| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/03860/И |
| Дугаар | 210/МА2025/01470 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01470
2025 09 01 210/МА2025/01470
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгуулж, ******* маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлэхийг даалгах, мөн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК нь 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэхээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *******-д хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тус хүсэлтийн дагуу ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр , , дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, дугаартай “Барьцааны гэрээ”, дугаартай "Дансны орлого барьцаалах гэрээ"-г тус тус байгуулсан.
Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг худалдан авахаар *******-ийн сонгосон нийлүүлэгч болох БНХАУ-ын ******* XXК-тай ******* ХХК болон ******* ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дугаартай "Худалдах, худалдан авах гурван талт гэрээ"-г байгуулсан ба 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "*******" ХХК-д хүлээлгэн өгсөн.
1.2. Мөн Санхүүгийн түрээсийн үндсэн гэрээний түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах болон уг гэрээний зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр -01 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ", 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр -2 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ", 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр -3 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г тус тус байгуулсан.
1.3. Түүнчлэн "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус заасны дагуу “*******" ХХК, "*******" ХХК болон барьцаалуулагч нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", “*******" ХХК, "*******” болон барьцаалуулагч нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", мөн “*******" ХХК, "*******" ХХК болон барьцаалуулагч ******* нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", “*******" ХХК болон "******* ХХК хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан дугаартай "Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ" зэргийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна.
1.4. Барьцаалуулагч "*******" ХХК, , , ******* нарт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар "*******" ХХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр , , , тоот албан бичгүүдээр мэдэгдсэн.
1.5. Иймд "*******" ХХК болон “*******" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох хуримтлагдсан алдангийн төлбөр 756,854,569.11 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 773,458,426.63 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 1,516,709,138.22 төгрөг, нийт 3,047,022,133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,744,060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулах, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч "*******" ХХК-иас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан "... Хэтэрсэн хугацааны хүү, алданги...", олох ёстой байсан ашиг орлого зэрэг төлбөрүүдийг нэхэмжилсэн байдал нь маргаан бүхий гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.
"*******" ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 1,814,664,312 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний загварын Норд бенз маркийн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг захиран зарцуулах эрхэндээ хүчээр шилжүүлэн авснаар хугацаатай гэрээг төлбөр төлөгдөөгүй буюу гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч "*******" ХХК-иас хугацаанаас өмнө цуцалж, дуусгавар болгосон. Ингэснээр тэрээр хүү, алданги шаардах хуульд заасан эрхээ алдсан тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй.
Нөгөө талаар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд удаа дараагийн албан бичгүүд, "*******" ХХК-иас хугацаатай гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсан болох нь хангалттай нотлогдож байгаа ба гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, алдангийг хуулиар шаардах эрхгүй болно.
2.2. Хэрэгт авагдсан баримтад үндэслэн тооцоход хариуцагч талаас 1,814,664,312 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгчид өгч, мөн гэрээг дуусгавар болгон цуцлах хүртэл хугацаанд төлсөн 527,907,487.99 төгрөг, урьдчилгаа болгон төлсөн 314,390,592 төгрөг, даатгалд төлсөн 6,828,696 төгрөг, гаалийн татварт төлсөн 190,797,376 төгрөг буюу 2,854,588,463.99 төгрөгийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас ийм хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг дангаар цуцалснаас хойших хугацааны хүү, алданги, олох ёстой байсан орлого шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан учраас энэ талаарх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болно.
2.3. Нэхэмжлэгч "*******" ХХК-иас урьдчилгаа төлбөрийг нь авч нийт 28 ширхэг эд хөрөнгийг худалдан авсан атлаа буцаан санхүүгийн түрээсийн гэрээ гэх нэрийн дор хариуцагч талд өөрт нь түрээсэлж, ашиг орлого олж байгаа нь санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинжийг зөрчсөн байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн шинжийг агуулсан, гэвч талуудын тохиролцоо, гол нөхцөл, санхүүгийн түрээсийн олгож байгаа хэлбэр зэрэг нь зээлийн гэрээний харилцааны шинжийг агуулж байх тул гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байна.
2.4. "*******" ХХК өөрийн өмчлөлдөө дээрх эд хөрөнгийг бүрэн шилжүүлж авсан бөгөөд тухайн эд хөрөнгийн бодит эзэмшил, ашиглалт нь хариуцагч талд байсан боловч нэхэмжлэгч тал санхүүгийн түрээсийн төлбөрөө огт төлөөгүй гэх шалтгаанаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн лацдаж, өөрийн өмчлөлд буюу эзэмшил, ашиглалтдаа бүрэн шилжүүлэн авч, хариуцагч компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тул түрээсийн үндсэн төлбөр гэж нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдаж авсан эд хөрөнгийг өмчлөлдөө бүрэн шилжүүлж авсан атлаа нэмж үнийг нь шаардаж байгаа нь хууль бус юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал загварын Норд бенз загварын толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг хариуцагчаас шилжүүлэн авч улмаар буцаан хариуцагчид өөрт нь түрээсэлж байгааг санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхгүй гэж ойлгож байгаа болно.
2.5. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа бус харин зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзвэл зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан байх тул шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой.
2.6. Түүнчлэн, "*******" ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 407 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь бие даасан хуультай ба уг хуулийн 8 дугаар зүйлд нэрлэн заасан үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна.
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ.” гэж, мөн хуулийн 6.1.10 дэх хэсэгт “...Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа...” гэж нэрлэн заасан нь байх тул "*******" ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр санхүүгийн түрээсийн үйл ажиллааг эрхэлсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ******* дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ" хүчин төгөлдөр бус байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа төдийгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудал яригдахаар байна. Мөн тус хүчин төгөлдөр бус гэрээний зүйл болох 14 толгой, 14 чиргүүл буюу нийт 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан байх тул хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болон гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үр дагавар үүснэ гэж үзэж байна.
2.7. Барьцааны гэрээний тухайд зохигчид ******* дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дор дурдсан эд хөрөнгүүдийг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. Талуудын хооронд байгуулагдсан дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч талаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа тул барьцааны гэрээнүүдийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан дээр дурдсан хучин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул эдгээр барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мөн хуулийн 56.5, 56.6-д заасан хохирлын асуудлыг давхар шийдвэрлүүлэх болно.
2.8. Иймд талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэх гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгч "*******" ХХК нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул хууль бус гэрээний дагуу тооцсон хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Зохигчдын хооронд байгуулагдсан гэх дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ"-г хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3-т заасан санхүүгийн түрээсийн гэрээнд тавигдах шаардлагыг хангаагүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгч талаас шаардаж байна.
"*******" ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг эрхэлдэг эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр уг үйл ажиллагааг эрхлэн явуулсан гэж үзэж байх тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Мөн тус хүчин төгөлдөр бус гэрээний зүйл болох Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүл буюу нийт 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авсан байх тул хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болон гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан төлөх буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан эрх зүйн үр дагавар үүснэ.
3.2. Зохигчдын хооронд байгуулагдсан дугаар “Санхүүгийн түрээсийн гэрээ" гэх гэрээг хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул дээрх нэрлэн заасан барьцааны гэрээнүүд нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 болон 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул эдгээр нэр бүхий барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ” гэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор хийгдсэн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж үзэж энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргалаа. Эрх зүйн үр дагаврын хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасан хохирлын асуудал давхар яригдана.
3.3. Иймд хариуцагч “*******" ХХК-иас "*******" ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэх дугаар "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг "*******" ХХК-д даалгаж, "*******" ХХК болон "*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан , *******, дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", дугаар “Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэр бүхий барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг "*******" ХХК-д даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ "түрээслэгч нь эд хөрөнгийг бусдаас худалдан авч түрээслүүлж болох хэдий ч хуулийн дээрх заалтад буй "түүнээс” гэсэн агуулга нь түрээслэгчээс буюу "*******" ХХК-иас өөрөөс нь худалдан авч улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээсийн үнэ буюу төлбөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийм агуулгаар буцаан төлбөр, хүү авч байгаа үйлдэл нь хууль бус юм" гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т "Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй" гэж заасан. Түрээслэгч "*******" ХХК-ийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 19/78 дугаартай албан бичгээрээ түрээсийн зүйл болох 14 ширхэг чирэгч толгой, 14 ширхэг чиргүүлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны компаниар үйлдвэрлүүлж, худалдан авах хүсэлтийг "*******" ХХК-д гаргасан.
Энэ хүсэлтийн дагуу "*******" ХХК-иас судалгаа хийж гуравдагч этгээд буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны ******* компаниар Норд бенз загварын 14 ширхэг чирэгч толгой, 14 ширхэг чиргүүлийг үйлдвэрлүүлж, "*******" ХХК нь худалдан авсан. Энэ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасантай нийцэж байна.
Хариуцагчийн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн харилцаа байна гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
4.2. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ нэхэмжлэгч компанийн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээ, хэлцэл байгуулсан гэжээ. Хариуцагчаас Зөвшөөрлийн тухай хуулийн 2.24 дэх заалтыг тайлбарлахдаа зориуд мушгин тайлбарласан байна. 2.24-т “банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх" гэж заасан байхад тайлбартаа таслал оруулан тусдаа 2 этгээдийн үйл ажиллагаанд зөвшөөрөл авах мэтээр тусгажээ. Дээрх заалт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнууд нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх бол Монгол банкнаас зөвшөөрөл авах ёстой талаар тусгагдсан байтал банкны үйл ажиллагаа эрхэлдэггүй "*******" ХХК-д хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
4.3. Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан "*******" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь "Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ" гэж заасан. Иймээс хариуцагчийн "*******" ХХК-ийг зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасанд хамаарахгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
4.4. Түүнчлэн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж зааснаар "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээ нь өмнөх шаардлагын дагуу хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэн 5 барьцааны гэрээ, 1 шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаарджээ.
Гэтэл дээр дурдсан үндэслэлээр "*******" ХХК болон "*******" ХХК хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр тул 5 барьцааны гэрээ, 1 шаардах эрх шилжүүлэх гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх шаардлага хангагдах боломжгүй, үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч "*******" ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:
5.1. "*******" ХХК болон "*******" ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г уншиж танилцахад Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ гэж ойлгогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр тал хамтарч ашиг орлого олох зорилгыг агуулаагүй "Хөдөлмөрийн мөлжлөгийн гэрээ", "Орчин үеийн боолчлолын гэрээ", "Бусдын хөрөнгийг завших нуугдмал зорилго агуулсан баримт бичиг" гэсэн агуулгаар ойлгогдож байна.
Төр буюу төрийн өмчит хуулийн этгээд болох "*******" ХХК нь өөрт хэтэрхий давуу байдал үүсгэсэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу "********" ХХК-ийн /ирсэн *******, тухайн үед 23 настай байсан/ эрх ашгийг илтэд хохироосон, ажлын хүндийг хийж, алс хэтдээ дампуур гэсэн агуулгатай Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийлүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан "Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" байна гэж би үзэж байна.
"*******" ХХК-ийн "*******" ХХК-иас нэхэмжилж байгаа нийт мөнгөн дүнгийн тооцоолол ойлгомжгүй байна. Түрээсээр олгосон автомашинууд бүрэн өөрсдийнх нь өмчлөл, эзэмшилд байгаа боловч автомашинуудынхаа үнийг нэхэмжилсэн, хүү алдангийн тооцоолол нь үнэн зөв гэдэгт шүүхэд гаргасан баримтуудаас нь харахад илтэд алдаатай. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн дүнгүүдийн тооцоог 2 тал тооцоо нийлж баталгаажуулаагүй байна.
"*******" ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "*******" ХХК-ийн банк дахь тоот юанийн дансанд шилжүүлсэн 802,078.2 юанийг хэрхэн, ямар төлбөрт тооцсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Эдгээр баримтууд зөвхөн нэхэмжлэгч талд байгаа баримт бөгөөд хариуцагч олж авах, шүүхэд гаргаж өгөх боломжгүй нотлох баримт байна гэж би үзэж байна.
5.2. Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.22-т заасны дагуу "*******" ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 58 минутад "*******" ХХК-ийн банкин дахь тоот дансанд 802,078.2 юань шилжүүлсэн нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагч нь 802,078.2 юанийг “*******" ХХК-иас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна.
5.3. Хэргийн материалаас харахад “*******” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,047,022,133.96 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,744,060.67 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаардсан нь барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна.
Миний бие өөрийн эрх, ашгаа хамгаалах зорилгоор бие даасан шаардлага гаргах эрхтэй байх тул миний нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой болон барьцааг бүртгэсэн улсын бүртгэл, барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийн талаар маргах болно гэдгээ илэрхийлж байна.
5.4. Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны гэрээг байгуулсан байх ба тухайн барьцааны гэрээ байгуулагдсан эсэхийг би мэдээгүй ба шүүхэд дуудсанаар хэргийн материалтай танилцах үедээ олж мэдлээ.
Иймд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Хариуцагч тал шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба уг сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 2,087,683,206.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 959,338,927.82 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчид холбогдох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, , , 20/а тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, гуравдагч этгээд агсны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдсэн, 57.4 м.кв талбайтай, орон сууц, гуравдагч этгээд агсны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, , , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 36.9 м.кв талбайтай, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэхүү шаардлагаас үлдэх автомашин болон дугаар дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 15,971,579.63 төгрөг, хариуцагчийн 11,140,880 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,666,566.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... маргаж буй гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасантай нийцсэн, тухайн санхүүгийн түрээсийн гэрээ нь бодитоор хэрэгжсэн, хүчин төгөлдөр гэрээ байна..." гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй, шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, маргааны үйл баримт, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж энэ талаар хэрэглэвэл зохих хуулийн заалтыг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэж байна.
7.2. Учир нь, хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарыг шүүх шийдвэр гаргахдаа огт анхаарч үзээгүй. Харин ч эсрэгээрээ шүүгч нотлох баримтыг шинжлэн судлахдаа хариуцагч анх гаргасан хариу тайлбараа адилхан хуулж бичсэн байна гэх зэргээр эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
7.3. Хэрэгт зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан "Санхуулийн түрээсийн гэрээ" гэх гэрээ нотлох баримтаар авагдсан. Гэрээний 1.2-т “...Түрээслүүлэгч нь гэрээний хавсралт 1-т заасан түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгч гэрээнд заасан нөхцөлөөр түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх, гэрээний хугацаа дуусаж төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан үед өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна...” гэж тохиролцсон. Гэрээний хавсралтаар "*******"-ын маркийн чирэгч толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг, нийт 1,8 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэтэй 28 ширхэг эд хөрөнгө байсан ба энэхүү эд хөрөнгө гэрээний зүйл болсон үйл баримт,
Гэрээний 2.1-т: “...Санхүүгийн түрээсийн хэмжээ: 4,545,109.80 юаньтай тэнцэх төгрөг бөгөөд ханшийг олгох өдрийн ханшаар тооцно...” 2.2-т “...түргэсийн хүү жилийн 11 хувь...”, 2.3-т “...гэрээний хугацаа 5 жил..." байна гэж үндсэн нөхцөлийг талууд тохиролцсон үйл баримт,
Зохигчид БНХАУ-ын *******-тэй 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж загварын Норд бенз загварын толгой 14 ширхэг, чиргүүл 14 ширхэг зэрэг эд хөрөнгийг 4,629,600 юанаар худалдан авахаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, аль аль нь урьдчилгаа төлбөрийг зохих хувь хэмжээгээр төлсөн үйл баримт нотлогддог.
Эндээс үзэхэд "*******" ХХК-иас өөрөөс нь тухайн эд хөрөнгийг худалдан авч, улмаар хариу төлбөр гэж шилжүүлсэн мөнгөндөө хүү тооцон буцаан авахыг санхүүгийн түрээс гэж үзэхгүй, харин зээлийн гэрээний харилцаа илүү давамгайлсан байх тул шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг тухайн маргаанд тайлбарлах бүрэн боломжтой байсан.
Иймд маргаан бүхий гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ч шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүйг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байгаа.
7.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийт 4,545,109.80 юань төлжээ..., 2019 оны 03 дугаар сарын 21-ний байдлаар Монгол банкнаас зарласан албан ханшаар 1 юань нь 393.68 төгрөг тул 1,789,318,829.06 төгрөгийн санхүүгийн түрээс олгогдсон..., Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй..." гэж гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмч бөгөөд өөрийн өмчийг тодорхой хугацаатай хариуцагчид ашиглуулсан гэх агуулга бүхий дүгнэлт нь хууль бус байна.
Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ гэрээний зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэх, хариуцагч гэрээний үндсэн төлбөр, хүүг давхар төлөх агуулгатай эрх зүйн дүгнэлт хийсэн нь хоорондоо зөрчилдөөнтэй, нарийвчилсан зохицуулалттай хууль, гэрээний зорилгод нийцэхгүй байна. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэж байгаа бол Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд зааснаар гэрээний зүйл хариуцагчийн өмчлөлд үлдэж, хариуцагч санхүүгийн түрээсийн төлбөр, хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг л үүснэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний зүйлийг гуравдагч этгээдээс хариуцагчтай хамтран худалдан авч, хариуцагчид түрээслүүлсэн, нэхэмжлэгчийн өмчлөлд буюу өөрт нь бүртгэлтэй байсан хөрөнгийг хариуцагч түрээслээгүй учраас түрээсийн зүйл нэхэмжлэгчид өөрт нь үлдэх агуулгатай дүгнэлт хийсэн буруу байх ба энэ талаар шүүхээс дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.
7.5. Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэрэгжсэн гэх шүүхийн дүгнэлт зөв байх ба нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцалсан тул гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү шаардах эрхтэй талаар хийсэн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүрэгт хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж үзэх ба үүнээс хойшхи хугацааны хүү, алданги шаардах эрхгүй.
Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргахдаа гэрээний зүйлийг Монгол Улсын хилээр оруулан ирж хариуцагч "*******" ХХК-ийн нэр дээр бүртгүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан ба эзэмших, ашиглах эрх хариуцагчид байсан тул гэрээний үнэ болох 4,545,109.80 юань буюу 1,789,318,829.06 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой гэсэн тайлбар гаргаж маргасан болно.
Яагаад гэвэл 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд хожим бүрэн шилжүүлж авсан учраас машин механизмын үнэ хасагдах ёстой гэж үзсэн. Харин шүүхийн дээрх дүгнэлтээр бол гэрээний зүйл нэхэмжлэгчид, гэрээний төлбөр, хүү нэхэмжлэгчид төлөгдөх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн нэхэмжлэгч гэрээний төлбөр, хүү болон гэрээний зүйлийг өөртөө авах нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хэлбэр тул энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
7.6. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гэрээ нь 4 жил, 6 сар, 6 хоног хэрэгжсэн байна, нийт 888,948,304 төгрөгийн хүү тооцогдоно. Улмаар үндсэн төлбөрийг нэмбэл нийт 2,678,267,133.06 төгрөг юм. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тооцооллоос үзэхэд хариуцагчийг нийт 590,583,926.92 төгрөг төлсөн гэжээ. Хариуцагчийн бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байгаа дансны хуулгаас үзэхэд 487,317,488.13 төгрөг төлсөн байна..., эдгээр үндэслэлээр үүссэн үүргээс төлсөн төлбөрийг хасвал 2,087,683,206.14 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна...” гэж дүгнэсэн нь илгэд алдаатай, шүүх хариуцагчийн төлөх төлбөрийн үүрэгтэй холбоотой тооцооллыг хийхдээ нотлох баримтыг дутуу үнэлэх замаар төлөх төлбөрийн хэмжээг гаргасаныг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч 1,814,664,312 төгрөгийн үнэ бүхий Норд бенз загварын 14 толгой, 14 чиргүүлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээг цуцлах хүртэл нэхэмжлэгчид 590.583.926.92 төгрөг, урьдчилгаа 314,390,592 төгрөг, даатгалд 6,828,696 төгрөг, гаалийн татварт 190,797,376 төгрөг, нийт 2.917.624.902,92 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах ёстой байсан.
7.7. Шийдвэрт: "...гуравдагч этгээд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц, 5 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 482 м.кв талбайтай, хувийн сууц, гараж, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар..."-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй ба хууль зүйн хувьд илтэд алдаатай дүгнэлт хийгдсэн.
Хавтаст хэрэгт гуравдагч этгээд *******аас өөрийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдад барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон талаарх итгэмжлэл огт авагдаагүй, нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй ба хариуцагч талаас уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сөрөг шаардлага гаргасан. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох байтал шүүх энэ талаар эрх зүйн буруу дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.
7.8. Шийдвэрт гуравдагч этгээд , гуравдагч этгээд нарын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрт даалгаж шийдвэрлэснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй ба энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ хууль зүйн хувьд илтэд алдаатай, шийдвэр хэрэгжих боломжгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Хэдийгээр шүүх , нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч уг хоёр этгээдэд нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс гардуулаагүй, тэдэнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй атлаа тэдний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнд хамаарна.
Түүнчлэн, эдгээр хоёр гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан аваагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно гэж үзэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгийн төгсгөлд нэхэмжлэгч тал эдгээр хоёр гуравдагч этгээдийг хэрэr хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан хүсэлтээсээ татгалзаж, тэдний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан агуулгатай тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, харин ч тэдний нэр дээр бүртгэлтэй байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар иргэн нас барснаар эрх зүйн харилцаа дуусгавар болох бөгөөд нас барсан этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
7.9. Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хүлээн авч, Монголын нотариатчдын танхимын болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх албан бичгийг нотлох баримтаар авсан боловч эдгээр албан бичгийг хариуцагч болон гуравдагч этгээд нарт танилцуулаагүй, нотлох баримт танилцуулсан баримтад гарын үсэг зураагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүхээс Санхүүгийн түрээсийн гэрээний хэрэгжсэн хугацааг үндэслэлгүйгээр буруу тооцож, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан санхүүгийн түрээсийн хүүгийн төлбөрийг бууруулж тооцсон. Нэхэмжигч "*******" ХХК-ийн зүгээс хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд нийт 2,883,591,820.34 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу тухайн өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан алданги, хүүгийн төлбөрийг тус тус нэмэгдүүлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нийт 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнг 3,047,022,133.96 төгрөг гэж тодорхойлсон.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Зохигч 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь буцаан авсан цаг хугацааны талаар маргаагүй тул энэ өдөр хүртэл гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. Энэхүү үндэслэлээр гэрээ нь 4 жил 6 сар 6 хоног хэрэгжсэн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн болон нотлох баримтын хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 3.1.11, 7.1.2-т зааснаар түрээсийн зүйлийг битүүмжилж, хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардахтай холбоотой түрээслүүлэгч "*******" ХХК-ийн эрхийг тодорхойлсон заалт бөгөөд гэрээний зүйлийг хариуцагчийн ашиглалтаас нэхэмжлэгч нь түр хугацаанд хураан авч, битүүмжилсэн үйл баримтыг гэрээ хэрэгжсэн буюу гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө цуцалсан гэж илтэд буруугаар тайлбарсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгч гэрээний зүйлийн захиран зарцуулах эрхэд тодорхой хязгаарлалт тогтоох нь хариуцагч Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх үндсэн үүргийг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд үүрэг нь хэвээр хадгалагдана.
8.2. Түүнчлэн анхан шатны шүүхээс гэрээ хэрэгжсэн гэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр тогтоохдоо 4 жил 6 сар 6 хоног буюу нийт 1646 хоног гэж тооцож, илэрхий математик алдаа гаргасан байна. Анхан шатны шүүхийн уг тооцооллоор гэрээ хэрэгжсэн гэх хугацааг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн, гэрээ хэрэгжсэн гэх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход нийт 1804 хоног буюу 158 хоногийн зөрүүтэй тооцоолол гаргасан.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан тооцооллыг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон гаргасан бөгөөд энэ нь нийт 2063 хоног юм.
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д "Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирах, сар, долоо хоног хоног, цагаар тодорхойлно" гэж, хугацаа тоолох журмыг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д "Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эхлэн тоолно" гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж нийт 417 хоногийг дутааж, үндсэн төлбөр, хүүгийн тооцоолол хийхдээ нотлох баримтыг дутуу үнэлж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх гэрээ хэрэгжсэн гэх хугацааг 4 жил 6 сар 6 хоног гэж тооцохдоо хариуцагчид үүссэн хүүгийн үүргийг 1 жилд 196,825,072 /1,789,318,829.06*11%/ төгрөг, 4 жилд 787,300,288 төгрөг, 1 сард 16,402,089 /196,825,072/12/ төгрөг, 6 сард 98,412.534 төгрөг, 1 хоногт 539,247 /196,825,072/365/ төгрөг, 6 хоногт 3,235,482 төгрөг, нийт 888,948,304 төгрөгийн хүү тооцогдоно гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 4.2.1, 6.6 дахь заалт нь үүрэг гүйцэтгэгч санхүүгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тодорхой дараалалтайгаар төлөх зохицуулалттай болохыг харуулж байх ба эргэн төлөлтөөс хамааран үндсэн төлбөр, хүү тогтмол өөрчлөгддөг болохыг тооцоололд огт тусгаагүй болох нь илэрхий байна.
Шүүхийн тоцоолол нь 11 хувийн зарласан хүүг энгийн хүүгийн аpaap (simple interest) бодсон боловч хүү бодох давтамж, гэрээний хуваарийн дагуу өөрчлөгдөх төлбөрийн нөлөөллийг тооцолгүй, нийт 888,948,304 төгрөг гэж тогтоосон. Энэ нь гэрээний санхүүгийн үүргийн бодит байдлыг тусгаагүй, илэрхий алдаатай тооцоолол юм.
Мөн шүүхээс хүүг нэг удаагийн төлбөр мэтээр тооцож, үндсэн төлбөр 1,789,318,829.06 төгрөгийн хүүг тасралтгүйгээр 4 жил 6 сар 6 хоногт тооцсон нь буруу бөгөөд энэ хугацаанд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил, хугацаа хэтрүүлэлтийн хэмжээг хуваарийн дагуу үе шаттайгаар нотлох баримтад тулгуурлан тооцох зэргийг харгалзаагүй.
8.3. Нотлох баримтын үнэлгээний тухайд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хавсаргасан тооцоололд хүүгийн дүн 773,458,426.63 төгрөг гэж тусгагдсан бөгөөд энэ нь гэрээний Хавсралт 2-т заасан эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн төлбөрийн зөрчлийн баримтад тулгуурласан байна. Гэтэл шүүх уг нотлох баримтыг бүрэн хянаж, харьцуулалт хийлгүй, хүүгийн тооцооллыг өөрийн аргаар, ямар ч тодорхой тайлбаргүйгээр гаргасан нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын хамаарал, үнэлгээний зарчмыг зөрчсөн үйлдэл болно.
Иймд нэхэмжлэгч "*******" ХХК-ийн зүгээс анхан шатты шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд хариуцагч "*******" ХХК-иас хуримтлагдсан алданги 756,854,569.11 төгрөг, хуримтлагдсан хүү 773,458,426.63 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 1,516,709,138.22 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 3,047,022,133.96 төгрөгийг гаргуулахыг шаардах эрхтэй байна.
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан алданги, хүү, төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчлийг тус тус нэмэгдүүлэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нийт 163,430,313.62 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Санхүүгийн түрээсийн гэрээний мөн чанар, гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага, зөрчлийн хохирлыг бодитоор үнэлээгүй, хэт формаль дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага буюу 163,430,313.62 төгрөг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.2-т заасанд бүрэн нийцсэн бөгөөд гэрээний Хавсралт 2-т заасан эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн төлбөрийн зөрчлийн баримтаар бүрэн нотлогдсон.
8.4. Санхүүгийн түрээсийн гэрээний мөн чанар нь хөрөнгийн эзэмшил, ашиглалтын эрхийг тодорхой нөхцөлтэйгөөр шилжүүлж, үүний хариуд түрээсийн төлбөр авч, хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ, ашиглалтаар орлого олдог бизнесийн харилцаа юм. Тиймээс хариуцагч хугацаанд нь төлбөрөө биелүүлээгүй бол гэрээний дагуу түрээсийн төлбөрийг холбогдох дарааллаар төлөхөөр заасан нь төлбөр төлөх, төлбөрийг суутгах дарааллыг талууд хэрхэн тохиролцож, мөрдлөг болгож байсныг харуулж байна.
Хэрэв хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь, тогтсон эрэмбийн дагуу төлж байсан бол дээрх 590,583,926.92 төгрөгийг Санхүүгийн түрээсийн гэрээний 6.6-д заасан эрэмбийн дагуу эхлээд даатгалын хураамж, алданги, хүүгийн төлбөрт тооцогдох учиртай бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн нөхцөлд шууд үндсэн төлбөрт хорогдуулах нь гэрээний зүй тогтлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүхээс 590,583,926.92 төгрөгийг үндсэн төлбөрөөс шууд хасаж тооцсон нь үндэслэлгүй.
Цаашлаад, анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа гэрээний хэрэгжилтийн бодит баримт, үүрэг биелэгдсэн эсэхийг тодорхойлдог хүү, алдангийн тооцоолол, нэхэмжлэлийн шаардлагад тусгасан бүтэцчилсэн төлбөрийн задаргаа, эргэн төлөлтийн хуваарийг (Хавсралт 2) хангасан байдлыг хангалттай үнэлж судлаагүй, шүүхийн дүгнэлт нь үндэслэл сул, гэрээний тайлбарлалтын зарчимд нийцээгүй байна.
Иймд шүүхээс 590,583,926.92 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцсон дүгнэлтийг хүчингүй болгож, энэхүү төлбөрийг гэрээний дагуу даатгал, хүү, алданги, бусад үүргийн гүйцэтгэлд хамааруулан тооцох зохицуулалтыг сэргээх нь зүйтэй гэж үзэж байна.
8.5. Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн тухайд: Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хариуцагч уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй болохыг зөвөөр дүгнэсэн.
Гэтэл ийнхүү үүрэг зөрчигдсөн нь шүүхийн дүгнэлтээр батлагдсан байтал, шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д: "Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэхгүй" гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй бөгөөд шүүхийн шийдвэрт хууль зүйн нэг мөр, үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийж чадалгүйгээр логик зөрчил гаргасан болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд талууд гэрээнд тусгасан алдангийн нөхцөлийг мөрдөх, алданги нэхэмжлэхийг хориглоогүй, харин ч зөвшөөрч буй зохицуулалт юм.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5, 6.6-д түрээсийн төлбөр хугацаа хэтэрсэн хоногт гэрээнд заасан алдангийн хэмжээгээр алданги тооцох, төлүүлэх эрхийг нэхэмжигчид олгосон буюу гэрээнд заасан нөхцөлийн дагуу хоног тутам 0.3 хувийн алданги тооцож, гэрээний үүргийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд алданги шаардаж байсныг батлах нотлох баримтууд хэрэгт авагдсан, талууд энэ нөхцөл байдал дээр маргадаггүй.
Гэрээний үүргийн зөрчил, үндсэн төлбөрийн үлдэгдэл бүрэн төлөгдөөгүй нөхцөлд нэхэмжлэгчийн алданги тооцсон үйлдэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 болон гэрээний 6.5, 6.6 дахь заалтад бүрэн нийцсэн. Иймд шүүхээс "Санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул алданги тооцох боломжгүй" гэх ерөнхий, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь нотлогдсон гэрээний хүчин төгөлдөр байдал, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Мөн шүүхийн шийдвэрт логик болон хууль зүйн зөрчил үүсгэсэн тул энэ хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан нөхцөлийн дагуу алданги тооцох зохицуулалтыг хэвээр үлдээх шаардлагатай.
8.6. Автомашин болон хариуцагчийн банк дахь холбогдох дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Цахим мэдээллийн санд тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулж, дугаараар бүртгэгдсэн. Барьцааны мэдэгдлийг 60 сар буюу 5 жилийн хугацаатайгаар бүртгүүлсэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш уг бүртгэл Цахим мэдээллийн санд зөвхөн хаалттай хэлбэрээр хадгалагдаж байгаа нь барьцааны эрх хүчингүй болсон гэсэн утгыг илэрхийлэхгүй. Гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг уг автомашинаар хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан.
8.7. дугаартай барьцааны гэрээний зүйл болох банк дахь хариуцагчийн дугаартай дансны мөнгөн хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
Нэхэмжлэгч "*******" ХХК, хариуцагч "*******" ХХК болон гуравдагч этгээд болох банк ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дугаартай гурван талт барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд банкны салбарын захирал Р.Гансүх эрх бүхий этгээдийн хувиар гарын үсэг зурж, гэрээнд заасан эрх, үүргийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу банк дахь дугаартай дансанд хамаарах мөнгөн хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн нь баримтаар тогтоогдсон байна.
Түүнчлэн уг гэрээнд хавсаргасан "Төлбөр шилжүүлж байх тухай мэдэгдэл"-ийн загвар болон гэрээний хавсралтад тус данс нь хариуцагч "*******" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болохыг банк өөрөө баталгаажуулсан бөгөөд уг баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Гуравдагч этгээд болох арилжааны банк барьцааны гэрээнд оролцсон нөхцөлд, түүнээс холбогдох тайлбар, лавлагаа авахгүйгээр шүүх "дансны эзэмшигч тодорхойгүй" гэж үзэх нь нотлох баримтыг бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлээгүй нь үндэслэлгүй байна.
Тухайн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, гуравдагч этгээд болох банк гарын үсэг зурж оролцсон, уг гэрээний агуулгаар банк тодорхой төлбөр шилжүүлэлт хийхийг зөвшөөрсөн, мөн дансны эзэмшигч тодорхой байгаа нөхцөлд барьцааны зүйлийн бодит байдал, өмчлөгчийн хамаарлыг үгүйсгэж, шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй болно. Иймд банк дахь дугаартай дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
8.8. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын "2,087,683,206.14 төгрөг гаргуулж" гэснийг “3,047,022,133.96” гэж өөрчлөх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “959,338,927.82 төгрөгт холбогдох хэсэг" гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “энэхүү шаардлагаас үлдэх автомашин болон дугаар дансны мөнгөн хөрөнгө, орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3,047,022,133.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, “”*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг арилгаж, загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах, “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан , , дугаар "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ", дугаар “Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ", дугаар дансны орлого барьцаалах барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гурван талт гэрээнүүдийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгаж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг даалгах тухай” сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.
3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
“*******" ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр "*******" ХХК-д хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд “Манай компани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны ******* компаниас ******* үйлдвэрийн 14 ширхэг хүнд даацын автомашин, чиргүүлийн хамт худалдан авч, ******* ХК-иас нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, нүүрс тээвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төсөл боловсруулсан ба нийт 5,347,188 юаны төсөвтэй, үүний 15 хувь болох 802,078.20 юаныг бид өөрсдийн санхүүжилтээр шийдэж, үлдэгдэл 85 хувь болох 4,545,110 юаныг “*******” ХХК-иас 60 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр санхүүжүүлэхээр холбогдох тооцоог хийсэн. Иймд манай компанид 4,454,110 юантай адилтгах төгрөгийн санхүүгийн түрээс олгох асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна. /хх-1 хав, 208 тал/
Энэ хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр худалдагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны ******* болон худалдан авагч “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд дугаар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Норд бенз загварын 14 ширхэг толгой, загварын 14 ширхэг чиргүүлийг нийт 4,629,600 юанаар худалдан авах, худалдан авагч “*******” ХХК болон “*******” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 17.325 хувь буюу 802,078.2 юаныг “*******” ХХК, 12.675 хувь буюу 586,801.8 юаныг “*******” ХХК нь гаргаж, нийт 30 хувийн урьдчилгаа төлбөр болгон 1,388,880 юаныг “*******” ХХК хариуцаж, худалдагч талд шилжүүлэх, мөн үлдэгдэл 70 хувь буюу 3,240,720 юаныг худалдагчид болон Монгол Улсын хилийн гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 717,588 юаныг “*******” ХХК нь хариуцаж бүрэн төлөх, харин Монгол Улсын хил дээрх гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад татвар, шимтгэл, хураамж, торгууль, төлбөр гарвал түүнийг “*******” ХХК төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх-1 хав, 36-45 тал/
Мөн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот гэрээ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч “*******” ХХК нь БНХАУ-ын *******-д үйлдвэрлэсэн 14 чирэгч толгой, 14 чиргүүлийг түрээслэгчид түрээслүүлэх, түрээсийн гэрээний хугацаа дуусаж төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч “*******” ХХК нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, санхүүгийн түрээсийн хэмжээ 4,545,109.80 юаньтай тэнцэх хэмжээний төгрөг, түрээсийн хүү жилийн 11 хувь, гэрээний хугацаа 5 жил байхаар харилцан тохиролцжээ. /хх-1 хав, 12-21 тал/
Дээрх гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, уг гэрээгээр талууд түрээсийн зүйлийг гэрээний хугацаанд хамтран өмчлөх, үндсэн гэрээний төлбөрийн үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд түрээсийн зүйлийг хамтран өмчлөх хугацаа дуусгавар болж, түрээсийн зүйлийг түрээслэгч тал бүрэн өмчлөх эрх үүсэх, гэрээний гүйцэтгэл бүрэн хангагдаж дуустал талууд түрээсийн зүйлийг бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулахыг хориглохоор тохиролцсон. /хх-1 хав, 22-23 тал/
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээгээр түрээсийн төлбөр болон даатгалын хураамжийг энэхүү гэрээний хавсралт 1, хавсралт 2-оор батлагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр /хх-1 хав, 24-27 тал/, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин нэмэлт, өөрчлөлт оруулж, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /хх-1 хав, 28-30 тал/
Улмаар “*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* байрлах, 36.9 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, /хх-1 хав 46-50 тал, 95 тал/
“*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , лол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ****** байрлах, 57.4 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, /хх-1 хав, 51-55 тал, 93 тал/,
“*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн ******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц, 5 дугаар гудамж, байрлах, 482 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, /хх-1 хав, 56-61 тал, 90-91 тал/
“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, “*******” ХХК-ийн эзэмшлийн, улсын дугаартай, Lexus 570 маркийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, аралын дугаартай, суудлын автомашин, /хх-1 хав, 62-65 тал, 97 тал/
“*******” ХХК болон “*******” ХХК болон гуравдагч тал банк ХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, банкны дугаар дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд /одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого/-ыг тус тус барьцаалсан. /хх-1 хав, 66-73 тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрээний харилцааг зөв дүгнэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн ““*******” ХХК нь эд хөрөнгө худалдан авахад тодорхой хувийн төлбөр төлсөн тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.
Учир нь хэргийн баримт болон талуудын тайлбарыг харьцуулан үзвэл зохигчийн хооронд байгуулсан гэрээ, гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, гэрээний шинжээс үзвэл тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа бус, санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан Норд бенз загварын 14 ширхэг толгой, загварын 14 ширхэг чиргүүлийг /цаашид “Түрээсийн зүйл” гэх/ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр худалдагч Монгол Улсын хилээр оруулж, нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэн өгчээ. /хх-1 хав, 113-140, 141-168, хх-3 хав, 47-130/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Талууд гэрээний хавсралтаар сар бүрийн санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг төлөх хуваарийг баталсан бөгөөд уг хуваарийг хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчсөн байх тул Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай, нэхэмжлэгч нь мөн хуульд заасны дагуу төлөгдөөгүй хугацааны санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.
6. Түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 590,583,926.92 төгрөг төлсөн, гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт нийт 2,438,256,448.94 төгрөг төлөх байсан, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн талаар зохигчид маргахгүй байна.
Гэрээний 3.1.11, 7.1., 7.1.2-т зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр түрээсийн зүйлийг лацдан, битүүмжилэхээр тохиролцсон.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагчид түрээсийн төлбөр төлөхийг шаардаж, түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар өөртөө тусалсан гэж үзнэ.
Санхүүгийн түрээсийн гэрээний 6.7 дахь хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй түрээслэгчийг үндсэн төлбөр, түрээсийн хүүгийн төлбөр, алданги, даатгалын хураамжийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1,516,709,138.23 төгрөг, хүү 472,631,494.28 төгрөг тус тус төлөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх худалдагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны ******* компанид нэхэмжлэгчийн төлсөн 4,545,109.80 юань буюу 1,789,318,829.06 төгрөг, хүү 888,948,304 төгрөг, нийт 2,678,267,133.06 төгрөгийн хэмжээнд хариуцагчийн үүргийн зөрчлийг тодорхойлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг дараах байдлаар залруулна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 1,516,709,138 төгрөг, хүү 472,631,494.28 төгрөг, нийт 1,989,340,632.51 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 758,354,569 төгрөг шаардсан, тэрээр алдангид 139,619,013,2 төгрөг төлсөн байх тул төлөгдсөн мөнгөн дүнг хасаж тооцоод үлдэх 618,735,556 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.
Гэхдээ хэргийн нөхцөл байдал болон хариуцагчийн санхүүгийн чадавхийг харгалзан үзэж, 618,735,556 төгрөгийн 50 хувь болох 309,367,778 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс багасгаж, шүүхийн шийдвэрт мөн өөрчлөлт оруулсан.
7. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх алданги 21,480,441.45 төгрөг, хүү 95,988,989.28 төгрөг, үндсэн төлбөр 45,960,882.89 төгрөг, нийт 163,430,313 төгрөг олох ёстой байсан орлогоо алдсан тул хохирол гаргуулна гэж шаардсан байна.
Гэвч нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш орлого олох боломжгүй болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, учир нь нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсийн зүйлийг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан, өөр бусдад түрээсэлж, орлого олох боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
8. Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , , , ,од байрлах, 36.9 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
“*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , лол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байрлах, 57.4 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
“*******” ХХК болон “*******” ХХК болон иргэн ******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, түүний өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц, 5 дугаар гудамж, байрлах, 482 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар,
“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, “*******” ХХК-ийн эзэмшлийн, улсын дугаартай, Lexus 570 маркийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, аралын дугаартай, суудлын автомашин,
“*******” ХХК болон “*******” ХХК болон гуравдагч тал банк ХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, банкны дугаар дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд /одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого/-ыг тус тус барьцаалсан, дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус нас барсан болох нь хэргийн 3 дугаар хавтасны 116-117 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Анхан шатны шүүх нас барсан этгээдийн эрх залгамжлагч тогтоогдоогүй байхад тэдгээрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байгааг залруулсан өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгчийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас , нарын үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, энэ хэсэгт гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.
Харин шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тээврийн хэрэгсэл болон банкин дахь мөнгөн хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй болжээ.
Учир нь барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө болон ирээдүйд бий болох хөрөнгө буюу дансны орлогууд нь барьцааны зүйл байж болохоор хуульд зохицуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангана.
10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд
”*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ болон мөн өдөр байгуулсан , , , , дугаар барьцааны гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10-д заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагчаас иргэн , “*******” ХХК болон “*******” ХХК, гуравдагч тал нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг гурван талт гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй, тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04502 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 2,298,708,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 748,313,723.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгуулж, загварын Норд бенз маркийн 14 толгой, 14 чиргүүлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах, “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн , *******, , дугаар барьцааны гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гурван талт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар арилгаж, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай” хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , Чулуут амины орон сууц, 5 дугаар гудамж, байрлах, 482 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газар, “*******” ХХК-ийн эзэмшлийн, улсын дугаартай, Lexus 570 маркийн, 2018 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, аралын дугаартай, суудлын автомашин, банкны дугаар дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд /одоо байгаа болон ирээдүйд бий болох бүх орлого/-оос тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , нарт холбогдох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,
Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарлалтыг “4” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... хариуцагчаас 10,666,566.03 төгрөг” гэснийг “... хариуцагчаас 11,862,092 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,700,000 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,095,045 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.ГЭРЭЛТУЯА