Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 450

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 19100 0295 0307 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 8 сарын 02-ны өдрийн 634 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 сарын 01-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 8 сарын 02-ны өдрийн 634 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялаа биеэр эдэлж 2005 оны 7 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биеэр эдэлж 2010 оны 01 сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 24-ний өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биеэр эдэлж 2013 оны 12 сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 сарын 26-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүгд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялаа эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 269 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар А.Б-гийн эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 435 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, А.Б-гийн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног гэж тогтоож, уг ялаа биеэр эдэлж байгаад 2018 оны 5 сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт А-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 2.061.397 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хулгай хийсэн тухайн айлыг танихгүй, байшин руу орохдоо хашааг нь давж орсон. Байшингаас 5 ширхэг эрүүгийн хууль гэсэн ном, 1 ширхэг гар чийдэн, 300 юань /гэхдээ сайн тоолоогүй/, 1 ширхэг мөнгөн аяга авсан. Хохирогчид хохирол төлбөрийг биет байдлаар нь нөхөн төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй.

Би чихний хэнгрэгээ нөхүүлж хагалгаа хийлгэсэн байсан, мөн хараа муутай, хааяа сэтгэцэд өөрчлөлт ордог. Би хэдийгээр хараа муутай ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь сайхан гэдгийг мэдэрсэн. Би цаашид ажил хөдөлмөр хийж, чин шударгаар  амьдрах хүсэл эрмэлзлэлтэй байна. Мөн Улаанбаатар хотод амьдрахгүй, хөдөө гарна гэж бодож байгаа. Манай эгч, өвөө хоёр намайг хорих ангид хоригдож байхад байхад нас барсан. Би 4 ханатай гэртэй, эхнэртэй болох зорилготой байсан юм. Хэрэгт холбогдсондоо их харамсаж гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 0295 0307 дугаартай хэргээс:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Үүнд: Хулгай орсон гэх

-  Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн **-*** тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 01 сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 06-07х, 08-13х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ц-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн **-*** тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ өдөр 14 цаг 30 минутын орчим гараад өөрийн ажил болох Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү очоод ажил дээрээ байж байхад манай эхнэр Энхзаяа над руу залгаад “байшингийн цонх хагарсан, гэрт хулгайч орсон юм шиг байна” гэхээр нь би ажлаасаа гараад шууд гэртээ очсон. Намайг гэртээ очиход манай байшингийн галын өрөөний жижиг вакум цонх хагарсан байдалтай байхаар нь гэрийнхээ хаалгыг өөрийн түлхүүрээр нээж ороход гэрийн доторх эд юмс эмх цэгцгүй байдалтай байсан. Тэгээд би 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгөөд, удалгүй Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн манай гэрт ирж би цагдаа нарын хамт гэртээ орж үзэхэд манай гэрийн унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан Цагдаагийн алба ахлах дэслэгч мөрдөс, хар өнгийн фудволк 2 ширхэг, 450 долларын үнэтэй эрэгтэй хүний хүрэн ширэн оосортой бугуйн цаг, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулийн ном, хүүхдийн өрөөний тавиур дээр байсан бэлэн 200.000 гаран төгрөг, манай эхнэрийн хар хөх өнгийн, хоёр мөрөндөө үүрдэг цахилгаантай үүргэвч, мөн тухайн үүргэвчинд байсан 4100 юань, 4 ширхэг мөнгөн бөгж, жижиг мөнгөн аяга, ТОЗ-8 бууны сум 10 орчим ширхэг, Цагдаагийн алба хаагчийн хангалтын хээрийн хувцас нэг хос, бэлэн байдлын цүнхний иж бүрдэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан байсан. Манай гэрт тухайн үед хүн байгаагүй, манай эхнэр Энхзаяа өглөө 09 цагт ажилдаа явсан ба хоёр хүүхэд маань манай хадам аавын гэрт байсан юм. Манай гэр 12 цагаас орой 19 цаг хүртэл эзгүй байсан.

Би 4 ширхэг мөнгөн бөгжийг 2017 онд алт мөнгөний дархнаар хийлгэж байсан. Одоо тухайн бөгжийг 500.000 орчим төгрөгөөр үнэлж байна. Жижиг мөнгөн аягыг 2006 онд 70.000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо уг аягыг 70.000 төгрөгөөр үнэлж байна. Эрэгтэй хүний бугуйн цагийг 2011 онд Хонгконгоос 450 доллароор худалдан авч, бага зэрэг хэрэглэж байсан. Цагийг 500 доллароор үнэлж байна. Уг цагний содон шинж тэмдэг гэвэл өдөр, cap, жилээ заах функцитай, шаргал өнгийн бор ширэн оосортой, усны хамгаалалттай, “Ситизин” гэсэн бичиглэлтэй. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг 2011 онд хангалтаар авч байсан бөгөөд огт хэрэглээгүй шинэ хувцас байгаа юм. Манай гэрт 2018 оны 4 дүгээр сард хулгайч орж байсан юм.

Би бодохдоо уг хүнийг дахин манай гэрээс эд зүйлс хулгайлан авсан байх гэж бодож байна. Манай гэрийн байшингийн зүүн урд талын гал тогооны вакум цонхыг хагалан орсон байсан.

...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон явдпын талаар үнэн зөвөөр хэлж ярьсан. Алдагдсан хуулийн /ном/ хуудасны давхардсан хэсэгт би хар өнгийн балаар “Н.Ц-” гэж томоор бичсэн байгаа. Мөн хар өнгийн нарийн “police” гэсэн бичээстэй гар чийдэн бас алга болсон байсан, гэхдээ хуулийн ном болон гар чийдэн зэргийг би хувь хүнээс бэлгэнд авч байсан болохоор үнэлэхгүй ээ. Хуучин эд зүйлүүд байгаа юм.

Мөн урьд өгсөн мэдүүлэг дээрээ цагдаагийн хувцас алдагдсан талаар мэдүүлсэн боловч сүүлд бүртгэж үзэхэд жагсаал хувцас маань байна лээ, юманд боогоод тавьсан байсан. Харин хуучин хар өнгийн, мөн адил хувиараа олон жилийн өмнө авч байсан фудволк алдагдсан байсныг үнэлэхгүй. Мөн Цагдаагийн алба ахлах дэслэгч мөрдөс, 200.000 төгрөг, ТОЗ-8 бууны сум 10 орчим ширхэг зэрэг эд зүйлс гэрээс олдсон байгаа. Тухайн үед сандраад зарим нэг зүйлээ нягталж үзэлгүй шууд мэдүүлэг өгсөн байна.  

Холбогдогч этгээдийн өмгөөлөгч нь хохирлын мөнгө 1.030.000 төгрөг хүлээлгэн өгсөн байгаа. Тэр хүнээс одоо юу авах вэ дээ, би шүүх хуралд оролцохгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х, 96-97х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ч-ийн гэрчээр өгсөн:

“... Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Телевизийн соёлчдын 391 тоотод найз охин Дөлгөөний хамт амьдардаг юм. Миний амьдарч байгаа байр нь хөлсний байр. Анх би найз охин Болор-Дарьтай уулзахаар одоогийн хаяган дээр ирэхэд манай найз охин Б гэдэг залуугийн гэрт байж байсан. Тэрнээс хойш Б-тэй уулзахгүй байж байгаад 2019 оны 3 сарын 30-ны өдөр энэ хашаанд байр хөлслөх болсоноос хойш сайн таньдаг болсон юм.

Б манайхаар хааяа нэг орж гардаг байсан. Би ч бас хааяа кино авахаар тэднийд ордог. Би өдрийн цагаар гэртээ хааяа л байдаг ба Б-гийн гэрт 5 хоногийн өмнө орой 21 цагийн үед халзан толгойтой, хөх улаан өнгийн дээл өмссөн, 30 гаруй насны хүн явж байсан. Мөн 2019 оны 4 сарын 15-ны өдөр 17 цагийн үед би гэртээ хувцасаа угааж байхад гаднаас Б, нэг танихгүй залуутай согтуу орж ирээд, цуг явж байсан залуу нь манай хойморт суугаад татаж байсан тамхиа шууд гэрийн хивсэн дээр унтраагаад байхаар нь би уурлаад “чамайг цагдаа дуудаж өглөө” гэхэд “цагдаагаа дууд, би цагдаагаас айхгүй, би шоронд ч атаман байсан” гээд хэрүүл хийгээд байхаар нь би цагдаа дуудсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан юм.

Б огт ажил хийдэггүй мөртлөө гэнэт мөнгөтэй болсон байдаг. Тэр дандаа өглөө гараад, өдөр гэртээ ирсэн байдаг болохоор сэжигтэй санагдаад манай найз Дөлгөөн “цагдаа дуудаж, шалгуулъя” гэж надад хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/063 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 гэж дугаарласан гарын мөрнүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцсэн №1 дугаартай гарын мөр санд MN000120006296, дугаараар бүртгэгдсэн хохирогч Нохойнцагааны Ц--ын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. Хохирогч Нохойцагааны Ц, Нэргүйн Энхзаяа нарын гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон бусад эзэн холбогдогч ь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 46-51х/,

 

5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ2-19-073 дугаартай:

“...үнэлэгдэж буй үүргэвч 27.000 төгрөг, бугуйн цаг 249.783,6 төгрөг, мөнгөн бөгж 4 ширхэг 60.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 70.000 төгрөг, мөнгөн зоос 60.000 төгрөг тус тус үнэлж, дээрх эд зүйлсийг ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг нийт 466.784 /дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг” гэж тогтоож, хохирогч Н.Ц-ын гэрээс алдагдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 56-57х/,

 

6. 2019 оны 1 сарын 23-ны өдрийн байдлаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юань 388.93 төгрөгтэй тэнцэнэ гэсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа баримт /хэргийн 239х/,

 

7. Хохирогч Н.Ц-ын алдагдсан “Монгол Улсын хууль” гэсэн нүүртэй, хуудасны давхардах хэсэгт бүдэг хар өнгийн бэхээр Ц гэсэн бичээстэй ном 1 ширхэг, хар өнгийн “police” гэсэн бичээстэй гар чийдэн 1 ширхэр зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 5 сарын 02-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 100х/,

 

8. Хохирогч Н.Ц-д хохирол төлбөрт 1.030.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 103х/,

 

9. Эрүүгийн 19100 0295 0307 дугаартай хэрэгт, эрүүгийн 18110 2742 0471 дугаартай хэргийг нэгтгэсэн 2019 оны 5 сарын 09-ний өдрийн 67 дугаартай, мөн яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоол баримтууд /хэргийн 124х, 234х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б-гийн яллагдагчаар өгсөн:

“...Тухайн өдөр би хулгай хийх санаа зорилготой биш амьдрах нийтийн байр хайж Яармагийн гудамжаар явж байсан юм. Гэтэл өдөр цагийн 12 цагийн үед юм шиг санагдаж байна, айлын хашаагаар харахад уг айл эзэнгүй юм шиг санагдсан. Энэ үед гэнэт хулгай хийх санаа надад төрсөн. Тэгээд хашааг нь давж ороход шаргал өнгийн жижиг, том хоёр байшин байсан. Тэгэхээр нь би жижиг байшингийнх нь цонхыг түлхэж дотогш орж, БНХАУ-н мөнгөн дэвсгэрт болох юань, хар цүнх зэрэг эд зүйл авсан. Тухайн үед би их сандарсан байсан болохоор уг байшингаас юу, юу авсанаа сайн санахгүй байна. Мөн уг байшингаас гарч нөгөө байшингийнх нь цонхыг хагалж дотогш орж хуулийн ном, хар өнгийн гар чийдэн, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлан авсан.

Тэгээд орсон цонхоороо гарахад хажуу айлын бололтой нэг хүн харчих шиг болохоор нь хашаанаас нь гараад хурдан алхаж явсан. Тэгээд таксинд гар өргөж суугаад шууд Зурагтад хөлслөж байгаа байрандаа ирсэн. Би ганцаараа амьдардаг болохоор хулгайлсан эд зүйлээ шууд гэртээ тавьсан. Мөн цагдаагийн бололтой хар өнгийн “police” гэсэн бичигтэй гар чийдэн, хуулийн ном хоёрыг сайтар харсан. Гэтэл хуулийн номон дээр нь хүний нэр бичсэн байхаар нь дээрээс нь дарж арилгасан.

Жижиг мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад, маргааш нь байхаа замын үл таних хүнд зарчихсан. Жижиг зооснууд байхаар нь халаасандаа хийж явж байгаад алга болгосон байсан. Бугуйн цаг бас байсан, мөн халааслаж яваад зооснуудын хамт алга болгосон. Бас хар өнгийн цүнхийг нь хаячихсан. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юаныг нь найман шаргийн гадуур зогсдог үл таних хувь ченжид солиулсан. Одоо бодоод байхад 800.000 гаран төгрөг болсон. Би хэдэн юань байгааг мэдээгүй. Тэр ченжид энийг зарах юм гэсэн чинь л надад 800.000 гаран төгрөг өгсөн. Би ч нэг бүрчлэн тоолоогүй ээ.

Гэтэл хэд хоногийн өмнө гэртээ байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг барьсан. Манай гэрт уг айлаас авсан хуулийн ном болон хар өнгийн гар чийдэн нь байсан юм. Цагдаагийн хувцас байх нь байсан, хар өнгийн цагдаагийн фудволка зэргийг нь айгаад шатаасан байгаа. Нээрээ 3-4 ширхэг мөнгөн бөгж байсныг бас хаячихсан. ... Өөрийн хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-89х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Тамирын мэдүүлэг /хэргийн 99х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 104х, 189х/, шүүхийн шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 14-24х, 105-122х, 216х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 186х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын амьдрах байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, үүргэвч, бугуйн цаг,  мөнгөн бөгж, мөнгөн аяга, мөнгөн зоос, бэлэн 4100 юань, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн хэрэглээнд ашиглан, Н.Ц-ын  эд хөрөнгөд нь 2.061.397 төгрөгийн хохирол учруулсан үйл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн **-*** тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 01 сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 06-07х, 08-13х/, хохирогч Н.Ц-ын мэдүүлэг /хэргийн 34-35х, 96-97х/, гэрч Б.Ч-ийн: “...Б огт ажил хийдэггүй мөртлөө гэнэт мөнгөтэй болсон байдаг. Тэр дандаа өглөө гараад, өдөр гэртээ ирсэн байдаг болохоор сэжигтэй санагдаад манай найз Дөлгөөн “цагдаа дуудаж, шалгуулъя” гэж надад хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/063 дугаартай актын дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 46-51х/, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ2-19-073 дугаартай: “...үнэлэгдэж буй үүргэвч 27.000 төгрөг, бугуйн цаг 249.783,6 төгрөг, мөнгөн бөгж 4 ширхэг 60.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 70.000 төгрөг, мөнгөн зоос 60.000 төгрөг тус тус үнэлж, дээрх эд зүйлсийг ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээг нийт 466.784 /дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг” гэж тогтоож үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 56-57х/, 2019 оны 1 сарын 23-ны өдрийн байдлаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юань 388.93 төгрөгтэй тэнцэнэ гэсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа баримт /хэргийн 239х/, Хохирогч Н.Ц-ын алдагдсан “Монгол Улсын хууль” гэсэн нүүртэй, хуудасны давхардах хэсэгт бүдэг хар өнгийн бэхээр Ц гэсэн бичээстэй ном 1 ширхэг, хар өнгийн “police” гэсэн бичээстэй гар чийдэн 1 ширхэр зэргийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 5 сарын 02-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 100х/, Хохирогч Н.Ц-д хохирол төлбөрт 1.030.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл баримт /хэргийн 103х/, Эрүүгийн 19100 0295 0307 дугаартай хэрэгт, эрүүгийн 18110 2742 0471 дугаартай хэргийг нэгтгэсэн 2019 оны 5 сарын 09-ний өдрийн 67 дугаартай, мөн яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 29 дугаартай Прокурорын тогтоол баримтууд /хэргийн 124х, 234х/, шүүгдэгч А.Б-гийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 88-89х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм. 

 

Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааж хуульчилсан. 

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Н.Ц-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэргийн шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-гийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Б-г шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгч А.Б-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц-ын эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ2-19-073 дугаартай /хэргийн 56-57х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 466.784 /дөрвөн зуун жаран зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, бэлэн 4100 юань буюу  Монгол төгрөгт шилжүүлсэн ханшаар 1.594.613 /нэг сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчийн дүгнэлт,  2019 оны 1 сарын 23-ны өдрийн байдлаар БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юань 388.93 төгрөгтэй тэнцэнэ гэсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа баримт /хэргийн 239х/, хохирогч Н.Ц, шүүгдэгч А.Б нарын мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч нь 1.030.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн /хэргийн 103х/ үндэслэлээр үлдэх хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан “... Холбогдогч этгээдийн өмгөөлөгч нь хохирлын мөнгө 1.030.000 төгрөг хүлээлгэн өгсөн байгаа. Тэр хүнээс одоо юу авах вэ дээ, би шүүх хуралд оролцохгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн  мэдүүлэг хэргийн 96-97 дугаар талд авагдсан байна.  

Иймд шүүгдэгч А.Б-гээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах  төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Б нь урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 8 сарын 02-ны өдрийн 634 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 сарын 01-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 8 сарын 02-ны өдрийн 634 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялаа биеэр эдэлж 2005 оны 7 сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биеэр эдэлж 2010 оны 01 сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 24-ний өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биеэр эдэлж 2013 оны 12 сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугара шүүхийн 2014 оны 8 сарын 26-ны өдрийн 1060 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүгд 4 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 269 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Б-гийн эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 22 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 435 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, А.Б-гийн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног гэж тогтоож, уг ялаа биеэр эдэлж 2018 оны 5 сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан тухай  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 104х, 189х/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбар баримтууд /хэргийн 14-24х, 106-122х/ тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй юм.  

 

Шүүх, шүүгдэгч А.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч А.Б нь 2019 оны 4 сарын 18-ны өдөр сэжигтнээр хойшлуулашгүйгээр баривлагдаж, 2018 оны 4 сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 77-78х, 92х, 95х, 233х, 243х/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч  Н.Ц нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Ш овогт А-ийн Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар А.Б-г 02 /хоёр/ 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-д оногдуулсан 02 /хоёр/ 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-гийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь Н.Ц нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД