Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2016/00270

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2016/00270

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: Аз өсөх билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 4 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух Батнасан овогтой Балжиннямд холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.926.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зээлдэгч Б.Балжинням нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ байгуулж,1.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй авсан. 2014 оны 11 дүгээр сараас хойш төлөлтөө хийгээгүй. Зээлээ хаахыг шаардахад өөрийн эзэмшлийн машин байгаа тэрийг барьцаанд тавина, гэхдээ одоо эвдрэлтэй байгаа гэж байсан. Дараа нь асуухад эгчээс мөнгө орж ирнэ гээд бас төлөлт хийгээгүй болно. Ажил дээр нь очиж, гэрээ хийж гарын үсэг зуруулан, гэрээний сунгалтаа хийсэн. Эхнэрээ дагуулан ирээд, гарын үсэг зуруулж яаж төлөхөө ярилцъя гэсэн боловч мөн ирээгүй. Сүүлд 2016 оны 5 дугаар сарын 01-нд эхнэр нь ирж гарын үсэг зурсан.

Иймээс нийт зээлийн хэмжээ 1.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарын зээлийн хүү 13х70.000=910000 төгрөг, 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 177 хоногийн алданги*5350=946950 төгрөг, нийт 2926950 төгрөгийг гаргуулж өгнө үү , гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь хариуцагч Б.Балжиннямаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.926.950 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь 2.926.950 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч Б.Балжинням нь 2016 оны 6 дугаар сарын 25-нд 100.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 25-нд 100.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 25-нд 100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 25-нд 100.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд 100.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор үндсэн төлөгдөх 3 сая төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2926950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61781 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30891 төгрөгийг улсын орлогоос, 30891 төгрөгийг хариуцагч Б.Балжиннямаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК нь хариуцагч Б.Балжиннямаас барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.926.950 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч төлбөрөө 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 30891 төгрөгийг улсын орлогоос, 30891 төгрөгийг хариуцагч Б.Балжиннямаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Аз өсөх билэг ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА