Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 152/2017/00299/и |
Дугаар | 001/ХТ2017/01302 |
Огноо | 2017-10-31 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2017/01302
А.Агийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 398 дугаар шийдвэртэй,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Увс аймгийн ЗДТГхолбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3 902 418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаярын гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. .
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Агваансүрэнгийн Ариунтуяа нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр аймгийн ЗДТГгазрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгосон. Хариуцагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх бүрэлдэхүүн хянаад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаар бүхий магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Аймгийн ЗДТГгазрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар аймгийн ЗДТГгазрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилд томилох тухай аймгийн ЗДТГгазрын даргын тушаал гарсан 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны /ажлын 78 өдрийн/ цалин, нэмэгдлүүдтэй тэнцэх олговор 3.902.418 төгрөгийг гаргуулахаар тогтоож өгнө үү. ЗДТГгазраас 2017 оны 02 дугаар сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтрүүдэд зохих бичилт хийж өгөхгүй байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, холбогдох журамд зааснаар даатгалын санд төлүүлж, дэвтрийн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч А.Аг ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 32 тоот шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 787 тоот магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба талууд тухайн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр нэхэмжлэгч өөрийн цалин, мөнгөө нэхэмжлэх эрх үүссэн буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 3 сарыг тооцон үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дээрх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, мөн өнөөдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргаж байгаа нь үндэслэлгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн ЗДТГгазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.665.100 /гурван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 273.318 /хоёр зуун далан гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч А.Агийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн ЗДТГт даалгаж шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн ЗДТГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцоолохдоо нэхэмжлэгчийг “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан хэмээн үзэж, магадлалыг гардан авснаас хойш талууд магадлалд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан, мөн үеэс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж үзэж нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзсэн байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д “Давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-д заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй” бол уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болох журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх уг зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бичгээр үйлдэж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ёстой 14 хоног, гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах 14 хоногуудыг бүгдийг нь нэмж хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг тооцоолж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх хугацаанууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь процессын хугацаа болохоос магадлал хуулийн хүчин төгөлдөр болохыг тооцоолдог хугацаа биш юм. Талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал гарсан өдрөөсөө буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д заасны дагуу хүчинтэй болсон өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр болох ёстой. Аль ч шатны шүүхийн шийдвэр нь иргэдэд ойлгомжтой, тодорхой, хоёрдмол утгагүй бичигдсэн байх ёстой. Хэрвээ шүүхийн магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тооцоолсон шиг процесс ажиллагааны хугацааг бүгдийг нэмж тооцоолдог бол шүүхэд хандаж байгаа энгийн иргэн хүн тухайн шүүхийн магадлалыг хэзээ хүчин төгөлдөр болсныг мэдэх боломжгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байдал бий болж байна. Иргэн хүн тэр олон процесс ажиллагааны хугацааг мэдэхгүй тиймээс шүүхээс гаргасан магадлалыг хараад хуулийн хүчин төгөлдөр болох огноог хэрхэн яаж мэдэх вэ? Бусад захиргааны байгууллагууд хуулийн хүчин төгөлдөр болсон хугацааг шүүхийн шийдвэр, магадлалыг хараад хэрхэн яаж мэдэх вэ? Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д заасан “хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал хуулийн хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол магадлал гарсан үеэсээ хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан гэж ойлгож байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий байх хуулийн шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хэрэгт давж заалдах шүүхийн магадлал хэзээ, хэдэн сарын хэдний өдөр бичгийн хэлбэрт орж албажсан, нэхэмжлэгч магадлалыг хэзээ гардаж авсан зэрэг баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн үнэхээр магадлалыг хуулийн хүчин төгөлдөр болсон хугацааг процесс ажиллагааны хугацаануудыг нэмж тооцоолж байгаа бол магадлал хэзээ албажсан, хэзээ талууд магадлалыг гардаж авсан, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь яг хэзээ дууссан гээд бүх баримтыг хэрэгт авсны үндсэн дээр тооцоолох ёстой. Гэтэл энэ бүхэн тодорхойгүй байхад хуульд заасан процесс ажиллагааны хугацааны эцсийн өдрөөр бүх хугацааг нэмж нийт хугацааг гаргаж байгаа нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэргийн энэхүү нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хоёр шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуусан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.А нь ажилгүй байсан хугацаа буюу 78 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговор 3.902.418 төгрөгийг хариуцагч Увс аймгийн ЗДТГгазраас гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсч, энэ үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0787 дугаар магадлалаар А.Аг Увс аймгийн ЗДТГгазрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоожээ.
Хариуцагч Увс аймгийн ЗДТГ 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн үеэс тоолох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй боловч энэ талаарх дүгнэлтийг залруулах боломжтой гэж үзэв.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд авахдаа шүүхийн шийдвэр гарсан үеэс ажилд авах хүртэл хугацааны олговрыг нь өгөөгүй байна. Олговрыг зөвхөн шүүхэд хандах замаар шаардахгүй бөгөөд үүрэг бүхий этгээд өгөх ёстой олговрыг өгөөгүй, татгалзснаар нэхэмжлэгчийн хувьд эрх зөрчигдсөн гэж үзнэ.
Иймд энэ үеэс буюу 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхэд гомдол гаргах тусгай хугацаа болох Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг тоолох ба нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 18-наас ажилд авсан 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл тодорхойлж, энэ хугацааны олговор 3 665 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн байна.
Шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 398 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА