Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2016/00276

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2016/00276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Аз Өсөх Билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжны 76 тоотод оршин суух Харагчууд овогт Гоошийн Дагиймөнхөд холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.067.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Аз Өсөх Билэг ХХК-ийн захирал Э.Өсөхбаяр, хариуцагч Г.Дагиймөнх, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Дагиймөнх нь 2015.04.13-ны өдөр барьцааны гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй авсан. Зээлийн хугацааг 2 удаа 3 сараар дахин сунгасан. Зээлийн хугацаа дууссан, үндсэн зээлээсээ хасалт хийлгэ гэж удаа дараа хэлсэн боловч удахгүй хаана гэж сунгалт хийлгэсээр байгаад 5 сарын төлөлт хийгдээгүй. Гэрээгээр БРА 21-46 улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Toyota estima маркын авто машин барьцаалсан. Манайх уг машины гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж өмчлөгч өөрөө зээлээ төлтөл машинаа унадаг. Гэрээ байгуулах үед уг машин нь хэвийн явж байсан боловч одоо болохоор батарей нь нурсан, асахгүй байгаа. Машины ченжид заръя гэж үзүүлсэн боловч сэлбэгэнд л авна гэсэн. Зээлийн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээгээр барьцаалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд дээрх хөрөнгө үрэгдэх, гэмтэх, өнгө үзэмжээ алдсанаас барьцаалагдсан үнэлгээнд тохирохгүй болсон, зах зээлийн үнэлгээ буусантай холбогдон гарах зардлыг зээлдэгч хүлээхээр заасан байгаа. Иймд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахгүй. Хариуцагч нь барьцаанд тавьсан өөр машины тухай яриад байна, тэр бол нөхрийнхөө нэр дээр барьцаанд тавьж өөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан асуудал юм. Энэ гэрээний үүрэгтэй огт холбоогүй асуудал юм

Иймд Г.Дагиймөнхөөс үндсэн зээл 2500.000 төгрөг, 2016 оны 1, 2 дугаар сарын хүү 350,000 төгрөг, 91 хоногийн алданги 1.217.125 төгрөг, нийт 4.067125 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Дагиймөнх нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр банкны зээлийн асуудалтай байсан болохоор 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөгийн зээлийг автомашинаа барьцаалаад зээлсэн. Тэгээд 3 сараар 2 удаа сунгалт хийлгэсэн.

Улмаар 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дахин 7.200.000 төгрөгөөр авсан машинаа 3.000.000 төгрөгийн барьцаанд тавиад 2 сарын дотор хураалгаад уг зээлийн асуудал бүрэн дууссан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлт дуусгавар болоогүй байна. Би энэ мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй, барьцаанд байгаа цагаан өнгийн Истима маркын авто машинаар зээлийн гэрээний үүргийг хангуулах хүсэлттэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь хариуцагч Г.Дагиймөнхөөс барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.067.125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа боловч барьцаанд тавьсан машинаар зээлийн төлбөрөө төлнө, нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулахад хэвийн байсан авто машин эвдэрсэн тул барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.

 

Зохигчид нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2500.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай БРА 21-46 улсын дугаартай toyoto estima маркийн автомашин барьцаалан зээл олгожээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, зохигчдын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нийцсэн байна.

 

Зээлийн гэрээ дуусгавар болоход зохигчид гэрээг 2015.8.13-наас 2015.11.13-ны өдөр хүртэл, 2015.11.13-наас 2016.2.13-ны хүртэл 2 удаа сунгасан болон 2016 оны 1, 2 сарын хүү төлөөгүй талаар хариуцагч маргаагүй.

 

Зээлийн гэрээний 1-р зүйлийн 1.5 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тусгажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ дууссан хугацаа буюу 2016.2.14-ны өдрөөс үндсэн зээл 2500.000 төгрөг, 2016 оны 1, 2 дугаар сарын хүү 350.000 төгрөг нийт 2850.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний 1.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2.850.000 төгрөгийн 0,5 хувь буюу нэг өдрийн 14.250 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүсчээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 2.850.000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй байна.

 

Иймд хариуцагч нь барьцаат зээлийн гэрээний 2.2.2-т заасны дагуу үндсэн зээл 2.500.000 төгрөг, зээлийн хүү 350.000 төгрөг, 2016.2.14-ний өдрөөс 2016.5.8-ны хүртэл 85 хоногийн алданги 1.211.250 төгрөг нийт 4.061.125 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 4067,125 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зээлийн үүрэг 2850.000 төгрөгийг хасаад 4.067.125-2.850.000=1.217.125 төгрөг нь алданги юм гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч алдангийн хэмжээгээ буруу тооцсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнд нөлөөлөхөөргүй байх тул шүүхээс зөвтгөж тооцов.

 

Иймд шүүх нийт 1.211.250 төгрөгийн алданги тооцож нийт 4.061.125 төгрөгийг төлөхөөр тооцож гаргасан, нэхэмжлэгч нь 1.217.125 төгрөгийн алданги тооцож 4.067.125 төгрөгийг нэхэмжилж нэг өдрийн алдангид хүрэхгүй 6000 төгрөгийг зөрүү гарч байна.

 

Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ өөрчлөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилснээр 4.067.125 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Барьцаат зээлийн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зээлдэгч нь барьцаалсан зээлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд дээрх хөрөнгө үрэгдэх, гэмтсэн тохиолдолд холбогдон гарах хариуцлагыг зээлдэгч хариуцахаар заасан байна.

 

Нэхэмжлэгчийн барьцааны машины батерей гэмтсэн, одоо машин явахгүй байгаа талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна .

 

Иймд нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, барьцааны хөрөнгө гэмтсэн байх тул зээлийн төлбөрийг барьцаалсан хөрөнгөөр хангуулах хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Харагчууд овогт Гоошийн Дагиймөнхөөс барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.067.125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80.024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА