| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/02084/И |
| Дугаар | 210/МА2025/01962 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01962
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04331 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2021 оны 12 дугаар сард *******-аас ******* тоотын 101.65 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар бүхий ******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч болсон. Энэ хугацаанд ******* орон сууцанд амьдарч байсан, *******тэй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй учраас орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний ******* дугаартай, ******* тоот 101.65 м/кв талбайтай гурван өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхээс шийдвэрийн үндэслэл болсон зүйл заалтын урьдчилсан нөхцөл бодитоор бүрдсэн эсэхэд нотлох баримтгүйгээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх, уг эд хөрөнгө бусдын эзэмшилд байх, эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх гэсэн нөхцөл аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлд байна гэж тогтоосон боловч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэхдээ энэ талаар нотлоогүй учир хууль бус гэж дүгнэсэн.
Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу хариуцагчийн эзэмшил хууль ёсных эсэхийг тодруулах, нотлох шаардлага үүссэн байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилдэг боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шүүх санаачилгаараа нотлох баримт шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах тохиолдлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д тусгайлан зохицуулсан. Гэвч энэ ажиллагааг анхан шатны шүүхэд хийгээгүй, хэргийн оролцогчийн эрх ашиг хөндөгдсөн байна.
4.2. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгч хэргийн бодит байдлыг ойлгоход асуудалтай, эргэлзээ бүхий байсан нь илт харагдаж байна. Тус хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий орон сууцны үнийг мэдэхгүй байгаа нь тэдний зүгээс орон сууцыг худалдаж авахдаа байгуулсан гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүйтэй холбоотой. Мөн шүүгч хариуцагчийг хэзээнээс хойш холбогдох орон сууцанд амьдарч байгааг асуухад 2021 оноос хойш гэж хариулсан ч хэдэн сараас гэдгийг мэдэхгүй байсан. Яг үнэндээ хариуцагч тус орон сууцанд 2018 оноос хойш амьдарч байсан ба энэ нь бидэнд байгаа нотлох баримтаар нотлогдох бүрэн боломжтой.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг гэрчилгээ авсны дараа хариуцагчтай утсаар холбогдож орон сууц чөлөөлж өгөхийг шаардсан ч чөлөөлж өгөөгүй гэсэн байна. Энэ нь мөн л нотлох баримтаар нотлогдоогүй хоосон тайлбар байсан.
Мөн хариуцагч яагаад орон сууцанд амьдраад байгааг бүрэн мэдэхгүй атлаа шүүгчид өөрийн таамаглалыг тайлбарласан. Практик дээр хүмүүс орон сууц захиалах тохиолдолд л орон сууцыг биечлэн үзэлгүйгээр худалдан авах тохиолдол гардаг боловч нэхэмжлэгч аль хэдийн ашиглалтад орсон 101.65 м.кв орон сууцыг биечлэн очиж үзэлгүйгээр худалдаж авсан гэж тайлбарлаж байна.
Тус орон сууц үнийн хувьд өндөр дүнтэй байх нь ойлгомжтой ба ердийн тохиолдолд хүмүүс өндөр үнэтэй зүйлийг худалдан авахдаа биечлэн үздэг байтал нэхэмжлэгч очиж үзэлгүйгээр худалдаж авсан хэмээн ямар ч үндэслэл болон нотлох баримтгүйгээр тайлбарлаж байгаа нь итгэл төрүүлэхгүй байна.
4.3. Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт нь оролцогч талууд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөндлөнгөөс нөлөөлсөн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагын тухай мэдээлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилготой баримт юм.
Гэтэл уг баримтад нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Нэхэмжлэгч тал уг баримтыг баталгаажуулахгүй байснаараа өөртөө шүүгчид нөлөөлөх боломж үүсгэж байгаатай ялгаагүй мэт харагдаж байна. Шүүгчид нөлөөлбөл тус тус дурдсан хуулиудын дагуу хариуцлага оногдуулна шүү гэж сануулж хэлж байгаа баримтыг хүлээн зөвшөөрөөгүй мэт үйлдэл гаргаж, шүүгчид нөлөөлсөн ч гэсэн хариуцлага үүрэхгүй байх боломжтой нөхцөл байдлыг өөртөө үүсгэснийг шүүх анзааралгүй уг шүүхийн шийдвэрийг гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талууд шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн хугацаанд гардаж авах үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал тухайн үүргээ биелүүлэхгүй шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа гомдол гаргах хугацаа сэргээлгэж, давж заалдах гомдол гаргасан болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн хариуцагч тал энэ хэрэг маргаанд ямар ч идэвхгүй хандсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч буюу хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хариу тайлбар гаргах, шүүхийн ажиллагаанд оролцох, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэл бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал эдгээр үүргийг биелүүлээгүй.
5.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглахад саад болж буй этгээдээс эд хөрөнгийг шаардах эрхтэй. Мөн тус хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч тал энэ талаар ямар нэгэн маргаан гаргаагүй.
5.3. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ээс удаан хугацаанд орон сууцыг эзэмшсэн бусад зардлыг нэхэмжлээгүй, зөвхөн орон сууцаа чөлөөлүүлье гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал шүүхийн шийдвэр гарсныг мэдсээр байж ирж авах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд оролцоогүй буюу мэтгэлцэх боломжоо өөрсдөө эдлээгүй. Хэрэв хариуцагч тал энэ хэрэг маргаанд үнэхээр ач холбогдол өгч байсан бол тухайн үед шүүх хуралдаанд оролцож, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрийг гардаж авч, давж заалдах гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, 101.65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, энэхүү эзэмшил хууль бус байхыг шаардана.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараас үзвэл хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд 2018 оноос хойш амьдарч байгаа, ийнхүү амьдарч буй шалтгаанаа *******-тай хийсэн хэлцэлд үндэслэгдсэн гэж, харин нэхэмжлэгч тал уг орон сууцыг мөн *******-аас худалдан авсан, энэ үед хариуцагч орон сууцыг эзэмшиж байсан гэх агуулга бүхий үйл баримтын талаар тус тус тайлбарлаж байна.
Гэтэл нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авах үедээ эзэмшлийг хүлээн авалгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үндэслэлээр орон сууцны эзэмшлийг хариуцагчаас шаардаж буй нь энэ хэргийн хувьд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэхэд эргэлзээтэй, зөвхөн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэх нь учир дутагдалтай.
Иймд нэхэмжлэгч нь *******-аас орон сууцны эзэмшлийг шаардаагүй, ******* гэрээний энэхүү үүргээ биелүүлэх боломжгүй ямар шалтгаан байгааг тодруулах, мөн хариуцагч болон *******-ийн хооронд орон сууцыг эзэмшихтэй холбоотой хэлцэл, бусад тохиролцоо байгаа эсэхийг тодруулах нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, хэрэгт эрх зүйн дүгнэлт хийхэд харилцан хамааралтай, ач холбогдолтой гэж үзэхээр байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд дээрх үйл баримтын талаар зохигчоос тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.
4. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах гомдлыг хүлээн авахгүй. Үүнд:
4.1. Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримтад нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хэргийн оролцогч шинээр нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох агуулгатай тул энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулаагүйд анхан шатны шүүхийг буруутгахгүй.
5. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04331 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.ГАНДИЙМАА