Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 133

 

Б.П, С.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

            Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, цагаатгагдсан этгээд Б.П-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Ууганцэцэг, цагаатгагдсан этгээд С.О-ын өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

                 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 810 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн     1023 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 819 дүгээр тогтоолтой, Б.П, С.О нарт холбогдох 1902000000344 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

              1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ** дүүрэг, * дүгээр хороо, *** гудамж, ** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн П,

           2.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, *** дүүрэг, ** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, У овогт С-ийн О,

        Шүүгдэгч Б.П нь Г.Ж, Ш.М нарт давуу байдал бий болгон иргэний хэргийг тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны гадна Т.Г-ээс Г.Ж-аар дамжуулан өгсөн 5000 евро буюу 13.080.000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр *** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” төвийн гадна талбайд Т.Г, Г.Ж нараас хахуульд өгүүлэхээр С.О-д үлдээсэн 150.000.000 төгрөгийг түүнээс авч, Ц.А-д хахуульд өгсөн,

шүүгдэгч С.О нь Ц.Г, Г.Ж, Б.М нартай санаатай нэгдэн “С” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Ж” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Б.М-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг Т.Г, Г.Ж, Б.М нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлж, давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Модун цамхаг төвийн гадна Ц.Г, Г.Ж нарын хахуульд өгөхөөр үлдээсэн 150.000.000 төгрөгийг Б.П-аар дамжуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У овогт С-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

                Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

               Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 819 дүгээр тогтоолоор Б.П, С.О нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

             Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 1 дүгээр дүгнэлтдээ “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/1023 дугаартай магадлалд “... хэрэгт байгаа үйл баримтын нөхцөл байдлаас үзэхэд С.О нь Б.П-аар дамжуулан Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчээр ажиллаж байсан Ц.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх ухамсар, санаа зорилгын бодит байдал бүрдүүлэн уулзаж хэрэг шийдвэрлэх талаар ярилцсан, мөн түүнд хахууль өгсөн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар давхар нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно гэвч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг зөвхөн энэ үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно ...“ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

                   Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

           Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон. Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

              Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан гэмт хэрэг биш гэж дүгнэсэн дүгнэлтийг гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна.

               Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/810 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/1023 дугаар магадлал зэргийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

             Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүх нь хэрэгт бүрдсэн баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн нууц ажиллагааны материалаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтуудаас үзэхэд хахууль өгсөн, авсан гэх үйлдлийг няцаан үгүйсгэх боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлт бичсэн байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг эргэлзээгүйгээр нотлогдоогүй гэсэн байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон гэж хоёр шатны шүүх хоёр өөр байдлаар хэрэгт дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрээс харахад шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн мөртлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй ял завшиж байгаа мэт дүр зураг харагдах гээд байна. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

                Цагаатгагдсан этгээд Б.Пын өмгөөлөгч Г.Ууганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэдэг үндэслэлээр хэргийг дахин сэргээхээр прокурор дүгнэлт гаргахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл материаллаг болон процессын хэм хэмжээг хангагдаагүй, үндэслэл нь бий болоогүй байхад хуульд заасан эрхийнхээ хүрээнд дүгнэлт бичжээ. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн үйл баримт тогтоогдсон эсэх, хэн нэгэн этгээдээс өөрийнх нь эрх ашиг сонирхол зөрчигдсөн талаар прокурорын байгууллагад хандсан хүсэлт, гомдол хэрэгт хавсаргагдаагүй, үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлалаас хойш энэ хэрэгт ямар ч шинээр илэрсэн нөхцөл байдал бий болоогүй байна. Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр прокурор дүгнэлтдээ “давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагджээ” гэсэн агуулгатай байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 815 дугаартай прокурорын эсэргүүцлээ энэ агуулга, бичиглэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийн толгойн хэсгийг өөрчлөөд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай” гэж оруулж ирсэн байна. Иймд дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

                Цагаатгагдсан этгээд Б.Пын өмгөөлөгч О.Баярбаясгалан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүчин чадал ач холбогдлыг хөндөж байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тохиолдолд нотлох баримтад тулгуурлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэх, уг байдлыг хянан шалгах, эсхүл энэ талаар мөрдөгчид даалгавар өгнө” гэж заасан. Энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, ямар ч шинэ нотлох баримт байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзээд өнөөдөр тэрийгээ шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр хууль зүй, онол, практикын хувьд боломжгүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэдэг үндэслэлээр гаргасан. Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүхийн хууль хэрэглээ илэрхий тодорхой зүйл, хэсэг, зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгох ёстой. Харин хүний эрхийг ноцтой зөрчсөн гэдэг нь гэмт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нөхцлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчил нь хамаарах юм. Энэ хэргийн тухайд дээрх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд нотлох баримт байхгүй байна. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

              Цагаатгагдсан этгээд С.Оын өмгөөлөгч О.Баясгалан хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Прокурорын дүгнэлт хууль болон эрх зүйн хэм хэмжээ, соёлыг баримтлаагүй, ямар ч нотлох баримтад тулгуурлаагүй. Хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийн толгой хэсгийг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэж сольсон. Улсын дээд шүүхээр даажигнаад байгаа юм уу, эсхүл Монгол Улсын хуулийг уландаа гишгээд байгаа юм уу. Нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг иш татаж түүний үндэслэл дээр хянуулах дүгнэлтийг гаргаагүй байж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахаар оруулж ирж байгаа нь эрх зүйн онол, хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт тусгагдсан үйл баримтыг үгүйсгэх ямар ч баримт байхгүй, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан “хуулийг  чандлан сахина” гэсэн заалтыг зөрчсөн байх тул дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.П, С.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

                 2.Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэгт анхан шатны шүүхийн цагаатгах болон шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гарах үед огт мэдэгдээгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлсэн буюу дордуулсан нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн өмнөх шийдвэрүүдийг зайлшгүй хүчингүй болгохыг шаардах хүчин зүйлсийг ойлгоно.

              3.Оролцогчдын гомдол, хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тухай тогтоол гаргах эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу прокурорт олгосон бөгөөд хэрэг үүсгэх үндэслэл нь мөн хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлийн аль нэг нь тогтоогдож байгааг нотолж буй хүрэлцээт баримт байх явдал юм.

            4.Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахад мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл прокуророос мөрдөгчид даалгавар өгч мөрдүүлэх бөгөөд мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж нотлох баримт бүрдүүлнэ.

         Ийнхүү хэргийг сэргээх үндэслэл тогтоогдсон тохиолдолд прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ шүүхэд гаргахаар хуульд зохицуулсан атал Б.П, С.О нарт холбогдох хэрэгт прокурор нь дээрх хуульд заасан ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй байх тул түүнийг уг ажиллагааны хүрээнд цугларсан баримтат мэдээлэлд тулгуурлан дүгнэлт бичсэн гэж үзэхгүй.

           5.Мөн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

          “Хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт хуулийн зохицуулалт ямар нэг салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байхад шүүх уг хуулийн илэрхий, тодорхой зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгоно

             Харин хууль хэрэглээний маргаантай асуудлаар шүүхүүд зөрүүтэй шийдвэр гаргасныг “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэж үзэх боломжгүй юм.

          6.Иймд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд хоёр шатны шүүх хуулийг илт буруу хэрэглэсэн талаар үндэслэл, нотолгоо заагаагүй, хийгдвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Б.П, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.   

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 810 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн     1023 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

ДАРГАЛАГЧ                                              Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

  Б.БАТЦЭРЭН

  М.ПҮРЭВСҮРЭН

  С.СОЁМБО-ЭРДЭНЭ