Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 207/ма2025/00115

 

 

2025 10 20 207/МА2025/00115

 

 

“““““““ даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

    хариуцагч “““““““ СӨХ-нд холбогдох

   иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/01106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “““““““ даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““ СӨХ-нд холбогдох,

Орон сууцны дээврийн засварын төлбөр 4,007,504 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзанпагма цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “““““““ даатгал ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Манай компанийн Барьцаа хөрөнгийн даатгалын “““““““тоот гэрээний даатгуулагч Н.”““““““өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө “““““““тоот орон сууцанд дээврээс нь ус алдаж, даатгуулагчийн эд хөрөнгөд 4,007,504 төгрөгийн хохирол учирсныг манай компаниас төлж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д заасны дагуу манай компани хохирол нэхэмжлэх эрхий шилжүүлж авсан. Иймд Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тухайн орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байгууллага нь “““““““ СӨХ тул 4,007,504  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  “““““““ СӨХ-ны шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

“““““““ СӨХ нь “““““““гэх ганц байрыг хариуцан ажилладаг бөгөөд тухайн байр нь 2013 онд ашиглалтад орсон, 2 орцтой, 12 давхар, 120 айл өрхтэй бөгөөд тэдгээрийн 97 нь албан байгууллагын /”““““““ТӨҮГ/ өмчлөлд байдаг тухайн байгууллагатай гэрээтэй, харин 23 өрх нь манай СӨХ-той хамтран ажиллах гэрээтэй байдаг, ...тус байранд 2023 оноос дээврээс ус нэвтэрлээ гэх оршин суугчдын гомдол ирэх болсон тул 1,2 -р орцны дээвэрт хэсэгчилсэн засвар болон заадсын нөхөөсийг хувь хүмүүстэй гэрээлэн, цаг алдалгүй хийлгэсэн. Хэсэгчилсэн засвар, заадсын нөхөөс хийлгэснээр дахин гомдол гараагүй байсан бөгөөд 2024 он буюу өнгөрсөн зуны 7,8 дугаар сард орсон маш их устай, хүчтэй бороо /байгалийн давагдашгүй хүчин зүйл/-ны улмаас 120 тоот руу ус нэвчсэн. Ус нэвчсэн тохиолдлоос үүдэн 120 тоотын өмчлөгч өөрчлөгдсөн болохыг мэдсэн. Н.”““““““ нь 120 тоотыг өмчлөх болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Тус СӨХ нь ганцхан 17В байрыг хариуцан ажилладаг бөгөөд сарын орлого нь 3 сая орчим байдаг. Үүнээс цалин, татвар, ус, дулаан, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээний тогтмол зардлууд гарахад л хуримтлал үүсгэх боломж бараг байдаггүй. Энэ байдлаа иргэн Н.”““““““т тайлбарлаж, тэдний дээд талын дээврийг дахин засуулахад материалын зардлыг нь Холбооноос гаргах, засуулах ажлыг Н.”““““““ хариуцахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу Н.”““““““ засварыг эхлүүлсэн. Засварт шаардагдах материалыг засварчид нь бүрэн авсан, материал авсан е-баримтыг /2,437,000.00 төгрөг/ Холбоонд өгсөн. Холбооны зүгээс 1,800.000 төгрөгийг Н.”““““““данс руу шилжүүлсэн. “““““““ даатгал -аас ирүүлсэн нэхэмжлэлд 4 сая гаруй төгрөгийн хохиролтой гэжээ. Энэ нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлд учирсан болон учирч болох гэм хорыг арилгаж, зайлшгүй гаргасан зардал гэж үзэх үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн бус өөрийн хөрөнгөд хийсэн засвар, үйлчилгээний зардлыг СӨХ хариуцах үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, 13.2.4-т өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул орон сууц өмчлөгч Н.”““““““ өөрийн орон сууцны засвар, үйлчилгээний зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд “““““““ СӨХ-нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Уг орон сууцыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдаж авсан, “““““““ даатгал ХК-тай байгуулсан даатгалын гэрээнд үндэслэн дээврээс ус алдсаны улмаас өөрийн орон сууцны тааз, хана, шаланд хийх засварын зардалд 4,007,504 төгрөгийг гаргуулж авсан. Би нэгэнт гэртээ засвар хийж байгаа юм чинь дээврийг бас зассан дээр гэж бодоод СӨХ-той холбогдож ярилцаад дээврийн засвар хийх материал, ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг СӨХ-оос авч дээврийн засварыг хийсэн, ...үлдэх мөнгийг аваагүй байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/01106 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч “““““““ СӨХ-оос 4,007,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““ даатгал ХК-д олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “““““““ даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “““““““ СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамж 79,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “““““““ даатгал ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан “ ...шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн” шийдвэр гаргалаа. Учир нь Иргэний хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, иргэний хэргийн хариуцагч болох иргэн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тогтоодог гэсэн ойлголт юм. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх нь шүүх хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу сэргээж, хамгаалж чадаж байгаа эсэхэд хариулт болох ач холбогдолтой байдаг. Шүүх хуралдааны оролцогчид нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой эрх, үүргийг хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцдог. Энэ агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Д.”““““““ урьд бичгээр гаргасан хариу тайлбар дээр нэмж шүүх хуралдаанд дараах татгалзлалыг гаргасан. Үүнд: 1. “““““““ даатгал ХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““ нар нь тэдгээрийн хоорондоо байгуулсан зээлдэгчийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 7.1.6.-д заасан “учирсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол нөхөн төлбөр олгохгүй” гэсэн гэрээнийхээ заалтыг зөрчиж нөхөн төлбөр олгож, олгосон 4,007,504.27 төгрөгийг “““““““ СӨХ-ноос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь “““““““ СӨХ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““т засвар үйлчилгээнд нь зориулан амаар 2,600,000 төгрөг олгохоор тохиролцон үүнээс 1,800,000 төгрөгийг түүний хаан банкны дансанд шилжүүлсэн ба энэ талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1. дэх хэсэгт заасан “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсны дагуу учруулсан гэм хорыг арилгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар. 2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““ нь “““““““ даатгал ХК-иас нөхөн төлбөр гэж авсан 4,007,504.27 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд хэргийн материалд авагдаагүй байх тул нөхөн төлбөрт олгогдсон дээрх мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байгаа талаар, 3.Нэхэмжпэгч нь “““““““ СӨХ-г Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт заасан “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан гэж үзэж Н.”““““““т олгосон 4,007,504.27 төгрөгийг “““““““ СӨХ-өөр буцаан төлүүлэхээр нэхэмжилж байгаа ч хууль бус аргаар гэм хор учруулсаныг нотолсон нотлох баримтууд хэргийн материалд авагдаагүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар тус тус мэдүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаар татгалзсан татгалзал гаргасан. Харамсалтай нь шүүх энэ мэт олон асуудлыг бүрэн дүүрэн нотлолгүй орхигдуулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлж, нэхэмжпэлийн зүйл буюу шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, талуудын нотолгооны үүрэг буруу хуваарилагдсан байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлсэнгүй. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах учиртай байдаг. Гэвч, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаан дээр гаргасан татгалзлалын талаар шүүхийн шийдвэрт огт дурьдалгүй орхигдуулж, зөвхөн хариуцагч Д.”““““““ урьд бичгээр гаргасан хариу тайлбарыг шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулсан байна. Энэхүү үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчмыг зөрчсөн ноцтой алдаа болсон байх бөгөөд талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын тэгш эрх, диспозитив зарчмыг алдагдуулсан, шүүх хуралдаанд оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг дордуулсан, шүүх хуралдааны оролцогчийг бэлгэ тэмдэг мэт үзсэн үйлдэл боллоо. Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дахь хэсэгт “...хариуцагч нь гуравдагч этгээдэд гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэх боловч өөрийн татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, “““““““ СӨХ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““т засвар үйлчилгээнд нь зориулан амаар 2,600,000 төгрөг олгохоор тохиролцон үүнээс 1,800,000 төгрөгийг түүний хаан банкны дансанд шилжүүлсэн ба энэ талаарх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байтал шүүх үүнийг тодруулалгүй, үндэслэлгүйгээр үнэлэлгүй орхигдууллаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх учиртай. Шүүхийн шийдвэр хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бус, үндэслэл бүхий болж чадаагүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болдог. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх алдааг залруулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд  нь хянан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “““““““ даатгал ХК нь шүүхэд “...орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байгууллага нь “““““““ СӨХ тул 4,007,504  төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “““““““ СӨХ “...орон сууц өмчлөгч Н.”““““““ өөрийн орон сууцны засвар, үйлчилгээний зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд “““““““ СӨХ-нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлосон баримтуудыг гаргаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулсан байна.

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус сумын “““““““хороолол “““““““тоот байрны дээвэрт борооны ус нэвтэрч улмаар оршин суугч Н.”““““““байрны  таазны эмульс замаска ховхорч, ханын цаас хуурсан, паркетан шал хөөсөн зэрэг гэмтэл үүсч улмаар 4,940,400 төгрөгийн хохирол учирсан болох нь үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч “““““““ даатгал ХК нь даатгуулагчийн эд хөрөнгөнд учирсан төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан “Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэх авах гэрээ”-нд зааснаар учирсан хохирлоо гаргуулахаар шаардах  эрхтэй.

5.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4.-т “...шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт”-ыг үндэслэн даатгалын төлбөрийг олгоно гэж зааснаар  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн үнийн дүнгээр тооцож хариуцагчаас уг хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, тэрээр  хэрэгт ач холбогдол бүхий  нотлох баримтаа  цуглуулах, гаргаж өгөх зэрэг  хуульд заасан  үүргээ хэрэгжүүлсэн  байна.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““гаргасан давж заалдах гомдлын тухайд: Хариуцагч “““““““ СӨХ болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.”““““““ нарын хооронд уг орон сууцны барилгын дээврийг засах төлбөрийн талаар хийсэн тохиролцоо болон дээвэрт үүссэн гэмтэл, эвдрэлийг засах, гарсан зардлыг нь тухайн байрны СӨХ хариуцах талаар холбогдох хуулиар зохицуулсан тул нэхэмжлэгч “““““““ даатгал ХК нь хариуцагчаас хохирол 4,007,504 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй юм.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотолж шүүхэд “...2020.05.27-ны өдрийн 1/99 дугаар албан бичиг, 2023.09.19-ний өдрийн 02 дугаар “Ажил гүйцтгэх гэрээ”, 03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ,” Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримтууд, 2025.05.05-ны өдрийн 02-25-01/078/60 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг цуглуулж ирүүлсэн байх ба уг баримтууд нь хуульд заасны дагуу нотариатаар гэрчлэгдээгүйгээс гадна орон сууцны дээвэр нь даатгуулагчийн даатгуулсан эд хөрөнгө биш,  дээврийг засахад гарсан уг зардал даатгуулагчийн эд хөрөнгө учирсан хохиролд орж тооцогдохгүй, хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй  байх тул шүүх уг баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүйг буруутгах боломжгүй юм.

7.Түүнчлэн даатгуулагч Н.”““““““ нь “...даатгалын төлбөр 4,007,504 төгрөг”-ийг  авч, түүнийг хэрхэн зарцуулсан болохоо мөнгөн шилжүүлэг болон бусад баримтаар нотлох шаардлагагүй өөрөөр хэлбэл даатгуулагчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг даатгагч нь мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг үндэслэж төлсөн нь зөв  байна.

 9. Дээрх байдлаас үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/01106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.”““““““давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,100 төгрөгийг төрийн сангийн орлогол хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ