Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 30

 

Б.Ут холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Г, Г.Б,           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Бмаа даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Ут холбогдох, эрүүгийн 201610010157 дугаартай, 2 хавтас, 279 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Э.Бын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: У -т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

Шүүгдэгч Б.У нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим саатуулах байрны цагдаагаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө саатуулагдсан У.Шыг жижүүрийн арын өрөө болон коридорт ээж дүү нарыг нь хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож цээжний зүүн талын 9, 10 дугаар хавиргыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулмсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 201610010157 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Замын-Үүд дэх Прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч У.Шын гэх 2 ширхэг цээжний рентген зургийг хэрги йн хамт Прокурорт хүргүүлж,

Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж,

Хэргийг Прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, … гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Б.Ут холбогдох хэргийн бүрэлдэхүүний гол шинж болох субъектив талын шинжийг хавтас хэрэгт тогтоосон гэж үзэж байна. Учир нь: Хавтас хэрэгт Б.У нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өглөө Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн өрөө болон арын өрөөнд нь хохирогч У.Штай хувийн таарамжгүй харьцаа буюу ээж дүү нарыг нь хэл амаар доромжилсон, мөн хуучин найз охин болох Мөнх-Амьдралаас болж маргалдан улмаар түүнийг мөргөж, элэг рүү нь цохисон үйлдлээс болж дээрх гэмт хэрэг гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан: гэрч Х.Гэрэлбаатарын “...ахлагч Б.У урьд шөнө саатуулагдсан У.Ш гэгчийг дагуулж орж ирээд хаалгаа дотроос нь түгжсэн. Хоорондоо нэг эмэгтэй хүний нэр хэлээд маргалдаж байснаа Б.У У.Шын хэвлий рүү нэг удаа гараараа цохиод тонгойх үед нь тохойгоороо тохойлдсон. Тэгэхээр нь би Б.Уыг болиулаад зогсож байтал тухайн өдөр жижүүрийн туслахаар гарч байсан Эрдэнэтуяа ахмад хаалга тогшоод хаалгыг онгойлгосон” гэх, гэрч Б.Эрдэнэтуяагийн “...ахлагч Б.У зөрчил гаргасан Ш гэгчтэй хувийн чанартай зүйл яриад ахлагч Б.Уын хуучин салсан эхнэрийн нэрийг хэлээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн У Шын хацар руу нэг удаа алгадахаар нь ахлагч Уыг болиулж хүнтэй зев харьцах ёстой гэж хэлээд өрөөнөөс гаргасан боловч ахлагч У гадаа зогсож байгаад буцаж орж ирсэн”, "...Удалгүй жижүүрийн арын өрөөнд У Штай муудалцаад нэг нэгнийгээ цохиод байх шиг дуу чимээ гараад байхаар нь хаалгыг нь татаж үзтэл хаалттай байсан. Тэгээд Ут хандаж “чи наад хаалгаа нээ, хүн зодохоо боль, гараад ир” гэж хэлтэл У хаалгаа нээсэн бөгөөд энэ үед Ш Уын араас цохиод хоорондоо заамдалцаад арын өрөөнөөс гарч ирснээ ноцолдоод байсан” гэх мэдүүлэг мөн хохирогч У.Шын “...У намайг “чи одоо цохих гэдэг хэн бэ” гээд элэгдэж унагаагаад дээрээс биеэрээ тохойлдож унасан. Жижүүрийн арын өрөөнөөс гарах үед У нь намайг элэгдэж унагаагаад дээрээс тохойлдох үед миний зүүн талын хавирга эвгүй болж амьсгаа авч чадахгүй байхаар нь “хавирга эвгүй болчихлоо” гэж орилсон юм” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

2. У.Ш нь хэрэгт 4 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ноцтой зөрүүтэй мэдүүлгүүдийг өгөөгүй, хохирогч У.Ш нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр орохдоо ямар учраас дээрх гэмт хэрэг гарсан талаараа тодорхой мэдүүлсэн, шүүх хохирогчийн мэдүүлгийг зөрүүтэй гэж үзсэн бол шүүх хуралдаан дээр зөрүүг арилгах бүрэн боломжтой байсан. Захирамжийн 2-р заалтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой байсан.

3. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 16-ны өглөөний 09 цагийн орчимд Цагдаагийн хэлтэст Х.Гэрэлбаатар, ахмад Б.Эрдэнэтуяа, ахлах Б.У, мөн У.Ш нараас өөр хүн байгаагүй гэдгийг гэрч Б.Эрдэнэтуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн "... Тухайн үед Гэрэлбаатар, Ш, У бид нараас өөр хүн цагдаагийн хэлтэст байгаагүй’ гэх мэдүүлгээр нотлогддог учраас өмнөх шөнө нь саатуулагдсан гэх Нягтхолбоо, Түвшинтөгс нарыг гэрчээр байцаах шаардлагагүй.

Б.У нь 2016 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө саатуулагдсан гэх Нягтхолбоо, Түвшинтөгс нарыг гэрчээр байцаалгах тухайгаа хэргийн материал танилцахдаа бичсэн байдаг. Б.У нь хэргийн материал танилцаад хүсэлтээ тусгайлан бичгээр гаргасан бол мөрдөн байцаагч хариуг бичгээр өгөх ёстой байсан.

4.  Хохирогч У.Ш нь шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө "... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөд Б.У нь манай найз нөхөд, дотны хүмүүсээр удаа дараа гуйлгуулж байсан, анх мэдүүлэг өгөхөд “шатнаас өөрөө унасан” гээд мэдүүлгээ өгчих гэж манай найз нөхдөөр гуйлгуулаад байхаар нь би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өөрөө шатнаас унаж хавиргаа хугалсан” гэж мэдүүлгээ өгсөн. Дээрх байдлуудаас харахад Б.У нь өөрийн хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчид нөлөөлсөн болох нь харагдаж байна. Түүнчлэн Б.У нь хохирогч У.Шаар гомдол саналгүй гэсэн бичиг хийлгүүлэх зорилгоор караокед орж архи уусан нь гэрч Г.Б-Эрдэнийн “...Ингээд удалгүй Б.У бичгийн цаас гаргаж ирээд У.Шыг “хөгшөөн за чи үүн дээр гомдол саналгүй гэдгээ бичээд өгчих” гэтэл “Би хоёрын хооронд ийм зүйл дээр шалчигнаад байдаг эр хүн биш, хоёулаа хоорондоо зодолдож байж сайхан найзууд болох байсан юм байна, хөгшин нь өнөөдөр наад цаасан дээр чинь юм бичихгүй, маргааш бичээд өгье” гэсэн” гэх, гэрч Т.Нандинцэцэгийн “...Тэгсэн У “За тэгвэл найздаа гомдолгүй гэсэн бичгээ хийгээд өгчих “гэсэн чинь “би ийм зүйл дээр хүнд гай болоод явах хүн биш, ямар ч асуудалгүй” гэж хэлээд бичиг хийж өгөөгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 159 дугааптай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу цуглуулсан нотлох баримтыг эх сурвалжаа болгосон гэж үзэж байна. Учир нь: Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох хохирогч У.Шын рентген зургийг уншиж дүгнэлт бичсэн гэх Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн эмч Гантуяаг гэрчээр байцаахдаа “хаана ямар ажил эрхэлдэг, У.Ш гэх хүнийг хэзээ хаана байхад нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, мөн ямар учраас дүгнэлтэнд тэмдэг дараагүй зэргийг тодруулж асуусны дараагаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж дүгнэлтийг гаргуулсан. Шинжээч томилохдоо хохирогч У.Шын Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн цээжний рентген зураг, мөн Мөнгөн-гүүр эмнэлгийн рентген зургуудыг хэргийн хамт хүргүүлсэн тул 159 дугаартай шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангасан учраас хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч У.Ш нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор дахин байцаалт өгөхдөө “Уын гэр бүл аав, ээж, дүүг нь огт танихгүй зөвхөн хуучин найз охиныг нь танина” гэж, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр “ Утай танил гэхдээ түүний ээж, аав, дүүг танихгүй мөн тэдгээрийг доромжилсон үйлдэл байхгүй” гэсэн эсрэг тэсрэг мэдүүлэг өгдөг. Үүнээс харахад шүүгдэгч, хохирогч нарын зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгосноор гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал болон түүний сэдэлт, зорилго тодорхой болно гэж үзэж байна. У.Шын өгсөн мэдүүлгүүдээс харахад Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байгаа тул тус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах эсэх асуудлыг шийдсэний дараа аль мэдүүлэг нь үнэн зөв болохыг тогтоох ёстой. Энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үүнийг тогтоосноор хэзээ, ямар нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмтэл учирсан болох, Б.У тус гэмтлийг санаатай учруулсан эсэх, Шт учирсан гэх гэмтэлд Б.Уын үйлдэл хамааралтай, хамааралгүй юм уу гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. У нь Нягтхолбоо, Түвшинтөгс нарыг гэрчээр байцаалгах тухайгаа хэргийн материал танилцахдаа бичсэн байдаг. Гэтэл Прокурор хүсэлтийг заавал тусгайлан бичгээр гаргаагүй учир хариуг нь өгөх ЭБШХуулийн 212 дугаар зүйлийн 212.6-д хэргийн материалтай танилцах үед энэ хуулийн 212.2-т заасан оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай тогтоол гаргана. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол прокурорт гомдол гаргаж болно гэснээс харахад заавал тусгайлан хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд түүнийг хянан шийдвэрлэнэ, харин хэргийн материалтай танилцсан баримтан дээр хүсэлт бичсэн бол шийдвэрлэхгүй гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй болно.

Хохирогч нь Б.У манай найз нөхөд, дотны хүмүүсээр удаа дараа гуйлгуулж байсан энэ нь надад нөлөөлж мэдүүлгээсээ буцаж байсан талаар мэдүүлдэг. Үнэхээр л найз нөхөд, дотны хүмүүс мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн юм бол шүүх хурал дээр энэ талаар асуухад нэг ч хүний нэр хэлээгүй нь өөр шалтгаантай байж болзошгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн худал мэдүүлэг өгүүлсэн гэх гадны нөлөө байгаа бол хэн, ямар зорилгоор мэдүүлэг өгөх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон болохыг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 2016 оны 07 дугаар сарын 19 өдрийн 322 тоот шинжээчийн дүгнэлтээр Шын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон байдаг. Гэвч шинжээчийн дүгнэлт гаргахад ашигласан эх сурвалж нь дамжмал мөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаг ашиглаж дүгнэлт гаргасан байгаа юм. Хавтаст хэргийн 36-р хуудсан дахь Гантуяагийн дүгнэлт нь ямар ч тамга тэмдэг байхгүй, сүүлд нь миний бичиг мөн байна гээд тамга дарсан гэх, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэж буруу бичсэн он, сар өдөртэй мөн нэр нь алдаатай бичигдсэн. Тус дүгнэлт нь мөн л 322 тоот шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан баримтуудад үндэслэж гарсан байгаа нь өөрөө эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 160 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байгаа. Хохирогч У.Шын хийсэн үйлдэл нь өөрөө шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг болж байгаа. Үүнийг шалгуулах ёстой. Ш миний хавиргыг цохиод хугалсан, тохойгоороо ёвроод хугалсан, би өөрөө явж байгаад шатан дээр унаад хавиргаа хугалсэн гэж эрс тэс гэмт хэргийн шинжтэй зүйлийг ярьдаг. Тиймээс Шын худлаа хэлж байгаа зүйлийг шалгаж аль мэдүүлэг нь үнэн зөв гэдгийг  тогтоосны дараа Уыг шалгах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эмч Гантуяа гэдэг хүний эмчийн дардасыг түүний бичсэн тодорхойлолтон дээр 2017.01.04-ний өдөр дарсан болох нь хавтаст хэргийн 162 дугаар хуудаснаас харагдана. Хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд Гантуяа эмчийн тодорхойлолтон дээр ямар нэгэн дардас байхгүй. Гантуяа гэдэг эмчийн тодорхойлолтыг үнэлэх боломжгүй, нотолгооны ач холбогдолгүй. Гантуяа эмчийн дардас дарсан үйлдлийг үнэхээрийн ийм үйлдэл хийсэн юм бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл заалтын дагуу хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулаад энэ ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийсэн мөртлөө хөдлөнгийн ямар ч гэрч оролцуулаагүй. Гантуяа эмч, мөрдөн байцаагч хоёулаа байсан. Үүнийг хууль бус гэж үзээд байгаа юм уу, хууль ёсны гэж үзээд байгаа юм уу. Хууль бус гэж үзэх юм бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хууль бус үйлдэл гаргах юм бол холбогдох хуулийн дагуу хүчингүй болгоод, дахиад шинээр эхэлнэ. Энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээд өгөөч гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь буруу биш боловч шүүгчийн захирамжинд дурдсан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх зарим үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д нийцээгүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1, 80.1.3-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг шүүх хуралдааны явцад тогтоож болох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгчийн захирамжинд дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын нөхцөл байдал болон хохирогчийн мэдүүлгийн зөрүүг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй ба дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй бөгөөд мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх зарчмын дагуу хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.

 

Мөн хэрэгт  хохирогч У.Шын биед учирсан гэмтлийг тогтоосон 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 322 тоот /хх-37/, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 159 тоот /хх 179-180/ шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн нь ойлгомжгүй буюу шүүгчийн захирамжинд энэ талаарх үндэслэлээ дурдаагүйн гадна уг шинжилгээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д нийцээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Б.У нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.2-т зааснаар хэргийн материалтай танилцах үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Нягтхолбоо, Түвшинтөгс нарыг гэрчээр асуулгах хүсэлт /хх-184/ гаргасныг мөрдөн байцаагч шийдвэрлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.4, 212 дугаар зүйлийн 212.6-д нийцээгүй, энэ талаарх яллагдагчийн эрхийг хангаагүй байна.

 

Тодруулбал дээрх хуульд зааснаар хэргийн материал танилцуулах үед яллагдагчаас гаргасан хүсэлтийг мөрдөн байцаагч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож тогтоол гаргах, улмаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.8-д зааснаар прокурорт гомдол гаргах эрхтэй байхад энэ эрхийг нь эдлүүлээгүй нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэхүү магадлалд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                                                                        Н.БАТЧИМЭГ