Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0205/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан

Хохирогч                                                         Д.Эрдэнээ нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох 1939004.......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Э.Б нь  2019 оны 07 дугаар сарын 07-ны   өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 14-04 тоотод   иргэн Д.Эрдэнээтэй хувийн таарамжгүй  харьцааны  улмаар маргалдаж түүний нүүр рүү нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Хохирогч Д.Эрдэнээ нь:....намайг өвдөглөж зодсон, хамрын хагалгаанд зарцуулагдах мөнгийг нэхэмжилнэ...гэжээ.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ:...хохирогчийг зодсон нь үнэн, эмчилгээнд зориулж 800.000 төгрөг өгсөн...гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Эрдэнээгийн өгсөн :...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой найз Эрдэнэбатыг эргэж очиж  байсан юм. Эрдэнэбатыг эргэхээр очиход согтуу танихгүй залуу намайг цохисон. Тэр залуу миний хамар хэсэгт цохиж өвдөглөсөн. Одоо миний хамар хугарсан нүдний  ухархайн яс гэмтсэн. Одоо шөнө орой унтахаар хамар янгинаад толгой өвдөөд байх болсон. Гэмтэл авахаас өмнө миний биед ямар нэгэн зовиур байгаагүй...Би томографийн зураг авахуулсан 90.000 төгрөг болсон. Эмчид үзүүлсэн эм тос бичиж өгсөн Улаанбаатар хотод  хамрын хагалгаанд  ороорой гэж хэлсэн. Миний амбулатороор эмчлүүлэгсдийн  картан дээр хамрын яс тэгшлүүлэх хагалгаанд ор гэж эмч  бичсэн байгаа. Би хамрын хагалгаанд ороход  ямар үнэтэй  байдаг талаар  судалж үзсэн.  Намайг цохисон этгээдээс 4 сая төгрөг нэхэмжилж байна. Би эмчилгээний зардлыг төлж барагдуулсан  тохиолдолд санал хүсэлт гомдол байхгүй...аймгийн эмнэлэгт томографийн зураг авахуулсан. 90.000 төгрөгийн баримт байгаа. Өөр баримт одоогоор байхгүй....Би Э.Б гэх хүнийг танихгүй. Б гэх хүн намайг унагаад өвдгөлсөн. Би босож ирээд уурандаа цохисон байж магадгүй. Би гэхдээ санахгүй байна. Миний хамар амнаас цус гараад байсан...Бат-Эрдэнэ архи уусан эсэхийг би мэдэхгүй. Манай найз Эрдэнэболд Б-ийг  чи мөрөөрөө архи уухгүй хүн цохилоо гэж байсан. Тэгэхээр Б архи уусан байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Б.Урантуяагийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 07-ны 22 цагийн орчимд 2 дугаар баг Өлзийтийн 14-7-д байх манай гэрт зүс таних ах орж ирсэн. Харанхуй байсан болохоор царай нь сайн харагдахгүй байсан. Тэгээд манай нөхөр Б тэр хүнийг танихгүй болохоор юу вэ юун хүн бэ? Гээд хэлтэл нөгөө хүн орж ирээд зүүн орон дээр суусан. Тэгэхээр нь манай нөхөр тэр хүнийг айлд орж ирчихээд учир байдлаа хэлсэнгүй  гээд хэлэхэд нөгөө зүс таних хүн хүн байна, хүн байна гэж хэлсэн.  Тэгээд нөгөө хүн амандаа чи яадаг бандийн шоо вэ намайг хэн болохыг хараарай гээд хэлэхэд манай нөхөр  айлд орж ирчихээд  яасан том юм бэ гээд байсан тэгээд гэнэт  зодолдож эхэлсэн. Тэгээд би салгаад нөгөө зүс таних хүн гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны  өдрийн 327 дугаартай дүгнэлт

  1. Д.Эрдэнээгийн биед  хамар яс, баруун нүдний ухархайн  ялтас  ясны хугарал, хамрын таславчны  мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28 хуудас/

Э.Б  яллагдагчаар өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад хохирогч гээд байгаа хүн манай гэрт орж ирсэн. Би тэр хүний орж ирэхээр нь юун хүн бэ гэж асуусан тэр надад хүн шиг хүн байна гэж хариулсан. Би гар утсаараа оролдоод хэвтэж байсан. Манайд Эрдэнэболд гэдэг  бие муутай хүн байсан. Эрдэнэболд гэдэг хүн амьсгалын аппараттай байдаг манай хамаатны хүн байгаа юм. Тэр хүн манай ах  Эрдэнэболдын хажууд нь суугаад энэ одоо хэний шалдан банди вэ том дуутай гөлөг вэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэр хүний хажууд нь суугаад ах би буруу юм ярьсан бол уучлаарай гэж хэлсэн. Тэр ах намайг шалдан банди надтай ингэж харьцахгүй шүү гэсэн. Миний уур хүрээд тэр хүнийг та яв гар гэж хэлсэн. Би тэр ахыг явуулах гэсэн чинь  тэр ах над руу дайрсан манай аяганы шүүгээ рүү дайраад амны халбага аваад намайг халбагаар цохисон. Би тэр ахыг тэврээд авсан тэр ах миний хөл рүү өшиглөсөн. Би тэр ахыг өөр рүүгээ татаад өвдгөөрөө нэг удаа цохисон. Би тэр ахыг та яв гэсэн манай эхнэр бас тэр хүнийг яв гэж хэлсэн. Тэр ах тэгээд  манай гэрээс унадаг дугуйгаа унаад явсан...Би Эрдэнээ ахад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эмчилгээндээ хэрэглээрэй гээд 800.000 төгрөг өгсөн. Би Эрдэнээ ахын охин Доржханд гэдэг хүний 5021449671 дугаартай дансанд  мөнгө шилжүүлсэн. Эрдэнээ ах өөрөө намайг 5021449671 дугаартай дансанд мөнгө хийгээрэй гэж уг дансыг өгсөн...Би настай хүн цохисон нь буруу хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Би одоо дахиж Эрдэнээ гэх ахад тусламж үзүүлэхэд  хэцүү байна.Эрдэнээ өөрөө ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуу/

Э.Б иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 44 хуу/

Э.Б ХААН дахь данснаас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 5021449671 дугаарын дансанд 800.000 төгрөгийг /гүйлгээний утга эмчилгээний зардал/ шилжүүлсэн болохыг нотлосон дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86 хуу/

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Э.Бат-Эрдэнэ нь торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр биелүүлж дууссан тухай баримтын хуулбар /хх-ийн 117 хуу/

Шүүх хуралдааны үед хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 118-119 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Б-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь  2019 оны 07 дугаар сарын 07-ны   шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийтийн 14-06 тоотод байх гэртээ хохирогч Д.Эрдэнээтэй маргалдан зодож хамар яс, баруун нүдний ухархайн  ялтас  ясны хугарал, хамрын таславчны  мурийлт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Эрдэнээ болон гэрч Б.Урантуягийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Эрдэнээг зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Э. үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Д.Эрдэнээ нь мөрдөн байцаалтын үед толгойн зураг авахуулсны төлбөр 90.000 төгрөг төлсөн тухай баримт / хх-ийн 74 хуу/, шүүх хуралдааны үед шинээр УБ сонгдо эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 38.000 төгрөг төлсөн тухай баримт/ хх-ийн 119 хуу/, хамрын хагалгааны төлбөрт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн УБ сонгдо эмнэлэгийн нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж  нийт 4.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогчид 800.000 төгрөг эмчилгээний зардалд тооцож өгсөн талаар дурдсан бөгөөд үүнийг нь хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. Мөн хохирогч Д.Эрдэнээ нь шүүх хуралдааны үед нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ өмнө авсан 800.000 төгрөгөө хасаж тооцон  нийт 3.200.000 төгрөгийг хамрын хагалгааны зардалд зарцуулна, уг мөнгө өөрөөс нь бодитоор гараагүй байгаа, уг мөнгийг төлсөн тохиолдолд хамрын хагалгаа хийнэ гэж УБ сонгдо эмнэлэгээс нэхэмжлэх ирүүлсэн байгаа гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нийт 128.000 төгрөгийн /толгойн зураг авахуулсны төлбөр 90.000 төгрөг төлсөн тухай баримт  хх-ийн 74 хуу, УБ сонгдо эмнэлэгт үзүүлсэн төлбөрт 38.000 төгрөг төлсөн тухай баримт хх-ийн 119 хуу/ нотлох баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогчийн хамрын хагалгааны зардалд тооцож нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй, уг мөнгө нь бодитоор зарцуулагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6   /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Эрдэнээгийн нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй, бодитоор гараагүй зардал байх тул хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ