Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2019/0225/Э |
Дугаар | 207 |
Огноо | 2019-09-20 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2019/0225/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгч Я.З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.З холбогдох 19390044......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар Балж багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 161 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, Я.З
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 05-наас 2019 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Дэлүүн нуур жуулчны баазад амарч байсан иргэн Б.Б-гийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркын гар утас, ногоон өнгийн үүргэвч, улаан өнгийн пүүз, шар өнгийн сандаал, харааны шил, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн футволка зэргийг хулгайлж бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Б-гийн өгсөн:..Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн нуур жуулчны баазад байгууллагын ажилчидтайгаа амрахаар очсон юм. Тэнд бид нар амралтын байшин бүрт хуваагдаж ороход би ажлынхаа Эрдэнэбат, Жамъяаншарав хоёртой хамт гурвуулаа хамт нэг торхон байшинд орсон. Бид нар хоол унд идэж аялаж, зугаалж амарч тоглож байгаад шөнө 01 цагийн орчим унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг өнгөрөөж босоход орны дэргэд байсан миний өөрийн эзэмшлийн ногоон өнгийн спорт загварын үүргэвчин цүнхтэй улаан өнгийн Найк брэндийн 43 размерийн пүүз, шар өнгийн арьсан сандаал харааны тоглолтын нүдний шил, цэнхэр хуучин жинсэн өмд, Баруун-Урт хотын цом гэсэн логотой цагаан өнгийн дугуй захтай фудволка мобикомын 99258238 дугаартай Самсунг маркыг Жи-7 маркийн алтан шаргал өнгийн гар утасны хамт хулгайд алдагдсан юм...Эрдэнэбат, Жамъяншарав бид гурав бараг зэрэг л унтаж амарцгаасан. Тэгэхэд хаалгаа түгжсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч л байсан цонх нь нээлттэй байсан юм... Тухайн Дадал сумын орон нутгийн хүн миний эд зүйлийг хулгайлсан байх гэж бодож байна... би одоо алдсан эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан болохоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуудас/
Гэрч Ч.Даваасамбуугийн өгсөн:.. 2019 оны 07 дугаар сарын 05-ны орой Сүхбаатар аймгийн Хаан банкны ажилчид манай амралтын газарт амрахаар ирсэн юмаа. Тэгээд би орой хүмүүсээ байрлуулаад хонуулсан. Тэгээд би сумын төвд гэртээ очиж амраад маргааш өглөө нь 06 цагийн орчимд амралтын газар дээрээ очиход 13 номерын өрөөнөөс цүнхтэй хувцас, Samsung J7 маркын гар утас алдагдсан байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгч цагдаа нарт мэдэгдэх гэсэн боловч хүчлэн хамгаалалтаар өөр газар луу явсан байсан. Тэгэхээр нь би тухайн амрагч нарт наадмын дараа асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлье гэж хэлээд буцаасан. Ийм зүйл болсон...Тухайн үед нэг танихгүй залуу орж ирээд би энэ амралтын хамгаалагч байна та нар одоо унтаж амарцгаа гэж ярьж байсан байна лээ.. харуул хамгаалалт байгаа, эхнэр нөхөр хоёр байдаг юмаа тэр хоёр маань орой амрагчид руу ороогүй байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/
Гэрч Ж.Жамъяншаравын өгсөн:... 2019 оны 07 дугаар сарын 05-нд манай Сүхбаатар аймгийн Хаан банкны ажилчид Хэнтий аймгийн Дадал суманд амрахаар очсон юмаа. Бид нар Дадал суманд амрахаар очоод Дэлүүн нуур жуулчны баазад байрлаж амрахаар болсон. Батсүрэн Эрдэнэбат бид гурав нэг өрөөнд амрахаар болсон. Орой манай байгуулгынхан 18 цагаас хойш ууж идэж наргиж сууцгаасан. Тэгээд орой болтол тоглох нь тоглоод, унтах нь унтаад, уух нь уугаад бөөнөөрөө амарч байсан. Манай өрөөний Батсүрэн Эрдэнэбат хоёр 01 цагийн орчимд унтаж амарсан. Би нөгөө өрөөний хэдтэй юм ярьж байгаад өрөөндөө орж ирсэн. Тэр үед амралтын баазын хамгаалагч гэх залуу өрөөнүүдээр ороод хүмүүсийг унтаж амарцгаа хамгаалагч байна аа гэж байсан. Тэр залуу намайг унтахаас өмнө орж ирээд одоо эртхэн унтаж амарцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ойлголоо гээд унтсан. Тэгээд өглөө болоход манай өрөөнөөс Батсүрэнгийн Жи-7 маркын гар утас, цүнхтэй хувцас алга болсон байсан... Надаас хамгаалагч байна орж болох уу гээд орсон. Тэгээд орж ирээд одоо унтаж амар даа гэж хэлээд юм яриад суугаад байсан. Би хэсэгхэн зуур маш хурдан унтчихсан байсан...Өрөө харанхуй байсан болохоор зүс царайг нь харж чадаагүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/
Гэрч Д.Энхчулууны өгсөн:..би 07 дугаар сарын 05-ны орой өөрийн найз З-тай сумын төвийн арын модонд таараад амралт руу бүжигэнд явсан. Тэгээд бид хоёрыг очиход бүжиг болоод дуусч байсан. Тэгээд бид хоёр цаашаа Дэлүүн нуур амралтын газар луу очсон. Тэгээд очиход амрагчид их ирсэн байсан. З намайг эндээ байж бай би удахгүй гараад ирнэ гээд дотогшоо амралт руу орсон. Тэгээд 10 гаран минутын дараа З гарч ирээд явья гээд миний мотоциклийн ард суугаад явсан. Тэгээд би Зоригтбаатарыг гэрт нь хүргэж өгөөд харьсан. Ийм л зүйл болсон... Ойролцоогоор шөнийн 01 цаг болж байсан байхаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/
Гэрч Т.Янжмаагийн өгсөн:...З миний хамгийн бага хүү юмаа. Миний хүү маань их ажилсаг хичээнгүй. Найз нөхөдтэйгөө нийлэхээрээ хааяа архи дарс уучихдаг юмаа. Айлын бага хүү болохоор эрх танхил өссөн юмаа. Дадал сумын 9-р анги төгсөөд Хэнтий аймгийн МСҮТ-д мужааны анги төгссөн юмаа. 2012 онд цэрэгт яваад ирсэн. Тэрнээс хойш 3 нуур амралтын газар 4 жил ажилласан. Тэрнээс хойш олдсон ажлаа хийгээд явж байна даа... их буруу зүйл хийсэн байна лээ. Дахиж тийм юм хийгүй байх тал дээр нь эцэг бид нар нь хариуцан хүмүүжүүлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/
Я.З-ын яллагдагчаар өгсөн:...Би Докын хамт 23 цаг өнгөрч байхад Дэлүүн нуур гэх амралтын газарт очсон...Дэлүүн нуур гэх газар галын наадам болно гэж байсан тэгээд галын наадам үзэхээр очсон. Док бид хоёрыг Дэлүүн нуур гэх амралтын газар очиход галын наадам дуусчихсан байсан...Надад ямар ч зорилго байгаагүй жаахан архи уучихсан байсан уух архи хайж орсон боловч амрагч нар нь унтаж амарсан байсан...Док амралтын хашааны гадаа байсан. Би Докод уух юм олоод ирье гэж хэлээд амрагч нарын байранд орсон... Би архи олж уух гэж амрагч нарын өрөөнд орсон. Гар утас ширээн дээр ил байхад нь авсан. Цүнхтэй хувцас амрагч нарын орны хөлд байхад авсан. Би гар утасгүй болчихоод байсан тэгээд гар утас, цүнхтэй хувцсыг нь авсан. Цүнхтэй хувцас дотор нь архи байж магадгүй гэж бодоод авсан...хаалгыг нь татаж үзээд онгорхой дотор хүмүүс унтаж амарч байсан...намайг амрагч нарын өрөөнд ороход согтуу хүмүүс байсан зарим унтаж байсан. Нэг ах сэрүүн байсан. Би тэр хүнд хамгаалагч байна унтаж амар гэж хэлсэн тэр хүн за гээд хэвтсэн... Би авсан эд зүйл гар утас хувцасыг буцаагаад өгсөн. Хүний эд зүйлээс дутаагаагүй. Би буруу үйлдэл хийсэндээ харамсаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 хуу/
Алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 770.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 205 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/
Я.З-рын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 хуу/
Я.З нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Я.З-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Я.Зоригтбаатар нь 2019 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Дэлүүн нуур жуулчны баазад амарч байсан хохирогч Б.Батсүрэнгийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркын гар утас, ногоон өнгийн үүргэвч, улаан өнгийн пүүз, шар өнгийн сандаал, харааны шил, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн футволка зэргийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Я.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Б.Батсүрэн, гэрч Ч.Даваасамбуу, Ж.Жамъяншарав, Д.Энхчулуун, Б.Бадамханд, Г.Намсрай, Т.Янжмаа, Ч.Гүрбазар нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.З-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогч Б.Б-гийн байрлаж байсан амралтын газрын өрөөнөөс эд зүйлийг нь авсан болох нь тогтоогдсон бөгөөд гэрч Ж.Жамъяншаравын өгсөн:...Тэр үед амралтын баазын хамгаалагч гэх залуу өрөөнүүдээр ороод хүмүүсийг унтаж амарцгаа хамгаалагч байна аа гэж байсан. Тэр залуу намайг унтахаас өмнө орж ирээд одоо эртхэн унтаж амарцгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би за ойлголоо гээд унтсан. Тэгээд өглөө болоход манай өрөөнөөс Батсүрэнгийн Жи-7 маркын гар утас, цүнхтэй хувцас алга болсон байсан... Надаас хамгаалагч байна орж болох уу гээд орсон. Тэгээд орж ирээд одоо унтаж амар даа гэж хэлээд юм яриад суугаад байсан. Би хэсэгхэн зуур маш хурдан унтчихсан байсан...гэх мэдүүлэг, Я.Зоригтбаатарын яллагдагчаар өгсөн:...хаалгыг нь татаж үзээд онгорхой дотор хүмүүс унтаж амарч байсан...намайг амрагч нарын өрөөнд ороход согтуу хүмүүс байсан зарим нь унтаж байсан. Нэг ах сэрүүн байсан. Би тэр хүнд хамгаалагч байна унтаж амар гэж хэлсэн тэр хүн за гээд хэвтсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Я.З нь гэрч Ж.Жамъяншаравын зөвшөөрөлтэйгээр тус өрөөнд орсны дараа хохирогчийг эд зүйлийг хулгайлсан болох нь тогтоогдсон тул түүний үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Я.З-ыг бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б нь мэдүүлэг өгөхдөө “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 16 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Я.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.З хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.З-ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Я.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ