| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0214/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0214/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгч Х.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 1939003....... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймаг Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй Б.Хүрэлбаатарыг шүдгүй гэж хэллээ гэх шалтгаанаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч Б.Хүрэлбаатарын өгсөн:... 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Цэцэрлэгт хүрээлэнгийн сагсны шийдэн дээр 17 цагийн орчим намайг сагс тоглож байхад нэг танихгүй ах ирээд миний хамар хэсэг нэг удаа мөргөсөн. Тэнд тоглож байсан охидууд энэ ахын шүд нь байхгүй юм байна шүү дээ гээд инээхэд тэр танихгүй ах ирээд намайг мөргөсөн...миний хамар мурийсан байна гэж хэлсэн...гомдолтой байна...300.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсайханы өгсөн: ...Би хөдөө Норовлин сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг юм. Миний хүү Хүрэлбаатар нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд хамаатны айлд байдаг. Хүрэлбаатар нь Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12а бүлэгт суралцаж төгсөж байгаа юм. Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Норовлин сумаас хүү Хүрэлбаатарын хонхны баярт ирээд хүүхдээ хүнд зодуулсан гэдгийг мэдсэн. Хүрэлбаатар надад зодуулсан гэж хэлээгүй. Би миний хүүхдийг цохисон хүнд гомдолтой байна. Миний хүүхдийн хамар нь мурийсан байсан намайг ирэхэд хамар нь хавдсан хөхөрсөн маск зүүж байсан. Би миний хүүхдийг цохиж гэмтэл учруулсан хүнээс 300.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/ хх-ийн 19 хуу/
Гэрч О.Чулуунбатын өгсөн:...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчим найз Тэмүүжин, Нандин-Эрдэнэ нарын хамт Хэрлэн сумын 3 дугаар баг цэцэрлэгт хүрээлэн дотор байдаг сагсны шийдэн дээр очиж сагсан бөмбөг тоглосон. Бид нарыг очиход тэнд олон хүүхэд тоглож байсан. Тэнд тоглож байхад цагаан фодвалка, жинсэн өмдтэй залуу ганцаараа ирсэн. Би сагсан бөмбөг тоглож чаддаггүй тул сагсны шийдний баруун талын сандал дээр суугаад утсаар яриад сууж байсан. Сагсны талбай дээр нөгөө цагаан фодволкатай залуу нэг хүүхэд хоёр маргалдаж байсан. Тэр хүүхдийг тэр цагаан фодволкатай залуу толгойгоороо мөргөсөн гэж байсан...Би тэр хамар руугаа мөргүүлдэг хүүхдийг бас танихгүй. Тэр юунаас болж маргалдсан гэдгийг би мэдэхгүй манай хоёр найз шүд гэж яриад байсан би ямар учиртайг ойлгоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт
Х.Б-ийн яллагдагчаар өгсөн:... Хүрэлбаатар гэх хүүхдийг нэг удаа мөргөсөн үнэн... намайг шүдгүй гэж хэлэхээр нь уур хүрээд нэг удаа мөргөсөн. Миний дээд үүдэн нэг шүд байхгүй... Би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна....гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/
Х.Б иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 37 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49 хуу/
Шүүгдэгч Х.Б-ээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсайханы ХААН банкин дахь дансанд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг/ хх-ийн 51 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батсайханы гаргасан “Х.Б-ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай” тодорхойлолт /хх-ийн 69 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдийн тоглоомын талбай дээр 17 настай Б.Хүрэлбаатарыг өөрийг нь шүдгүй гэж хэллээ гэх шалтгаанаар нүүрэнд нь толгойгоороо мөргөж хамрын таславчны мурийлт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Хүрэлбаатарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Х.Б нь 18 насанд хүрээгүй хохирогч Б.Хүрэлбаатарыг мөргөсний улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Х.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
18 насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд тооцож 300.000 төгрөг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ