| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 143/2024/00481/И |
| Дугаар | 203/МА2025/00043 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 203/МА2025/00043
2025 оны 11 сарын 05 өдөр Дугаар 203/МА2025/00043 Даланзадгад сум
С.Солонгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 313/ШШ2025/00208 дугаар шийдвэртэй,
С.Солонгын нэхэмжлэлтэй,
******* ХХК, Д.******* нарт холбогдох
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны ******* 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.*******той орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь барьж буй барилгын 30 тоот орон сууцыг барилга баригдаж дууссаны дараа С.*******д хүлээлгэн өгөх, С.******* нь захиалсан 30 тоот орон сууцны төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болох үүргийг тус тус хүлээнэ.
*******ийн барьсан барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд шаардлагатай ажлыг захиалагч бусад иргэдийн хамт биечлэн гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгснөөр тухайн барилга ашиглалтад орох нөхцөл бүрдсэн.
Энэ гэрээний үүргээ талууд буюу гүйцэтгэгч *******, захиалагч ******* миний бие бүрэн биелүүлсэн тул иргэн Д.******* нь төлбөр тооцоо дууссан тухай ...орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д.******* миний өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Ахмад 3-323/1 дугаартай байрны 05 давхар, 30 тоот, 43.78 м.кв 2 талбай бүхий орон сууцыг С.Солонгын өмчлөлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн агуулга бүхий баримтыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргаж өгсөн.
Энэ баримт нь дангаараа *******ийн гэрээний 1.7-д Гүйцэтгэгч нь захиалагчийн худалдан авсан орон сууцны байшингийн өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх... 5.2.3-т төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх гэж үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан журамд зааснаар холбогдох бичиг баримт гэдэгт төлбөр тооцоо дууссан баримтаас гадна барилгыг Улсын комисс хүлээн авсан дүгнэлт, барилгын анхны зураг төсөв, баригдсан барилгын 4 талыг болон доторх зохион байгуулалтыг харуулсан гэрэл зураг, захиалагч нарын нэрс, өмчлөгч нарын нэрс зэрэг баримтууд ордог.
Гэтэл ******* нь дээрх материалыг бүрдүүлж шинээр баригдсан нийтийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх мэдүүлгээ тухайн үл хөдлөх хөрөнгө байршиж буй Улсын бүртгэлийн байгууллагад гарган өгөхгүй байна.
Мөн Д.*******ийн барьсан уг барилгыг ашиглалтад оруулах тухай Улсын комиссын шийдвэр нь түүний ******* ХХК-ийн нэрээр гаргасан тул хамтран хариуцагчаар оролцуулах шаардлага бий болсон юм. Эдгээр байдлаас шалтгаалан С.******* миний бие нь гэрээний 5.3.2-т заасан ...захиалсан байр буюу орон сууцны төлбөрийг 100% төлсний дараа байрыг хүлээн авах..., 5.3.3-т заасан ...гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах... эрхээ хэрэгжүүлж, орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох эрхээ баталгаажуулж чадахгүй хохироод байгаа тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ахмадын 3-323/1 дугаартай байрны ******* хаягт байршилтай, 43.78 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Тайж овогт Сармандахын Солонгыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг яриад байна. Уг нь шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх материал дөрөвхөн ширхэг байдаг. С.******* жоохон андуураад байх шиг байна. Хоёрдугаарт шүүх хуралдаанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээгээ байгуулаад харилцан тохиролцоод шүүхэд гаргаж өгсөн. Уг нь шүүх хуралдаан хийхгүйгээр эвлэрлийн гэрээгээр баталгаажуулаад С.*******той холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэе гэсэн зорилгоор эвлэрлийн гэрээг байгуулсан. Тэгээд эвлэрлийн гэрээний зорилго нь зургаан нөхцөлөөр илэрч байгаа. Зургаан нөхцөл дотор С.Солонгын гаргаад байгаа хоёр нэхэмжлэлийн шаардлага хоёулаа тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл ******* компани болон иргэн Д.******* гэрээ байгуулагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.
Мөн өмчлөгчөөр С.Солонгыг тогтоолгоход татгалзах зүйлгүй. Нэхээд байгаа дөрвөн баримт бичгийг ******* компанийн зүгээс гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тодорхой үнийн дүн дээр өөрчлөлт ороод үүнийгээ баталгаажуулаад хоёр тал асуудлаа шийдвэрлээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн шүүх хурал дээр эвлэрлийн гэрээний асуудлыг яриад явах нь зөв болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг хэлэлцэх ёстой. Өнөөдөр бид Улсын бүртгэлийн байгууллага, захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргаан шийдвэрлэх асуудал биш. Тэгэхээр нэхэмжлэгчийн тодруулга жоохон учир дутагдалтай байна.
Асуудлын гол мөн чанар нь зөвхөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг компанийн зүгээс гаргаж өгөх тухай асуудал байгаа. Үүнийг эвлэрлийн гэрээн дээр маш тодорхой тусгаад, дурдаж өгсөн байгаа учраас эвлэрлийн гэрээг баталж өгөөч. Мөн төлбөрөө зуун хувь төлсөн байгаа, тодорхой үнэ дээрээ өөрчлөлт оруулаад хоорондоо харилцан тохиролцсон байгаа учраас иргэдийн асуудлыг түргэн шуурхай, аль болох хурдан шийдвэрлэе гэдэг зорилгоор эвлэрлийн гэрээг байгуулаад аль аль тал энэ асуудал дээр дахин санал, хүсэлт гомдол гарахгүйгээр эцсийн байдлаар шийдвэрлүүлье гээд энэ асуудлыг оруулж ирсэн байгаа. Мөн шүүхийн шийдвэрээр өмчлөгч тогтоогддог. Жишээ нь Улаанбаатар хотод өмчлөгчөөр тогтоогдоод явсан тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага баримтуудыг нэхэхгүйгээр шууд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг тогтоогоод гэрчилгээг нь олгоод явдаг зарчим үйлчилж байгаа. Тэгэхээр заавал энэ бичиг баримтуудыг компаниас гаргуулж авах гээд байдаг нь ямар учиртай юм. Тэртээ тэргүй шүүх энэ асуудалд эцсийн цэгийг тавина, эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Тийм учраас шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага бүгд биелүүлэх үүрэгтэй. С.******* маань өөрөө шүүхэд хандаж асуудлаа гаргаж ирж тавьсан. Тэгээд хариуцагч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд харилцан тохиролцоод талууд шүүхийн журмаар шийдвэрлүүлээд явъя гэсэн байр суурьтай байгаа.
Манайхаас хамааралтай бичиг баримтуудыг бүгдийг нь гаргаад өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.
Хариуцагч ******* компани нь С.Солонгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. С.******* нь тоот бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох мөн орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгүүдийг ******* компаниас гаргуулахыг даалгах гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гарсан байдаг. Бид эвлэрлийн гэрээ байгуулаад шүүхэд гаргаж өгсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсангүй. Ер нь ******* компани С.*******той гэрээ байгуулсан тал дээр маргадаггүй. Орон сууцны үнийн дүн дээр 1 метр квадрат талбай дээр 500 000 төгрөг нэмээд зөрүү гэж тодорхой хэмжээний мөнгө авсан. Одоо үлдэгдэл 5 000 000 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг дараа дараагийн төлөлтөөр авъя гэдэг байдлаар хоёр тал харилцан тохиролцоод өнөөдрийг хүртэл ойлголцоод явж байгаа. Компанийн зүгээс ямар 7 төрлийн бичиг баримт авах гээд байгаа гэдгээ С.******* тайлбарлалаа.
Тэгэхээр хариуцагчийн зүгээс нэгэнт С.Солонгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагийн хүрээнд нэмэлт тодруулга, тайлбар өгөхөд шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд дараах 4 төрлийн баримт бичгийг гаргаж өгдөг. Энэ баримт бичиг нь нэгдүгээрт гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн тодорхойлолт. Энэ нь төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт байгаа. Хоёрдугаарт тухайн иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ байгаа. Энэ нь худалдах, худалдан авах гэрээ юм уу, орон сууц захиалсан гэрээ юм уу, хөрөнгө оруулалтын гэрээ юм уу, захиалан бариулах гэрээ юм уу, гэдэг нь ордог компани дээр олгосон гэрээ байгаа.
Гуравдугаарт тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг байдаг. Дөрөвдүгээрт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, акт байдаг. Тавдугаарт барилга байгууламжийн зураг төсөл тухайн давхар, тоот, талбайн зураг төслийг гаргаж өгнө. Зургаадугаарт барилгын гэрэл зургийг дөрвөн талаас нь авч өгдөг. Нийт 6 төрлийн баримт бичгийг гаргаж өгдөг. Нэхэмжлэгч түрүүн ярихдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дотроос газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг дурдаад 7 болгоод байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дахиад газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэх гэдэг тусдаа бүртгүүлдэг зүйл байгаа. Манай тохиолдолд орон сууц буюу нийтийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм. Энэ нийтийн зориулалттай үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн сайт дээр маш тодорхой байна. Миний дурдсан 6 төрлийн бичиг баримтыг компаниуд гаргаж өгдөг. Тэгэхээр энэ 6 төрлийн баримт бичгийг компанийн зүгээс гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйл байхгүй гэжээ.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Солонгын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны *******, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.******* болон ******* ХХК-аас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны *******, 43.78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай тухайн барилгын орон сууц захиалагчийн нэрсийн жагсаалт буюу өөрт холбогдох хэсэг болох ******* ХХК-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудыг гаргуулж С.*******д олгож,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт баригдсан ахмадын 3/323/1 дугаартай байрны *******, 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.******* болон ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан С.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:
1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч холбогдох тайлбарыг шүүхэд гаргаж оролцсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудын маргаагүй асуудлаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргах эрхгүй юм.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байхад шүүх хуралдааныг товлон зарлаж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд хүргүүлсэн байхад эвлэрлийн гэрээг ойлгомжгүй гэсэн үндэслэлээр баталгаажуулаагүй. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байхад дээрх байдлаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь заалт буюу шүүхийн өмнө эвлэрэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6 дахь заалт буюу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаатай хольж хэргийг шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээнд ойлгомжгүй гэж үзэх ямар ч салаа утгатай үг, өгүүлбэр байхгүй бөгөөд хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс ямар баримт бичгүүд багтаж байгаа талаараа ойлгомжтой тайлбарласан болно.
Иймд анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гомдлын шаардлагаа дэмжиж байна. Ер нь шүүх дээр хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхийн үйл ажиллагаа нь солилцооны онол дээр тулгуурлаж явагддаг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж явдаг. Талуудын хооронд маргаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр анхан шатны шүүх хурал товлогдохоос өмнө нэхэмжлэгч, хариуцагч хоёр хоорондоо эвлэрлийн гэрээгээ байгуулсан. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй. Талууд хоорондоо хүсэл зоригоо илэрхийлээд, маргаантай байгаа асуудлаа ойлголцоод шийдвэрлээд явж байхад шүүх маргаагүй асуудлыг маргаантай мэтээр үзээд шийдвэрлээд явж байгаа нь шүүхийн үйл ажиллагаа солилцооны онол дээр тулгуурлаж явагддаг үндсэн зарчим нь зөрчигдөх нөхцөл бүрдэж байна. Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгч талтай тодорхой нөхцөлүүдээр харилцан тохиролцоод зөвшилцөөд эвлэрлийн гэрээгээ шүүх хуралдаан болохоос өмнө гаргаж өгсөн. Харамсалтай нь шүүх эвлэрлийн гэрээг батлаагүй. Бид нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хариу тайлбараа шүүхэд хамтдаа хүргүүлсэн. Ингээд маргаагүй асуудлаараа шүүхийн шийдвэрийг баталгаажуулаад шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 100 хувь төлбөрөө төлчихсөн. Тодорхой метр квадратаар үнийн өөрчлөлт оруулаад, хоорондоо ойлголцоод ямарваа нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Энэ асуудлаа шийдвэрлээд явчихъя.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлаа шийдвэрлээд явж байтал анхан шатны шүүхийн шийдвэрээрээ иргэнийг өмчлөх эрхгүй гэж тогтоодог. Анхан шатны шүүх юуг нарийн хараагүй вэ гэхээр улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ гарсан байр биш. Улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх нь үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчийн эрх үүсэж явдаг. Гэтэл С.******* нь ******* ХХК-ийг барилгаа барьж байхад нь захиалгын гэрээ хийгээд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд өөрөө мөнгөө өгөөд, энэ байрыг захиалан бариулаад, энэ хүн өөрөө өмчлөх эрхтэй буюу хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэдгээ тогтоолгох гэж байгаа асуудал. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримталдаг. Мөн өмчлөх эрхгүй гэж тогтоодог. Тэгэхээр энэ хүний өмчлөх эрх ноцтойгоор зөрчигдөөд эхэлчихсэн. Уг нь маргаангүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүй.
Тийм учраас бид нар маргаантай асуудлаа шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэчихсэн. Үүнийг баталгаажуулах гол асуудлыг л гаргаж ирж тавьсан. Тийм учраас шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
6. Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш мэдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан байдаг. 06 дугаар сарын 07-ны өдөр өмнө нь шүүх дээр төлөөлж байсан төлөөлөгчөөсөө мэдсэн. Би давж заалдах гомдол гаргах бодолтой байсан. Шүүхээс ямар ч байсан шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэгдэх байх гэж хүлээж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь энэ шүүхийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдээгүй. Мөн хүргүүлээгүй. Тэгээд би шүүхийн шийдвэр хүргүүлээгүй талаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчид хуулийн хугацаанд хүргүүлсэн, мэдэгдсэн гэдэг байдлаар гомдлыг хүлээж авахаас татгалзсан.
Шүүгчийн туслахын алдаатай, дутагдалтай, шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд хүргүүлээгүй гэдэг тал дээр дахин гомдол гаргасан боловч агуулгын хувьд ямар ч маргаантай асуудал байхгүй хугацаандаа хүргүүлсэн гэж үзээд миний давж заалдах гомдлыг хүчингүй болгосон гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.******* нь ******* ХХК, Д.*******ид холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны ******* 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.*******той эвлэрлийн гэрээ байгуулсныг анхан шатны шүүх баталгаажуулахаас татгалзжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний гол нөхцөлүүд нь:
1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-нд заасны дагуу иргэн С.******* нь орон сууцны анх тохиролцсон үнэ болох 105,072,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан;
2. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-ний 3.1-д заасан орон сууцны нийт үнийг 1м.кв талбайн үнийг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1м.кв талбайн үнийг 2,900,000 төгрөгөөр тооцож орон сууцны нийт үнийг 129,962,000 төгрөгөөр тооцох;
3. Орон сууцны 1м.кв талбайн үнийг 500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор (43.78х500,000) зөрүү 21,890,000 төгрөгийг С.******* нь ******* ХХК болон иргэн Д.*******ид төлж барагдуулах;
4. Орон сууцны нэмэгдүүлсэн үнийн зөрүү 21,890,000 төгрөгөөс 16,890,000 төгрөгийг С.******* нь урьдчилан төлсөн бөгөөд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг ******* ХХК болон иргэн Д.*******ид орон сууцны гэрчилгээ гарсан үед төлөх;
5. Орон сууцны өмчлөгчөөр иргэн С.Солонгыг тогтоох;
6. Орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг (Улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулж өгөх компаниас нь хамаарах баримт бичиг хамаарна) ******* ХХК болон иргэн Д.******* нь захиалагч иргэн С.*******д гаргаж өгөх гэжээ.
Анхан шатны шүүх тус эвлэрлийн гэрээний 6 дахь нөхцөл нь тодорхой биш, тухайлбал орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай ямар ямар бичиг баримт шаардаж байгаа нь тодорхойгүй байна гэж үзэн баталгаажуулахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт ...эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заасантай нийцэж байх ба хэргийн үйл баримт болох С.******* болон Д.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23/08 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байхаар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөлд оруулан хуульчилжээ.
Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдагч Д.******* нь худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байна. Тэрээр эд хөрөнгийн эзэмшлийг худалдан авагч С.*******д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулж Улсын комисс хүлээж авсны дараа орон сууцаа 8, 9 сарын хугацаанд ашиглаад явж байна гэсэн тайлбараар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч С.Солонгыг худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны ******* 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. гэж заажээ.
Талуудын хэн аль нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг гаргаагүй буюу худалдагч Д.******* нь өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг биечлэн гаргах эсхүл худалдан авагчийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг зөвшөөрч буйгаа зохих хэлбэрээр илэрхийлэх үүргээ биелүүлээгүй байх тул Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч С.Солонгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Д.*******оос ******* ХХК-ийн барьсан ахмадын барилгын 3-323/1 дугаартай орон сууц захиалсан захиалагчдын нэрийн жагсаалтаас С.*******д холбогдох хэсгийг гаргуулах, барилгын зураг болон өөрчлөлтийн зураг, барилга анх ашиглалтад ороход улсын комисс анх хүлээж авсан акт, үл хөдлөх эд хөрөнгийн байршлын өмчлөх, ашиглах эзэмших эрх олгосон шийдвэр, барилга барьсан газрын өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг гаргуулан С.*******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд нэхэмжлэгчид дээр дурдсан нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулан олгосноор нэхэмжлэгч С.******* нь өөрийн эзэмшлийн орон сууцыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасны дагуу өмчлөгчөөр бүртгүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөх эрх нь үүсэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байхад шүүх хуралдааныг товлон зарлаж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна...гэх агуулга бүхий гомдлыг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт: Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. гэж хуульчилсан ба зохигчдын эвлэрлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах ******* дугаартай байрны ******* 43.78 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үндэслэлээр Иргэний хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 313/ШШ2025/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА