Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01930

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 41,502,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр тус компанид 138,437,000 төгрөгийн үнэ бүхий 601.9 тн асфальтобетон нийлүүлсэн.

1.2. Дээрх гэрээний төлбөрт хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр lexus NX300 маркийн ******* улсын дугаартай автомашиныг 80,000,000 төгрөгт тооцон өгсөн, мөн өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 18,437,000 төгрөгийг төлөөгүй байна. 

1.3. Төлбөрт өгсөн автомашин эвдрэлтэй байсан тул энэ талаар хариуцагчид мэдэгдэн, автомашиныг буцаах талаар ярьсан боловч автомашиныг буцаах боломжгүй, засвар үйлчилгээний зардлыг хариуцах болно гэж хэлсний үндсэн дээр автомашиныг засварлуулж, оношилгоо засварын зардалд нийт 13,847,400 төгрөг зарцуулсан. Мөн гэрээгээр үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тал 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон. 

1.4. Иймд хариуцагчаас гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,437,000 төгрөг, алданги 9,218,500 төгрөг, автомашины засварын зардал 13,847,400 төгрөг нийт 41,502,900 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчаас хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******-аас 27,655,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,847,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 365,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 296,228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхээс талууд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр нийлүүлэгч талд алданги төлнө гэж тохиролцсон, мөн тооцооны үлдэгдлийн баталгаанд 02 сарын 23-нд төлнө гэж талууд гарын үсэг зурсан байхад гэрээний үлдэгдэл төлбөр болох 18,437,000 төгрөгийн 50 хувь болох 9,218,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 9,218,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны 179 хоногийн алданги нэхэмжилсэн. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.8-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүн буюу 18,437,000 төгрөгийн 0,3 хувийн алданги нь тооцоход 9,900,669 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учир 9,218,500 төгрөгөөр алданги тооцож нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,437,000 төгрөг, алданги 9,218,500 төгрөг, хохиролд автомашин засварлуулсан зардал 13,847,400 төгрөг нийт 41,502,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н-ХУ-23/106 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь 600 тн асфальтобетон нийлүүлэх, ******* нь асфальтобетоны үнэ 138,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.2. Хэргийн 8 дугаар талд авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар ******* нь 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний төлбөрт 98,437,000 төгрөгийн өртэйг баталж, үүнээс 80,000,000 төгрөгт тооцож автомашин өгсөн, үлдэгдэл 18,437,000 төгрөгийг 2 дугаар сарын 23-ны дотор төлөхөө илэрхийлж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Дээрх баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэрээний үүрэгт 18,437,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй.

4.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба энэ нь алданги төлөх үндэслэл болох талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасан.

Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч байгууллага нь гэрээний төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон, мөн хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс алданги шаардах эрхтэй гэж дүгнэж, алдангид 9,218,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул энэ талаарх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, талуудын гэрээгээр харилцан тохиролцож тогтоосон хугацаанаас нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх тул хариуцагч байгууллагын хүсэл зоригийн илэрхийллээр илэрхийлсэн хугацаанаас алданги шаардах эрх үүссэн гэж үзэхгүй тул алдангийг 2 дугаар сарын 23-ны өдрөөс тооцох байсан гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.    

4.4. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас төлбөрт тооцож өгсөн автомашиныг засварлуулахад 13,847,400 төгрөгийн зардал гаргасан болохоо нэхэмжлэгч нь баримтаар нотолж чадаагүй үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Т.ГАНДИЙМАА