Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 448

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 19100 0763 0431 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтан тал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдийн хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ****** тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь “Жем Трейд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 7.331.220 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

       

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо “Алтан тал” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа, сард 700.000 орчим төгрөг авдаг. Ахуйн бараа хүргэж өгөөд, өдрийн борлуулалтын 1 хувиар тооцож цалинждаг.

Би “Жем Трейд” ХХК-д түгээгч хийж байхдаа мөнгө хувьдаа авч ашигласан нь үнэн. Түгээгч нь тухайн хүлээж авсан барааг нийлүүлэгчиддээ найдвартай, цаг тухайд нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Үйлчлүүлэгчид заримдаа бэлнээр, заримдаа дансаар төлбөр тооцоогоо хийдэг. Би захиалагч нартаа /”ТС”, “Мөнхийн гал” зэрэг компаниудад/ барааг нь хүргэж өгөхөд бэлнээр төлбөр тооцоогоо хийх үед нь 3 удаа авч өөртөө хэрэглэсэн. Тухайн үед зам тээврийн осол хэрэг гаргаад хохирол төлбөр төлөх хэрэг болоод борлуулалтын орлогоос нийт 7.331.220 төгрөг авч ашигласан. Ашигласан мөнгөний үнийн дүн зөв байна.

Би 2018 оны 5 сарын 01-ний өдрөөс эхлэн түгээгчээр ажилласан, сардаа 600.000 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Мөн борлуулалтын орлогын 2 хувиар тооцож цалинждаг байсан. Манай ам бүл 3, эхнэр, 7 настай хүүхдийн хамт амьдардаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. “Жем Трейд” ХХК-д 4.0 сая төгрөг нөхөн төлсөн, үлдэгдэл мөнгийг төлөхөөр гэрээ байгуулж эвлэрсэн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19100 0763 0431 дугаартай хэргээс:

 

1. Жем Трейд” ХХК-ийн өгсөн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэж өгсөн талаарх зарлагын падаан баримтууд /хэргийн 14х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Жем трейд” ХХК-ийн төлөөлөгч Э.Ж-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жем трейд” ХХК-ийн хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажилд орсон. Миний өмнө мэргэжилтнээр ажиллаж байсан Мөнхсайхан нь хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан тул Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдлүүдийг би хариуцаж ажиллахаар болсон юм.

Манай байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор ажилд ороод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Б нь нийт 7.331.220 төгрөгийн бараа бүтээгдэхүүний мөнгийг хувьдаа завшсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм.

...Б.Б нь байгууллагад учирсан 7.331.220 төгрөгний хохирлоос 300.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгийг төлнө гэж хэлсэн болохоос одоогоор төлөөгүй байгаа.

Байгууллагын зүгээс үлдэгдэл 7.031.220 төгрөгнийг нэхэмжилж байна. Хэрвээ энэ хүн байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 17х/,

 

3. Хохирогч байгууллагаас хэрэгт хавсаргуулахаар өгсөн “Жем трейд” ХХК-иас  7.331.220 төгрөгийн барааг харилцагчид нийлүүлэхээр Б.Б хүлээн хүргэж өгсөн тухай зарлагын падаан баримтууд /хэргийн 12-14х/,

 

4. “Жем Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХН/03/17 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 35х, 44х/,

 

5. “Жем трейд” ХХК-ийн жолооч, түгээгчийн ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 38-40х/,

 

6. Ажил олгогч “Жем трейд” ХХК болон ажилтан Б.Б нарын хооронд 2019 оны 01 сарын 01-ны өдөр байгуулсан ЭХ/19/02/38 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”,  мөн өдрийн ХГ/19/02/30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” баримт /36-37х, 41-43х, 45-47х/,

 

7. Хэргийн хохирогч “Жем трейд” ХХК-иас Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа иргэн Б.Б нь өөрийн санаатай үйлдлээр байгууллагад учруулсан хохирол төлбөр болох 7.331.220 төгрөгөөс 4.000.000  төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр дээр “Төлбөр барагдуулах” гэрээ байгуулсан тул Жем трейд ХХК-ийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гомдолгүй, үлдэгдэл төлбөр тооцоог жич нэхэмжлэх болно гэсэн агуулга бүхий бичгээр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт /хэргийн 63х/, 

 

7. “Жем Трейд” ХХК болон шүүгдэгч Б.Б нарын хооронд 2019 оны 6 сарын 06-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”, төлбөр төлөх хуваарь /хэргийн 80-81х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би ...2008 оноос хувиараа барилгын ажилд туслах хийж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс “Жем трейд” ХХК-д жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2018 оны 4 дүгээр сараас түр түгээгчээр ажилласан ба 1 сарын дараагаас үндсэн түгээгчээр ажилласан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа гарч 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс ахуйн бараа худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алтан тал” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа.

...Би 2019 оны 01 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ бараа түгээлтэнд явж байгаад албаны **-** УБЗ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашинаар Баянбүрдийн тойргоор эргэхдээ Тоёота Ландкрузер 105 маркийн автомашиныг мөргөж гэмтэл учруулж, 4.0 сая гаруй төгрөгийн хохирол барагдуулах шаардлагатай байсан тул байгууллагын удирдлагад мэдэгдэхгүйгээр орлогоны мөнгөнөөс 4.250.000 төгрөгийг авч хэрэглэсэн.

 Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр байгууллагын захиалга авдаг Чулуун-Эрдэнийн хувийн **-** УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг Чулуун-Эрдэнэ “урд өдөр нь архи уучихсан, захиалганд явж чадахгүй байна, яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь унаж явж байгаад Гандангийн хойд талын уулзвар дээр зам гарч явсан хүнийг харалгүй, толиороо шүргэж унагаад, шилбэний хугарал гэмтэл учирсан. Уг асуудлаар Тээврийн Цагдаагийн албанд шалгагдаж байхдаа хохирлын зардалд 3.100.000 төгрөгийг байгууллагын орлогын мөнгөнөөс төлж барагдуулсан.

Дээрхи хоёр асуудлаас болоод байгууллагад 7.331.220 төгрөгний өр дутагдал гарсан юм. Энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдсэн боловч намайг дур мэдэж байгууллагын мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж үзээд, хуулийн байгууллагад хандсан байна. Дээрхи мөнгөнүүдийг зарцуулсан баримт байхгүй, тухай бүрд нь бэлнээр өгч байсан. Сүүлийн 3.100.000 төгрөг өгсөн талаар Тээврийн цагдаагийн албан дээр очиж уулзаад баримт гаргуулан авч болох байх.

Эхний 4.250.000 төгрөгийг өгсөн талаар ямар ч баримт байхгүй, тэр автомашины улсын дугаар жолоочийн талаар одоо надад ямар ч мэдээлэл баримт алга. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 26х, 29х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь “Жем Трейд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 7.331.220 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- Жем Трейд” ХХК-ийн өгсөн бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэж өгсөн талаарх зарлагын падаан баримтууд /хэргийн 14х/,

- Хохирогч “Жем трейд” ХХК-ийн төлөөлөгч Э.Ж-ын: “...Манай байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор ажилд ороод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Б нь нийт 7.331.220 төгрөгийн бараа бүтээгдэхүүний мөнгийг хувьдаа завшсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм.

...Байгууллагын зүгээс үлдэгдэл 7.031.220 төгрөгнийг нэхэмжилж байна. Хэрвээ энэ хүн байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 17х/,

- хохирогч байгууллагаас хэрэгт хавсаргуулахаар өгсөн “Жем трейд” ХХК-иас  7.331.220 төгрөгийн барааг харилцагчид нийлүүлэхээр Б.Б хүлээн хүргэж өгсөн тухай зарлагын падаан баримтууд /хэргийн 12-14х/,

- “Жем Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХН/03/17 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 35х, 44х/,

- “Жем трейд” ХХК-ийн жолооч, түгээгчийн ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 38-40х/,

- Ажил олгогч “Жем трейд” ХХК болон ажилтан Б.Б нарын хооронд 2019 оны 01 сарын 01-ны өдөр байгуулсан ЭХ/19/02/38 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”,  мөн өдрийн ХГ/19/02/30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” баримт /36-37х, 41-43х, 45-47х/,

- Хэргийн хохирогч “Жем трейд” ХХК-иас Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа иргэн Б.Б нь өөрийн санаатай үйлдлээр байгууллагад учруулсан хохирол төлбөр болох 7.331.220 төгрөгөөс 4.000.000  төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр дээр “Төлбөр барагдуулах” гэрээ байгуулсан тул Жем трейд ХХК-ийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гомдолгүй, үлдэгдэл төлбөр тооцоог жич нэхэмжлэх болно гэсэн агуулга бүхий бичгээр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсаргасан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт /хэргийн 63х/, 

- “Жем Трейд” ХХК болон шүүгдэгч Б.Б нарын хооронд 2019 оны 6 сарын 06-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”, төлбөр төлөх хуваарь /хэргийн 80-81х/ болон шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд хэргийн шүүгдэгч Б.Б нь “Жем трейд” ХХК-д түгээгчийн ажил эрхэлж, тодорхой эрх эдлэн, борлуулалтын орлогын хувиас цалин урамшуулал авч, тус компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч буй захиалагчид түгээлтээр хүргэж өгөх, борлуулалтын орлогыг бэлэн буюу бэлэн бусаар авч ажил олгогч “Жем трейд” ХХК-д шилжүүлэн өгөх үүрэг бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан “Жем Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХН/03/17 тоот “Ажилд томилох тухай” тушаал /хэргийн 35х, 44х/, “Жем трейд” ХХК-ийн жолооч, түгээгчийн ажлын байрны тодорхойлолт баримт /хэргийн 38-40х/, “Жем трейд” ХХК болон ажилтан Б.Б нарын хооронд 2019 оны 01 сарын 01-ны өдөр байгуулсан ЭХ/19/02/38 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”,  мөн өдрийн ХГ/19/02/30 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” баримт /36-37х, 41-43х, 45-47х/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул түүнийг хөдөлмөрлөх үүрэг гүйцэтгэх явцдаа гэрээний дагуу эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн “Жем Трейд” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд харилцагч байгууллагуудад түгээлтээр хүргэж өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 7.331.220 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан байх ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.Б-гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч “Жем Трейд” ХХК-ийн эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүний болруулалтын орлогоос өөртөө авч ашигласан 7.331.220 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх хохирол болох 3.360.890 төгрөгийг 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлж барагдуулахаар хуваарь тогтоож, хохирогч “Жем Трейд” ХХК-тай “Төлбөр барагдуулах гэрээ”-г 2019 оны 06 сарын 06-ны өдөр байгуулж, хохирогч байгууллагаас “Б.Б нь хохирол төлбөр 7.331.220 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл төлбөр дээр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан тул гомдол саналгүй” хэмээх хүсэлтийг бичгээр гаргасан /хэргийн 63х/ баримттай байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд тооцон 3.360.890 /гурван сая гурван зуун жаран мянга найман зуун ер/ төгрөгийг 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч, “Төлбөр барагдуулах тухай” гэрээг байгуулан хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэргийн 31 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр  анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн тодорхой хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.   

 

Шүүх, шүүгдэгч Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн, зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно. 

  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх” журмыг баримтлан шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                         ТОГТООХ нь:

 

 

1. Х овогт Б-ийн Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Б.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биеэр эдлэхээс чөлөөлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь хохирогч “Жем Трейд” ХХК-д гэмт хэрэг үйлдэж учруулсан эд хөрөнгийн хохирол 7.331.220 /долоон сая гурван зуун гучин нэгэн мянга хоёр зуун хорь/ төгрөгнөөс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, үлдэх хохирол болох 3.360.890 /гурван сая гурван зуун жаран мянга найман зуун ер/ төгрөгийг 2019 оны 12 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч, хохирогч “Жем Трейд” ХХК болон шүүгдэгч Б.Б нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэсүгэй. 

 

6. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Жем Трейд” ХХК, түүний төлөөлөгч Э.Ж нар нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй ба шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.БАЗАРХАНД