Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01921

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07004 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2022 оны 01 сарын 06-ны өдөр иргэн *******тэй ******* байрлах, өөрийн өмчлөлийн 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээ байгуулсан.

1.2.******* нь хүнд өвчин тусч, эрүүл мэндийн шалтгаанаар одоо ******* улсад эмчилгээ хийлгэж байгаатай холбогдуулан санхүүгийн байдал доройтсон, цаашид эмчилгээний төлбөр шаардлагатай болсон тул Түрээсийн гэрээнд заасны дагуу 2024 оны 09 сарын 26-ны өдөр *******д бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн.

1.3. Уг мэдэгдэлд хохирол, төлбөрийн асуудлаар тооцоо нийлэх боломжтой талаар ч дурдсан. ******* нь мэдэгдэл авсан өдрөө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар ярилцаж хохирлын талаар үнэлгээ хийлгэж, тохиролцох боломжтой талаараа мэдэгдэж байсан.

1.4. Гэвч ******* нь дахин холбогдоогүй бөгөөд тооцоо нийлэх талаар хариу өгөөгүй бөгөөд түрээсийн гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй хариу тайлбараа шүүхэд гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтэй байна. Мөн Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь*******тай 2022 оны 01 сарын 06-ны өдөр 0038 дугаар Түрээсийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр 288 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 сарын 06-ны өдрөөс 2027 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 4,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

2.2. Түрээсийн гэрээний хугацаа нь 5 жилийн хугацаатай хийгдсэн тул түрээслэгч нь түрээсийн зүйлд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, засан сайжруулалт хийснээс гадна гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчилгүй түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг тогтсон хугацаанд төлсөөр ирсэн.

2.3. Гэтэл*******гийн зүгээс түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед объект нь ямар ч тохижилтгүй байсан ба түрээсийн гэрээг урт хугацаанд буюу 5 жилийн хугацаатай хийхээр тохирсон учир өөрөөсөө зардал гаргаж засан сайжруулахаар болсон.

2.4. Нэхэмжлэгч нь санхүүгийн хүнд байдалд орсон, эмчилгээний төлбөр шаардлагатай болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах, хөрөнгийг худалдах гэж байгаа гэх боловч үндэслэлгүйгээр гэрээг цуцлах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь нээлттэй байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцлах шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар *******д холбогдуулан, 2022.01.06-ны өдрийн №0038 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ-г цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс ч өмнө 2024 оны 09 сараас эхлэн энэ талаараа хариуцагчтай уулзаж мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч түрээсийн эд хөрөнгийг худалдахаар болсон талаар болон нэхэмжлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг мэдэж байсан.

4.2. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу хувь хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаардаг бөгөөд шүүгчийн захирамжаар нотлох баримт шаардсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрүүл мэндийн онош бүхий Англи хэл дээрх баримт цахим шууданг ******* улсаас илгээсэн.

4.3. Уг цахим шууданг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие албан ёсны орчуулгын байгууллагаар Монгол хэл рүү хөрвүүлж, тамга тэмдэг бүхий баримтыг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр баримтаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх нөхцөл байдал нотлогдоно.

4.4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. хэмээн заасан байдаг.

4.5. Талууд ******* байрлах, Улсын бүртгэлийн Y-******* дугаартай 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй.

4.6. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлийн А хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд Түрээсийн гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн ч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгаагүй дутуу орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түрээсийн гэрээг цуцална гэх агуулгаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч*******гийн өвчтэй байгаа нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх нь тодорхойгүй.

5.2. Түүнчлэн анхан шатны шүүхэд энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн бол маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байна. Гэтэл гэрээг цуцлан, худалдан борлуулж өөртөө санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж байгаа нь баримтаар тогтоогддог.

5.3. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн биеийн байдлын талаарх баримтыг гаргаж өгсөн гэж тайлбарладаг. Тухайн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй. Мөн мэргэжлийн орчуулгын байгууллагаар орчуулаагүй.

5.4. Дээрх баримтуудыг шүүхэд гаргаж өгөхийн тулд нэхэмжлэгч талын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч өөрөө нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй.

5.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг шалгаагүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч нь хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлж, түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус шүүх энэ талаар дүгнээгүй гэж дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2022 оны 01 сарын 06-ны өдөр 0038 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******, 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай, сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 3,500,000 төгрөгийг түрээслэгчид төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх *******д холбогдох 2022 оны 01 сарын 06-ны өдрийн №0038 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ-г цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.1. Нэхэмжлэгч нь ... түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаагүй боловч түрээслүүлэгчийн эрүүл мэндийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмчилгээний зардал шаардлагатай болсонтой холбоотойгоор түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө нь цуцалсан тул шүүхийн журмаар түрээсийн гэрээг цуцлуулна, мөн хариуцагчийг түрээсийн байрнаас чөлөөлүүлнэ гэж, хариуцагч нь ... урт хугацааны гэрээг цуцлах хүндэтгэн үзэх, шалтгаан тогтоогдоогүй, мөн их хэмжээний засан сайжруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулан жигдэрч, ашиг орлого олох боломжтой болсныг түрээслүүлэгч мэдсэнтэй холбогдуулан тухайн үйл ажиллагааг өөрөө явуулах зорилгоор нэг талын санаачилгаар цуцлахыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5.2. Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлд бүх төрлийн түрээсийн гэрээний харилцааг ерөнхийд нь зохицуулсан. Улмаар тус хуулийн 320 дугаар зүйлд түрээсийн гэрээний хугацааны талаар зааж, 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад энэ хуулийн 320.3 дахь хэсэгт заасан журмыг баримтална гэжээ. Гэвч Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэг нь хугацаагүй байгуулсан түрээсийн гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш 1 сарын хугацаанд мэдэгдэл өгөх замаар цуцлах тухай зохицуулалт байдаг.

Аливаа гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулах нь эрх зүйн үр дагаврын учир холбогдолтой бөгөөд талууд тодорхой хугацаа тохирон гэрээ байгуулах нь бизнесийн үйл ажиллагаагаа явуулах найдвартай орчныг бүрдүүлэх, тогтвортой байдлаа хамгаалах хүсэл зоригийн илэрхийлэл байдаг.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан хугацаатай түрээсийн гэрээг талууд хугацаанаас нь өмнө цуцлахдаа 320.3-т заасан 1 сарын мэдэгдэл өгөх журмыг шууд баримтлах бус, харин мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан давхар бүрдсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгч талаас 2024 оны 09 сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн нь түрээсийн гэрээний 7.5-д ... талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. Энэ тохиолдолд үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж заасан тохиролцоог шууд хэрэглэж гэрээг цуцлах үндэслэлгүй.

 

5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасныг зөв тайлбарлан урт хугацааны гэрээг цуцлахад хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдоогүй талаар эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь хүндээр өвдсөн, мөн их хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт /хх 86-100/-ууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байх боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт тус тус зааснаар уг гомдлыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

 

С.ЭНХБАЯР