Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00417

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн Унага цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг 4-7-51 тоотод оршин суух Жаран овогт Сүхийн Ариунболор /РД:ФБ79101406/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслах ажилтай, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 3Б-6-6 тоотод оршин суух Боржигон овогт Цогт-Эрдэнийн Батцэцэг /РД:ГМ90040102/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00045/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунболор, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Ц.Батцэцэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

гэрч: 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд болоьсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хүрэмт-Итгэлт ХХК-д худалдагч ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 5б-6-2 тоотод оршин суух Тайж овогт Мөнхсайханы Ууганчимэг /РД:ГА88022869/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ариунболор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Ц.Батцэцэг 2015 онд надаас мөнгө зээлэхдээ анхнаасаа л худлаа хэлж авч байсан юм байна. 2015 оны 4 дүгээр сард манайд усанд орох гэж ирэхдээ өөрийн амьдарч байгаа хашаа байшингаа авах гэсэн юм мөнгө зээлээч гэсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас 2015 оны 04 дүгээр сарын 30-нд би төрсөн эгчийнхээ данснаас 430000 төгрөг авч Ц.Батцэцэгийн данс руу шилжүүлсэн, 5 дугаар сард 570000 төгрөгийг ажил дээр нь бэлнээр аваачиж өгсөн. Үүнээс хойш 2015 оны 7 дугаар сарын 8-нд ажил дээрээ байхад нь би 1000000 төгрөгийг бэлнээр аваачиж өгөөд, авсан мөнгө чинь 2000000 боллоо шүү мэдэж байгаа биз дээ гэхэд мэдэж байна өмнөх мөнгийг авсан өдрөөсөө хоногоо тоолж байгаад хүүг өгчихнө гэж байсан. Гэтэл хариу тайлбар дээр намайг гүжирдсэн гэж байна. Өөрөө хуулийн байгууллагад ажиллаж байгаа, тэр тусмаа шүүхэд ажилладаг хүн байж маш ёс зүйгүй, увайгүй үйлдэл гаргаж, худал хэлж байгаад гомдолтой байна. Надтай уулзахдаа та намайг шүүхэд өгвөл өгнө л биз сар бүр 20000 төгрөг өгөөд яваад байхад огт мөнгө өгөөгүй гэж шүүх үзэхгүй. Та хэдэн жил тэгж авах юм бэ гэх мэтээр хэлж байсан. Өөрөө гэрээ байгуулж гарын үсэг зурчихаад намайг ямар ч юм бичээгүй цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан, сүүлд өөрөө баахан юм нөхөж биччихээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж худал яриад байх юм. Ямар ч хүн хоосон цаасан дээр гарын үсгээ зурж гэрээ байгуулахгүй шүү дээ. Тэр тусмаа шүүхэд ажилладаг хүн бол үр дагаварыг нь бүр сайн мэдэж байгаа. Ц.Батцэцэг намайг хүнээс бага хүүтэй мөнгө зээлж, түүнийгээ өөр хүмүүст өндөр хүүтэй зээлдэг. Түүндээ ашиглахын тулд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд би тийм зүйл хийдэггүй. Ц.Батцэцэгийг ингэж худлаа хэлж байгаад гайхаж байна. Ц.Батцэцэгийг 2015 оны 05 дугаар сард хашаа, байшин худалдаж авсан гэдгийг би сая л мэдэж байна. 2015 оны 4 дүгээр сард зээлсэн 430000 төгрөг, 5 дугаар сард зээлсэн 570000 төгрөгт хүү тооцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан. Сүүлд 2015 оны 7 дугаар сарын 08-нд 1000000төгрөгийг ажил дээр нь бэлэн аваачиж өгөхдөө өмнөх 1000000 төгрөгөө нэмж нийт 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгахаар тохирч зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш Ц.Батцэцэг нэг ч төгрөгийн хүү төлөөгүй. 2015 оны 10 дугаар сарын 13-нд ажил дээр нь очиж мөнгөө авъя гэхэд Батсайхантай уулзаж байж болно гээд надтай хамт Батсайханы ажил дээр очиж уулзахад оорондоо хэрэлдээд Батсайхан нь чи хувцас хунар, гар утас авсан биз дээ гэхэд, Ц.Батцэцэг чи мний хөлсөлж байсан байранд хамт амьдарч, идэж, ууж байсан биз дээ, эр хүн байж энэ өрнөөс төлөлцөөч гэж уурлаж байсан. Түүний найз залуу Б.Батсайхан нь 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байрандаа засвар хийнэ гээд 2500000 төгрөгийг мөн 10 хувийн хүүтэй зээлж авсан. Энэ хоёр тус тусдаа мөнгө зээлж авсан. Одоо Ц.Батцэцэгээс үндсэн зээл 2000000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хүү 1000000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 1500000 төгрөг, нийт 4500000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан боловч бэлэн мөнгө аваагүй. Би С.Ариунболор эгчийг Б.Батсайхан дээр очиж гарын зууруулна гэхээр нь та тэр хол Дэнж өөд яваад яахав би гэрээн дээр гарын үсэг зураад өгчихье гээд зурсан. Тухайн үед Б.Батсайхантай хамтран амьдарч байсан бөгөөд салаад явчихна гэж бодоогүй юм. 2015 оны 03 дугаар сард эхлээд 400000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-нд буюу миний төрсөн өдрөөр 300000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-нд 430000 төгрөгийг тус тус 3 удаа зээлсэн. С.Ариунболор эгчийг 2015 оны 7 дугаар сарын 10-нд манай ажил дээр ирэхэд нь энэ мөнгөнүүдийг нийлүүлээд хоногийг нь тоолж байгаад хүүг төлнө гэсэн. Би тэр үед 1000000 төгрөгийг бэлэн аваагүй. С.Ариунболор эгч нь хүнээс бага хүүтэй мөнгө авч хүү нэмж зээлдүүлдэг. Тэр хүндээ үзүүлэх гэсэн юм гээд цагаан цаасан дээр надаар гарын үсэг зуруулаад явсан. Одоо тэрийгээ нөхөж бичээд миний эсрэг ашиглаж байна. Аав, ээж маань надад хашаа, байшин бэлэн мөнгөөр худалдаж авч өгсөн. Байшинд засвар хийх шаардлагагүй байсан. Би өөрөө 2015 оны 05 дугаар сард 10000000 төгрөгийн цалингийн зээл авч тавилга авсан. Тавилга авна гэж мөнгө зээлээгүй. Тухайн үед надад 570000 төгрөг зээлэх шаардлага байгаагүй. С.Ариунболор эгч андуураад байх шиг байна. Б.Батсайханы 2015 оны 8 дугаар сарын 02-нд авсан 2500000 төгрөгийг би мэдэхгүй. Надаас салсан хойноо авсан байх. Б.Батсайхан тэр мөнгийг би айлын охиныг гомдоосон байна, одоо уучлалт гуйж, хашаа байшиндаа засвар хийнэ гэж хэлээд авсан гэсэн. С.Ариунболор эгчтэй гэрээ байгуулах үед өмнө 3 удаа авсан гэх мөнгө хүүтэйгээ нийлээд бараг 2000000 төгрөг болж байхаар нь Б.Батсайхан бид хоёр төлөх нь үнэн юм чинь гэж бодоод түүний өмнөөс гарын үсэг зурсан нь буруу болжээ. С.Ариунболор эгчтэй Б.Батсайханы ажил дээр нь очиж уулзахдаа би 10000000 төгрөгний цалингийн зээлтэй, чиний өрнөөс төлнө гэж байхгүй шүү гэдгээ хэлсэн. Нэгэнт би өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд тухайн хүнээс мөнгө зээлээгүй, хамтран хариуцагчаар Б.Батсайханыг татаач гэхэд татаагүй. Энэ мөнгийг Батсайхан төлнө гэж бичиг хийж өгснийг хариу тайлбартаа хавсаргаж өгсөн. С.Ариунболор эгч болсон зүйлийн талаар үнэнээ хэлсэн бол би ч гэсэн арай өөрөөр хандах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

С.Ариунболор нь Ц.Батцэцэгт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1700000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хангахаас татгалзах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний гүйцэтгэлд 4500000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Батцэцэг С.Ариунболороос 2015 оны 5 дугаар сард 570000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 10-нд 1000000 төгрөг зээлж аваагүй, зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулаагүй, хамтран амьдарч байсан Б.Батсайханы өмнөөс болон нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Гэвч хариуцагч нь дээрх татгалзлаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан Хариуцагч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан Хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Ариунболор, хариуцагч Ц.Батцэцэг нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчид 2000000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч уг мөнгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах, хэрэв энэ хугацаанд өгөөгүй бол хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.4 хувиар тооцож алданги төлөхөөр тохирчээ.

Талууд зээлийн гэрээний гол нөхцлийн талаар буюу зээлдэгчид шилжүүлэх мөнгөний хэмжээ, хугацаа, түүнийг буцааж төлөх хугацааг тохиролцож, уг мөнгийг зээлдэгч хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцно.

Иймд зээлдэгч С.Ариунболор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар энэхүү гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Ц.Батцэцэгээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээгээр талууд сарын 10 хувийн хүүг 5 сарын хугацаанд төлөхөөр тохирсон байна.

Энэхүү гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлсэн байх тул зээлдэгч зээлийг ашигласан хугацаанд хүү төлөх үүрэгтэй.

Гэвч зээлдүүлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа 2015 оны 4 дүгээр сард зээлсэн 430000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард зээлсэн 570000 төгрөг, нийт 1000000 төгрөгөнд зээлийн хүү тооцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан. Сүүлд 2015 оны 7 дугаар сард 1000000 төгрөг зээлдүүлэхээ гэрээг нөхөн гүйцэтгэж нийт 2000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сард 10 хувийн хүү тооцохоор тохирсон гэж тайлбарласан байх бөгөөд иргэний хуульд зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаарддаггүй, харин хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд уг шаардлагыг хангаагүй тохиолдолд зөвхөн хүү авах эрхээ алддаг байна.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд 2015 оны 4 дүгээр сард зээлсэн 430000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард зээлсэн 570000 төгрөг, нийт 1000000 төгрөгт хүү тооцохгүй байхаар тохирсон.

Зохигч 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ-г нөхөн гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй боловч зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээлсэн 1000000 төгрөгт хүү тооцохгүй байх нь хуульд нийцэнэ гэж үзлээ.

Иймд хариуцагчаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ээр бэлнээр шилжүүлсэн 1000000 төгрөгийн 5 сарын хугацааны хүүнд 500000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн алданги гэдэг нь гэрээний нэг тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэлгүй гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээний төлбөр төлөхөөр тогтоосон анзыг хэлэх бөгөөд уг гэрээг бичгээр хийнэ. Талууд бичгээр байгуулсан гэрээндээ алданги төлөхөөр тохирсон тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд алданги тооцож шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэгтүндсэн зээл 2000000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хүү 1000000 төгрөг, нийт 3000000 төгрөгт 1500000 төгрөгийн алданги нэхэмжилсэн байх ба шүүх зээлийн хүүг 500000 төгрөг болгон багасгаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуухариуцагчаас алдангид 1250000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2000000 төгрөг, зээлийн хүү 500000 төгрөг, алданги 1250000 төгрөг, нийт 3750000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 750000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Батцэцэг нь Зээлийн гэрээ-нд гарын үсэг зураагүй гэж маргаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2800000 төгрөгийг Б.Батсайхан авсан, Б.Батсайхан зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн гэх гар бичвэрийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан хэдий ч дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй учраас тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Хэргийг шилжүүлсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ариунболорын нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ц.Батцэцэгт 2015 оны 08-ны өдөр гардуулсан атлаа, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн техникийн алдаа гаргасныг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Боржгон овогт Цогт-Эрдэнийн Батцэцэгээс 3750000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жаран овогт Сүхийн Ариунболорт олгож, нэхэмжлэлээс 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101900 /нэг зуун нэг мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 74950 /далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булганаймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ