Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0232/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   М.Сайнболд

Улсын яллагч                                                  Д.Энхжаргал

Шүүгдэгч                                                         Д.Я  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын  хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Я холбогдох 19390045........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол  Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй,  47 настай, ам бүл 1, бүрэн дунд  боловсролтой,  Арвин Өлзий ХХК-ийн захирал ажилтай,  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Сэлбийн 41-959 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өршөөн хэлтрүүлэгдсэн, Д.Я

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Я  нь  2019 оны 07 дугаар сарын 27-ны   өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн тоонот” амралтын газарт   иргэн Ж.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж түүнийг гараараа нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

 Шүүгдэгч Д.Я  нь...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.П өгсөн:...би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 06 цагийн үед гадаадын жуулчдын хамт Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Биндэр  сум руу гарсан юм. Тэгээд бид хэд ойролцоогоор 16-17 цагийн үед Биндэр суманд ирээд Чингисийн тоонот гэх нэртэй амралтын газарт байрлаж буудалсан тэгээд уг өдрөө бид хэд унтаж амарцгаагаад, маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би гадаадын жуулчдыг надтай хамт Улаанбаатар хотоос авч ирсэн бусад жолооч нартайгаа орой нь буюу ойролцоогоор 21-22 цагийн үед хоёр гурван шил архи  хувааж уусан юм  тэгээд бид хэд архи хувааж уунгаа  хоорондоо юм яриад  сууцгаагаад байж байхад манай нэг жолооч Я нь хэсэг ууж байгаад унтлаа гээд машин руугаа ороод хэвтээд өгсөн, тэгэхээр нь би Я дээр очоод  босоод ирээ хэдүүлээ юм ярьж сууя гэхэд Яндагсүрэн нь босохгүй унтлаа гээд л байсан, тэгэхээр нь би Я хэвтэж байсан мишокийг нь татаад авчирсан юм, тэгэхэд Я босож ирээд надаас  мишокоо авья гэхээр нь би Я хандан чиний хиртэй мишокоор би яадаг юм гэж хэлсэн тэгэхэд Я уурлаад бид хоёр хоорондоо барьцалдаад авсан,  тэгээд л Я миний зүүн нүдний орчим луу гараараа 2-3 удаа цохисон бөгөөд тэр үед манай нөгөө нэг жолооч болох Улаанаа нь бид хоёр дээр ирээд Я болиулаад бид хоёрыг машин машин руу нь оруулсан юм, тухайн үед ийм л асуудал болсон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

Гэрч Б.Нямлхагвын өгсөн... жолооч нар болох Я, Анхаа, Атраа, П нарын хамт жуулчны бааз дээрээ 3 шил 0,75-н соёрхол нэртэй архи уусан юм, тэгээд хоёр дахь шил архи маань дуусаад 3 дахь шил архи руугаа ороод байж байхад Я нь утсаар яриад машин руугаа яваад өгсөн, тэгээд Анхаа, Атраа, П бид хэд архи хувааж уусан бөгөөд нэг мэдэхэд П нь Я дээр оччихсон, Я П хоёр хоорондоо зууралдаж барьцалдаад машиныхаа хойноос гараад ирсэн, тэгэхээр нь би Я, П хоёр дээр шууд гүйж очоод Я, П хоёрыг салгаж болиулаад машин машинд нь оруулсан юм, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэж байгаа зүйл ийм л байна, надад өөр мэдэх зүйл байхгүй...тухайн үед П зүүн хөмсөгнөөс нь цус гараад байсан бөгөөд орой байсан учир өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан байсан эсэхийг нь сайн анзаарч хараагүй тэгээд харин маргааш өглөө нь босоод П харахад П  зүүн нүд нь хөхөрөөд хавдчихсан, зүүн хөмсөг нь бага зэрэг язарсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл харагдахгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Э.Атарбаярын өгсөн:... П зүүн хөмсөг нь бага зэрэг язарсан, зүүн нүд нь хөхөрөөд хавдчихсан л  байсан, миний мэдэж байгаа зүйл ийм л байна, надад өөр мэдэх зүйл байхгүй... тухайн үед  бид нартай архи уусан Нямлхагва гэх залууг Улаанаа гэж дууддаг юм билээ, би яагаад Улаанаа гэж дууддаг болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний   өдрийн 361 дугаартай дүгнэлт

  1. Ж.П  биед зүүн хөмсөгөнд язарсан шарх, зүүн нүдний  алимны саласт, зүүн нүдэнд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/

Д.Я-ийн яллагдагчаар өгсөн:..би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Д.Я-гийн  иргэний үнэмлэхний хуулбар  /хх-ийн 34 хуу/

Д.Я нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуу/

Хохирогч Ж.П-ын гаргасан Д.Я-гээс  нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 49 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Я-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Я нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн орчим  Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн тоонот” амралтын газарт  хохирогч  Ж.П-тай согтуугаар маргалдаж гараараа нүүрэнд нь цохиж зүүн хөмсөгөнд язарсан шарх, зүүн нүдний  алимны салст, зүүн нүдэнд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.П, гэрч  Б.Нямлхагва, Э.Атарбаяр, Ш.Мягмардорж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.Я  нь хохирогч Ж.П-ын нүүрэнд нь цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Д.Я-гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 23 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол / хх-ийн 54 хуу/ гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Я нь  хүлээн зөвшөөрч /хх-ийн 59 хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Д.Я-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Ж.П  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн,  хүсэлт гаргасан /хх-49 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Я нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Я хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Я-г 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Я нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Я нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ