| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0430/Э |
| Дугаар | 454 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 454
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Э-т холбогдох эрүүгийн 19100 0487 0432 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох , шүүгдэгч Э.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, уяачийн туслахын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 хороо, Өлзийтийн 23-366 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн **-** тоотод Д.З-ийг “манай аавыг элэг барилаа” гэж зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Хохирогч Д.З-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардалд тооцож 150.000 төгрөг өгсөн. Би алдаагаа ойлгож ухамсарласан, миний буруу. Хохирогч нь байнга өндөр настай манай аавын гэрт нь очиж архи уудаг, тэгээд би “настай хүнийг элэг барилаа” гэж уурласан. Би тухайн үед өрөөр 3 шил пиво уусан байсан боловч ухаантай байсан. Миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Би хохирогчтой очиж уулзсан, уучлалт гуйсан. Эрүүл мэндийн байдал нь сайн байна лээ. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0487 0432 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З-ийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 02 сарын 07-ны өдөр Цагаан сар баярын өдөр байсан болохоор би Өлзийт хороололд байдаг Ц гэх найзындаа очсон юм. Тэгээд гэртээ харих гэхэд манай гэрт нагац ах ирсэн байсан болохоор уусан үед нь ороод яахав гэж бодоод хажуу талын, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Н гэж дууддаг ахын гэрт орж унтсан. Тэгтэл гэнэт намайг Б гэх Н ахын хүү нь “манай аавыг элэг бариад байгаа юм уу” гээд зодоод гараад явсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм.
Тухайн үед Н ахын гэрт Батбаяр гэх ах ганцаараа байсан. Б- намайг дээрээс дарж өвдөглөөд, хөл, гар мушгиад байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор одоо сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, надад санал хүсэлт байхгүй. Уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг Э надад учруулсан.
...Би цээжний зураг авахуулсан 150.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Нэхэмжилсэн 150.000 төгрөгийг Э-аас авсан. Одоо надад гомдол, санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х, 27х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Э-ын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 02 сарын 07-ны өдөр хүү Э руу залгаад, хамт айлаар золгох гээд “ирж байна уу” гэхэд “би аавын гэрт ирсэн байна, аав эзэнгүй байна, З согтуу гэрт нь байна” гэхээр нь би Э-ын эхнэр У-тэй хамт Н-ийн гэрт ороход манай хүү Э, Нямсүрэнгийн хажуу талын хашааны З хоёр гэрийн зүүн талд нэг нэгнийгээ заамдалцаад, хэрэлдчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад, хоёуланг нь загнаад, Э-ыг аваад явсан юм.
Тухайн үед Батбаяр гээд сэтгэцийн өвчтэй юм шиг өвгөн зурагт үзээд сууж байсан. Одоо Батбаяр хаана байгааг нь мэдэхгүй, мал малладаг байх. Э нь миний хоёр дахь хүү юм. Төв аймагт 8 жилийн сургуулийн 5 дугаар ангийг төгсөөд, сургуулиасаа гарсан. Ямар нэгэн эзэмшсэн мэргэжил байхгүй, насаараа мал маллаж байгаа. Сүр сар гэсэн уулганч зантай, мөнгөтэй болохоороо хүмүүст тараагаад дуусгачихдаг. Тамхи татдаг, архи уудаг, гэхдээ элдэв ааш зан байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ц-ын гэрчээр өгсөн:
“..Би 2019 оны 02 сарын 07-ны өдөр Эрхэс-113 авто эргүүлийн чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ган-Отгоны хамт үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, МТ колонкийн ард “таньдаг хүн зодсон” гэх дуудлагын дагуу очиж шалгахад МТ колонкийн ард хэн нэгэн хүн байхгүй байсан. Тэгэхээр нь дуудлага өгсөн утсаар холбогдон гэрийг нь заалгаж очиход З гэх эрэгтэй хүн орон дээр хэвтсэн, ёолсон байдалтай байсан ба “Э намайг зодсон” гэж хэлсэн.
З-ийн биеийг үзүүлэхээр 103 дуудаж, З-тэй хамт байсан Н гэх хүнээр Э гэгчийн гэрийг заалган гэрт нь очиход Э нь согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэсэн. З-ийг 103-н эмчид үзүүлээд, хэлтсийн байранд авч ирээд зөрчлийн байцаагчид хүлээлгэж өгсөн юм. Намайг дуудлагаар очиход З-ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед “миний хавирга хугарчихсан юм шиг өвдөөд байна” гээд орон дээрээ хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 2266 тоот:
1. Д.З--н биед цээжний зүүн талын VIII, IХ хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,
5. Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 762 дугаартай:
1. Магадлуулагч Д.З--н биед №2266 дугаартай дүгнэлт хэсэгт тусгагдсанаас өөр хэсэг газрын үзлэгт өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, цээжний зүүн талын 8, 9-р хавирганы хугарал гэмтлүүдтэй нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн 2019 оны 6 сарын 05-ны өдрийн дүгнэлт /хэргийн 39-40х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэлд:
“...Би 2266 дугаартай дүгнэлтийг гаргасан. Д.З-ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Манай байгууллага хүний ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Хүн өөрөө босож явах, хоол ундаа идэх, биеэ засах зэрэг энгийн үйлдлийг хамааруулдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
2019 оны 02 сарын 07-ны өдөр манай аав Нямсүрэнгийн бие тааруу болохоор биеийг нь асуух гээд аавын гэрт ороход аав байхгүй, бие засах гээд гарсан байсан. Гэрийн зүүн талын орон дээр З гэх зүс таних залуу хэвтэж байсан. Гэрийн хойморт нь Батбаяр гэх аавын найзын дүү сууж байсан.
Тэгээд би Батбаяр ахаас “З-ийг юу хийж байгаа” талаар асуухад “халамцуу л хэвтэж байна” гэхээр нь З-эд “чи настай хүн битгий элэг бариад байгаарай” гэхэд З миний өөдөөс салаавч гаргаад босоод ирсэн. Тэгээд намайг заамдаад авахаар нь би баруун гарыг нь бугуй хэсгээс нь барьж мушгиж, хөлөөрөө хавсарч унагахдаа би дээрээс нь дараад цуг унасан. Тэгээд намайг босоход гаднаас манай эхнэр, ээж хоёр орж ирээд “яагаад хэрүүл хийгээд байгаа юм” гэхээр нь би гараад явчихсан юм. Би тухайн өдөр 2-3 аяга айраг уусан байсан. Харин З нилээн халамцуу байсан.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг миний бие З-эд учруулсан. Тухайн үед ноцолдож дээрээс нь дарж унахдаа өвдөглөсөн байх. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 55х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Дэнжийн **-** тоот дахь өөрийн эцэг Нямсүрэнгийн гэрт “настай хүн битгий элэг бариад байгаарай” гэснээс Д.З-тэй маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний гарын бугуй хэсгээс нь барьж мушгин хөлөөрөө хавсарч унагаан, биед нь “цээжний зүүн талын VIII, IХ хавирганы хугарал”, “...өгзөгний цус хуралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- хохирогч Д.З-ийн: “...2019 оны 02 сарын 07-ны өдөр Цагаан сар баярын өдөр байсан. ...Н гэж дууддаг ахын гэрт орж унтсан. Тэгтэл гэнэт намайг Б- гэх Н ахын хүү нь “манай аавыг элэг бариад байгаа юм уу” гээд зодоод гараад явсан.
Тухайн үед Н ахын гэрт Батбаяр гэх ах ганцаараа байсан. Б- намайг дээрээс дарж өвдөглөөд, хөл, гар мушгиад байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор одоо сайн санахгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд ...дурдагдсан гэмтлүүдийг Э надад учруулсан. Би цээжний зураг авахуулсан 150.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...нэхэмжилсэн 150.000 төгрөгийг Э-аас авсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х, 27х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 02 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 2266 тоот: “Д.З--н биед цээжний зүүн талын VIII, IХ хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,
- Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 762 дугаартай: “Магадлуулагч Д.З--н биед №2266 дугаартай дүгнэлт хэсэгт тусгагдсанаас өөр хэсэг газрын үзлэгт өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, цээжний зүүн талын 8, 9-р хавирганы хугарал гэмтлүүдтэй нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн 2019 оны 6 сарын 05-ны өдрийн дүгнэлт /хэргийн 39-40х/,
- шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: “...Би 2266 дугаартай дүгнэлтийг гаргасан. Д.З-ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Манай байгууллага хүний ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Хүн өөрөө босож явах, хоол ундаа идэх, биеэ засах зэрэг энгийн үйлдлийг хамааруулдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/,
- гэрч П.Э-ын: “...Би 2019 оны 02 сарын 07-ны өдөр хүү Э руу залгаад, хамт айлаар золгох гээд “ирж байна уу” гэхэд “би аавын гэрт ирсэн байна, аав эзэнгүй байна, З согтуу гэрт нь байна” гэхээр нь би Э-ын эхнэр Уранчимэгтэй хамт Нямсүрэнгийн гэрт ороход манай хүү Э, Нямсүрэнгийн хажуу талын хашааны З хоёр гэрийн зүүн талд нэг нэгнийгээ заамдалцаад хэрэлдчихсэн зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад, хоёуланг нь загнаад, Э-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/ болон гэрч Н.Ц- /хэргийн 33х/, шүүгдэгч Э.Э-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Д.З-ийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “өгзөгний цус хуралт, цээжний зүүн талын VIII, IХ хавирганы хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Э.Э “настай хүн битгий элэг бариад байгаарай” гэсэн шалтгаанаар Д.З-тэй маргаж, таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, гарын бугуй хэсгээс нь барьж мушгин хөлөөрөө хавсарч унагасан үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э-ын хохирогч Д.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримтад маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг тэмдэглэв.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Д.З--н биед учирсан “..өгзөгний цус хуралт.., цээжний зүүн талын VIII, IХ хавирганы хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоотой холбоотой гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.З нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогчоос эмчилгээ оношилгооны зардалд нэхэмжилсэн 150.000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан талаар Д.З нь хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт дурьдагдсан байна. /хэргийн 27х/
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Э.Э-аас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан талаар хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоол, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 56х/ авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Иймд шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй юм.
Шүүх, шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Х.З нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.З нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.З нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД