Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01769

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/05900 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 1,846,678,508.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ХБНГУ-ын *******компанийн захирал *******, Монгол Улсын *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ байгуулж, замын битум худалдах, худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээг үндэслэн 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлэлцээр №2-г байгуулж, БНД 90/130 маркийн 440 м.тн хүртэлх замын битумыг 1м.тн-ыг 895 ам.доллараар, нийт 393,800 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу ХБНГУ-ын *******компани нь 315.33 м.тн БНД 90/130 маркийн замын битум нийлүүлж, ******* нь 282,114 ам.долларын төлбөрийг төлж дууссан.

1.2. Мөн ******* нь 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт хэлэлцээр №3-г байгуулж, тус гэрээгээр ПБВ-90 маркийн замын битумыг 1,680 м.тн хүртэлх хэмжээгээр, 1м.тн-ыг 865 ам.доллараар, нийт 1,453,200 ам.доллараар худалдан авахаар тохирсон.

Тухайн нэмэлт хэлэлцээрийн дагуу *******компани нь 2014 оны 1 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 32 вагоноор 630.4 м.тн, 16 вагоноор 315.2 м.тн, 30 вагоноор 591 м.тн битумыг *******-ийн нэрээр илгээснийг *******-ийн гүйцэтгэх захирал ******* “Барааг хүлээн авсныг баталгаажуулах бичиг”-т бараа хүлээн авсныг баталгаажуулан 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурж, тамга дарж *******компанид албан ёсоор хариу мэдэгдсэн. Иймд ******* нь нийт 1,329,159 ам.долларын үнэ өртөг бүхий 1,536.6 м.тн битумыг хүлээн авсан байна.

1.3. Дээрх бараа хүлээн авсан бичгийг үндэслэн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 3110/2014 тоот нэхэмжлэхээр 545,296 ам.доллар, 3111/2014 тоот нэхэмжлэхээр 272,648 ам.доллар, 3112/2014 тоот нэхэмжлэхээр 511,215 ам.долларыг тус тус *******-иас нэхэмжилж, хүргүүлсэн. Үүнээс 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500,000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 105,000 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 70,000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 30,000 ам.доллар, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 55,000 ам.доллар нийт 760,000 ам.долларыг төлж, 569,159 ам.долларын төлбөрийн үлдэгдэл үлдсэн.

1.4. Дараа нь төлбөрийн үлдэгдлийг торгуулийн хамт яаралтай төлж барагдуулах шаардлагыг 2014 оны 11 дүгээр сарын 24, 2014 оны 12 дугаар сарын 02, 2015 оны 1 дүгээр сарын 15, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрүүдэд албан бичгээр удаа дараа хүргүүлсэнээр 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 20,000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10,000 ам.доллар, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10,000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 10,000 ам.доллар, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 32,000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 10,000 ам.доллар, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10,000 ам.доллар нийт 102,000 ам.доллар төлж, үлдэгдэл нь 467,159 ам.доллар болсон.

Иймд барааны үлдэгдэл төлбөр 467,159 ам.доллар, гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцож 233,580 ам.доллар нийт 700,739 ам.доллар буюу 1,846,678,508.87 төгрөгийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу олгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******компанитай *******ын хүсэлтээр 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 тоот гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу төлбөрийг төлсөн. Гэтэл *******-ийн захирал ******* нь *******-ийн тамга, тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт 3 тоот гэрээг байгуулсан байна. ******* нь нэмэлт хэлэлцээр №3 гэрээг байгуулаагүй, мэдээгүй, энэ гэрээгээр ямар ч бараа хүлээн аваагүй.

2.2. Дээрх маргаан бүхий гэрээний зүйл болох 1,680 м.тн замын битум буюу бодитоор 1,536.6 м.тн битумын талаар *******компани 2014.01.30-ны өдрийн 080713 тоот гэрээний нэмэлт №3 гэх гэрээг *******-тай байгуулж, мөн гэрээний зүйлийг хүлээн авагч нь ******* мөн болохыг баталж, УБ хотын гаальд *******-д импортын барааны бүрдүүлэлтийг хийх зөвшөөрлийг хүссэн “Подтверждение” гэх албан бичгийг гаргаж өгснөөр ачааг ******* нь *******-д мэдэгдэлгүй авч, түүний төлбөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан зэрэг баримтуудаар маргаан бүхий зүйлийн талаар хийсэн 2 ширхэг Нэмэлт №3 тоот гэрээ нь *******-тай байгуулсан гэрээ нь бодитоор хэрэгжсэн байдаг.

Иймд УДШ-ээс шинэ илэрч байгаа нөхцөл байдлыг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэсэн нь маргаан бүхий 1 зүйлийн талаарх 2 гэрээг зайлшгүй дүгнэх шаардлагыг бий болгосон.

2.3. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “ХБНГУ-д даатгагдсан, ******* нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн улмаас даатгалын компанид баталгаа болгон байршуулсан баталгаагаа авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна” гэснээс үзвэл *******-ийн нэрээр Нэмэлт 3 тоот хэлцлийг хийсэн нь зөвхөн даатгалын компанид зориулан түүний гадаад илэрхийллийг бий болгохыг зорьсон нь илт байна. Энэ утгаараа *******-тай байгуулсан 080713 тоот гэрээг өөр гэрээг халхавчилж, дүр үзүүлэн хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

2.4. Мөн *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийн талаар гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаар магадлалаар тогтоогдсон үйл баримтыг энэхүү иргэний хэрэгт нотлогдсон гэж тооцохоор байна.

Иймд *******-тай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 08-ны 080713 тоот нэмэлт хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хэлцэл мөн болохыг тогтоож, *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ХБНГУ-ын *******компаниас ******* болон *******-д нийт 3,546.34 тн битум нийлүүлсэн бөгөөд түүний төлбөр болох 3,077,636.28 ам.доллароос ******* нь 2,906,465.66 ам.долларыг төлсөн. Үлдэгдэл 170,170.62 ам.долларын төлбөрт алданги 85,085.31 ам.долларыг нэмж нийт 255,255.93 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцон 699,079,626 төгрөгийг төлүүлэхээр ******* компаниас эрх шилжүүлэн авагч ******* нь *******-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2. Дээрх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

3.3. ******* нь Баянгол дүүргийн шүүхэд *******-ийг хариуцагчаар татан төлбөр нэхэмжлэхдээ эхний багцын 1536,6 тн битумын төлбөр 1,329,159 ам.долларын барааны дүнгээс *******-ийн төлсөн төлбөрүүд болох 872,000 ам.долларыг өөрсдөө хэсэгчлэн ялган авч 457,159 ам.долларыг алдангийн хамт нэхэмжилсэн байна. *******-ийн төлсөн бусад төлбөрийг энэ тооцоонд оруулбал *******-иас нэхэмжилсэн төлбөрөөс илүү гарах бөгөөд энэ нь тус компанийг өр төлбөргүй болохыг харуулна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 1,261,896,147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 548,782,361.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,391,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,467,431 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсэг нь хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн үүссэн маргааныг хуульд хэрхэн зохицуулсан байгаа талаарх шүүхийн дүгнэлт тусгагдсан байх учиртай ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзал, шинээр илэрсэн нөхцөл байдал, түүнийг нотлох баримтыг огтоос дурдалгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэлт хэлэлцээр №3 тоот гэрээг ******* хийгээгүй буюу 1680 м.тн битумыг худалдан авах хүсэл зориг манай компанид огт байгаагүй. Учир нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн үндсэн гэрээ, мөн уг гэрээний үндсэн дээр хэсэгчилсэн худалдан авалт бүхий Нэмэлт хэлэлцээр №2 тоот 440 м.тн битумын гэрээг *******-ийн нэрээр бичгээр хийсэн болохыг манай компани шүүхэд хариуцагчаар татагдан анх мэдсэн, үүнийг менежер ******* өөрийгөө *******-ийн захирал гэж гарын үсэг зурж хийсэн болохыг мэдэж, мэдсэн даруй *******ыг компаний тамга ашигласан асуудлаар цагдаад хандсан. Хожим Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Анх 2013 оны намар ******* “ОХУ-аас 440 м.тн битум орж ирсэн, ачааг авах ёстой хүмүүс нь асуудалтай байна, эд нарт итгэж юмаа өгч болохгүй байна, илгээгч нь ачаагаа ирүүлсэн учраас надад итгэж өгөөд борлуулах саналыг тавьж байна.” гэж хэлсэн. Би *******ад итгэж 440 м.тн битум нэгэнт ачигдаад ороод ирсэн байсан тул арга буюу компаниар хүлээн авч худалдан борлуулж үнийг төлсөн. Гэрээний талаар огт ярьж байгаагүй. Энэ ажлыг ******* өөрөө зохион байгуулж дуусгасан. Үүнээс хойш дахин ийм худалдан авалт хийхгүй шүү гэж *******ад хэлээд дахин ийм ачаа хүлээн аваагүй. Мөн нийлүүлэгч ******* компанийн хүмүүс надтай огт уулзаж байгаагүй.

Гэтэл 2015 онд ******* компанийн захирал ******* *******-ийн захирал ******* гэх хүмүүс анх манай компани дээр ирж “1536,6 м.тн битумын үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлэх хэрэгтэй байна” гэх зүйлийн талаар асуудал ярьж, менежерээр ажиллаж байсан *******ыг сураглан ирсэн.

Манайх ийм битум аваагүй, энэ тухай огт мэдэхгүй гэдгээ тайлбарлахад “танай компаниас бид мөнгө авахгүй, бидэнд санхүүгийн баримт нь чухал хэрэгтэй байгаа юм” гээд надаар гарын үсэг зуруулахыг ятгасан. Би гарын үсэг зуралгүй *******тай учраа ол гээд буцаасан. Гэтэл үдээс хойш нь ******* манай менежер орчуулагч ******* руу залгаж “бид бараагаа олчихлоо ******* дээр байгаа юм байна” гэж хэлсэн байдаг. Энэ талаар мэйлээр харилцаж манай компани хариуцахгүй гэдгээ маш тодорхой удаа дараа илэрхийлж байсан. ******* манай компанийг төлөөлж гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхгүй ба гадаадаас ирэх тээврийн гэрээг надад тайлбарлан өгч гарын үсэг зуруулдаг байснаас өөр худалдан авалтын гэрээ хийж байгаагүй.

Анхан шатны шүүх ******* нь 440 м.тн битум /2 тоот Нэмэлт гэрээ/-ын төлбөр тооцооны талаар маргаагүй гэсэн нь 080713 тоот гэрээний нөхцөлүүдийг ******* тохиролцсон гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Учир нь 080713 тоот ба Нэмэлт 2 тоот гэрээг надад мэдэгдэлгүй, ******* компанитай хуйвалдан ******* гарын үсэг зурж хийсэн. Нийлүүлэгч тал их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл хийж байгаа юм бол *******-ийн эрх бүхий этгээд хэн болох, ******* мөн эсэхийг судалж сураглахыг хүсээгүй нь сонин.

5.2. Мөн 3 тоот нэмэлт гэрээний зүйлийг ******* нь манайд мэдэгдэлгүй хүлээж авахын тулд *******-ийн нэрээр дахин нууцаар хийсний зэрэгцээ ******* өөрийн *******-ийн нэрээр ижил нөхцөл бүхий 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нэмэлт 3 тоот гэрээг давхар хийж, 1 зүйлийн талаар хийсэн дараах 2 гэрээг бий болгосон ба ачаагаа манайд мэдэгдэлгүй ******* хүлээн авч борлуулан, төлбөр төлөхдөө *******-ийн өмнөөс гэх утгатайгаар ******* ХХК-ийн зааварчилгаагаар /2хх-246 гэрч *******ын мэдүүлэг/ төлж байсан зэргийг шүүх дээр мэдсэн.

Нэхэмжлэгч дээрх 2 гэрээний зүйл 1680 м.тн ПБВ-90 битумын жинхэнэ худалдан авагчийг “Подтверждение” гэх баримтаар ******* болохыг заахаас гадна уг ачааг хилээр нэвтрүүлэх гаалийн барааны мэдүүлэгт хүлээн авагч импортлогч, мөн санхүүгийн хувьд хариуцагч байгууллага гэх мэдээллүүдэд ******* гэсэн байдаг. Түүнчлэн *******-иас гаалийн газарт хүргүүлсэн албан бичгийн агуулга нь “...гадаад худалдааны гэрээгээр *******-ийн хүлээн авах ачаа тул...” гэсэн байдаг. Энэхүү бичгийг ******* тайлбарлахдаа “******* ахын ачаа ирсэн” гэж ойлгуулаад надаар гарын үсэг зуруулан авч байсан гэдгийг удаа дараагийн шүүх хуралд тайлбарлаж байсан болно. Мөн тус ачааг гаалийн байгууллагаас *******-ийн гэрээгээр бүрдүүлэлт хийсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож тус гэрээ бодитоор хэрэгжин хүссэн үр дүндээ хүрсэн болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх тус баримтуудыг хариуцагч талаас үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй.

Иймд дээрх Нэмэлт 3 тоот хоёр гэрээний нэг нь хүчин төгөлдөр бөгөөд бодитоор хэрэгжсэн, харин нөгөө нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм.

5.3. Анхан шатны шүүх нэг маргааны зүйлийн тухайд 3 тоот нэмэлт хэлцэл гэх хоёр гэрээний хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний үр дагавар буюу гэрээний субъектүүдийн хүссэн үр дүнд аль гэрээ нь хэрхэн нийцэж байгааг харьцуулан дүгнээгүй.

Мөн энэ талаарх УДШ-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00065 тоот тогтоолын хянавал хэсгийн 12-т “...Түүнчлэн битум худалдагч ******* компани нь адил нөхцөл бүхий худалдах-худалдан авах гэрээг ******* болон *******-тай нэг цаг хугацаанд байгуулсан баримт хэрэгт авагдсан байна. Улмаар энэхүү хоёр гэрээнд дурьдагдаж байгаа битумын хэмжээ, төрөл, төлсөн болон үлдэгдэл үнэ давхцаж байх ба...” гэсэн дүгнэлтийн дагуу уг тогтоолд заасан ажиллагааг гүйцэтгээгүй байна.

*******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 183/ШШ2020/02868 дугаартай шийдвэр, НИХДЗШШ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 235 дугаар магадлал гарч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан *******-иас 699,079,626 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадал хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Дээрх шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Талуудын эрх бүхий этгээдүүд байлцан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2014 оны 01 дүгээр арын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн бараа болон барааны төлбөрийн тооцоог нийлж, худалдан авагч буюу хариуцагч ******* нь нийт 1,277,636 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болохыг уулзалтын тэмдэглэл болон тооцоо нийлсэн актаар тус тус баталгаажуулсан байна. Улмаар худалдагч ******* компани, худалдан авагч *******, ******* нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээгээр *******-иас *******-д төлөх байсан 995,465.66 ам.долларын өрийг ******* компани шилжүүлэн авч, хариуцагч *******-ийн төлөх төлбөр нь хүү, алданги тооцохгүйгээр 282,170.62 ам.доллар болж байгааг баталгаажуулжээ. *******-ийн ******* компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 170,170.62 ам.доллар байгааг худалдагч талыг төлөөлж *******, худалдан авагчийг төлөөлж ******* нар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэжээ.

Уг шийдвэрт тусгасан нөхцөл байдал ба түүний нотлох баримтууд нь Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдож, хэрэгт авагдсан. /6хх-ийн 136, 138, 220-238, 239, 242-243/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /6хх-ийн 221/-дээ дурдсанаар 8 удаагийн төлөлтөөр нийт 112,000 ам.доллар ******* төлсөн ба 170,170.62 ам.долларын үлдэгдлээ 2017.09.26-ны 01/2017 тоот *******, ******* компанийн хоорондын 2013.12.01-ний өдрийн 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тохиролцож, уг тохиролцооны дагуу шүүх 170,170.62 ам.долларыг алданги 85,085.31 ам.долларын хамт нийт 255,255.93 ам.доллар /2020.01.09-ний өдрийн ханш 2738.74/ буюу 699,079,626 төгрөгөөр тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл анхан шатны шүүх тус ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шийдвэртээ дүгнээгүйг тооцоо нийлсэн акт, акт үйлдэх үеийн протоколын баримтууд дахь тоо тооцоолол ойлгомжгүй байсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах эрхтэй байсан.

Гэвч уг тоо тооцоолол энгийн, ойлгомжтой бөгөөд маргааны зүйлийг өмнө өөр шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй нөхцөл байдалд хамаарна.

Иймд шүүх маргаан бүхий Нэмэлт 3 тоот гэрээг хүчинтэй гэж үзэн тус гэрээний 1536,6 м.тн битумын үлдэгдэл төлбөрийг манай компаниас гаргуулан шийдвэрлэсэн нь *******-ийн гэрээний төлбөрийг давхардуулан гаргах хууль бус үр дагавар үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд 3 гэрээ байгуулагдсан. Эхний гэрээгээр ерөнхий нөхцөл буюу битум нийлүүлж авахаар тохиролцсон. Маргааны зүйл болох 3 дахь гэрээ буюу 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэлэлцээр №3-т заасан битумыг аваагүй гэж тайлбарладаг.  Гэтэл тухайн гэрээнүүдэд хариуцагч компанийн захирал ******* гэх нэртэйгээр гарын үсэг зурж, тамга дарагдсан. Тухайн тамга хуурамч эсэх талаар 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч тал маргаагүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу ******* нь гарын үсэг зураагүй, компанийн тамга тэмдэг дарагдаагүй бол дээрх 3 хэлцэл нь үгүйсгэгдэх ёстой. Хэрэв үгүйсгэгдсэн бол өмнөх нэмэлт хэлэлцээр 2-т заасан битумын төлбөрийг хариуцагч компани төлөх ёсгүй. Гэтэл хариуцагч тал адил 3 гэрээний 2 дахь гэрээнд заасан битумыг авч үнийг төлсөн атлаа 3 дахь гэрээний дагуу битумыг авсан боловч гэрээг байгуулаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Хариуцагч компани нь гаалийн байгууллагад 8 удаа бичиг хүргүүлсэн. Тухайн бичигт *******-д бүрдүүлэлтийг хийж өгөөч гэх агуулгаар хариуцагчийн төлөөлөгч ******* гарын үсэг зурсан. Дээрх 8 удаагийн бичгийг үндэслэн гаалийн байгууллагаас бараа битумыг өгсөн. Хариуцагчийн төлөөлөгчийн үүрэг, оролцоо дээрх баримтуудаар нотлогдоно. Мөн гэрээ байгуулсан болохыг мэдэж байсан.  

6.3. Хариуцагчийн өмгөөлөгч нь нэг бараа бүтээгдэхүүнд 2 гэрээ байгуулсан гэж тайлбарласан. 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ нь хариуцагч компани болон *******компанийн хооронд байгуулагдсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарласан *******-тай байгуулсан гэх гэрээ нь зөвхөн гаалийн байгууллагаас хуулбар байдлаар гарч ирсэн гэрээ байдаг. Тухайн гэрээний эх хувь хэрэгт байдаггүй, мөн уг гэрээг нэхэмжлэгчээс гаалийн байгууллагад өгөөгүй, хэн өгсөн нь тодорхойгүй, ийм гэрээг нэхэмжлэгч байгуулаагүй.  

Харин 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр БНД-90/130 буюу өөр маркийн битумыг *******-д нийлүүлсэн. Гэтэл хариуцагч тал бүх битумыг ******* авсан гэж тайлбарладаг. *******, *******компани болон хариуцагч компаниудын хооронд байгуулагдсан гэрээний огноо, дугаар, хэмжээ, гэрээний зүйл, бараа нийлүүлсэн болон хүлээн авсан цаг хугацаа өөр байдаг. ПБВ 90 маркийн битумыг хариуцагч компани нь дээрх байдлаар гэрээ байгуулж өөртөө шилжүүлж авсан.

6.4. Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд эвлэрэх талаар ярилцаж байсан. ХБНГУ-ын *******компани нь даатгалын компаниар даатгуулсан. Хариуцагч компанитай гэрээ байгуулсан гэж ойлгосон учраас хариуцагч компанийн нэрээр даатгуулсан. Төлбөр төлөгдөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч компани нь тухайн бараа бүтээгдэхүүнийг аваагүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар тооцоо нийлсэн актыг үндэслэсэн. Уг актаар 1,800,000 ам.долларыг ******* төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл 4 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр талд дээрх шийдвэр авагдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу хавтаст хэргийн 204, 205 дугаар талуудад *******-аас *******компанид төлсөн төлбөрийн баримт авагдсан.

Эдгээр баримтуудаар 1,750,000 ам.долларын төлбөр төлсөн баримт авагдсан. Гэтэл тооцоо нийлсэн актад 1,800,000 ам.доллар гэж бичигдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ПБВ 90 маркийн битумыг 3 удаагийн үйлдлээр хариуцагч компанид нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр нь 1,329,159 ам доллар болсон. *******-д нийлүүлсэн БНД-90/130 маркийн битумыг нийт 6 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Үүний төлбөр 1,748,477 ам.доллар болдог. Нийт нэхэмжлэгчийн Монгол улсад нийлүүлсэн битумын төлбөр 3,077,636 ам доллар болсон.

Тухайн үнийн дүнгээс баримтаар төлсөн *******-ийн 1,750,000 ам.доллар, гурвалсан гэрээ гэх *******-аас *******-д төлөх төлбөрийг шилжүүлж авсан 995,465 ам.долларыг тооцоо нийлсэн акт үйлдэгдсэнээс хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд *******-аас төлсөн 112,000 ам.долларыг нийлүүлж 3,077,636 ам.долларын битумээс 2,857,465 ам.доллар төлөгдсөн. Төлөгдсөн төлбөрөөс хасахад 220,394 ам.доллар үлдсэн. 220,394 ам.доллараас 170,170 ам.долларт ногдох хэсгийг нэхэмжлэгч компани нь *******-аас нэхэмжилж шүүхийн шийдвэрээр 669,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо 50,224 ам.доллар төлөгдөөгүй гэж харагдаж байгаа.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч компани хэдэн төгрөг төлсөн болох нь харагдана. Гэтэл хариуцагч тал шүүх хуралдааны явцад дээрх байдлаар татгалзлаа илэрхийлдэггүй. Гэрээ байгуулаагүй гэж маргадаг. Үлдэгдэл 50,224 ам.доллартай холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж өгөх үүрэгтэй. Тооцоо нийлсэн акт нь *******, хариуцагч компанийн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр авсан битумын төлбөрийг төлөх ёсгүй байсан боловч ******* нь очиж би төлнө гэж хэлээд тооцоо нийлэх актад тодорхой төлбөрүүд төлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 50,224 ам.долларын үлдэгдэлтэй. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдаж битум нийлүүлэгдсэн учраас гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэж өгнө үү.  

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. ******* нь *******-д холбогдуулан 2009 тн буюу 1,748,477.28 ам.долларын битумын үнэ дутуу төлсөн хэмээн 699,079,626 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Дээрх шийдвэрээр ******* компаниас ******* болон *******-д нийлүүлсэн 3546,34 тн битумын төлбөр 3,077,636.28 ам.доллароос *******-ийн төлсөн 2,906,465.66 ам.долларын төлбөрийг хасаж үлдэгдэл 170,170.62 ам.долларын төлбөрт алданги 85,085.31 ам.долларыг нэмж нийт 255,255.93 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцон 699,079,626 төгрөгийг төлүүлэхээр ******* компаниас эрх шилжүүлэн авагч ******* нь *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг.

7.2. Үүний дараа ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******-ийг хариуцагчаар татан төлбөр нэхэмжлэхдээ *******-ийн хүлээн авсан 1536,6 тн битумын төлбөр 1,329,159.00 ам.доллараас *******-ийн төлсөн 872,000 ам.долларыг хэсэгчлэн ялган авч хассанаас үлдэх 457,159 ам.долларыг үлдэгдэл төлбөр гэж үзэн алданги тооцож нэхэмжилсэн байна.

*******-ийн 2 өөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нэг ижил, барааны төрөл нэг ижил, *******-аас төлсөн төлбөрийн дүнтэй баримтууд нэг ижил байдаг.

Гэтэл ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ барааны эцсийн үлдэгдэл дүнг 2014.09.11-2014.10.17-ны өдрийн хооронд төлсөн 1,040,000 ам.долларыг хасахгүйгээр 457,159 ам.долларыг өөрөөр харагдах дүнг гарган нэхэмжилсэн байна. Хэрэв дээрх төлсөн дүнг хасаж тооцвол *******-д хамаатуулж буй 1,329,159 ам.долларын төлбөр бүрэн төлөгдөж дууссан буюу *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлгүй болно. Иймд *******-ийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 467,159 ам.доллар, алданги 233,580 ам.доллар нийт 700,739 ам.доллар буюу 1,846,678,508.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь ХБНГУ-ын ******* компанитай  2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 080713 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээгээр 100,000 м.тн хүртэлх хэмжээний замын битум худалдан авахаар тохирчээ. /1хх-ийн 11-24 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээг үндэслэн 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 080713 дугаартай гэрээний нэмэлт №2 гэрээг байгуулж, БНП 90/130 маркийн, 440 м.тн хүртэлх замын битумыг 1 м.тн-ыг 895 ам.доллар нийт 393,800 ам.доллараар худалдан авах /3хх-ийн 213-214 дүгээр тал/

3.3. 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 080713 дугаартай гэрээний нэмэлт №3 гэрээ байгуулж, ПБВ 90 маркийн, 1,680 м.тн хүртэлх замын битумыг 1 м.тн-ыг 865 ам.доллар, нийт 1,453,200 ам.доллараар худалдан авахаар тус тус харилцан тохиролцжээ. /1хх-ийн 25-26 дугаар тал/

3.4. Талууд эхний 2 гэрээний төлбөрийн асуудлаар маргаагүй, харин хариуцагч байгууллага нь 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт №3 гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, мөн дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд нэг гэрээний үүргийг 2 өөр этгээдээс шаардаж буй нь үндэслэлгүй гэх агуулгаар маргасан, эдгээр үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

4. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрх шилжсэн талаар зөв дүгнэсэн боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

4.1. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.

******* компанитай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 080713 тоот гэрээ, уг гэрээг үндэслэн байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт №2 гэрээнд тус тус *******-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарсан байх ба уг гэрээний дагуу ******* нь замын битумыг хүлээн авч, үнийг төлж, гэрээ хэрэгжсэн болох нь талуудын тайлбар, бараа хүлээн авсныг баталгаажуулах бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /4хх-ийн 28-39 дүгээр тал/

Энэ тохиолдолд ******* компанийн хувьд ******* нь *******-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж ойлгогдох үндэслэл болжээ.  

Нөгөө талаар, хариуцагч байгууллагын зүгээс *******-ийг ******* дахин гэрээнд төлөөлөхгүй болохыг мэдэгдээгүй нөхцөлд 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт №3 гэрээнд *******-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, компанийн тамга дарсан үйлдэлд ******* компанийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд дээрх гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагчийн хувьд хожим маргах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.  

4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь мөн зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд эдгээр хэлцлийн аль аль нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулдаг ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь халхавчилж болон халхавчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог онцлогтой.  

Гэтэл 1хх-ийн 32-85 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* болон ******* компани нь гэрээний дагуу бараа хүлээн авсныг баталгаажуулах, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримт үйлдэж, гэрээ хэрэгжиж байсан үйл баримт тогтоогдож байгаа нөхцөлд тэдний хүсэл зоригийн илэрхийллийг дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилго бүхий байсан гэж дүгнэхгүй.

Өөрөөр хэлбэл, ******* компани болон ******* нь худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, уг хэлцлийг хийгдсэн гэж үзнэ.  

4.3. Иймд ******* компани болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Улмаар, ******* компани нь *******-тай 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 04/2018 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний шаардах эрхээ *******-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар шүүх зөв дүгнэсэн. /1хх-ийн 5-8 дугаар тал/

5. Дээрх гэрээний дагуу ******* компаниас 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 630.4 м.тн, 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 315.2 м.тн, 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 591 м.тн нийт 1,536.6 м.тн ПБВ-90 /PBV-90/ маркийн замын битум нийлүүлснийг *******-ийн зөвшөөрлөөр ******* хүлээн авсан болох нь тус компанийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн бараа хүлээн авсныг баталгаажуулах бичиг, гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдсон байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ. /1хх-ийн 32-58, 2хх-ийн 20, 29, 67, 167, 175, 182 дугаар тал/ 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч хариуцагчийн үүрэг дуусгавар болсныг анхаараагүй байна.

5.1. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 3110/2014 дугаартай нэхэмжлэхээр 545,296 ам.доллар, 3111/2014 дугаартай нэхэмжлэхээр 272,648 ам.доллар, 3112/2014 дугаартай нэхэмжлэхээр 511,215 ам.доллар нийт 1,329,159 ам.доллар нэхэмжилж, *******-д хүргүүлжээ. /1хх-ийн 37-41, 46-49, 54-58 дугаар тал/

2хх-ийн 213-214, 219-220, 222-223, 225-234 дүгээр талд авагдсан баримтуудаас үзвэл *******-иас 2014.05.02-ны өдөр 500,000 ам.доллар, 2014.08.25-ны өдөр 105,000 ам.доллар, 2014.08.28-ны өдөр 70,000 ам.доллар, 2014.09.01-ний өдөр 30,000 ам.доллар, 2014.09.03-ны өдөр 55,000 ам.доллар, 2015.03.10-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.04.28-ны өдөр 32,000 ам.доллар, 2015.05.27-ны өдөр 10,000 ам.доллар нийт 812,000 ам.долларыг *******-ийн өмнөөс гэсэн утгаар шилжүүлсэнийг нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгт тооцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох зохицуулалтад нийцнэ.

Мөн ******* компанийн төлбөр төлөх мэдэгдлийн дагуу *******-иас 2015.02.10-ны өдөр 20,000 ам.доллар, 2015.03.26-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.04.14-ний өдөр 10,000 ам.доллар, 2015.05.08-ны өдөр 10,000 ам.доллар нийт 50,000 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан Коммерц банкны баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 64-77, 2хх-ийн 211, 214-217, 220-221 дугаар тал/

Дээрх баримтуудаар хариуцагчийг нийт 862,000 ам.доллар төлсөн, үлдэгдэл төлбөрийг 467,159 ам.доллар гэж нэхэмжлэгч тодорхойлжээ.

5.2. Гэтэл ******* компани нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******-тай 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүн болон хийгдсэн төлбөрүүдийг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлсэн акт үйлдэж, *******-ийг нийт 1,277,636.28 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байна. /6хх-136 дугаар тал/

Тус актад “ПВБ-90 маркийн битум 2014.02.11-ний өдрийн 3110/2014 тоот гэрээгээр 545,296 ам.доллар, 3111/2014 тоот гэрээгээр 272,648 ам.доллар, 3112/2014 тоот гэрээгээр 511,215 ам.доллар, БНД-90/130 битум ...нийт 3,077,636.28 ам.доллар, ...2014.05.02-ны өдөр 500,000 ам.доллар, 2014.08.25-ны өдөр 105,000 ам.доллар, 2014.08.28-ны өдөр 70,000 ам.доллар, 2014.09.01-ний өдөр 30,000 ам.доллар, 2014.09.03-ны өдөр 55,000 ам.доллар, ... төлсөн, ... үлдэгдэл 1,277,636.28 ам.доллар” гэж тусгагджээ.  

Мөн Тооцоо нийлсэн актын протокол гэх баримтад “1. 2014 оны 2-р сард 1,536.6 тн, 1,329,159 ам.долларын ПБВ-90 битум *******-д нийлүүлсэн. 2. 2014 оны 6-р сард БНД-90/130 битумыг ... *******-д нийлүүлсэн, ...нийт БНД-90/130 битум 2,009.744 тн, 1,748,477.28 ам.доллар болно. 3. ******* нь нийт 1,800,000 ам.долларын барааны төлбөрийг шилжүүлсэн байна. 4. ...******* нь 1,277,636.28 ам.долларын өглөгтэй болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөв. 5. *******-ийн *******-иас авах 995,465.66 ам.долларын авлагыг 3 компанийн дундын тооцоогоор ******* компанид шууд төлөхийг харилцан зөвшөөрөв” гэжээ.

Түүнчлэн, ******* компани, *******, *******-иуд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээгээр *******-иас *******-д төлөх 995,465.66 ам.долларын өрийг ******* компани шилжүүлэн авч, *******-ийн төлөх төлбөрийг хүү, алданги тооцохгүйгээр 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 282,170.62 ам.доллар болж байгааг баталгаажуулсан. /6хх-ийн 239 дүгээр тал/  

Улмаар, ******* компани нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны актаар *******-ийн үлдэгдэл төлбөрийг 170,170.62 ам.доллар болохыг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээнд /6хх-242/ тусгасан байх ба уг төлбөрийг *******-иас гаргуулж *******-д олгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаар магадлалаар шийдвэрлэсэн, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /6хх-ийн 224-238/

******* нь *******-иас 2013.12.01-ний өдрийн 011213 тоот гэрээ, 2014.05.30-ны өдрийн 011213 тоот гэрээний нэмэлт зөвшилцөл №3 гэрээ, 2017.09.26-ны өдрийн нэмэлт гэрээний үүргийг шаардах эрхийг ******* компаниас шилжүүлэн авч, дээрх төлбөрийг шаардсан.    

Уг төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо *******-тай дээрх актуудыг үйлдэж, 282,170.62 ам долларын үлдэгдэлтэй байснаас 2015.02.06-ны өдөр 20,000 ам.доллар, 2015.03.09-ний өдөр 10,000 ам.доллар, 2015.03.23-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.04.13-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.04.27-ны өдөр 32,000 ам.доллар, 2015.05.06-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.05.26-ны өдөр 10,000 ам.доллар, 2015.05.07-ны өдөр 10,000 ам.доллар /экскаватор хадгалсан төлбөр/ нийт 112,000 ам.долларыг төлж, үлдэгдэл төлбөр 170,170.62 ам.доллар болсон гэжээ. /6хх-ийн 219-223 дугаар тал/  

Эдгээр үйл баримтууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.  

5.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтад холбогдох нотлох баримтууд болон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралтай нотлох баримтууд болох нэхэмжлэх, төлбөрийн баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчээс *******-д нийлүүлсэн гэх битумын марк, хэмжээ, үнэ, нийлүүлсэн хугацаа, нэхэмжлэхийн дугаар, түүнд заасан төлбөрийн хэмжээ нь *******-тай тооцоо нийлсэн баримтуудад тусгасантай адил байхаас гадна тэдний хэн аль нь төлсөн гэж гүйцэтгэх үүрэг тус бүрээс хассан төлбөр нь хэмжээ, цаг хугацааны /экскаваторын төлбөрөөс бусад/ хувьд давхцаж байна.

Түүнчлэн, 3хх-ийн 199-206, 210-211 дүгээр талд авагдсан ******* компанийн *******-тай байгуулсан 2013.12.01-ний өдрийн 011213 тоот гэрээ нь битум нийлүүлэх талаар тохиролцсон ерөнхий гэрээ байх ба уг гэрээг үндэслэн байгуулсан 2014.05.30-ны өдрийн 011213 тоот гэрээний нэмэлт зөвшилцөл №3 гэрээгээр БНД-90/130 маркийн 2,000 м.тн замын битумыг 1м.тн-ыг 870 ам.доллараар нийт 1,740,000 ам.доллараар нийлүүлэхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнүүдэд ПБВ-90 маркийн замын битум нийлүүлэх талаар тусгагдаагүй байна.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан “...******* компаниас ******* болон *******-д нийт 3,546.34 тн битум нийлүүлсэн, ******* нь төлбөр 3,077,636.28 ам.доллароос 2,906,465.66 ам.долларыг төлж, үлдэгдэл төлбөр 170,170.62 ам.долларыг алдангийн хамт төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. ******* нь *******-иас эхний багцын 1,536.6 тн битумын төлбөр 1,329,159 ам.долларын барааны дүнгээс *******-ийн төлсөн төлбөрүүд болох 872,000 ам.долларыг өөрсдөө хэсэгчлэн ялган авч, үлдсэн төлбөрийг нэхэмжилсэн байна. *******-ийн төлсөн бусад төлбөрийг энэ тооцоонд оруулбал *******-иас нэхэмжилсэн төлбөрөөс илүү гарна, энэ нь тус компанийг өр төлбөргүй болохыг харуулна...” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

6. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн 1,329,159 ам.долларын үнэ бүхий ПБВ-90 маркийн 1,536.6 м.тн замын битумын төлбөрийн асуудлаар *******-тай тооцоо нийлж, уг төлбөрийг ******* төлөх болохыг актаар баталгаажуулж, үүний үндсэн дээр *******-иас 3,546.34 м.тн /1,536.6м.тн-ПБВ-90 + 2,009.74м.тн БНД-90/130/ замын битумын үлдэгдэл төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан гэж үзэхээр байна.  

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагыг *******-ийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн ПБВ-90 маркийн 1,536.6 м.тн замын битумээс өөр битум хүлээн авсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээний төлбөрийг давхардуулан шаардаж буй нь хууль бус гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдана.

7. Дээрхийг нэгтгэвэл, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул уг үүрэг нь хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзнэ, энэ үндэслэлээр нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.     

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/05900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох 1,846,678,508.87 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,467,430.73 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.ГАНДИЙМАА