Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184

 

М.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00831/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1119 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч М.Б-, А.Д-, Д.Г- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч М.Б-т холбогдох 

          “Бусдын  хууль бус эзэмшлээс хашаа байшингаа чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагч М.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б-, Д.Г-, А.Д-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.Б-, А.Д-, Д.Г- бид Дархан-Уул аймаг Дархан сум 7 баг 3-р гудамж 58 тоот хаягт байрлах хашаа байшин газрын өмчлөгч юм.  2005 онд М.Б- бидний өмчлөлийн Дархан сум 7 баг, 3-р гудамж 58 тоот хаягт байрлах хашаа байшин газар хашаан дотор байсан вагончик, зэрэг хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон. Бид найдвартай хүмүүс байх гэж итгэн хашаа байшингаа суллан нүүлгэн оруулж байсан. Гэтэл хашаа байшинд нүүж оронгуутаа бидэнтэй холбоо тасарсан. Бид Улаанбаатар хотод амьдарч байсан тул М.Б-оос хашаа байшингийн мөнгөө авахын тулд удаа дараа Дарханд ирж мөнгөө өгөхийг шаарддаг байсан. Бидэнд мөнгөний хэрэгцээ олон тохиолдож тэр болгонд мөнгөө өгөхийг гуйж шаарддаг байсан. Өмчлөгч М.Б-ын оюутны сургалтын төлбөр нэхэгдэн хбайдалд байхдаа хүртэл 2007 он, 2009 он, 2011 он,  2013 он,  2016 оны 4-р сар хүртэл байнга шаарддаг байсан боловч өгөхгүй өдийг хүрч байна. Одоо манай хашаа байшин нь анхны байдлаасаа илт муудаж ихээхэн хөрөнгө мөнгө шаардаж засвар хийх хэмжээнд хүрсэн.

            Иймд бид М.Б-оос засварын болон зарж үрэгдүүлсэн воганчик зэргийн үнийг нэхэмжилж авах болно.

Бид М.Б-ыг хашаа байшин газрын мөнгөө төлж гэрээгээ байгуулах өмчлөх эрхээ шилжүүлж авах талаар удаа дараа хэлж шаардаж байсан боловч мөнгөө өгөхгүй та нар хууль хяналтын байгууллагаар яв дийлэхийг чинь харъя гэж хэл амаар гутаан доромжлох болсон. Иймд бид хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон. Иргэн М.Б- болон бидний хооронд Иргэний хуулийн 110 дугаар  зүйлийн 110.1-д заасан эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул дээрх шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч М.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь нар шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хашаа, байшинг 2006 оны 8 дугаар сарын 27-нд 2800 000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Бэлэн 2 сая төгрөг өгөөд орсон. Тухайн үед Газрын албанд очсон боловч Д.Г- нь маргааш ирээрэй гээд явсан. Түүнээс хойш би олж уулзаж чадаагүй. Би 800 000 төгрөг өгөөгүй нь үнэн. Энэ хүмүүс өөрсдөө олдохгүй байсан. 2007, 2008 онд уулзаж байсан, охин нь уулзаад 16 сая төгрөг өг гэсэн. Би өгч чадахгүй гэсэн. Би одоо 2 сая төгрөгөөр юу ч худалдаж авч чадахгүй шүү дээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1119 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б-, Д.Г-, А.Д- нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Б-т холбогдох хашаа байшинг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

            Иргэн М.Б-, А.Д-, Д.Г- бид Дархан-Уул аймаг, Дархан сум 7-р баг замчны 3-р гудамж 58 тоот хаягт байрлах хашаа байшин газрыг өмчлөгч юм.

2005 онд Бат-Очир бидний өмчлөлийн Дархан сум 7-р баг замчны 3 гудамжны 58 тоот хаягт байрлах хашаа байшин, газар, хашаан дотор байсан вагончик, зэрэг хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон. Бид найдвартай хүмүүс байх гэж итгэн хашаа байшингаа суллан нүүлгэн оруулж байсан. Гэтэл хашаа байшинд нүүж оронгуутаа бидэнтэй холбоо тасарсан. Бид Улаанбаатар хотод амьдарч байсан тул Бат-Очироос хашаа байшингийн  мөнгөө авахын тул удаа дараа Дарханд ирж мөнгө өгөхийг шаарддаг байсан. Өмчлөгч М.Б-ын оюутаны сургалтын төлбөрөө нэхэгдэн хүнд байдалд байхдаа хүртэл 2007-2016 оны 4-р сар хүртэл байнга шаарддаг байсан боловч өгөхгүй өдийг хүрч байна. Мөн Бат-Очир нь хашаан дотор байсан вагончикийг зарж үрэгдүүлсэн байсан. Одоо манай хашаа байшин нь анхны байдлаасаа илт муудаж ихээхэн хөрөнгө мөнгө шаардаж засвар хийх хэмжээнд хүрсэн.

 Бид М.Б-оос засварын болон зарж үрэгдүүлсэн вагончик зэргийн үнийг нэхэмжилж авах болно. Бид М.Б-ыг хашаа байшин газрын мөнгөө төлж гэрээгээ байгуулах өмчлөх эрхээ шилжүүлж авах талаар удаа дараа хэлж шаардаж байсан боловч мөнгө өгөхгүй та нар хууль хяналтын байгууллагаар яв дийлэхийг чи нь харья гэж хэл амаар гутаан доромжлох болсон. Иргэн М.Б- болон бидний хооронд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д  зааснаар эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул дээрх шаардлагын шүүхэд гаргаж байна. Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.Бид өмчлөх эрхийн гэрчилгээг нөхөр болон аав Х.Мөнхжаргалыг нас барсан тул хуульд заасан өвлөгч нар нь өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Өмчлөх эрхээ 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд өмчлөгч нар үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр шаардах эрх үүснэ гэж үзэж байна. Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан заалтыг барьж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч М.Б- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Миний бие  2006 онд хөдөөнөөс Дарханд шилжиж ирээд хашаа байшин худалдаж авахаар сураглаад явж байтал Д.Г- манай хашаа байшинг ав хүүхдийн сургалтын төлбөр төлөх гээд хэцүү байна. Хашаа байшин газрыг 2 сая төгрөгөөр, вагончикийг 800.000 төгрөгөөр ав гэсэн. Хашаа байшин газрын төлбөр 2 сая төгрөгийг өгсөн. Вагончикны мөнгийг дараа нь өгөхөөр болсон. Ингээд хашаа байшиндаа нүүж ороод хашаа байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай яриад микрийн тэнд байдаг нотариат дээр очиход хүн ихтэй байсан тэгтэл Д.Г- хоёулаа маргааш өглөө 9 цагт Газрын албан дээр уулзъя гэсэн.  Би маргааш өглөө Газрын албан дээр ирэхэд Д.Г- ирээгүй. Ингээд 7 хоног өглөө бүр би Газрын албан дээр очиж Д.Г-ийг ирэх байх гэж хүлээдэг байсан. Дөнгөж хөдөөнөөс орж ирсэн болохоор хаана яаж хандахаа мэдэхгүй байсан. 2007 онд Д.Г- вагончикныхоо мөнгийг нэхэхээр нь хашаа байшингийнхаа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлчих тэгвэл би мөнгийг өгье гэсэн тэгээд л дахиж холбогдоогүй таг чиг болсон. 2015 онд Д.Г-ийн охин нь утсаар хашаа байшингаас гар эсвэл 16 сая төгрөг өг гэж ярьсан. Би энэ хашаа байшинг ээжээс чинь худалдаж авсан ээжтэй чинь ярья гэхэд яриулаагүй. Ийм л юм болсон. Би энэ хашаа байшинг дээрэмдээд ч юмуу хүч түрээд эздийг нь хөөж гаргаад хууль бусаар ороогүй, намайг мөнгийг нь төлсөн болохоор манайд хашаа байшингаа өгсөн. Нэгэнт хашаа байшин газрын мөнгийг төлсөн болохоор 2006 оноос хойш өдийг хүртэл чимээгүй байсан нь ойлгомжтой. Хэрвээ би мөнгийг  төлөөгүй ч юм уу хууль бусаар энд амьдарч байсан бол энэ 10 жилийн хугацаанд цагдаа, шүүхэд хандах бүрэн боломж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч М.Б-, А.Д-, Д.Г- нар нь хариуцагч М.Б-ын хууль бус эзэмшлээс хашаа байшингаа чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагчтай эдгээр хүмүүс нь 2005 онд хашаа байшинг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдан авагч гэрээний үүргийг биелүүлээгүй гэжээ.

            Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болон худалдан авсан хашаа байшингийн үнэнд 2 сая төгрөг өгч авалцсан талаар маргаагүй байна.

            Иймд талуудын дунд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой  гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацаанд Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь  тус хуулийн 75 дугаар зүйлд тусгалаа олсон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд  тухайн маргаантай холбоотой өөрөөр хэлбэл үл хөдлөх эд  хөрөнгөтэй холбоотой гэрээний харилцаанаас үүссэн маргааны хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заажээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан гэрээг талууд  2005 онд байгуулсан  нь тогтоогдсон, энэ талаар талууд  маргаагүй.

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул худалдагч талын эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд ийнхүү шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор Иргэний хуулийн 76.1-д заажээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн үүргээ биелүүлэхээр тогтоосон хугацааг тодорхойлоогүй, хэрэгт ийм баримт байхгүй  байна.

Нэхэмжлэлд дурдсанаар 2007 он гэхэд  худалдан авагч гэрээний  үүргээ биелүүлээгүй тул түүнээс үлдэгдэл төлбөр нэхэж байсан гэснээс үзэхэд  энэ үед шаардах эрх үүссэн, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсэн гэж  тооцох боломжтой байна. / х/х-ийн 1 хуудас/

2007 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд /2016.05.18/ хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтын  талаар нэхэмжлэгч шүүхэд баримт ирүүлээгүй,  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хугацааг сэргээх үндэслэл хэрэгт авагдаагүй байна.

Иймд  анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЦЭЦЭГ           

                            ШҮҮГЧИД                                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                           О.НАРАНГЭРЭЛ