| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 313/2025/00203/И |
| Дугаар | 203/МА2025/00044 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 203/МА2025/00044
Ч.*******-*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 313/ШШ2025/00365 дугаар шийдвэртэй,
Ч.*******-*******гийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* *******ний үйлдвэрийн газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, алданги, урамшуулал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 32,827,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Уламцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Уламцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.*******-*******г ажлаас нь халсан тушаал хуульд заасан үндэслэлгүй байсан тул ******* аймгийн нийтлэг ******* үйлдвэрийн газрын дарга С.*******ын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/13 дугаартай Ч.*******-*******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан.
Хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанууд явагдсаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл өгсөн.
Нэхэмжлэлд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас гадна ажлаас халсан тушаал гарсан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцон нийт 2,206,400 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалинг нэмэгдүүлэн нэхэмжлэх боломжтой боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тутамд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах, холбогдох тайлбар авах гэх мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан багадаа 14 хоногоор хойшлох үр дагавартай тул ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 268 дугаартай шүүхийн шийдвэрээр Ч.*******-******* намайг ажилд эргүүлэн тогтоож 2,206,400 төгрөгийн цалин нөхөн олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх 2,206,400 төгрөгийн цалин бол ажлаас халагдсан өдрөөс хойш 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны цалин юм.
Анхан шатны шүүхийн 2024 оны 268 дугаартай шийдвэрт зохигчид давж заалдах гомдол гаргаагүй. Шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэвч ******* аймгийн нийтлэг ******* үйлдвэрийн газрын дарга С.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсаар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлын байрандаа ажиллаж эхэлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан зохицуулалтыг мөрдөж Ч.*******- *******д 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг олгохыг ажил олгогчоос 2024 оны 10 сараас эхлэн шаардсан. 2024 оны 10 сар гэхэд ******* аймгийн нийтлэг ******* үйлдвэрийн газрын даргаар С.******* ажлаас чөлөөлөгдөж оронд нь Б.Уламцэнгэл гэх хүн томилогдсон байсан.
Дарга Б.Уламцэнгэлтэй уулзаж ажилтан ажилгүй байсан хугацааны олговрыг олгохыг шаардахад элдэв шалтаг хэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасан олговрыг олгохоос татгалзахдаа С.******* зөвхөн 2,206,400 төгрөг төлнө, илүү төлбөр төлөх ёсгүй гэж хэлсэн. Ч.*******-*******д 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олго гэсэн шүүхийн шийдвэр гарчихвал өгч болно гэж хэлсэн.
Шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 268 дугаартай шүүхийн шийдвэрээр олгосон 2,206,400 төгрөг нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговор.
Ч.*******-******* би 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажлаа гүйцэтгэж эхэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт ажлын өдрүүдийг тооцож үзвэл 2024 оны 03 сард 20 хоног, 04 сард 22 хоног, 05 сард 23 хоног, 06 сард 20 хоног, 07 сард 23 хоног, 08 сар 22 хоног нийт 130 хоног 9,885,200 төгрөгийн цалинг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Ч.*******-******* надад олгосон байх ёстой байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасан журмаар тооцсон алданги 9,885,200 төгрөгийн 0.3 хувь нь 29,655 төгрөг байна. Цалинг хугацаанд нь олгохгүй 166 хоног хэтрүүлэхэд алдангийн хэмжээ нийт олговрын 50 хувь буюу 4,942,600 төгрөгтэй тэнцэж байна. 2024 оны 04 сараас эхлэн манай байгууллагын ажилчдад Говийн дэм гэх нэмэгдэл цалин хөлс олгож эхэлсэн.
Олох ёстой байсан орлогын нийт хэмжээ 3,000,000 төгрөг. Иргэний хуулийн 511.3, мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан эрхийн дагуу сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрхтэй. ******* аймгийн ******* ******* үйлдвэрийн газарт ажиллаж тус газрын дарга С.*******, Б.Уламцэнгэл нарын хууль бус үйлдэл эс үйлдлийн улмаас дарамтад орж сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 15,000,000 төгрөгийг шаардана гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Уламцэнгэл болон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Аудитын газраас заавал шүүхийн шийдвэрийг үндэслэж цалин хөлсийг олгох нь зүйтэй. Шүүхийн шийдвэргүйгээр олгосон цалингийн тухайд санхүүгийн акт тавигдана гэсэн чиглэл, зөвлөгөөг өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
дүгээр зүйлд зааснаар ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг тусгай журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байсан тул уг хуулийн зохицуулалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа юм байна гэж ойлгосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар шийдвэрлэх хэрэгт ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл хамаарч байгаа хэдий боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацаанд шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн аваад 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжилсэн хугацааных нь цалинг олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилгүй байсан хугацааныхаа үлдэгдэл цалин хөлсийг нэхэмжлэх 90 хоногийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 9,885,200 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар хугацаандаа аваагүй цалингаас тооцох алданги 4,942,600 төгрөг, олох ёстой байсан нэмэлт цалин урамшуулал 3,000,000 төгрөгийг нэхэмжилж шаардах эрхгүй байна.
Б.Уламцэнгэл миний зүгээс нэхэмжлэгч Ч.*******-*******г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй, надад хандан гаргасан өргөдлийг нь шийдвэрлээгүй тохиолдол байхгүй, түүний эрхийг бүдүүлгээр зөрчөөгүй, өргөдөл гомдол гаргасан гэх шалтгаанаар ажлаа гүйцэтгэхгүй байхыг шаардаж зүй бус үйлдэл гаргаж байгаагүй. Тиймээс түүний сэтгэцэд ямар нэг байдлаар гэм хор учруулаагүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгч Ч.*******-*******гийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын шүүх:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* ******* үйлдвэрийн газраас 9,885,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******-*******д олгож, Ч.*******-*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,942,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******-*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* ******* үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 173,113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******-*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Уламцэнгэл давж заалдах гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ажил олгогчийн үйлдэл /эс үйлдэхүй/-тээ холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг ажилтан 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
дүгээр зүйлд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдийн хуульчилсан бөгөөд
дүгээр зүйлийн
2.3-т зааснаар ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл хамаарч байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.*******-*******гийн ажилгүй байсан хугацааны цалин 9,885,200 төгрөгөө нэхэмжлэх нэхэмжлэл гаргах байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүх байсан бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр сард шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж 90 хоногийн хугацаагаа хэтрүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 03-ний өдрийн 313/ШШ2025/00365 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагт ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд товлогдсон Э.Анхцацралын нэхэмжлэлтэй Б.Отгонбаярт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцохоор тов хүлээн аваад байгаа.
Өмгөөлөгч Б.Энхбат би давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтгүй байгаа тул байр суурь, тайлбараа бичгээр илэрхийлж байна. Үүнд:
Ч.*******-******* үндэслэлгүйгээр ажлаас халагдсан байдлыг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тогтоож шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдагдсан үйл баримтыг ахин хэлэлцдэггүй. 2024 оны 268 дугаартай шийдвэрт Ч.*******-*******гийн нэг хоногийн дундаж цалин хөлсийг 76,040 төгрөг гэх дүгнэлт хийгдсэн. 2024 оны 268 дугаартай шийдвэрийг хариуцагч тал 2024 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр биелүүлсэн талаар талууд маргадаггүй. Гагцхүү Ч.*******-******* 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө хариуцагчаас шаардсан, гомдол гаргасан нь хуульд заасан хугацаа зөрчсөн гэх агуулгаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
Ч.*******-******* нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй байгаа үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад нь хандаж ирсэн байдлыг хариуцагч тал үгүйсгэж няцааж чадаагүй. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шаардлага гаргаж Ч.*******-*******гийн цалинг олгохыг хариуцагчаас шаардсан. Цалинг нь олгохгүй байгаа нь зөрчил юм гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага хариуцагчийг буруутай гэж үзээд 50 нэгжээр торгосон. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гомдол гаргасан. Гомдлын мөрөөр хяналт хийгдэж ерөнхий байцаагчаас шаардлага хүргүүлсэн.
Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хяналт хэрэгжүүлдэг ерөнхий байцаагч нь Ч.*******-*******гийн цалинг олгохгүй байгаа нь хууль зөрчиж байгаа бөгөөд уг зөрчлөө арилгахыг хариуцагчид даалгасан шийдвэр гарсан байгаа нөхцөлд Ч.*******-******* шүүхэд хандалгүй хүлээх нь зүй ёсны үйлдэл байсан.
Иргэд өөртөө тулгарсан эрх зүйн асуудал маргааныг шүүхийн бус журмаар, төрийн хяналт хэрэгжүүлэх бусад эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх оролдлого, арга замуудыг бид дэмжиж байх ёстой. Маргаантай асуудлыг шийдвэрлэх эцсийн арга хэрэгсэл нь шүүх байх ёстой. Асуудал бүрийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэх нь зөв арга биш.
Нөгөөтээгүүр Ч.*******-******* гэх иргэний хувьд Төрийн хяналт хэрэгжүүлэх газар, цагдаагийн алба хаагч, ******* аймгийн Хөдөлмөр, халамж *******ний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын хяналтын газрын дарга, шүүх алин боловч Монгол Улсын төрийг төлөөлж байгаа субъектүүд. Тэдний үйлдэл, хуулийг тайлбарлан хэрэглэх байдал нь нэг байх ёстой. Төрд хандан мэдүүлсэн байгааг анхаарч үзэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.*******-******* нь хариуцагч ******* аймгийн ******* *******ний үйлдвэрийн газарт холбогдуулан ажилгүй байсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, алданги, урамшуулал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 32,827,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч ******* аймгийн ******* ******* үйлдвэрийн газраас 9,885,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******-*******д олгож, Ч.*******-*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,942,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч Б.Уламцэнгэл эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэжээ.
Нэхэмжлэгч Ч.*******-*******д 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,206,400 төгрөгийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2024/00268 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулсан байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл буюу урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.
Нэхэмжлэгч Ч.*******-*******гийн нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1,546,166 төгрөг, нэг өдөрт ногдох ажлын дундаж цалин хөлс 76,040 төгрөг болохыг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2024/00268 дугаартай шийдвэрээр тогтоосон байна.
Иймд Нэхэмжлэгч Ч.*******-*******гийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо дахин дундаж цалин хөлсийг тодорхойлох шаардлагагүй болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.*******-*******гийн ажилгүй байсан хугацаа болох 130 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,885,200 төгрөг/ 1 өдрийн дундаж цалин 76,040x130=9,885,200 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Хариуцагч тал Ч.*******-*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй, өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбарыг гаргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахтай холбоотой маргаанаа 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандахаар заажээ.
Ч.*******-******* нь хэдийд ******* аймгийн Даланзадгад сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна ******* аймгийн Даланзадгад суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 161 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иймд хариуцагч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй, өөрөөр хэлбэл шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ажил олгогчийн үйлдэл /эс үйлдэхүй/-тэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг ажилтан 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлттэй холбоотой, ажилгүй байсан үеийн дундаж цалин хөлстэй холбоотой маргаан байх тул тухайн шаардлагыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлээгүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,113.20 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 313/ШШ2025/00365 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,113.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА