Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0428/З |
Дугаар | 221/МА2020/0233 |
Огноо | 2020-04-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0233
2020 оны 04 сарын 02 өдөр Дугаар 221/МА2020/0233 Улаанбаатар хот
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч С.Э, улсын байцаагч Д.З нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ТӨ-03 болон ТӨ-08 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэг “... 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/88 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд /хэргийн оролцогчид эл асуудлаар маргаагүй/ ... даалгасныг хууль зөрчсөн хэмээн үзэх боломжгүй, ... хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчлийн шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж тогтоогоогүй хэмээн буруутгаж байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, шалгалтын удирдамжид тус тус заасанчлан энэхүү асуудал нь хариуцагчаас хийсэн хяналт шалгалтад хамаарахгүй ...” гэж дурджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-д гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг тайлбарлахдаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон нэхэмжлэг нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа буюу нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгээгүй гэх бөгөөд нэхэмжлэгч тус барилгын ажлын цахилгааны ажил болон шалны ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгчээс шалтгаалах хүчин зүйлээс гэрээний хугацаа хоцроогүй буюу гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл бүрдээгүй, 2017 оны 06 дугаар сараас гэрээ байгуулах ажиллах гэхэд барилгын ерөнхий угсралт гүйцэтгээгүй, хугацаандаа барилгын ажил эхлээгүй байхад гадна болон дотор цахилгааны ажлыг гүйцэтгэх боломжгүй, шалны ажлыг хийх боломжгүй бодитой нөхцөл үүссэнийг гэрчээр н.Х /тухайн үед барилгын ажлын хяналтын инженер байсан гэх/ мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр мөн эсэх буюу захиргааны актын үндэслэлд дүгнэлт өгөх ёстой байтал хэргийн үйл баримт яагаад хоцорсон талаар хэргийн оролцогчид маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлсөн.
Түүнчлэн, гэрээний хугацаа яагаад хойшилсон, яагаад барилгын бусад ажлаас шалтгаалан ажлын гүйцэтгэл дутуу хийгдсэн талаар нэхэмжлэгчийн зүгээр гэрчээр н.Х-ыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч хурал давхацсан шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан өдөр нэхэмжлэгчид мэдэгдэлгүй гэрчийн мэдүүлэг авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой асуултыг асуух эрхийг хязгаарласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянаж хэвээр үлдээв.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” ТӨ-03, ТӨ-08 дугаар албан даалгавруудаар А сургуулийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажил гүйцэтгүүлэхээр ““Б” ХХК-тай байгуулсан 1,038,638,446 төгрөгийн болон 811,599,852 төгрөгийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-07/2016-04, А-07/2016-04 дугаар гэрээнүүдэд заасан хугацаанд нь бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй учир гэрээний тусгай нөхцөлийн дагуу 10 хувийн алданги тооцож биелэлтийг хангахыг А сургуульд даалгажээ.
Дээрх албан даалгаврууд нь гуравдагч этгээд А сургуульд чиглэсэн боловч уг албан даалгавруудын дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан А сургуулийн шинэ цогцолборын А, Б блокын барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А-07/2016-04, А-07/2016-05 дугаар гэрээнүүдийн дагуу “... барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрөөс 10 хувийг суутгаж авахаар мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч маргасан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д улсын байцаагч “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхтэй байхаар заасны дагуу гаргасан албан даалгаврууд хариуцагчид хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гарсан байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах”, 2-т “төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах” нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх байхаар, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 3-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ... өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээд болох “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль” Улсын төсөвт үйлдвэрийн газрын төрийн өмчийн эд хөрөнгийн байдалд шалгалт хийсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан тендер шалгаруулалтын дагуу хийгдсэн барилгын ажил гүйцэтгүүлэх ажлын гэрээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А-07/2016-04, А-07/2016-05 дугаар гэрээнүүдийн дагуу ажил нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний сунгалтаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээний хугацааг сунгасан байна.
Гэтэл энэ хугацаанаас хойш хариуцагч нарыг хяналт шалгалт хийх үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэд хүлээлгэн өгөөгүй болох нь “... нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулаагүй” байгаа тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Э-ийн өгсөн мэдүүлэг, хяналтын инженер гэрч Б.О-ы “гадна шугам сүлжээний ажилтай ямар ч хамаагүй” гэх мэдүүлэг зэргээс үзвэл “... нэхэмжлэгчээс шалтгаалах хүчин зүйлээс гэрээний хугацаа хоцроогүй буюу гэрээний үүргийг биелүүлэх нөхцөл бүрдээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан А сургуулийн шинэ цогцолборын А, Б блокийн барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний сунгалтаар “өвлийн улирал эхэлсэн, мөн дулааны зургийн ажил дахин хийгдэж эхэлсэн” гэсэн үндэслэлээр гэрээний хугацааг сунгасан байхад уг сунгасан хугацаанд болон хяналт шалгалт хийх үед гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй байсан байх тул “2017 оны 06 дугаар сараас гэрээ байгуулан ажиллах гэхэд барилгын ерөнхий угсралт гүйцэтгээгүй, хугацаандаа барилгын ажил эхлээгүй байхад ... ажлыг хийх боломжгүй бодитой нөхцөл үүссэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэл болох хариуцагч хяналт шалгалтыг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлан ажиллаж, маргаан бүхий албан даалгавруудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд болох “Б” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, сонсох ажиллагаа явуулах байсныг үгүйсгэхгүй боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд гэхээс илүүтэй түүнтэй гэрээ байгуулсан төрийн өмчит байгууллагад төрийн өмчийг ашиглах, эзэмших үүргийнх нь хэрэгжилтийг хангуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн, маргаан бүхий албан даалгаврууд гарснаас хойш гуравдагч этгээдээс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 45 дугаар албан бичгээр “2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус гэрээт ажил дуусаж ашиглалтад оруулах улсын комисс ажилласан боловч А, Б блокийн дотор засал, дотор цахилгаан, хулдаасны дутуу ажлыг цаг хугацааны хувьд хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь хугацаат үүрэг даалгавар өгсөн ... танай компани хавсралтаар хүргүүлсэн дутуу ажлыг яаралтай хийж хүлээлгэн өгнө үү” гэсэн албан бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 93 дугаар албан бичгээр “... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор дутуу үлдсэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө үү” гэж тус тус мэдэгдсэн байгааг тэмдэглэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ