| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2022/01590/И |
| Дугаар | 210/МА2025/01767 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01767
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04588 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол, алдангид 35,179,802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, ******* гудамжинд баригдахаар төлөвлөгдсөн ******* хотхоны Б2-р блокын 7 давхрын 60.1 м.кв, ******* тоот орон сууцыг 180,300,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тус гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 90,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 9,150,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 19,900,000 төгрөг төлсөн.
1.2. Монгол Улсын Засгийн газраас COVID-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хатуу хөл хорио тогтоосон учир гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөхөд хүндрэл гарсан учраас хойшлуулж өгөх хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан. Уг хүсэлтийн хариуг өгөөгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9-т зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн ба цар тахлын нөхцөл байдал улам даамжирсан тул хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөхөд хүндрэлтэй хэвээр байсан.
******* нь 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл төлсөн 119,050,000 төгрөгийн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг ба ямар нэгэн зөрчил болон алдангийн талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой болсон буюу зээлийн шийдвэр гарсныг мэдэгдсэн байтал 2021 оны 4 дүгээр сарын 06-ны огноотой албан бичгээр 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хуурамчаар үйлдсэн, зориудаар урьдчилж бэлдсэн байсан мэтээр имэйлээр гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн. Төлбөрийг банкаар шийдвэрлэн төлөх боломжтой гэж гэрээ байгуулсан ажилтан ******* мэдэгдсэн, үүний дагуу ямар нэгэн үүргийн зөрчилгүй үүргээ гүйцэтгэсээр ирсэн.
1.3. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхийг сануулах, нэмэлт хугацаа тогтоох зэргээр албан ёсны мэдэгдэл өгөх ёстой байтал шууд цуцалж байгаа нь хууль бус тул хууль бусаар гэрээ цуцласны улмаас учирсан хохирол шаардаж байна.
Гэрээний дагуу төлбөрөө зохих ёсоор гүйцэтгэхийн тулд өөрийн оршин сууж байсан байраа зарж дээрх орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, эхнэр хүүхдийн хамт 2022 оны 5 сар хүртэл хугацаанд сарын 1,550,000 төгрөгөөр нийт 7,750,000 төгрөгөөр байр түрээслэсэн, мөн гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл хэсгийг гүйцэтгэхийн тулд *******-аас зээл авч хүүнд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 9,399,802 төгрөг төлсөн, мөн гэрээний 7.6-д зааснаар алдангид 18,030,000 төгрөг нийт 35,179,802 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б2-*******-170 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, ******* гудамж Б2 блок, 7 давхар ******* тоот хаягт 60.1 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьж захиалагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.
2.2. Гэрээний 2.2-т зааснаар ******* нь орон сууцны төлбөр болох 180,300,000 төгрөгийг 2020 оны 10 сарын 12-ны дотор 50 хувь буюу 90,150,000 төгрөг, 2021 оны 4 сарын 30-ны дотор 20 хувь буюу 36,060,000 төгрөг, 2021 оны 6 сарын 30-ны өдрийн дотор 20 хувь буюу 36,060,000 төгрөг, үлдэгдэл 10 хувь болох 18,030,000 төгрөгийг улсын комисс хүлээн авч акт гарснаас хойш 30 хоногийн дотор тус тус төлж барагдуулах байсан.
Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 90,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 9,150,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 19,900,000 төгрөгийг тус тус төлж, гэрээнд заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тул гэрээний 7.1.2, 7.1.3-т зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрийг буцаан шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. *******, ******* нар *******-тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай 60.1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 300,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлж, улсын бүртгэлийн газраас ******* дугаар олгож *******, ******* нарын хоёр иргэний өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон. Гэрээг байгуулах үед байр нь *******-ийн нэр дээр байсан бөгөөд уг байртай холбоотой эрхийн доголдол байгаагүй, энэ тухай худалдагч ******* мэдээлээгүй.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ дээрх байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.2-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг хууль бусаар цуцалсны хохиролд 7,750,000 төгрөгийн түрээсийн төлбөр, *******-аас зээл авсан ба хүүнд нийт 9,399,802 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн төлбөрт 18,030,000 төгрөг, нийт 35,179,802 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,463,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид ажил гүйцэтгэх болон худалдах, худалдан авах гэрээний ялгааг тодорхой заасан бөгөөд нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо хэмжээ, талбай, загварыг тогтоож, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлыг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгыг дурдвал энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжтэй юм.
*******-тай ******* гудамжинд баригдахаар төлөвлөгдсөн “*******” хотхоны Б2 блокын 7 давхар 60,1 м.кв, ******* тоот 3 өрөө орон сууцыг 180,300,000 төгрөгөөр захиалж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж тодорхой төлбөрүүдийг төлсөн.
Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн дагуу буюу “*******” хотхоны Б2 блокын 7 давхар 60,1 м.кв ******* тоот 3 өрөө орон сууцыг 180,300,000 төгрөгөөр захиалж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байх тул ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг бүрэн хангаж байна.
Мөн шүүхийн шийдвэрт “нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон байна. Гэтэл бодит байдал дээр бий болоогүй бүрэн ашиглалтанд ороогүй, хэзээ ашиглалтанд орох хугацааг харилцан гэрээндээ тогтоож, хоосон план зураг харж сонголт хийж, хөрөнгө оруулсан буюу тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлж, ******* уг ажлын үр дүнг хүлээлгэн өгөх буюу ашиглалтанд оруулах ёстой байсан. Мөн тус барилгыг захиалагчдын хөрөнгө оруулсан мөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Иймд анхан шатны шийдвэрийн үндэслэл болж буй гэрээний шинжийг тодорхойлсон дүгнэлт үндэслэлгүй.
5.2. Ажил гүйцэтгэх гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж буруу дүгнэснээс хамаарч гэрээг хуулийн дагуу татгалзсан эсэх асуудлыг тайлбарлан дүгнэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 болон 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 227.3 зэрэг хуулийн заалтыг худалдах худалдан авах гэрээний заалтад хамаатуулан хэрэглэсэн нь буруу шийдвэр гаргах үндэслэл болжээ.
5.3. Гэрээний харилцааг буруу дүгнэхээс гадна гэм буруугийн байдлыг бодитой үнэлж тогтоогоогүйн улмаас гэрээний улмаас учирсан хохирлыг шүүх үнэлж дүгнээгүй.
Учир нь хариуцагч гэрээ цуцлах тухай урьдчилж мэдэгдэх нэмэлт хугацаа олгох үүргээ гүйцэтгээгүй байхаас гадна нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг ашиглалтад оруулж нийт 120,000,000 төгрөгийн ашигтай ажиллаж захиалагч буюу нэхэмжлэгчийг зээлийн төлбөрт унагааж ашиг олсон бодит нөхцөл байдлыг шүүх үнэн зөв үнэлж дүгнээгүй.
Иймд хууль бусаар гэрээ цуцалсны хохиролд 7,750,000 төгрөгийн түрээсийн төлбөр, *******-аас авсан зээлийн хүүний 9,399,802 төгрөг нийт 17,149,802 төгрөгийг гаргуулж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.”, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус заасан. Хариуцагчийн зүгээс уг гэрээг байгуулсан цагаас эхлэн нэхэмжлэгч талд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон мөнгө шилжүүлсэн баримтуудаас анхнаасаа ******* гэрээний үүргийн зөрчил гаргасан нь батлагдсан.
6.2. Нэхэмжлэгчийн зүгээс анх нийт гурван төрлийн хохирол шаардаж байсан бол, давж заалдах шатанд хоёр төрлийн хохирол шаардаж байна. Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөр, *******-аас авсан зээлтэй холбоотой хохирлыг шаардаж байна. Уг зээлийн харилцаа нь анх гэрээний урьдчилгаа төлбөр буюу гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөд зориулан авсан. Харин түрээсийн төлбөр нь гэрээ цуцлагдсанаас хойш барилга ашиглалтад орж улсын комиссын акт гарсны дараа нэхэмжлэгч түрээсийн орон сууц ашигласан гэж тайлбарладаг. Гэхдээ нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн бол хохирол, хор уршгийн төлбөрийг хариуцагч хүлээх нь зүй ёсны хэрэг байна.
Гэвч гэрээний үүргийн дагуу авч үзвэл нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй учраас хохирол, төлбөр шаардах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц захиалан бариулах гэрээг хууль бусаар цуцалсны хохиролд зээлийн хүүний төлбөр 9,399,802 төгрөг, орон сууц хөлсөлсөн төлбөр 7,750,000 төгрөг, алданги 18,030,000 төгрөг нийт 35,179,802 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлээ өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь талуудын хооронд маргаан бүхий орон сууцны талаар гэрээ байгуулагдсан эсэх, маргаан бүхий харилцаатай байгааг мэдээгүй гэх агуулгаар тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******* болон *******-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б2-*******-170 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* гудамж хаягт байрлах, “*******” хотхоны Б2 блок, 7 давхрын ******* тоот, 60,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор /2021 оны 4-р улиралд/ багтаан хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 180,300,000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 4-8 дугаар тал/
3.2. Улмаар, ******* нь *******тэй 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* гудамж, “*******” хотхоны Б2 блок 7 давхрын ******* тоот, 60,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 300,500,000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг *******, ******* нарын нэр дээр бүртгэж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 245-250, 2хх-ийн 1-29 дүгээр тал/
3.3. ******* нь гэрээний дагуу *******гийн төлсөн 119,050,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буцаан шилжүүлсэн. /1хх-ийн 29 дүгээр тал/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас гэрээнээс татгалзах журмыг буруу тайлбарласан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
Зохигчийг гэрээг байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацааны дараа ашиглалтад орж, өмчлөлд шилжүүлэхээр тохирсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байж болох боловч нэхэмжлэгчийн хүсэл зоригийн хувьд нийтийн орон сууцны зориулалттай баригдаж буй барилгаас давхар, талбайн хэмжээ, өрөөний тоо зэргийг сонгож, орон сууц авах зорилготой, харин уг орон сууцыг хэрхэн, ямар зохион байгуулалтаар барих талаар тохиролцоогүй тул худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзнэ. Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үйл баримтад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь нэхэмжлэгч үүргээ зөрчсөн эсэх, хариуцагч гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн эсэх буюу гэрээнээс үндэслэлгүй татгалзсан эсэх асуудал болжээ.
4.2. Талуудын байгуулсан гэрээний 2.2-т “2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор 90,150,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 36,060,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 36,060,000 төгрөг, улсын комисс ажиллаж, акт гарснаас хойш 30 хоногийн дотор 18,030,000 төгрөг төлнө. Банкны зээлийг өөрсдөө бие даан шийдвэрлүүлнэ”, 7.1.2-т “Захиалагч хөрөнгө оруулалт буюу гэрээний төлбөр төлөх хугацааг 60-аас дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж болно” гэж тус тус тохиролцжээ. /1хх-ийн 4-8 дугаар тал/
Ийнхүү тогтоосон төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хожим хойшлуулж, 2 дахь төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 3 дахь төлбөрийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болгон өөрчилсөн гэх тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг бодитой гэж дүгнэнэ.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохирсон буюу үүргийн зөрчил гаргаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргадаг боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.
Иймд үүргийг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх хууль болон гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч зөрчиж, энэ нь гэрээгээр тохиролцсон гэрээнээс татгалзах /цуцлах/ үндэслэл болжээ.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмаар хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22/04/06-24 дугаартай албан бичгээр гэрээний 7.1.2, 7.1.3-т заасны дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж /цуцалж/ буй талаар 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь талуудын тайлбар, тэдний харилцсан цахим зурваст үзлэг хийж бэхжүүлсэн баримтаар /1хх-39, 2хх-35-41/ тогтоогдож байх тул гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Харин анхан шатны шүүх хариуцагч тал гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн нь тогтоогдсон гэж зөв дүгнэсэн атлаа энэ талаар урьдчилан мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцсэнгүй. Учир нь
Хуулийн дээрх зохицуулалтаар гэрээнээс татгалзах эрх нэг тал мэдэгдсэнээр хэрэгжих бөгөөд үүнийг нөгөө тал мэдсэн байх агуулгатай, харин урьдчилан мэдэгдэх нөхцөлийг заагаагүй байна.
4.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээнээс татгалзах үндэслэлийг гэрээгээр тохиролцон тогтоож болно, гэрээгээр тогтоогоогүй бол үүргийн ерөнхий зохицуулалтын хүрээнд гэрээнээс татгалзах эрхийг мөн хуулийн 221, 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.
Талууд гэрээний 7.1.1-7.1.4-т гэрээг цуцалж, дуусгавар болгох үндэслэлийг тогтоосон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн тул гэрээний 7.1.2-т “Захиалагч хөрөнгө оруулалт буюу гэрээний төлбөр төлөх хугацааг 60-аас дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж болно” гэж зааснаар хариуцагч гэрээнээс татгалзах /цуцлах/ эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагатай байсан, уг хугацааг тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээгээр тохирсон үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй гэж буруутгах үндэслэлгүй болно.
4.4. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.
Энэхүү эрх нь гэрээний нэг талын үүргийн зөрчил, нөгөө талд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжих боломжтой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн, тухайн зөрчил нь талуудын тохирсон гэрээнээс татгалзах үндэслэл болсон, энэ үндэслэлээр хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхийг хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн нь тогтоогдсон байх тул гэрээний харилцаа дуусгавар болсонд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэж шүүх зөв дүгнэжээ.
5. Мөн анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлээс алдангид холбогдох 18,030,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА