| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 221/2025/0042/З |
| Дугаар | 001/ХТ2026/0048 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/0048
“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Харилцаа холбооны зохицуулах хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2026/0005 дугаар шийдвэртэй хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Г.Оюунболд нарын давж заалдах гомдлоор,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М***, өмгөөлөгч Г.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***, Г.М***, Х.Н*** нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“О***” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баталсан байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10 дахь заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулахгүйгээр бүх хохирлыг үйлчилгээ эрхлэгч барагдуулахаар заасан нь эрх зүйн байдлыг дордуулж, захиргааны байгууллагаас хуульд зааснаас өөр хэлбэрээр хохирол барагдуулах үүргийг хүлээлгэсэн нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах наад захын шаардлагыг зөрчсөн. ... Тухайн журамд гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар тусгайлан заах шаардлагатай бөгөөд хэрэв заагаагүй тохиолдолд эрх зүйн нийтлэг зарчмыг удирдлага болгож эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Мөн дээрх заалт нь гэм хор учруулсан этгээдээр гэм хорыг арилгуулах тухай хуулийн заалтыг зөрчиж гэм хор учруулаагүй этгээдээр хохирлыг хариуцан барагдуулна гэсэн нь Иргэний хуулийн 52 дугаар бүлгийг, Харилцаа холбооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчиж байна.
3.2.Журмын гадны халдлага гэх ойлголт нь кибер гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх агуулгаар зохицуулагдахаар байхад захиргааны байгууллага тогтоол гарган журам баталж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Иймд маргаан бүхий журмын 2.3, 2.10 дахь заалтууд болон журмыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Маргаан бүхий журмын 2.10 дахь заалтаар үйлчилгээ эрхлэгч өөрийн системийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. ... Журмын 2.3 дахь заалт нь харилцаа холбооны сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбохоос өмнө техникийн болон гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон зохицуулалт юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй. Хуульд зааснаар “О***” ХХК нь иргэний нэхэмжлэгчийн хувиар тухайн буруутай этгээдээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх зүйн боломж байгаа. Захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсгийг буюу тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээ эрхлэгчид тусгайлан хүлээлгэдэг журмын үндсэн зохицуулалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэжээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:
5.1.“... Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь бүрэн эрхээ хэрэгжүүлж 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баталж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5303 дугаарт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагаагаар тогтоогдсон.
5.2.Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэгч нь бусад үйлчилгээ эрхлэгчтэй харилцан холболт хийснээр тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээг бодитоор хэрэгжүүлэх боломжтой болох тул Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу хариуцагчаас харилцан холболт хийх гэрээний нөхцөлд тусгах мэдээллийг маргаан бүхий актаар журамласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий журмын 2.3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, хариуцагчаас сүлжээний найдвартай байдлыг хангаж ажиллаагүйн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах талаар тухайлан журамласан нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу хуулиар эрх олгосон асуудлаар гаргасан шийдвэр гэж үзэхээр, мөн төрөөс баримтлах бодлогын хүрээнд зохицуулалт бүхий салбарт үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг ханган ажиллах, ийнхүү дээрх шаардлагыг ханган ажиллаагүй тохиолдолд үүсэх эрсдэлийг буруутай этгээд хариуцах талаар маргаан бүхий актаар журамласныг буруутгах үндэслэлгүй ...
5.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох эрх бүхий этгээд болохынхоо хувьд зохицуулалт бүхий харилцаанд оролцогч буюу үйлчилгээ эрхлэгчид тодорхой нөхцөл шаардлага тогтоож, харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдэд шууд хүрч ажилладаг агуулгаар тодорхой эрсдэлийг үйлчлэгч өөрөө хариуцах чадвартай байх талаар гэрээгээр зохицуулж, уг гэрээнд тусгах нөхцөлийг маргаан бүхий журмын 2.10 дахь заалтаар зохицуулалт хийсэн нь Харилцаа холбооны тухай хуульд нийцсэн ...Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа өөрийн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй байх тул журмын 2.10 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангасан ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М***, өмгөөлөгч Г.Оюунболд нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
6.1.“... Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10 дахь заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулахгүйгээр бүх хохирлыг үйлчилгээ эрхлэгч барагдуулахаар заасан нь эрх зүйн байдлыг дордуулж, захиргааны байгууллагаас хуульд зааснаас өөр хэлбэрээр хохирол барагдуулах үүргийг хүлээлгэсэн нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах наад захын шаардлагыг зөрчсөн. Гэм буруутай байх нь гэмт хэргийн нэг гол шинж болдог ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 14-т гэм буруугүйн зарчмыг хуульчилсан нь хүний эрхийг хамгаалсан онолын төдийгүй практикийн онцгой ач холбогдолтой зохицуулалт юм. Гэмт үйлдэл, эс үйлдэхүйг санаатай ба болгоомжгүй хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар гэм буруутай гэж үзнэ ... Аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг зөвхөн шүүхээр хянан хэлэлцэж хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой бөгөөд гэм буруугүйгээр хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан нь гэм буруугийн зарчмын үндсэн шинж юм.
6.2.Иймд тухайн журамд гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар тусгайлан заах шаардлагатай бөгөөд хэрэв заагаагүй тохиолдолд эрх зүйн нийтлэг зарчмыг удирдлага болгож эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх талаар зохицуулсан. Гэтэл маргаан бүхий журмын 2.10 дахь заалт нь Иргэний хуулийн 52 дугаар бүлгийг бүрэн зөрчсөн. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “маргаан бүхий 2021 оны 33 дугаар тогтоолоор Харилцаа холбооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчсөн. Гэм хор учруулсан этгээд эсхүл гэмт хэргийн шинжтэй цахим халдлага үйлдсэн этгээд эсхүл бусдад хохирол учруулсан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай асуудлыг огтхон ч харгалзан үзэлгүй зөвхөн сүлжээнд холбогдсон этгээд хариуцна гэж журам баталсан. Журмын “... гадны халдлага ...” гэх ойлголт нь кибер гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх агуулгаар зохицуулагдахаар байхад захиргааны байгууллага тогтоол гаргаж, журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. Иймд маргаан бүхий журмын 2.3, 2.10 дахь заалтууд болон журмыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй.
6.3.Шүүхийн шийдвэрт “... журмын 2.10 дахь заалтаар зохицуулалт хийсэн нь Харилцаа холбооны тухай хуульд нийцсэн” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй. Түүнчлэн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаас үзэхэд зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа өөрийн сүлжээний найдвартай аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхад шүүхээс журмын дээрх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс сүлжээний аюулгүй байдлыг өөрсдийн зүгээс хамгаалж ажиллаж ирсэн талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Гэтэл гэмт хэргийн улмаас халдлага болсон талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Журмын 2.10 дахь заалт нь “... Хууль тогтоомжийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-д зааснаар “... Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах, хариуцлага оногдуулах”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсныг хариуцлагаас чөлөөлөгдөх” хуулийн зохицуулалтыг зөрчсөн болох нь нотлогдсон. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд ...”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасны дагуу шүүхээс захиргааны хэм хэмжээний акттай холбоотойгоор “хүчингүй болгох” болон “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн үндсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үүссэн маргааныг шийдвэрлэдэг.
9.Энэ тохиолдолд “О***” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид “Хороо” гэх) 2021 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон ч, агуулгын хувьд “хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “хүчингүй болгуулах”-аар шаардаж буйгаа хяналтын шатны шүүх хуралдаанд тодруулсан болно.
10.Захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилж буй хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай. Гэвч уг маргааны хувьд эдгээр нөхцөл тогтоогдохгүй байна. Тодруулбал:
11.Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 9.1.4-т “сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах...”, 22 дугаар зүйлийн 22.3-т “Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Хороо нь маргаан бүхий журмыг батлах эрхтэй, өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос тухайн захиргааны хэм хэмжээний актыг батлах эрхийг хуулиар шилжүүлсэн байна. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Хороо 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баталжээ.
12.Журмын маргаан бүхий заалт болох 2.3-т “Харилцаа холбооны үйлчлэгч[1] нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO[2]) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна.” Үүнд: 2.3.1-д “Тухайн сүлжээнд харилцан холболт хийх технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага”, 2.3.2-т “Зааглах цэгийн байршил”, 2.3.3-т “Сүлжээнд харилцан холболт хийх төлбөр тооцооны мэдээлэл”, 2.3.4-т “Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл”, 2.3.5-д “Гэрээний загвар” гэж заасан байна.
13.Уг журмын дагуу харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөлийг урьдчилан боловсруулж батлуулахаар, мөн тухайн гэрээнд тусгах шаардлагатай мэдээллийг тусгасныг Хороо хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, хуульд заагаагүй үүрэг, хариуцлагыг бий болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
14.Мөн журмын маргаан бүхий заалт болох 2.10-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ба уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хооронд харилцан холболт хийсэн эсхүл сүлжээнд нь холбогдсон харилцаа холбооны үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцна” гэж заажээ.
15.Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:”, 25.2.2-т “харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах”, 25.2.6-д “хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид[3] хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх”, 25.2.13-т “хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг” гэж тус тус заасан.
16.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, үйлчлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангах, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, өөрийн үйл ажиллагааны улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцах үүрэгтэй байна.
17.Харин үйлчлэгч/нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо (хэрэглэгчид төлсөн төлбөр гэх мэт) гэмт халдлага үйлдсэн буюу гэм хор учруулсан этгээдээс холбогдох хууль, журмын дагуу шаардан авах эрхтэй, энэхүү эрхийг нь маргаан бүхий журмын заалтаар хязгаарлаагүй тул “... журмын 2.10 дахь заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулахгүйгээр бүх хохирлыг үйлчилгээ эрхлэгч барагдуулахаар заасан нь эрх зүйн байдлыг дордуулж, хуульд зааснаас өөр хэлбэрээр хохирол барагдуулах үүргийг хүлээлгэж байгаа нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах наад захын шаардлагыг зөрчсөн, мөн гэм хор учруулсан этгээдээр гэм хорыг арилгуулах тухай Иргэний хуулийн заалтыг зөрчсөн ....” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 3-т) хангах боломжгүй.
18.Мөн журмын 2.10 дахь заалт дахь “гадны халдлага” гэх ойлголт нь кибер гэмт хэргийг тодорхойлоход чиглэгдээгүй, харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах техникийн болон зохицуулалтын шаардлагыг тодорхойлсон, харилцаа холбооны үйлчилгээний найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн зохицуулалт байх тул “... уг ойлголт нь кибер гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх агуулгаар зохицуулагдахаар байхад захиргааны байгууллага тогтоол гарган журам баталсан нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн ...” гэх агуулгатай давж заалдах журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 3-т) үндэслэлгүй.
19.Нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий журмын заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1.“Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх”, 60.1.2.“тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.6.“хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэх зэрэг захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлагыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
20.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ
[1]Харилцаа, холбооны тухай хуулийн 3.1.5."үйлчлэгч" гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
[2]Reference Interconnection Offer
[3]Хуулийн 3.1.6."хэрэглэгч" гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;