Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0224/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Г.Дашням

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         А.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Баярсайхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Г-д холбогдох 1939003........ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Гнь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр  баг Тариаланчдын 17-02 тоотод оршин суух иргэн Г.Төмөрбаатарын  гээгдүүлсэн Samsung Galaxy Note8 маркийн гар  утсыг  бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Төмөрбаатарын  өгсөн:...Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай ажлын зүүн бүсийн аварга шалгаруулах авто замчдын тэмцээн дуусаад бид нар ажил дээрээсээ  тэмцээнд ирсэн аймгуудаа гаргаж өгөөд  сүүлд Дорноговь  аймгийн АЗЗА ТӨХК-ний ажилтнуудыг 14 цагийн үед гаргаж өгөөд явуулсан. Би өөрийн Samsung Galaxy Note8 маркийн гар утсыг хаана алга болгосноо санахгүй байна. Цэнэггүй байсан болохоор тоохгүй байж байгаад орой 19 цагийн үед үзэхэд миний гар утас байгаагүй. Би өөрийнхөө гар утсыг ажлынхнаасаа асуугаад олохгүй байсан харин үүнээс хойш 3 хоногийн дараа Samsung account-аар хайгаад үзэхэд  миний гар утас цэнэг орчихсон Дорноговь аймгийн Сайншанд суманд байршил нь зааж байсан. Тэгээд би АЗЗА ТӨХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Нандинхүү гэдэг залуутай утсаар 99904494 дугаарын утсаар нь холбогдоод миний утасны байршил наана чинь заагаад байна гэхэд  хүмүүсээсээ асууж тодруулж өгье гээд над руу өөрөө залгаад утсыг чинь олчихлоо  манай талбайн инженер Г гэдэг хүн авчихсан байна гэсэн. Тэгээд би дугаарыг нь аваад ярихад Ггэдэг залуу танай ажлын үүднээс би олсон. Буцаагаад явуулья гээд таг болсон. Залгахаар утасаа авахгүй байсан...Би 2018 оны 05 сард Улаанбаатар хотын Тэдигийн хажууд байдаг Samsung төвөөс 1.950.000 төгрөгөөр  шаргал өнгийн Samsung Galaxy Note 8 маркийн утас авч байсан. Ямар нэгэн сэв зураас гээд байх зүйлгүй утас байгаа. Надад одоо хайрцаг сав баталгааны хуудас нь байгаа. Би өөрийнхөө гар утсыг 1.600.000 төгрөгөөр үнэлнэ...Би төлүүлж хохирлоо барагдуулмаар байна....гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/

Гэрч Ж.Хүрэлшагайгийн  өгсөн: Би Хэнтий аймгийн Харгуй ТӨХК-д  2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад манай ерөнхий инженер Төмөрбаатар орой 19 цагийн үед ирээд гар утсаа надаас асууж байсан тэгээд бид нар мэдэхгүй болохоор ажлын өрөөнөөс интернетээр ороод гар утасных нь Samsung account-оор хайж үзэхэд гарч ирээгүй.  Харин 3-4 хоногийн дараа манай инженер өөрөө утсаа Дорноговьд байна гэж гарч ирсэн гэж ярьж байсан. Төмөрбаатар ах Samsung galaxy Note8 маркийн бор шаргал өнгийн утастай байсан.Тэр утсаа хаана яаж гээснийг нь бол мэдэхгүй...Би ажил дээрээ байсан. Төмөрбаатар ах ажил дээрээ байсан. Хүмүүсийг үдэж өгөөд байж байсан. Ажлаас холдоогүй байж байгаад хамгийн  сүүлд Дорноговийнхныг гаргаж өгөөд гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Яллагдагч А.Г өгсөн:...2019 оны 03 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд Хэнтий аймагт Зүүн бүсийн авто замчдын улсын спортын их наадам болсон. Би тухайн үед Дорноговь АЗЗА ТӨК-д ажиллаж байсан. Би Хэнтий аймагт компаний 14 ажилтны хамт ирж наадамд оролцсон. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Харгуй ТӨК-ийн  гадна зогсоол дээр хаалтын үйл ажиллагаа болсон. Нийт 9 аймгаас хүмүүс ирсэн байсан. Харгуй компанийхан аймгуудаас ирсэн хүмүүсийг гаргаж өгсөн. Манай аймгийнхныг хамгийн сүүлд гаргаж өгсөн. Харгуй ХХК гадна талдаа төмөр намхан хашаатай байсан. Би тамхилаад явж байтал хашааны хажууд дэлгэц нь доошоо харчихсан шаргал өнгийн гар утас хэвтэж байсан. Тэр гар утас унтарсан байсан. Би тэгэхээр өмднийхөө халаасанд хийсэн. Тэгээд Дорноговь аймагт очсон. Дорноговь аймагт манай ажил хурал хийсэн манай хөдөлмөр хамгааллын инженер Нандинхүү Хэнтий аймгийн Харгуй ХХК-ийн инженжер Төмөрбаатар гар утсаа алга болгосон гэнэ  байршил нь манай аймагт зааж байна гэнэ. Манайхаас гар утас олсон хүн байна уу гэсэн би тэгэхээр нь гар утас олсон гэж хэлсэн. Миний олсон  гар  утас плат нь шатаад эвдэрчихсэн байсан. Би Төмөрбаатар гэдэг хүнд эвдэрхий утас Дорноговь  аймгаас Хэнтий аймаг руу явуулсан. Би гар утасыг барьж байгаад унагаад гэмтээчихсэн юм. Би тэр гар утсыг Төмөрбаатар гэдэг хүнээс хулгайлж аваагүй  хаячихсан байсан гар утсыг тамхи татаад явж байгаад олсон. Би гар утсыг буцаагаад өгөх гэсэн чинь гар утас эвдэрчихээд өгч чадаагүй  тэр хүнтэй холбоо барьж чадахгүй байсан юм. Гар утсыг засуулах гэсэн үнэтэй байсан...Би Төмөрбаатар гэх хүнд хохирол барагдуулсан. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төмөрбаатарын эхнэр Баатарын Цэцэгсайхан гэдэг хүний хаан банкны 5954340151 дугаартай дансанд 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Төмөрбаатар өөрөө эхнэрийнхээ дансанд хийлгэж мөнгөө авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/  

Samsung galaxy Note8 маркийн гар утасны үнэлгээг 1.300.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-23 хуу/

А.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/

А.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 хуу/

Хохирогч Г.Төмөрбаатараас гаргасан “хохирлоо бүрэн барагдуулж дууссан” тухай тодорхойлолт /хх-ийн 62 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Г нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрт байх Харгуй ТӨХК-ий гадна хохирогч Г.Төмөрбаатарын  гээгдүүлсэн Samsung Galaxy Note8 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.           

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Г.Төмөрбаатар, гэрч Ж.Хүрэлшагай  нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

  

Шүүгдэгч А.Г нь хохирогч Г.Төмөрбаатарын  гээгдүүлсэн гар утсыг завшсаны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь гээдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш /300.000 төгрөгөөс дээш/ хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганжаргалын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 60 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган /хх-ийн 63 хуу/  700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч А.Г хүлээн зөвшөөрч /хх-ийн 67 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч А.Г гээдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах   үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Төмөрбаатар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан тухай тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

А.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6   /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ