| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2134000000052 |
| Дугаар | 126 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 126
Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Б.Э-т холбогдох 2134000000052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Э, 1968 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, 53 настай, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй,
Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын ******* багийн нутаг “*******” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Э-ийн цээжин тус газар нь хутгалж алсан,
мөн газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Э-ийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан гэмт үйлдэлд нь Төв аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийг хүнийг алах гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 645 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 14,923,364 /арван дөрвөн сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,061,300 /хоёр сая жаран нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 1,273,302 /нэг сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт Б.Э-ийн өмчлөлийн 472,900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, гэрийг Б.Э-т буцаан олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 заалтыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх энэ хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-т заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй, бодит байдлыг нуун дарагдуулсан шинжтэй, амь хохирогч Б.Э-ийн хамт ажиллаж байсан найзууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, шүүгдэгч Б.Э-ийг амь хохирогч нас барахаасаа өмнө зодож, хүчирхийлэл үйлдэж байсан талаар зориуд нэг ч үг хэлээгүй. Гэтэл бодит байдал дээр Б.Э талийгаачид нүүрэндээ 2 удаа цохиулснаас болж зүүн нүд нь хөхөрсөн гэмтэлтэй цагдан хорих байгууллагад ирж байсан талаарх эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай тогтоогдсон. Мөн амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан талаарх цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээлэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож, гэмт хэрэг гарах үед амь хохирогч өөрөө эхэлж Б.Э-ийг гэртээ 4 найзын дэргэд зодож, хөрөө барин дайрч хөрөөдсөн талаарх мэдээлэл нотлогдсон байхад гэрчүүд үүнийг санаатай, зориуд худал мэдүүлсэн болох нь гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэн тогтоож чадаагүй, иргэдийн төлөөлөгчийн ...шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, хүний амь насыг санаатай бүрэлгээгүй, амь хохирогчийн хууль бус үйлдэл, хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж, бусдын амь насыг бүрэлгэсэн байх магадлалтай байна... гэснийг бүрэн тусгаагүй, гуйвуулан зөвхөн гэм буруутай гэж үзэж байгаа талаар дүгнэлт хэлэхийг шаардаж, өөрийнх нь дотоод итгэл үнэмшлийг өөр байдлаар илэрхийлүүлэх шахалт үзүүлсэн гэж ойлгож байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, оногдуулах ял шийтгэл хөнгөрөх бүрэн боломжтой юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй талаар хангалттай үндэслэл бүхий тайлбарласан хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад анхан шатны шүүх энэ зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.7-д заасныг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноосныг хүчингүй болгож, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцож ирсэн. Энэ хэрэгт маш олон ээдрээ төвөгтэй асуудлууд үүссэн ба анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг давж заалдах шатны шүүх анзааралгүй орхигдуулсан учир үнэн бодит байдлыг тогтоолгохоор хяналтын журмаар гомдол гаргасан. Юуны өмнө хэргийн бодит байдлыг тогтоож чадалгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй буюу хэнийх нь мэдүүлэг үнэн болохыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоож чадаагүй. Зөвхөн яллах талын мэдүүлгүүдийг үнэлж Б.Э-ийг гэм буруутай байдлаар хэргийг зүйлчилсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж дүгнэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн болох нь тодорхой. Миний үйлчлүүлэгч Б.Э-ийн хувьд Төв аймгийн цагдан хорих байранд очихдоо нүд нь хөхөрсөн байдалтай очсон. Дээрх нөхцөл байдалд мөрдөгч байцаагч шинжээч томилох ажлыг шууд хийх ёстой байсан. Шүүгдэгч Б.Э-т хөнгөн гэмтэл учирсан байх бололцоотой нөхцөл байдал байсан боловч мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэгт хяналт тавьж байсан прокурор ч хяналтаа бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй. Энэ асуудлаар удаа дараагийн санал хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Сүүлдээ прокурор болон анхан шатны шүүх хэргийн бодит байдлаас залхаж хурдан шийдье гэсэн байдлаар хандсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан санал шүүгдэгчийн өмгөөлөгчтэй ижил байсан.
Шүүгдэгч Б.Э нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж түүний амь бие, эрүүл мэндэд хохирол учрах бодит нөхцөл байдал болсон бөгөөд энэ байдлыг хэн ч зогсоогоогүй. Энэ үед өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор ширээн дээр байсан хутгыг аваад арагшаа ч харалгүйгээр хатгахад хохирогчийн цээжин тус газарт нэг удаа зоогдсон. Тухайн цаг хугацаанд маш яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байсан боловч үзүүлээгүй. Түүнчлэн гэрт амь хохирогч Б.Э, шүүгдэгч Б.Э, нэр бүхий 4 дөрвөн гэрч, нийт 6 хүн байсан. Нэр бүхий 4 гэрч амь хохирогчтой хамт ажиллаж байсан бөгөөд тухайн цаг хугацаанд ямар үйл явдал болсон талаар үнэнийг яагаад хэлэхгүй байна вэ, мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг өгөхдөө маш зөрүүтэй мэдүүлсэн. Энэ асуудлыг бүрэн гүйцэд шалгаагүй учир шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нотлох баримтын үндэслэлийг буруу дүгнэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нэг зүйл бол иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн саналыг тэмдэглэлд зөрүүтэй бичигдсэн. Миний бие дуу, дүрсний бичлэгтэй тулгах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хүний хэлээгүй үгийг хэлсэн мэтээр бичсэн байдаг. Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэсэн дүгнэлт хийж буцаасныг прокурор яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Нотлох баримтыг устгах, гэмтээх гэдэг нь гэмт хэргийнхээ ул мөрийг устгах үйлдлээс ялгаатай. Нэгэнт нотлох баримтаар тооцсон, үнэлж, дүгнэсэн зүйлийг устгасан гэдэг нь ойлгомжгүй. Гэмт хэргийн ул мөрийг баллах зорилгоор хийсэн үйлдэл бүрт нэмж ял оногдуулах хууль зүйн практик дэлхийн хаана ч байхгүй байх. Б.Э-ийн хувьд нотлох баримтыг устгасан асуудал огт байхгүй. Зүгээр л гэртээ байсан зүйлсийг цэвэрлэж арилгая гэсэн бодолтой байсан. Түүнээс хийсэн үйлдлээ нуун далдлах зорилго агуулаагүй. Мэдээж ар гэрээс нь айсандаа бодит байдлыг хэлээгүй ч мөрдөн байцаагчид үнэн учрыг хэлсэн. Иймд Б.Э-ийн мэдүүлэг тогтвортой байдлыг харгалзан сэтгэл санаа хүчтэй цочрон давчадсан үедээ энэ хэргийг үйлдсэн гэж үзэж болохоор байна.
Өөрөөр хэлбэл амь хохирогч нь миний үйлчлүүлэгч Б.Э-т маш олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үзүүлж байсан бөгөөд дээрээс нь бензин асгаж байгаад шатаах оролдлого хүртэл хийж байсан. Энэ бүх зүйлийг хэргийн бодит байдалд уялдуулж дүгнэлт хийж чадаагүй. Хүний амь нас хохирсон нь маш эмгэнэлтэй, харамсалтай асуудал. Шүүгдэгч Б.Э амь хохирогчийн амь насыг бүрэлгэсэндээ маш их харамсаж байгаа. Тийм учраас хэргийн зүйчлэл буруутай дүгнэгдсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд зааснаар нэмж ял сонсгосон нь хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгон цагаатгаж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлөн өөрчлөх нь зүйд нийцнэ. Асуудлыг бүрэн гүйцэт, ул суурьтай дүгнэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоёр шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний ахыг санаатайгаар алчихаад хүчирхийлэгч байсан мэтээр гүтгэж, биднээс нэг ч удаа уучлал гуйгаагүй, хохирол төлбөр барагдуулаагүй. Гэтэл дахин дахин гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Миний ахыг алж өчнөөн цаг нуучихаад одоо болохоор санаатай алаагүй гэж явна. Биднээс хүүхдүүд нь хүн ёсоор уучлалт гуйж байгаагүй. Өөрөө ч хэд хэдэн удаа таарсан хэдий ч миний нүд рүү эгцэлж харж байгаад уучлаарай гэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл үнэхээр их гомдож явдаг. Би энэ хоёртой хамгийн дотно хүн нь байсан. Миний ахыг согтуу байсан гэж хүртэл гүтгэж байсан. Үнэхээр их гомдолтой байна” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Б.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.Э нь хүнийг алах болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн тогтоогдсон. Гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй зүйл байдаггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ямар мэдүүлэг зөрүүтэй талаар дурдаж чадаагүй нь мэдүүлгүүд зөрүүгүйг илтгэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд амь хохирогчийн зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн, Б.Э-ийн сэтгэл санаа хүчтэй цочролд орох асуудал үүсээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог. Тухайлбал, хөрөөг нь аваад эргээд харахад Б.Э хутгалсан үйл баримтыг тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн хохирогчийн зүгээс Б.Э рүү чиглэсэн сэтгэл санаа бие, махбодын хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд хууль тогтоогчоос хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэх үндсэн шинжийг тусгаж өгсөн учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хуульд заасан дээрх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул Б.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг хүнийг алах, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоож шийтгэснийг давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарын гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
3. Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг.
4. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатгагдсан шарх, үнхэлцэгийн хөндийн цусан бүлэн, цээжний хөндийд цус хуралдалт /3200мл/, хамар, баруун буглага, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...талийгаач Б.Э-ийн үхлийн шалтгаан нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх хурц цус алдалтын улмаас нас барсан” гэж тусгагдсан байна.
Талийгаач Б.Э-ийн цээжин тус газарт хутгалж, амь насыг нь хохироосон үйл баримтад шүүгдэгч Б.Э маргаагүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд “...талийгаач миний нүүрэнд 2 удаа цохьсон, хөрөө барин дайрч хөрөөдсөн...” гэж мэдүүлж иржээ.
Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэлт нөхцөлгүйгээр хуульчилсан тул нотолж буй баримт сэлт нь сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжтэй байх ёстой.
Шүүгдэгчийн дээрх мэдүүлгээс гадна, түүний өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан ...гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй, бодит байдлыг нуун дарагдуулсан шинжтэй, талийгаач Б.Э-ийн хамт ажиллаж байсан найзууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй... гэсэн утгатай гомдлыг судалж үзэхэд гэрч Д.Ү, Б.Б, С.Л нар талийгаач Б.Э-тэй өмнө нь хамт ажиллаж байсан хэдий ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шууд заасан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хууль зөрчиж бэхжүүлсэн, эсхүл тэднийг хувийн сонирхлоор зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй болно.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.
Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн буруутай үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдэлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур хариу үйлдэл хийж хохирол учруулдаг шинжээрээ хүнийг алах гэмт хэргээс ялгагдана.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Б.Э-ийн зүй бус үйлдэл, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийсний улмаас шүүгдэгч Б.Э-ийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хүнийг алах хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдсан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Э-ийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-аас 15 жил хорих ялаас 9 жилийн хорих ялыг сонгон хэрэглэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.
6. Прокуророос шүүгдэгч Б.Э-ийг Төв аймгийн Эрдэнэ сумын ******* багийн нутаг “*******” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Э-ийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.
Энэ зүйл, хэсэгт заасан “устгах” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хөрөнгө биет байдлын хувьд бүрэн устгагдаж үгүй болсныг ойлгохоос гадна анхны шинж байдлаа бүрэн алдаж, дахин ашиглаж хэрэглэх ямар ч бололцоогүй болсныг хамааруулан үздэг.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэх үйл баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийхдээ тухайн гэмт хэргийн шинжид хамаарах ойлголт, түүний агуулгыг хэт явцуу байдлаар тайлбарлаж, сэжигтэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн баримт, мэдээлэл бүрийг хамгаалах үүрэгт багтаан ойлгохоор дүгнэж, түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн язгуур эрх, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог тул дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.
Нийгэмд аюултай байх шинжид юуны өмнө эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол бодитой учруулсан, эсхүл учрах байсан, тухайн хохирлыг ямар нөхцөлд ямар аргаар, хэрхэн хэн учруулсан зэргийг хамтатган авч үзэх ёстой юм.
Энэ утгаараа, хэдийгээр нийгэмд ноцтой аюул учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байвч түүнийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцон ял ногдуулахаар заагаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн бол гэмт хэрэг гэж үзэх буюу Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.
7. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан, хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо шүүхийн зүгээс үнэлж, шинжлэн судалсан баримтад мэдээлэл хамаарна.
Түүнчлэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэдэгт ямагт болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох үүрэг эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, төөрөгдөлд оруулан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг алдагдуулахад чиглэсэн байхаас гадна шийдвэр гаргах болон гаргуулахгүй байх, эсхүл ямар нэгэн үйл явц, арга хэмжээг тасалдуулах, саатуулах гэх мэт зорилгоор хийсэн үйлдлийг ойлгодог.
Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь эрүү, иргэн, захиргааны хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хэн, хэзээ, хэрхэн устгасан, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний хуулиар олгогдсон эрх зэрэгт тал бүрээс нь туйлын нарийвчлан хууль зүйн дүгнэлт хийх ёстой бөгөөд үйлдлийн илрэл, хэлбэр болгон гэмт хэрэгт хамаарахгүй байдаг.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршидог.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын бүх үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой бөгөөд хуулийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн эсэхээс хамаарч Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болдог учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж хуульчилсан.
9. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаархи мэдээлэл ирсэний дагуу тус өдөр цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийхэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохуйц гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Б.Э өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Э-ийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатаасан байжээ.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “өөрийн ...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж баталгаажуулан хуульчилсан байна.
Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан чанд сахин мөрдөж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд элдэв болзол, нөхцөлгүйгээр эдлүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох, гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн аливаа баримтыг хууль хэрэгжүүлэгчийг очтол хадгалах, эсхүл түүнд хүлээлгэж өгөх үүрэггүй болно.
10. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Э Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, хууль хэрэгжүүлэгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг сэжигтний гэм бурууг нотлох чиглэлээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй байх үед Төв аймгийн Эрдэнэ сумын ******* багийн нутаг “*******” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Э-ийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Э-ийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатаасан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Харин хууль хэрэгжүүлэгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг сэжигтний гэм бурууг нотлох чиглэлээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авсан байхад гэмт хэрэг үйлдсэн этгээд устгасан нөхцөлд гэмт хэрэгт тооцно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлоос “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноосныг хүчингүй болгож, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалд “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР