Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00114

 

 

2025 10 20 207/МА2025/00114

 

 

П.”““““““ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “““““““

ТӨХК холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.”““““““, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/01070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.”““““““ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““ТӨХК холбогдох,

Цалин хөлс олгоогүй хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги 18,738,276 төгрөг гаргуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.”““““““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.”““““““ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Би  үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гишүүдээ төлөөлж хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулах, ажилчдын цалин хөлсийг хуулийн дагуу бүтэн олгуулахаар шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлснийхээ төлөө миний бие цалин хөлсөөрөө хохирсон бөгөөд шүүхийн шидйвэрийн дагуу цалингаа”““““““ТӨХК-иас гаргуулсан авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1.-т заасны дагуу цалин хөлсийг олгоогүй хэтэрсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх алданги болох 18,738,276 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “““““““ТӨХК-ийн  төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: “...П.”““““““ нь “““““““ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх хуулийн этгээдийн орон тооны ажилтан, манай байгууллагын ажилтан биш учраас хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардах үндэслэлгүй...” гэж тодорхойлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/01070 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1., 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасныг баримтлан “““““““ТӨХК-аас 18,738,276 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.”““““““д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч П.”““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “““““““ТӨХК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.”““““““д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баялаг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

П.”““““““ийн шүүхэд гаргасан 18,738,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл ойлгомжгүй байтал шүүх тухайн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал П.”““““““ нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн хэдэн сарын хэдний өдрийг хүртэл хугацаагаар тооцож алданги нэхэмжилж байгаа талаар огт тусгаагүй, алдангийг ямар хугацаагаар тооцож тодорхойлсон нь ойлгомжгүй байсан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл ойлгомжгүй байхад иргэний хэрэг үүсгэж тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч талаас мэтгэлцэх эрх хязгаарлагдсан. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн эрхийн харилцаанд оролцож байгаа эттээдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар шүүхэд мэдүүлэх хугацааг нарийвчлан зохицуулсан. Хадөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр заасан. Нэхэмжлэгч П.”““““““ийн шаардах эрхийн хугацааг 2024 оны намар тус  шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс буюу эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд нийцнэ. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааг тоолох талаар нарийвчилсан зохицуулалт бүхий Хөдөлмөрийн тухай хуулиин 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан журмыг анхан шатны шүүх орхигдуулж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гаргахдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1.-д заасан ажилтанд нөхөн олгох алдангийн зохицуулалтаар П.”““““““ нь компаниас алданги шаардах эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.3.-д “ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” тус тус ойлгохоор хуульчилж өгсөн. П.”““““““ нь манай комианийн ажилтан биш бөгөөд П.”““““““ийн ажил олгогч нь манай компани биш болно. Тодруулбал П.”““““““ болон манай компанийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-д заасан ажилтаны алданги шаардах эрх, ажил олгогчийн апданги төлөх үүрэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн ажилтан, ажил олгогчийн харилцаанд хамааралтайгаар тайлбарлагдаж  хэрэглэгдэхээр байхад анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгээгүй П.”““““““д шаардах эрх олгож байгаа мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. П.”““““““ нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэдэн төгрөг тооцож байгаа талаар огт тусгаагүй бөгөөд алданги гэж нийт 18,738,276 төгрөгийг нэхэж шүүхэд хандсан. Гэтэл шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн тухайн харилцаатай холбоотой зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тодруулбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гуйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж хориглосон зохицуулалтыг анхан шатны шүүх зөрчсөн байна. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгуулж П.”““““““ийн 18,738,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т  зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч П.”““““““ нь шүүхэд “...хариуцагч “““““““ТӨХК-д холбогдуулан цалин хөлсийг хуулийн хугацаанд олгоогүй тул алданги 18,738,276 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Баялаг “...П.”““““““ нь “““““““ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх хуулийн этгээдийн орон тооны ажилтан, манай байгууллагын ажилтан биш учраас хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардах үндэслэлгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.”““““““ нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллагаас 2024 оны 03 дугаар сараас эхэлж 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны цалин олговор нийт 29,379,613 төгрөг гаргуулан авсан  нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.-т “Энэ хуулийн 104.1.-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно”  гэж зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд алдангийг  нэхэмжлэх эрхтэй хэдий ч мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т “...Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, ...маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,  мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т  “энэ хуулийн 154.2.1.-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж  тус тус заажээ.

6.Нэхэмжлэгч П.”““““““ нь ажил  олгогчид  “...сарын болон жилийн  үр дүнгийн  урамшуулалыг олгож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлэхийг ажил олгогчид даалгаж” шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй  үйл баримтын хугацаагаар нь хуульд зааснаар эрх зөрчигдсөн болохыг  мэдэх үеийг тодорхойлох тул 2025 оны 3 дугаар сард Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан үед  хөөн хэлэлцэх хугацаа  хэтэрсэн байсан  гэж үзэхээр байна.

7.Нэхэмжлэгч П.”““““““ийн “...тухайн үед ажил олгогчоос хэдэн төгрөгийн хэмжээний цалин олговор авах нь тодорхойгүй байсан тул цалин олговроо  аваад  зохих байгууллагад хандсан” гэх  тайлбарлаж  байгаа  боловч  нэхэмжлэгчийн сарын цалингийн нэмэгдэл болон урамшуулал болон  бодитой авсан цалин олговрын хэмжээ хэд байх нь алдангийг ажил  олгогчоос шаардахад төдийлэн хамаарахгүй гагцхүү ажил олгогч  хөдөлмөрийн гэрээнд заасан цалин  хөлсөө олгоогүй хоног тутамд алданги олгохоор хуульд тусгайлан зааж зохицуулсан.

8.Давж заалдах шатны шүүхээс  хуульд заасан эрх хэмжээний хүрээнд  хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлж, дүгнэлт хийж хариуцагчийн төлөөлөгч Т.”““““““ “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж П.”““““““ийн 18,738,276 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах  боломжтой байна гэж үзэв.

9.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хуульд зааснаар  ажил олгогчоос  алданги 18,738,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШШ2025/01070 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч П.”““““““ийн хариуцагч “““““““ТӨХК-иас 18,738,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““““ давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.ҮҮРИЙНТУЯА     

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.”““““““  

                                                 ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ