Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01468

 

  

 

 

 

 

 

     2025         09            01                                         210/МА2025/01468

                                                 

 

 

“*******” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04225 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 120,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон “*******” ТӨҮГ-тай 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, манай байгууллагын 800 м.кв талбай бүхий автомашины гарааш, засварын цехийн хосолсон талбайг түрээслэн үйл ажиллагаа эрхэлсэн. Ингээд 2024 оны 02 дугаар сард түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн.

Гэвч хариуцагч нь 2023 оны түрээсийн төлбөрөөс 80,200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд “*******” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 80,200,000 төгрөг, алданги 40,100,000 төгрөг, нийт 120,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч тухайн объектыг түрээслээд явж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 8 удаагийн үйлдлээр 70,800,000 төгрөгийг төлсөн. 2023 оны 06 дугаар сараас эхлэн тухайн объектыг түрээслэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Учир нь бороо орсны дараа дээврээс их хэмжээгээр ус орж, манай байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэсэн агуулгатай албан тоотыг нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сард хүргүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу энэ талаар зохих арга хэмжээ аваагүй. Хариуцагч гэрээний 9.2-т энэхүү гэрээний үүргийн биелэлтэд саад болох нөхцөл байдал үүссэн болон дууссан тухай талууд харилцан бичгээр мэдэгдэнэ гэж заасан тул хариуцагч нэхэмжлэгчид албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гэрээний 5.10-т түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авах нь түрээслүүлэгчийн үүрэг гэж заасан байхад нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй.

Ингээд тухайн доголдол шийдэгдээгүй тул 2024 оны 02 дугаар сард тус объектыг хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөр 80,200,000 төгрөгөөс тухайн объектыг зориулалтын дагуу ашигласан хугацааны төлбөр болох 32,200,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй.

Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, тухайн доголдлыг арилгаж өгөөгүй учраас НӨАТ-ын 8,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сараас хойшхи гэрээ дуусах хүртэлх хугацааны 6 сарын төлбөр 48,000,000 төгрөгөөс гэрээнд заасан үндэслэлийн дагуу чөлөөлж, алданги болон бусад төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан “*******” ХХК-иас 104,690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 681,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-д зааснаар түрээсийн эд хөрөнгө гэмтэл хохирол гарвал Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх үүргээ огт хэрэгжүүлээгүй, бороо орсны улмаас түрээсийн зүйлийг зориулалтын дагуу 2023 оны 06 дугаар сараас хойш ашиглах боломжгүй байсан учраас түрээсийн үлдэгдэл төлбөрөөс гэрээ дуусах хүртэлх хугацааны 6 сарын төлбөр 48,000,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна" гэж дүгнэсэн тухайд шүүх түрээслүүлэгч буюу *******ын гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч байгууллага буюу түрээслэгчийн үүрэг мэтээр тайлбарласан байна.

Тус гэрээний 5.10-т зааснаар түрээсийн эд хөрөнгөд гэмтэл гарсан даруйд гэрээний нэг тал болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажлын 3 хоногт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдээгүй учраас зөвшөөрөл авалгүй түрээслэгчийг 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд маш хүнд нөхцөлд орхисон зөрчилтэй байхад шүүх гэрээний заалтыг буруу тайлбарлаж хариуцагчийг хэт буруутгах хандлага rаpгалаа.

4.2. Мөн “Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т тус тус зааснаар түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгөд завсар хийх саналаа энэхүү гэрээнд заасны дагуу тавьж шийдвэрлүүлэх, гэрээний үүргийн биелэлтэд саад болох нөхцөл байдал үүссэн бол харилцан бичгээр мэдэгдэхээр тохиролцсоны дагуу ашиглах боломжгүй байгаа талаар түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй" гэж дүгнэсэн тухайд гэрээнд зааснаар түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар түрээсийн хөрөнгөд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд түүний үр дагаврыг түрээслүүлэгч тал болох *******, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үүрэг байхад үүнийг түрээслэгчийн үүрэг мэтээр тайлбарласан. Бодит нөхцөл байдал дээр талууд хөрш зэргэлдээ байрлаж байсан ба тухайн ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэх болон бороо ус дусах, цахилгаан саатал гарах бүрд бидний зүгээс орж мэдэгдэж байсан.

4.3. Үүнийг нэхэмжлэгч шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хүлээн зөвшөөрсөн ба “бидний зүгээс газар дээр нь орж танилцаж байсан, нэг удаа орж засаж байсан" гэх тайлбарыг өгсөн нь шүүхийн хурлын тэмдэглэлд тусгагдсан. Мөн тухайн үеийн бодитой нөхцөл байдлыг баримтжуулсан фото зургийг хариуцагчаас өгч, хэрэгт хавсаргасан боловч шүүх үнэлээгүй. Мөн шүүх хуралдаанд бичлэг болон өөр бусад фото зургийг нотлох баримтаар үнэлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хангахгүй орхиж, гомдол гаргахгүй эрхгүй захирамж гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэт нэг талыг баримталсан байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч байгууллагын зүгээс гэрээний харилцаа дуусах үед талуудын хооронд төлбөрийн маргаан үүсэж магадгүй хэмээн үзэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* тоот албан бичгийг хүргүүлж тухайн үеийн нөхцөл байдлыг нотлох фото зургийн хамт нэхэмжлэгчид бичгээр хүргүүлсэн.

4.4. Иймд Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчиж нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04225 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2021 онд сонгон шалгаруулалт зарлахад хариуцагч “*******” ХХК шалгарч, манай “*******” ААТҮГ-тай гэрээ байгуулан, 800 м.кв талбай бүхий талбайг түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ба 2 жилийн хугацаагаар сунгах боломжтой. Гэтэл хариуцагч энэхүү 3 жилийн хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан боловч үүргээ бүрэн биелүүлж, түрээсийн төлбөрийг дутуу төлсөн.

5.2. Хариуцагчийн давж заалдах гомдолд гэрээний 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-т заасан үүргээ биелүүлээгүй гэжээ. Уг гэрээний 5.9-т түрээслүүлэгчийн эрх үүргийг тусгасан. Түрээслэгчээс түрээсийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, барилгын бүтэц, хийц, төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, их болон урсгал засвар хийхээс бусад саналыг судлан үзэж ажлын 3 өдрийн дотор хариу өгнө гэсний дагуу түрээслэгч талаас санал, гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Гэрээний 5.10-т түрээсийн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг авна гэж заасан. Энэ талаар Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт 3 хоногийн дотор мэдэгдэх заалттай. Гэтэл түрээслэх хугацаанд ямар нэгэн осол гэмтэл гарч байгаагүй учраас Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар бичиг хүргүүлж байгаагүй.

5.3. Тус гэрээний 6 дугаар зүйлд түрээслэгч талын эрх үүргийг тусгасан. Гэрээний 6.1-т түрээсэлсэн эд хөрөнгөд засвар хийх саналаа энэхүү гэрээнд заасны дагуу тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл уг заалтын дагуу засуулах хүсэлт огт ирүүлж байгаагүй. 6.4-т түрээсийн эд хөрөнгийн урсгал засварыг өөрийн зардлаар хийж болно гэж заасан. Урсгал засвар гэдэг нь барилга ашиглалтыг сайжруулах зорилгоор хийгдэж буй засварыг ойлгоно. Урсгал засварыг түрээсийн төлбөрт оруулан тооцохгүй гэж эрх өгсөн боловч хариуцагч тал эрхээ хэрэгжүүлээгүй. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй.

5.4. Гэрээний 6.10-т түрээсийн эд хөрөнгөд урсгал засвар, үйлчилгээний тайланг түрээслүүлэгчид тухай бүрд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ААТҮГ нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 120,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “...2023 оны 06 сараас эхлэн тухайн объектыг түрээслэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн ... гэрээний 5.10-т түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авах нь түрээслүүлэгчийн үүрэг гэж заасан ... нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй...” гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Түрээслүүлэгчийг төлөөлж төрийн өөрийн өмчийн өмчлөгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, өмч эзэмшигч “*******” УТҮГ нь түрээслэгч “*******" ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулж, гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, ******* УТҮГ-ын хашаанд байрлах, 800 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг такси авто парк, засварын төвийн зориулалтаар 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь 1 м.кв талбайн түрээсийн үнэ 1,000 төгрөгөөр тооцон сард 8,000,000 төгрөг, жилийн 96.000.000 төгрөгийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-5-8/

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

Түрээсийн гэрээний 1.5-т “Түрээсийн гэрээг нэг хүртэл жилээр 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу хариуцагч нь түрээсийн зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээсэлж, 2024 оны 02 дугаар сард түрээслүүлэгчид хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй.  

5. Зохигчид түрээсийн гэрээний төлбөрийн үүрэг дууссан эсэх, түрээсийн хугацаанд үүссэн эд хөрөнгийн доголдлын улмаас түрээсийн төлбөрийг бууруулах эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

5.1. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Хариуцагч “*******" ХХК нь түрээсийн дэлгэрэнгүй тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа болон дансны хуулгаар 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд холбогдох хөнгөлөлтийн хамт 75,328,000 төгрөг төлөхөөс 67,328,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 96,000,000 төгрөг төлөхөөс 57,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл  47,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан.

5.2. Харин 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд 96,000,000 төгрөг дээр нэмэгдсэн өртгийн албан татварын 8,000,000 төгрөг нэмэгдэж, нийт 104,000,000 төгрөгөөс 70,800,000 төгрөгийг төлсөн, өмнөх оны үлдэгдэл 47,000,000 төгрөг, нийт  80,200,000 төгрөгийн төлбөрийн үүрэг үлдсэнийг тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулжээ.

6. Уг 80,200,000 төгрөгийг алданги 40,100,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

6.1.  Хариуцагч дээрх төлбөрийн үлдэгдлийг эс зөвшөөрч “... 2023 оны 06 сараас эхлэн тухайн объектыг түрээслэх боломжгүй нөхцөл байдлууд үүсэж ... бороо орсны дараа дээврээс их хэмжээгээр ус орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ... энэ талаарх албан тоотыг нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сард хүргүүлсэн ... гэрээний 5.10-д түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авах нь түрээслүүлэгчийн үүрэг гэж заасан байхад нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй ...” гэж тайлбарлан маргасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно” гэж зааснаар түрээсийн төлбөрийн хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 32,200,000 төгрөгийг төлөх боломжтой талаар тайлбарлажээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.10-д “Түрээсэлсэн эд хөрөнгөд түрээслэгчээс үл хамаарах шалтгаанаар осол, гэмтэл гарвал түүний үр дагаврыг арилгах арга хэмжээг яаралтай авна. Энэ тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ” гэж заасан боловч хариуцагчаас ийм мэдэгдлийг ирүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд талууд харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулж болохоор байхад зохигч энэ талаар тохиролцсон баримтгүй байна.

Нөгөө талаар, “*******" ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар албан бичгийг ирүүлж “*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгийг цаашид түрээслэх сонирхолтой тул тус байгууллагаас зарласан төрийн өмчийн талбай түрээслэх сонгон шалгаруулах ажиллагаанд материал бүрдүүлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс үзэхэд түрээсийн эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, түүнийг засварлуулах шаардлага гаргасан гэх тайлбарыг няцааж, үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй. 

7. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварт 800,000 төгрөгийг сар бүр төлөхөөр тооцоолж, гэрээний үлдэгдэл төлбөрт 8,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр дээр нэмж тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй” хэмээн дүгнэж, Нэмэгдсэн өртгийн албан татвар 8,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь үндэслэлтэй болсон.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны ******* дугаар түрээсийн гэрээний төлбөрт “Нэмэгдсэн өртгийн албан татвар” ороогүй дүнгээр буюу нэг сард 8,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон ба хэргийн 10 дугаар талд авагдсан “Түрээсийн гэрээний сунгалт” гэх баримтад мөн л уг татвар тооцогдоогүй дүнгээр төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

Иймээс гэрээгээр тохиролцоогүй Нэмэгдсэн өртгийн албан татварыг түрээсийн төлбөрт оруулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн үнийн дүнг 8,000,000 төгрөгөөр бууруулж, 72,200,000 төгрөгийг түрээсийн үндсэн төлбөрт тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

8. Талууд түрээсийн гэрээний 5.3-т түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож, түрээслэгчээс нэхэмжилнэ хэмээн харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

Хариуцагч "*******" ХХК нь 2023 оны 08 дугаар сараас хойш түрээсийн гэрээний төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцон шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу үндсэн төлбөрийн үүрэг 72,200,000 төгрөгийн 50 хувь болох 32,490,000 төгрөгийг алдангид тооцон, нийт 104,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

9. Хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн фото зураг болон бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэж нотлох баримтыг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол гаргасан байна.

Анхан  шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 191/ШЗ2025/21237 дугаартай шүүгчийн захирамж гарган, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх дээрх хуулиар тогтоосон хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэсэн агуулгаар хүсэлтийг нь хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд бүрдүүлж өгсөн дээрх баримтууд хуульд заасан арга, журмын дагуу олж авсан, уг баримт нь хэргийн шийдэлд нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол хангагдахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 759,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.ЦЭНД

 

 

                            ШҮҮГЧИД                                         Б.АЗБАЯР

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА