| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0843/З |
| Дугаар | 001/ХТ2026/0053 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2026/0053
Ц.Ц-ны нэхэмжлэлтэй,
нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч танхимын тэргүүн, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0816 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0137 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 164 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1.2023-2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөн, “Нийтийн тээврийн автобус нийлүүлэх” тендер зарласан, уг тендерт “ТО” ХХК оролцож шалгарсан байна.
2.2.2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ТО” ХХК, “Т” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр нийт 75,377,504,180 төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр эрүүгийн 2302006440349 тоот хэргийн иргэний нэхэмжлэлийг хангаж, хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Уг хэлцэлд төлбөр авагч талыг төлөөлж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.О, Төлбөр төлөгч тал болох “ТО” ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал А.Г, “Т” ХХК, түүнийг төлөөлж ерөнхий захирал А.Г, иргэн А.Г нар гарын үсэг зурсан байна.
2.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийт 75,377,504,176.00 төгрөгийн үнэ бүхий 83 төрлийн барилга байгууламж, газар, эд хөрөнгийг хүлээн авч нийслэлийн өмчид шилжүүлэн бүртгэхээр, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжаар эдгээр хөрөнгийг хүлээн авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр хөрөнгүүд дунд Ц.Ц-ы хувьцаа эзэмшдэг “Т” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд багтжээ.
3.1.Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал) санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. Гэтэл дээрх хэлцлийг байгуулахдаа “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц надаас огт зөвшөөрөл аваагүй. Захиргааны байгууллага мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй” гэж,
4.Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... “Т” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай шийдвэрээр Голомт банкаар гаргуулж байгаа баталгаатай холбоотойгоор “Т” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг болон газрыг барьцаа хөрөнгөд бүртгүүлэхийг зөвшөөрсөн, Ц.Ц гарын үсгээ зурсан, Голомт банкны барьцаанд тавигдсан хөрөнгөөр улсыг хохиролгүй болгосон. 318 тэрбумын бараа нийлүүлэх тендерт доголдол гарсан. Гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хохирлыг барагдуулах үүрэгтэй.
4.1.Нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шийдлийг гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол зөрчигдөнө. Улсын төсвийн хөрөнгөөр хохирсон, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол хуульд зааснаар сонсох ажиллагаа хийхгүй байж болдог. 50 хувийн хувьцаа эзэмшигчийн асуудлаар Иргэний хуульд заасан хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр хэлцэл гэдэгтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийддэг. Ц.Ц өөрт учирсан өөрийн хөрөнгө оруулсан хөрөнгөтэй холбоотой хохирол учирсан гэж үзэхэд үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх нь зүйтэй” гэж,
5.Гуравдагч этгээд А.Г-аас “... Нэхэмжлэгч 50 хувийн хувьцааг эзэмшдэггүй, 50 хувийн хувьцааг эзэмших талаар үүргээ огт гүйцэтгэж байгаагүй, “Т” ХХК-ийн хөрөнгөөр худалдан авалтын гүйцэтгэлийн баталгаанд барьцаа гаргаж, өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн атлаа шилжүүлэн өгөхгүй гэж маргаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай шийдвэрээр компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг гүйцэтгэлийн баталгаанд барьцаа хөрөнгөнд бүртгүүлэхийг зөвшөөрсөн ба компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг А.Г, Ж.Э нарт зөвшөөрсөн байдаг.
5.1.Тендертэй холбоогүй оролцоогүй гэдэг боловч “Т” ХХК 20 автобус шилжүүлж авсан. Дүрмийн сан нэмэх, 7 сая төгрөгийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох байсан ч өгөөгүй, хувь хөрөнгө оруулаагүй. Нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн хэдэн хувийн хувьцаа эзэмшиж байгаа нь тодорхойлогдохгүй байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд эрхээ хамгаалуулах боломжгүй” гэж тус тус маргаж байна.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч буюу уг компанийн эд хөрөнгийн тодорхой хувийг өмчилдөг болох нь тодорхой тогтоогдож байх ба өмчлөх эрх нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх тул “Т” ХХК-ийн нийт эд хөрөнгийг захиргааны байгууллага нийслэлийн өмчид шилжүүлэн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авах зайлшгүй шаардлагатай байсан.
6.2.Хариуцагч нь “Т” ХХК-ийн хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн, бүртгэж авах шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1, 27.1-д заасан зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч Ц.Ц-д мэдэгдэж, тус хуульд заасан тодорхой ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байжээ.
6.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах зорилгоор тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаар шийдвэр нь нийтийн тээвэртэй холбоотойгоор тус компанийн бүх хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн “Ц.Ц-ы зөвшөөрөл юм” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
6.4.Учир нь 2023 онд хэрэгжих Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангахын тулд дээрх хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 01/23 дугаар шийдвэрээр тус компанийн хөрөнгийг Голомт банкны барьцааны гэрээний барьцаа хөрөнгөд бүртгүүлэхийг зөвшөөрсөн байх ба уг гүйцэтгэлийн баталгааны дагуу баталгаа гаргагч Голомт банк нь захиргааны байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээхээр байх тул уг гүйцэтгэлийн баталгаа энэ маргаанд хамааралгүй.
7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.1.“Т” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Ерөнхий захирал нь дараах эрхтэй байна”, 10.6.1-д “Компанийг итгэмжлэхгүйгээр төлөөлөх, өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл хийх, төлбөрийн баримтад гарын үсэг зурах, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу баталгаа, батлан даалт гаргах, хөрөнгө захиран зарцуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгч талыг төлөөлж ерөнхий захирал А.Г гарын үсэг зурж, дээрх "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийг хийсэн байна.
7.2.Маргаан бүхий актуудын үндэслэл болох “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хийх бүрэн эрхийг “Т” ХХК-ийн дүрэмд заасны дагуу ерөнхий захирал А.Г-т олгосон, тус хэлцлийг хүчингүйд тооцсон аливаа хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “ТО” ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ (ННТГ23001), 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ (ННТГ23001-01)-ний гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг ерөнхий захирал А.Г-т олгосон зэргээс дүгнэвэл Ц.Ц-д мэдэгдэж, санал, тайлбар, зөвшөөрлийг нь аваагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
7.3.Өөрөөр хэлбэл, “Нийтийн тээврийн автобус нийлүүлэх” тендерт “ТО” ХХК оролцож шалгаран, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “ТО” ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ” (ННТГ23001) байгуулсан, улмаар шаардлага хангаагүй нийтийн тээвэр буюу автобус нийлүүлсэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/895 дугаар шийтгэх тогтоолоор “...тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж” шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү маргаан бүхий актуудаар “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Ц.Ц-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
8.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.Маргаан бүхий актуудын үндэслэл болох “Төлбөр барагдуулах хэлцэл”-д “ТО” ХХК-ийн (шүүгдэгч А.Г-ийн 100 хувийн өмчит) хөрөнгийг шилжүүлэхээр заасан бөгөөд “Т” ХХК-ийн хөрөнгийг, тэр тусмаа тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ц.Ц-ы өмч хөрөнгийг шилжүүлэх агуулга огт байхгүй.
8.2.“Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн хавсралт (№01)-ийн 41-72 дугаарт “Т” ХХК-ийн хөрөнгүүдийг жагсаасан байх бөгөөд энэхүү жагсаалтын 41-42, 44-46, 48-49, 52, 54-56, 69-71 дугаарт бичигдсэн дээрх 14 төрлийн 14,828,785,544 (арван дөрвөн тэрбум найман зуун хорин найман сая долоон зуун наян таван мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө нь Ц.Ц миний оруулсан хөрөнгүүд юм. Эдгээр хөрөнгүүд Ц.Ц миний өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа.
8.3.Хэрэв захиргаа бусдын хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэж авахдаа нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнээс холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргуулах зэрэг сонсох ажиллагаа явуулсан байсан бол тэрхүү “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн агуулгыг зөв ойлгож, нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх зөрчихгүйгээр шийдвэр гаргах боломжтой байсан.
8.4.Гэтэл давж заалдах шатны шүүх “шүүгдэгч А.Г-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан” учраас түүний улсад учруулсан хохирлыг тухайн гэмт хэрэгтэй огт холбоогүй компанийн (Т) огт өөр хувьцаа эзэмшигч (нэхэмжлэгч Ц.Ц)-ийн хөрөнгөөс гаргуулсан нь хууль ёсны, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэснийг огт ойлгосонгүй.
8.5.Хоёр, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд, “Т” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01/23 дугаартай шийдвэр гэх баримтыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч А.Г-т компанийнхаа бүх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт гэж үзэх боломжгүй. Учир нь энэ шийдвэрийг “Т” ХХК-ийн бүх хөрөнгийг 25.960.941.528 (Хорин таван тэрбум есөн зуун жаран сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин найм) төгрөгөөр тооцон бусдад шилжүүлэх гэрээ (Төлбөр барагдуулах хэлцэл) байгуулах эрхийг олгосон баримт гэх агуулгаар тайлбарлах ямар ч үндэслэлгүй юм.
8.6.“Т” ХХК-ийн бүх хөрөнгийг захиран зарцуулахад тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц-ыг заавал оролцуулж, зөвшөөрлийг нь авах бөгөөд энэхүү зөвшөөрлийг “Т” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №01/23 дугаар шийдвэрээр авсан мэтээр дүгнэх ёсгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ, зөвхөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой “хохирол” нэхэмжлэх боломж үлдсэн шүү гэж дүгнэснээрээ “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц миний зүгээс үл хөдлөх хөрөнгөө буцаан гаргуулах асуудлаар эрүүгийн болоод иргэний журмаар маргах эрхийг хязгаарласан.
8.7.Өөрөөр хэлбэл А.Г-ийн үйлдлийг “хөрөнгө завших” гэмт хэргээр эрүүгийн журмаар шалгуулах, эсхүл “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг иргэний журмаар хүчин төгөлдөр бусад тооцуулах замаар “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц-д хамааралтай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах боломжийг хаасан.
8.8.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий актуудын “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ц-д хамаарах хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10.Тогтоогдсон үйл баримтын тухайд, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ТО” ХХК, “Т” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр нийт 75,377,504,180 төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр эрүүгийн хэргийн хохирогчийн хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг хангаж, хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон, уг хэлцлийг үндэслэн “Т” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ц “надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авсан” гэж маргажээ.
11.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай асуудал нь захиргааны байгууллагаас нийслэлийн өмчид эд хөрөнгө олж авахдаа өмчөө шилжүүлж байгаа компанийн бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн эсэх тухай байна.
12.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд “Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараах хэлбэрээр олж авна” гээд 4 дэх хэсэгт “хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд захиргааны байгууллага төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбоотойгоор төсвийн мөнгөөр төлөгдсөн төлбөрийг буцаан төлүүлэх, төрд учирсан хохирлыг буруутай этгээдийн хөрөнгөөс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзэв.
13.Учир нь маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж гарах үед “ТО” ХХК, “Т” ХХК болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл” хүчин төгөлдөр байсан, уг хэлцлийг үндэслэн нийслэлийн өмчид хөрөнгө шилжүүлэн авах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.
14.Тодруулбал, “Т” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай шийдвэрт “... “ТО” ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж байгаатай холбоотойгоор “Т” ХХК-ны нэр дээр бүртгэлттэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа хөрөнгөнд бүртгүүлэхийг зөвшөөрч байна. Дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг компанийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э-д зөвшөөрөв” гэжээ.
15.Энэхүү үйл баримттай нэхэмжлэгч Ц.Ц маргаагүй, 2024 оны “төлбөр барагдуулах хэлцэл”-тэй мөн маргаагүй, гагцхүү “банкинд барьцаалах эрх олгосон болохоос компанийн бүх хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй” гэх боловч тэрээр маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотойгоор хувьцаа эзэмшигчийн хувьд “Т” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн, нөгөө талаас захиргааны байгууллагын тухайд шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг тодорхойлохдоо компанийг хуулийн дагуу төлөөлөх эрхтэй этгээдийн оролцоог хангах үүрэгтэй болохоос компанийн бусад хувьцаа эзэмшигч нартай харилцах, мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
16.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж, 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал) санал нэгтэйгээр гаргана” гэж тус тус зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлөөс их хэмжээний хэлцэл байгуулах зөвшөөрөл авсан эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн “... маргаан бүхий актуудын үндэслэл болох “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хийх бүрэн эрхийг “Т” ХХК-ийн дүрэмд заасны дагуу ерөнхий захирал А.Г-т олгосон, тус хэлцлийг хүчингүйд тооцсон аливаа хүчин төгөлдөр шийдвэр байхгүй” гэх дүгнэлт зөв байна.
17.Хариуцагч захиргааны байгууллагаас “... Голомт банкны барьцаанд тавигдсан хөрөнгөөр улсыг хохиролгүй болгосон, 318 тэрбумын бараа нийлүүлэх тендерт доголдол гарсан тул банканд барьцаалсан барьцаа хөрөнгийг авсан” гэж маргаж байгаа бөгөөд “Т” ХХК нь нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендертэй холбоотойгоор өөрийн тодорхой хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч уг асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгааг мэдэж байсан, нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагад хандах бүрэн боломжтой байсан тул “мэдэх эрхээр хангагдаагүй” гэж маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох хангалттай үндэслэл тогтоогдсонгүй.
18.Иймд анхан шатны шүүхийн “... захиргааны байгууллага нийслэлийн өмчид шилжүүлэн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчид мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авах зайлшгүй шаардлагатай” гэх дүгнэлт буруу бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг захиргааны байгууллага зөрчөөгүй буюу маргаан бүхий шийдвэрээс эрх ашиг нь хөндөгдөх “Т” ХХК, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан байх тул захиргааны байгууллагыг шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан гэж үзэхгүй.
19.Нэхэмжлэгчийн “... хохирол нэхэмжлэх боломж үлдсэн гэж дүгнэснээрээ А.Г-ийн үйлдлийг “хөрөнгө завших” гэмт хэргээр эрүүгийн журмаар шалгуулах, эсхүл “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг иргэний журмаар хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжийг хаасан” гэх гомдлын тухайд, шүүхийн энэхүү тогтоол нь захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянасан тул нэхэмжлэгчийн эрүүгийн болон иргэний журмаар маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
20.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ