иймд Иргэний хуулийн 410 дүгээр зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний агуулга, онцлогийг анхан шатны шүүхээс онолын түвшинд буруу ойлгож дүгнэсэн.
4.2. Талууд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн сарын түрээсийн үнийг 95,040,000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ тохиолдолд гуравдагч этгээдэд түрээслүүлсэн 1 сарын төлбөрийн 88 хувь байхаар зуучлалын хөлсийг тохиролцсон гэж үзэхээр байна.
Гэтэл зуучлуулагч гуравдагч этгээд нарын хооронд 1 сарын түрээсийн төлбөрийг 40,000,000 төгрөгөөр тохиролцож түрээслэсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн зуучлалын гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэргийн үйл баримтад бүрэн гүйцэт дүгнэлт өгөөгүй, мөн гэрээний үүрэг бүрэн биелсэн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь эрх зүйн ноцтой алдаа болсон.
Мөн нэхэмжлэгчийн тайлбарлаж буй түрээсийн гэрээний 1 сарын төлбөр нь зуучлалын гэрээний төлбөрт хамааралгүй гэх тайлбар худал болох нь гэрээний 5 дугаар зүйлд заасан зохицуулалтаас харагддаг.
Гэрээний оршил хэсэгт “Үнэ: 95,040,000/88%/ 83,635,200” хэмээн дурдсан байгаа нь ямар зорилготой дүн болох нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийн зуучлагчийн хөлсийг тус дүнгээр тохирсон хэмээх тайлбар нь гэрээний агуулгын зөрүүтэй байдлыг ашиглаж байгаа бөгөөд огт үндэслэлгүй юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй.
4.3. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь гэрээний үнийн тооцооллын тухайд: үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 4,320 м.кв х 22,000 = 95,040,000 төгрөг, түүний 88 хувиар буюу 83,635,200 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан болохыг дурдав” хэмээгээд Иргэний хуулийн 43.2.1 дэх хэсэгт “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж зааснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна” гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Хэлцэл гэдэг бол талуудыг хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл байх учиртай. Хүсэл зоригийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” хэмээн заасны дагуу мөн гэрээний 5 дугаар зүйлд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл түүний нэгдэл буюу хөлс хэрхэн тохирсон, яаж тооцох асуудлыг харгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн мэтгэлцээнд нэхэмжлэлийн үнийн дүн 83,635,200 төгрөгийг гэрээнд тохиролцсон эсэх талаар маргаан өрнөсөн. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулж, гэрээний үнийг тохиролцохдоо зуучлуулагчид “танай үл хөдлөх эд хөрөнгө үйлчилгээний объект учир түрээсийн гэрээ байгуулах нөхцөл байна, манай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний ерөнхий загвар орон сууц хөлслөх гэрээний загвараар явдаг. Тийм учир бид бүхэн түрээсийн төлбөрийг м.кв-аар тооцож, үнийн дүнг тодорхойлно” гэж тайлбарлаж байсан. Нэгж м.кв-ыг 22,000 төгрөгөөр тооцож 95,040,000 төгрөг болсон, ажлын хөлсийг 88 хувь байхаар тохиролцсон.
5.2. Нэхэмжлэгч талаас гэрээний 5 дугаар хэсэгт заасан нь түрээсийн гэрээний нөхцөл биш гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох нотлох баримтаар нотолсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг түрээсийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байгаа эсэх, эсхүл гэрээний нөхцөлд тусгагдсан 95,040,000 төгрөгийн 88 хувиар шаардаж байгаа эсэх талаар ойлгомжгүй, үүнийг тодруулах шаардлагатай гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийн биелэлтийг хангуулж нэхэмжлэгч талаас 88 хувиар буюу 83,635,200 төгрөгөөр тохиролцсон, гэрээний 5 дугаар нөхцөл нь орон сууц хөлслөх гэрээний жишгээр буюу 1+1, 6+1 нөхцөлөөр авдаг агуулгаар гэрээнд тусгагдсан талаар тайлбарласан.
5.3. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол гэж хуульчилсан. Зуучлалын гэрээний үнийн дүн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр тодорхойлогдсон. Түүнээс хэлцэл хийх гуравдагч этгээд зуучлуулагчтай шинэ эрх зүй харилцаа үүсгэж, түрээсийн гэрээ байгуулахад тухайн гэрээний төлбөр зуучлалын гэрээний төлбөрт нийцэх шаардлагагүй. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд үнийн дүнг 95,040,000 төгрөгийн 88 хувь буюу 83,635,200 төгрөг байна гэж заасан болохоос өөр агуулгаар тодорхой заасан зүйл байхгүй болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 83,635,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот хаягт байршилтай, 4,320 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүнтэй хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, төлөөлж хэлцэл хийх, ******* нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-10 дугаар тал/
3.2. ******* болон Нийслэлийн ерөнхий боловсролын *******-ын хооронд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, сургалтын зориулалттай 4,320 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаагаар, түрээсийн төлбөрийг нэг сарын 40,000,000 төгрөгөөр тохирчээ. /хх-ийн 66-69 дүгээр тал/
3.3. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд буюу хэлцэл хийх этгээдтэй хариуцагчийг холбож өгч, тэдний хооронд үндсэн гэрээ байгуулагдсан үйл баримтад талууд маргаагүй, харин зуучлалын хөлсийг хэрхэн тохирсон асуудлаар маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч гэрээний агуулгыг буруу тайлбарлаж, хариуцагчийн төлбөл зохих хөлсний хэмжээг тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагын зуучлалын үр дүнд хариуцагч нь *******-тай 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулсан байх тул нэхэмжлэгч нь хөлс шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.2. Зуучлалын гэрээний хөлсийг хэрхэн тохирч, гэрээнд тусгасан асуудлаар талууд маргасан тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмаар шүүх гэрээг тайлбарлах замаар хөлсийг тодорхойлно.
Анхан шатны шүүх гэрээний ерөнхий нөхцөлд тусгасан “...үнэ 95,040,000 /88%/ 83,635,200” заалтыг гэрээний хөлс гэж тайлбарласан нь гэрээний агуулга, зорилго, бусад нөхцөлтэй нийцэхгүй байна. Учир нь
Талуудын байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлд “...******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг ...үнэ: 95,040,000 /88%/ 83,635,200, ...давхар 5-5, нөхцөл 1+1, нийт хэмжээ 4,320м2 ...түрээслэх зорилготой гэрээг байгуулав”, 1.1-д “...үл хөдлөх эд хөрөнгө болон түүнийг түрээслэх нөхцөлийг зуучлуулагч тодорхойлж, гэрээнд тусгасан болно”, 5.2-т “Зуучлагчийн ажлын үр дүнд зуучлуулагчийн хөрөнгийг түрээслэгч этгээдэд 6 хүртэлх сараар түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн 90 хувийг, 6 ба түүнээс дээш сарын хугацаатай түрээслүүлсэн бол эхний нэг сарын түрээсийн төлбөрийн 100 хувиар тооцож ...зуучлуулагч тал нь ажлын хөлс төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний ерөнхий нөхцөлд заасан “үнэ”-ийг үгийн шууд утгаар авч үзвэл бараа, ажил үйлчилгээний төлбөр гэж тайлбарлагдах ба гэрээний агуулга, зорилго, бусад нөхцөлтэй /гэрээний 1.1, 5.2/ харьцуулан тайлбарлавал үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх нөхцөл буюу түрээсийн үнэ гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний зорилго нь зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх бөгөөд энэ хүрээнд зуучлуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, түрээслэх үнэ зэрэг нөхцөлийг зааж, гэрээний зорилго болгон тодорхойлсон байх тул дээрх үнийг зуучлалын гэрээний хөлс гэж дүгнэхгүй.
Өөрөөр хэлбэл, зуучлалын хөлс нь уг гэрээний гол нөхцөл, түүнийг төлөхөөр тохирсон байх нь зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно, харин гэрээний зорилго болохгүй тул гэрээний зорилгын хүрээнд тодорхойлогдсон “үнэ”-ээр зуучлалын хөлсийг тогтоосон гэж тайлбарлагдахгүй байна.
4.3. Мөн нэхэмжлэгч байгууллагын нотлох баримтаар гаргаж өгсөн “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 7-д “Гэрээний хөлс 83,635,200 төгрөгийг хэлцэл хийх гуравдагч этгээдтэй холбон өгч түрээсийн гэрээ хийснээс хойш 3 хоногийн дотор төлнө” гэж гараар бичсэн байх боловч хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зуучлалын гэрээний 7-д дээрх нөхцөлийг заагаагүй байна. Иймд дээрх тохиролцоог талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэх үндэслэлгүй тул нэг талын баримт болох бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.
4.4. Харин гэрээний 5.2-т зуучлагчийн үйл ажиллагаа үр дүнд хүрсэн нөхцөлд зуучлуулагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулагдсан үндсэн гэрээний хугацаа болон уг гэрээний үнээс хамааран зуучлалын хөлсийг тодорхойлох аргачлалыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч болон Нийслэлийн ерөнхий боловсролын *******-ын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил, 7 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 40,000,000 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгаж, уг гэрээний дагуу тус сургуулиас 2025 оны 1, 2 дугаар сарын төлбөр 80,000,000 төгрөг, барьцаа 40,000,000 төгрөг, тоног төхөөрөмжийн төлбөр 10,000,000 төгрөг нийт 130,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн талаарх албан бичиг, банкны дансны хуулга хэрэгт авагдсан байна. /хх-ийн 63-64 дүгээр тал/
Дээрх гэрээний төлбөрийн талаарх тохиролцоо нь талуудын байгуулсан зуучлалын гэрээний хөлсийг тодорхойлоход хамааралгүй гэж нэхэмжлэгч байгууллага тайлбарласан боловч хэргийн баримтаар зуучлалын хөлсийг 83,635,200 төгрөгөөр харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна гэрээний зорилгод заасан түрээсийн үнээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулагдаагүй байх тул хариуцагч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний нэг сарын төлбөрийн хэмжээгээр зуучлалын хөлсийг төлөх нь талуудын зарчимд нийцнэ.
5. Мөн талуудын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2 үе шаттайгаар хэд хэдэн ажлыг гүйцэтгэхээр гэрээнд заасан байх ба зуучлагчийн үйл ажиллагаа үр дүнд хүрсэн нөхцөлд дээрх ажлыг хэрхэн гүйцэтгэсэн нь талуудын маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан үе шатны ажлын гүйцэтгэлээс хамааран хөлс төлөх журмыг тохиролцоогүй байх тул зарим ажлыг хийгээгүй гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдав.
6. Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зуучлалын гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 43,635,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт өөрчлөлт орно.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,635,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “...576,126” гэснийг “357,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.ГАНДИЙМАА