Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                              Хэргийн индекс: 180/2019/0223/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Дашням

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Э холбогдох 1939005........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.Э нь  2019 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Хүрэнтолгой гэх газарт иргэн Д.Баттулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж түүний нүүрэнд  гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Баттулгын өгсөн:...Миний доод 2 ширхэг шүд унасан. Мөн хиймэл шүд голоороо хугарсан. Надад өөр гэмтэл шарх, хохирол учраагүй...Миний хугарсан хиймэл шүд одоо байхгүй  хэрэггүй байх гэж бодоод  хаячихсан...Би шүд хийлгэх мөнгө нэхэмжлэнэ. Би 2017 онд Хэнтий аймгийн хувийн эмнэлэгт 160.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэж байсан. Би нийт 1.500.000 төгрөг нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/

Гэрч А.Ганбаярын өгсөн... Бид Бямбадоржийн гэрт нийт 2,5 литрийн 4 ширхэг пиво, 750 граммтай  соёрхол нэртэй 1 шил архи хувааж уусан... Бидний ууж  байсан архи пиво  дууссан тул  архинд  явахаар болсон. Чойтуяа гэх хүн  малдаа явна гээд явчихсан. Бямбадоржийн  приус  маркийн  автомашинд  бүгд суугаад  Саруул  гэх айлынд очихоор явсан. Саруул гэртээ байхгүй байсан. Саруулын гэрийн гадаа Шонхороо Баттулга хоёр  маргалдсан. Нэг харсан дээр доороо ороод ноцолдож байсан. Бид тэр хоёрыг салгасан. Тэгээд Баянхутаг сум 1 дүгээр багт  Жаргалант гэх газар байх дэлгүүрт очихоор болсон. Би дэлгүүрээс пиво  авахаар орсон  надад мөнгө байхгүй байсан тул зээлээр авах гэсэн боловч  худалдагч нь зээлээр пиво өгөхгүй гэсэн. Би буцаад дэлгүүрээс гартал дэлгүүрийн гадаа Шонхороо Баттулга хоёр маргалдаад Баттулга газар дээшээ хараад хэвтэж байсан Шонхороо  болохоор Баттулгын дээр нь  сууж байсан. Тэгээд Бямбадорж  бид хоёр  Шонхороо Баттулга  хоёрыг салгаад  машиндаа суулгасан. Дэлгүүрээс баруун хойд зүгт байх миний таньдаг Бэлгээ гэх айлд очсон. Тэр хүнээс 70000 төгрөг би зээлж авсан. Тэр айлын гадаа бас Баттулга, Шонхороо  хоёр маргалдсан Баттулга  явлаа  гээд айлын гаднаас зүүн зүгт гүйсэн. Шонхороо араас нь явж Баттулгыг авчирсан. Баттулга дахиад явган яваад  өгсөн бид нар араас нь очиж Баттулгыг  машиндаа суулгаад Баянхутаг сум 1 дүгээр баг Жаргалантын цайны газар очсон....Би яг нүдээрээ цохиж байхыг нь бол хараагүй. Баттулга газар уначихсан Шонхороо дээр нь сууж байхыг  би харсан...Баттулгын шүд унасан гэдгийг бол тухайн үед би  мэдээгүй. 2 хоногийн дараа Баттулгатай айлд  тааралдахад Шонхороо шүд цохиод хугарсан шүдгүй болсон гэж ярьж байсан...Баттулга согтуу Шонхороог тэнүүлчин гуйлгачин  нутаггүй гэх мэтээр хэлсэн. Баттулга өөрөө их овлигогүй, хүнийг их олон үгээр доромжилдог. Маргаан эхэлсэн шалтгаан нь Баттулгаас өөрөөс нь болсон. Баттулга ална хядна гээд доромжлоод байсан. Бямбадорж Шонхороо хоёр Төв аймгаас отроор явж байгаа хүмүүс юм. Баттулга нутаг усаа харамлаж хэрүүл маргаан үүсгэсэн. Бас хоёр нүдний дурангийн  талаар ярилцаад маргалдаад байсан. Би  тэр дуранг ямар учиртайг ойлгоогүй...Бид нарыг архи ууж байхад Шонхороо малдаа явж байгаад ирсэн. Шонхороог  малдаа яваад ирэхэд нь 2-3 удаа пиво аягалж өгсөн ууж байсан. Шонхороо бид нарыг бодвол бага архи пиво уусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч О.Баярбаатарын өгсөн... Саруул гэх айлд очсон. Саруул гэх хүн гэртээ байхгүй байсан. Тэгээд Давсан гэх газарт байх цайны газар дэлгүүр рүү явсан. Замд явж байхдаа Шонхороо Баттулга хоёр маргалдсан. Баттулга ах Шонхороо гэх хүнийг гуйлгачин, тэнэж яваа гэж доромжилсон гэж доромжилсон. Шонхороо нь Төв аймгаас отроор явж байгаа юм. Бид цайны газар дэлгүүрт ирсэн. Дэлгүүрээр ороогүй. Дэлгүүрийн баруун талд ойрхон айл байсан. Ганбаяр ахын таньдаг айл байсан. Баттулга айлын гадаа очоод машинаас буугаад явлаа гээд явган зүүн урд зүгт явсан. Араас нь Шонхороо нь Баттулга ахыг авч ирнэ гээд явган явсан. Шонхороо Баттулга ахыг дагуулж  ирсэн. Ирэхдээ Баттулга ах хиймэл шүдээ гартаа барьчихсан байсан. Баттулга ах миний хоёр шүд уначихлаа гэж байсан. Шонхороо Баттулга хоёр хоорондоо маргалдсан. Бямбадорж ах салгаж болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  хуу/

Гэрч М.Бямбадоржийн өгсөн:...бид Т.Энхжаргалыг Шонхороо гэж дууддаг юм... гэх мэдүүлэг / хх-ийн 20 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний  өдрийн 412 дугаартай дүгнэлт

  1. Д.Баттулгын биед үүдэн доод баруун, зүүн 3 дугаар шүдний булгарал, зүүн дал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй /хх-ийн 25 хуудас/

Т.Э гэрчээр өгсөн:...Нямдорж гэх хүн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 нүдний дурангаа алдсан юм намайг дурангаа авсан гээд сэжиглээд байсан. Би согтуурхаад Баттулга ахад та худлаа хүмүүсийн дунд яс хаялаа намайг дуран авсан гэж яриа гаргалаа гэж хэлсэн Баттулга ах тийм яриа гаргаагүй юм. Би Баттулга ахыг яриа гаргасан гэж худал согтуурхаж хэлээд нэг удаа цохьсон. Баттулга ах надаас зугатаж Саруул гэдэг айлын гадна байх вагончик доогуур орсон би Баттулга ахын хөлнөөс нь татаж гаргаж ирээд машинд суулгасан...би цохиж шүдийг нь гэмтээсэн намайг цохиход Баттулга ахын хиймэл шүд яах аргагүй унаж байсан, үндсэн шүд нь унасан эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Т.Э яллагдагчаар өгсөн:... Би Баттулга ахад гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Би Баттулга гэх хүнд хохирол барагдуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баттулга гэх хүнд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Надад санал гомдол байхгүй гэдгээ бичгээр өгсөн...намайг хүмүүс Шонхороо гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

Т.Э иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 33 хуу/

Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40 хуу/

Хохирогч Д.Баттулгаас гаргасан Т.Э гомдол, санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 42 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Т.Эхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Э нь  2019 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр согтуугаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Хүрэнтолгой гэх газарт хохирогч Д.Баттулгатай маргалдаж түүний нүүрэнд  гараараа цохиж үүдэн доод баруун, зүүн 3 дугаар шүдний булгарал, зүүн дал, нуруунд зулгаралт  бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Баттулга,  гэрч  А.Ганбаяр, О.Баярбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч нь хохирогч Д.Баттулгыг цохьсон үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Т.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 41 хуу/ прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Т.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 49 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Т.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Баттулга хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гомдол, саналгүй гэсэн, шүүгдэгч Т.Э нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 42 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ