| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0568/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 584
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ы М, Б овогт Л-ийн Э нарт холбогдох эрүүгийн 19100 1277 0527 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, иргэний нэхэмжлэгч Д.С, шүүгдэгч Б.М, Л.Э, тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн ,,,,,, дугаар хороо, ,,,,,, дүгээр гудамжны ,,,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 өдрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ыг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцоож байсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ы М,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн ,,,,,, дугаар хороо, ,,,,,,,, дүгээр гудамжны ,,,,,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Б.М нь Л.Э-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн барилгын талбайгаас 4-4.2 метрийн урттай 88 ширхэг арматур төмөр, 1.5х2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.228.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Л.Э нь Б.М-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн барилгын талбайнаас 4-4.2 метрийн урттай 88 ширхэг арматур төмөр, 1.5х2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.228.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж гаргах тайлбар байхгүй. Би тухайн өдөр охиноо авах гээд явж байгаад Л.Э-тай тааралдаад гэр рүүгээ хүргүүлсэн. Л.Э бид хоёр 0.33 граммын шилтэй архи авч, хувааж уугаад байж байтал онгорхой хашаанд төмөр байхаар нь авчихъя гээд тухайн төмрийг авсан. Би хохирол төлбөрийг төлсөн. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Тухайн төмөрийг төмөр авах цэгт тушааж авсан мөнгөөрөө би байрныхаа лизинг төлсөн. Гэхдээ Л.Э бид хоёрт хулгай хийх ямар нэгэн санаа зорилго байгаагүй, тухайн төмрийг хаягдал төмөр байна гэж ойлгосон юм. Одоо би яах гэж бусдын эд зүйлийг авсан юм бол гэж бодож, харамсаж байна. Би гагнуур хийдэг байсан ба эхнэртэйгээ хамт Нарантуул зах дээр хүний бараа зардаг.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Л.Э-ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн өдөр Б.М бид хоёр 0.33 граммын архи уучихаад төмөр байсан хашааны хажууд пиво ууж суусан. Тэгээд орой нь нэг айлд очоод 0.5 граммын архи бас уусан. Би урьд нь замын ажил хийж байсан ба цалингаа аваагүй байсан тул иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж амжаагүй байсан юм.
Би Ш-д “ажил хийчихээд цалингаа аваагүй ба эзэн нь намайг ав гэсэн юм” гэж хэлсэн бөгөөд би Ш-г би дуудсан. Мөн тухайн төмөрийг авах санаачлагыг би гаргасан. Тэгээд төмөрөө тушаагаад Портер машины жолоочид 200.000 төгрөг хөлсөнд нь өгөөд, үлдсэн мөнгийг нь Б.М бид хоёр тэнцүү хуваагаад авсан. Уг мөнгөөрөө би өөрийн машины лизингийн төлбөр төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
3. Иргэний нэхэмжлэгч Д.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би шүүгдэгч нараас нийт 1.170.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Л.Э, Б.М нар надад учирсан хохирол төлбөрийг хоёр хувааж төлөхөөр болсон. Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 585.000 төгрөг төлсөн. Харин Л.Э нь 585.000 төгрөгийг төлнө гэсэн. Үлдэгдэл төлбөр 585.000 төгрөгийг Л.Э-аас авчихвал эдгээр шүүгдэгч нарт гомдол санал байхгүй.
Би төмөр авах гэж л зогсдог тул тухайн өдөр Л.Э, Б.М нарыг төмөр аваад ирэхээр нь худалдаж авсан. Тэгээд Цагдаагийн байгууллагын хүмүүс ирэхэд төмөрийг нь буцааж бөгөөд хохирогч байгууллагыг хохиролгүй болгосон. Л.Э ойрын хугацаанд мөнгөө өгнө гэж байсан. Харин бид хоёрт тодорхой хугацаа хэлсэн зүйл байхгүй. Би 1 кг төмөрийг 600 төгрөгөөр тооцож, нийт 1 тонн 900 гаран кг төмөрийг 1.170.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би энэ хоёр залуугаас авсан төмөрийг хулгайн эд зүйл гэж бодоогүй, өөрөө төмрийн цэг ажиллуулдаг болохоор хүмүүс их хэмжээгээр төмөр авчирч худалддаг юм.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1277 0527 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга баригдаж байгаа гэх талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х/,
2. Алдагдсан эд зүйлс олдсон гэх Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхжин худалдааны төвийн баруун талд Монос эмийн үйлдвэрийн уулзвар зүүн хойд талд байрлах хаягдал төмөр хүлээн авах цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ө-ын хохирогчоор өгсөн:
“...Би “Тунамал үйлс” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг. Манай компани 2019 оны 5 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын замын урд талд 2 давхар оффис, агуулахын зориулалттай барилгын суурь цутгах ажил хийж эхэлсэн ба барилгын талбай дээр ажил хийхэд шаардагдах арматур төмөр, хомут төмөр, хэв зэргийг 2019 оны 5 сарын 16-ны орой аваачиж буулгасан байсан.
Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байх үед барилгын талбайд ирэхэд 4-4.2 метр урттай 22-ын радиустай арматур төмөр 88 ширхэг, 15х2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэг тус тус алдагдсан байсан. Дээрх эд зүйлс нь компанийн хөрөнгийн бүртгэлд байдаг учраас худалдан авсан баримтууд байгаа. Алдагдсан эд зүйлсээ дараахь байдлаар үнэлж нэхэмжилнэ. Үүнд:
1. 4.2 метрийн урттай арматур төмрийг килограммаар тооцож худалдан авдаг бөгөөд 1 метр урттай арматур төмөр 2700 грамм жинтэй байдаг, 4.2 метр урттай бол 11.340 грамм болно. Ингээд нийт алдсан 88 ширхэг арматур төмрийг 1 килограмм нь 1850 төгрөг буюу 88 ширхэгээр үржүүлж бодоход 1.846.152 төгрөг,
2. Хомут төмөр 1 ширхэг нь 2.7 килограмм жинтэй, 1 килограмм нь 1850 төгрөг, түүнийг 400-ээр үржүүлж бодоход 740.000 төгрөг,
3. Ялуу цутгадаг хэв 1 ширхэг 750.000 төгрөг тус тус болно. Манайх харуулгүй байсан болохоор хулгай хийсэн байна.
...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан төмөрөө яг тэр хэвээрэ нь бүрэн бүтэн буцааж авсан. Учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн учир гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х, 54х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Т-ын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 5 сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Тунамал Үйлс” ХХК-ийн барилгын талбай дээр ирэхэд хуучин барилгын суурин дээр байсан 11 ширхэг баганы арматур буюу 88 ширхэг 4.2 см-ийн урттай 22-ын арматур, 1.5х2.5 метрийн харьцаатай ялуу цутгадаг хэв, мөн талбай дээр байсан хомут 400 орчим ширхэг, арматурын үлдэгдэл хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.
Тухайн барилгыг 2018 онд анх барьж эхлээд, газрын маргаанаас болж барилгын ажил зогссон юм. Тэгээд энэ жил буюу 2019 оны 5 сарын 15-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн ба хуучин барилгын сууринаас баруун урагш 100 метр орчим газар барилгыг шинээр эхлэх болсон тул хуучин барилгын талбай дээр байсан харуулын байрыг 2019 оны 5 сарын 16-ны өдөр зөөж байрлуулсан юм. Тэгтэл тухайн өдрийн шөнө нь эд зүйлс алдагдсан байна. Би эд зүйлсийг харвал таньж мэднэ. ...Манай хуучин барилгын талбайд хяналтын камер байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ш-гийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Л.Э 8011**** гэдэг дугаараас над руу залгаад “Та хаана байгаа юм, би нэг ачаа ачуулмаар байна” гэхээр нь би “Налайхад байна” гэхэд “би хөлсийг нь өгнө, та яваад ирээ” гэсэн. Тэгээд би Налайх дүүргээс гараад Яармагт ирэхэд 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнийн 01 цаг болж байсан. Намайг Яармагийн МТ шатахуун түгээх газар ирэхэд Л.Э нэг залуутай хамт ирээд “эндээс нэг төмөр ачих гэсэн юм” гээд замын урагшаа яваад, нэг барилгын суурин дээрээс төмөр ачсан.
Би “энэ ямар учиртай төмөр юм бэ” гэж асуухад “бид энд ажиллаад, ажилчдынхаа хөлсөнд авч байгаа юм. Дарга нар нь мэдэж байгаа, та санаа зовох зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс өөрийнхөө **-** УНБ улсын дугаартай, портер маркийн машинаар 2 удаа явж тухайн төмөрийг зөөж, Яармагийн Цагаан байрнуудын дунд нэг айлын хашаанд буулгасан. Тэгээд тэр газраасаа мөн 2 удаа зөөж, Сонгинхайрхан дүүргийн 10 буудлын орчим төмөр авдаг газар аваачиж өгөөд тээвэрлэлтийн хөлсөнд нь 200.000 төгрөг авсан юм.
Арматурын зангидсан төмөр, эвдэрхий тэрэг, том төмөр хэв ойролцоогоор 1.5 x 2.5 метрийн хэмжээтэй төмөр байсан. Тухайн зангидсан байсан арматурын төмөрийг Яармагт айлын хашаанд авчирсан хойно Л.Э нэг залуугийн хамт салгаж, жижиг болгоод, тэндээсээ төмөрт өгөхөөр надтай хамт явсан.
Би Яармагийн зогсоол дээр зогсож, ачаа тээвэрлэдэг юм. Л.Э урьд нь 2 удаа надаар юм зөөлгөж байсан юм. Тухайн үед миний утасны дугаарыг аваад “юм зөөлгөх ажил гарвал ярьж байна аа” гэж байсан. Тэгээд тухайн хүнтэй танилцаж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Надад танихгүй хоёр залуу 1 тонн 950 кг армартур төмөр авчирч тушаасан. Тухайн төмөр нь арматур, хэв, хомут байсан. 1 кг төмөрийг би 600 төгрөгөөр бодоод, хоорондоо тохиролцож үнийг нь базаад 1.170.000 төгрөгөөр өгч авалцсан. Дараа нь тухайн төмөрийг хулгайд алдсан хүмүүс ирээд надаас төмөрийг тоо ёсоор нь хүлээгээд аваад явсан. Тэр хоёр залуу надад төмөр тушааснаас хойш үдээс хойш цагдаад баригдсан юм байна лээ. Цагдаа нар ирээд тухайн төмөрийг зарж, үрж болохгүй гэсэн баталгааг надаар бичүүлээд аваад явсан болохоор би нэг ч ширхэг төмөрийг дутаахгүйгээр хадгалж байгаад, хохирогч компанийн хүмүүст буцааж өгсөн. Одоо надад 1.170.000 төгрөгийн хохирол учирсан тул би хоёр залуугаас нэхэмжилж байна. Одоогоор хохирол төлбөр аваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 95х/,
7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ХУ2-19-331 тоот дүгнэлтэд:
“...тус үнэлэгдэж буй арматур, ялуу цутгадаг хэв, хомут зэргийн үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.228.960 /гурав сая хоёр зуун хорин найман мянга есөн зуун жар/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 99-41х/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 06/220 дугаартай актын:
1. 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн баригдаж буй барилгаас төмөр хулгайд алдагдсан гэх хэргийн газраас мэргэжилтэн а/д Ц.Отгонбаярын бэхжүүлж авсан Б.М, Л.Э нарын гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Б.М-ын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн сангийн “Адис-Папилон” санд 7 удаа, Л.Э-ын гарын хээний дардас нийт 3 удаа тус тус бүртгэлтэй байгааг дурьдав.
3. Б.М, Л.Э нарын гарын хээний дардас нь “Адис-Папилон” санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 102-103х, 110-111/,
9. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
...Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр найз Л.Э-тай хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 41 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн ойролцоо уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр замын урд үнэгний нүх байдаг гэж сонсож байсан учраас нэг, нэг лаазтай пиво аваад “нүхийг нь олж гавар харъя” гээд замын урагш гарч явсан боловч тэр нүхийг нь олоогүй. Лаазтай пивоо онгорхой хашааны гадна талын овгор шороон дээр сууж байгаад уусан. Ууж дуусчихаад явах замдаа тэр онгорхой хашаа руу ороход дотор нь арматурын хуучин төмрүүд байсан.
Л.Э тэр төмрүүдийг хараад “хоёулаа энэ төмрүүдийг авчихъя” гэхээр нь би “Хаягдал төмрийг манаачид нь хэлж байгаад авъя” гэтэл Л.Э “зүгээрээ хүн байхгүй юм шиг байна. Төмөр л байна шүү дээ, харваас хаягдал юм байна. Авчихъя” гэсэн. Тэгээд Л.Э шууд портер машинтай гэх ах руу залгаад “хаягдал темөр авах гэсэн юм, та хаана байгаа юм бэ, хүрээд ир” гээд дуудсан. Тэр ах нь Налайхаас ирсэн. Бид хоёр тэр ахыг МТ ШТС-ын тэнд тосож аваад, нөгөө хашааныхаа тийшээ дагуулж очсон.
Очоод хашаанд байсан төмрүүдийг машинд нь ачсан. Эхлээд манай ээжийн хашаа руу зөөгөөд, өглөө нь Сонгинохайрхан дүүргийн 10 буудлын ойролцоо байдаг төмөр авах цэгт 2 хувааж аваачиж өгөөд нийт 1.170.000 төгрөг авсан. Жолооч ахад Л.Э 200.000 тегрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь Л.Э бид хоёр хувааж авсан.
Төмөр ачиж зөөсөн машин нь цэнхэр өнгийн Портер маркийн машин байсан. Улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Тэр машины ах бид хоёрыг тэндээс хаягдал төмөр авч байна гэж бодсон. Бид хоёр ч мөн хулгай хийе гэж бодоогүй, “хаягдал төмөр байна” гэж бодоод авчихсан юм. Тэндээс авсан төмрүүдийг маргааш нь тоо ёсоор нь хүнд нь хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/,
10. Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр найз Б.М-тай хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 41 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн ойролцоо нэг шил архи хувааж уусан. Тэгээд сууж байгаад “замын урд талд үнэгний гавар байдаг, түүнийг очиж харъя” гэж хоорондоо ярилцаад харахаар зам гарч явсан. Үнэгээ харж чадаагүй, буцаад явж байгаад овоолсон шорооны дэргэдэх онгорхой хашааны хажууд суугаад Б.М бид хоёр нэг нэг ширхэг лаазтай пиво уусан. Пиво ууж дуусчихаад явах үедээ би онгорхой хашаан дотор нь юу байна гэж харсан.
Харахад орооцолдсон төмрүүд байхаар нь Б.М-ад “хоёулаа энэ төмрийг аваад явчихъя” гэхэд Б.М “яах юм бэ, эвгүй юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хаягдал төмрүүд юм шиг байна, зүгээр байх аа, авчихъя. Унаа олъё” гээд би Шаагаа гэх портер машинтай ах руугаа залгаж, “та хүрээд ирээч, энд хаягдал төмрүүд байна" гэж хэлээд дуудсан. Шаагаа ах “Налайх дүүрэгт байна, яваад очъё” гээд 22 цаг өнгөрч байхад ирээд Б.М бид 3 Яармагийн гуравдугаар буудлын тэнд МТ ШТС-ын хажууд уулзсан. Тэр үед би Шаагаа ахыг дагуулаад нөгөө онгорхой төмөртэй хашаан дээрээ очсон. Тэгээд Шаагаа ахын машинаар 2 удаа төмрийг зөөж Б.М-ын ээжийн хашаанд буулгаад, өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 буудлын ойролцоо байдаг төмөр авах цэгт 2 хувааж аваачиж өгөөд 1.170.000 төгрөг авсан.
Тэр авч явж тушаасан төмрүүд нь арматурын зангидсан төмөр, эвдэрхий тэрэг, том төмөр хэв, орооцолдсон нарийн төмрүүд байсан. Шаагаа ах хулгайн төмөр авч явж байна гэж огт мэдээгүй. Би бодохдоо хаягдал төмөр байна гэж бодоод найз Б.М-ыгаа уруу татаж тэр төмрүүдийг авч явж тушаасан. Энэ нь миний буруу. Уг нь Б.М “яах юм бэ, боль” гэж дургүйцэж байсан. Гэвч би “зүгээрээ” гээд тэр төмрүүдийг авчихсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд /хэргийн 112-113х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57-58х/, гэрч Г.Батцэцэг, Л.Энхтайван нарын мэдүүлэг /хэргийн 55х, 56х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаар, 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 278 дугаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 62-65х, 67-71х, 74-76х, 77-83/, Б.М овогтой Мөнхжин, Б.М овогтой Эмүжин, Л.Э овогтой Номин нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 85-87х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М, Л.Э нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн барилгын талбайгаас 4-4.2 метрийн урттай 88 ширхэг арматур төмөр, 1.5 х 2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэг зэрэг эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.228.960 төгрөгийн хохирол учруулж, улмаар дээрх авсан эд зүйлсийг хаягдал төмөр худалдан авах үйлчилгээ эрхэлдэг иргэн Д.С-т 1.170.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг нь өөрсдийн байр, машины лизингийн төлбөр төлөхөд зарцуулж ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга баригдаж байгаа гэх талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-06х/,
- Алдагдсан эд зүйлс олдсон гэх Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхжин худалдааны төвийн баруун талд Монос эмийн үйлдвэрийн уулзвар зүүн хойд талд байрлах хаягдал төмөр хүлээн авах цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-09х/,
- Хохирогч “Тунамал үйлс” ХХК-ийн төлөөлөгч: Б.Ө-ын: “...Манай компани 2019 оны 5 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын замын урд талд 2 давхар оффис, агуулахын зориулалттай барилгын суурь цутгах ажил хийж эхэлсэн ба барилгын талбай дээр ажил хийхэд шаардагдах арматур төмөр, хомут төмөр, хэв зэргийг 2019 оны 5 сарын 16-ны орой аваачиж буулгасан байсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байх үед барилгын талбайд ирэхэд 4-4.2 метр урттай 22-ын радиустай арматур төмөр 88 ширхэг, 15х2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэг тус тус алдагдсан байсан. Дээрх эд зүйлс нь компанийн хөрөнгийн бүртгэлд байдаг учраас худалдан авсан баримтууд байгаа. Алдагдсан эд зүйлсээ дараахь байдлаар үнэлж нэхэмжилнэ. Үүнд:
1. 4.2 метрийн урттай арматур төмрийг килограммаар тооцож худалдан авдаг бөгөөд 1 метр урттай арматур төмөр 2700 грамм жинтэй байдаг, 4.2 метр урттай бол 11.340 грамм болно. Ингээд нийт алдсан 88 ширхэг арматур төмрийг 1 килограмм нь 1850 төгрөг буюу 88 ширхэгээр үржүүлж бодоход 1.846.152 төгрөг,
2. Хомут төмөр 1 ширхэг нь 2.7 килограмм жинтэй, 1 килограмм нь 1850 төгрөг, түүнийг 400-ээр үржүүлж бодоход 740.000 төгрөг,
3. Ялуу цутгадаг хэв 1 ширхэг 750.000 төгрөг тус тус болно. Манайх харуулгүй байсан болохоор хулгай хийсэн байна. ...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан төмөрөө яг тэр хэвээр бүрэн бүтэн буцааж авсан. Учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн учир гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х, 54х/,
- М.Т-ын гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 5 сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Тунамал Үйлс” ХХК-ийн барилгын талбай дээр ирэхэд хуучин барилгын суурин дээр байсан 11 ширхэг баганы арматур буюу 88 ширхэг 4.2 см-ийн урттай 22-ын арматур, 1.5х2.5 метрийн харьцаатай ялуу цутгадаг хэв, мөн талбай дээр байсан хомут 400 орчим ширхэг, арматурын үлдэгдэл хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.
...2019 оны 5 сарын 15-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн ба хуучин барилгын сууринаас баруун урагш 100 метр орчим газар барилгыг шинээр эхлэх болсон тул хуучин барилгын талбай дээр байсан харуулын байрыг 2019 оны 5 сарын 16-ны өдөр зөөж байрлуулсан юм. Тэгтэл тухайн өдрийн шөнө нь эд зүйлс алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
- гэрч Н.Ш-гийн: “...2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчим Л.Э 8011**** гэдэг дугаараас над руу залгаад “Та хаана байгаа юм, би нэг ачаа ачуулмаар байна” гэхээр нь би “Налайхад байна” гэхэд “би хөлсийг нь өгнө, та яваад ирээ” гэсэн. Тэгээд би Налайх дүүргээс гараад Яармагт ирэхэд 2019 оны 5 дугаар сарын 17-ны шөнийн 01 цаг болж байсан. Намайг Яармагийн МТ шатахуун түгээх газар ирэхэд Л.Э нэг залуутай хамт ирээд “эндээс нэг төмөр ачих гэсэн юм” гээд замын урагшаа яваад, нэг барилгын суурин дээрээс төмөр ачсан.
Би “энэ ямар учиртай төмөр юм бэ” гэж асуухад “бид энд ажиллаад, ажилчдынхаа хөлсөнд авч байгаа юм. Дарга нар нь мэдэж байгаа, та санаа зовох зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс өөрийнхөө **-** УНБ улсын дугаартай, портер маркийн машинаар 2 удаа явж тухайн төмөрийг зөөж, Яармагийн Цагаан байрнуудын дунд нэг айлын хашаанд буулгасан. Тэгээд тэр газраасаа мөн 2 удаа зөөж, Сонгинхайрхан дүүргийн 10 буудлын орчим төмөр авдаг газар аваачиж өгөөд тээвэрлэлтийн хөлсөнд нь 200.000 төгрөг авсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
- иргэний нэхэмжлэгч Д.С-ийн: “...Надад танихгүй хоёр залуу 1 тонн 950 кг армартур төмөр авчирч тушаасан. Тухайн төмөр нь арматур, хэв, хомут байсан. 1 кг төмөрийг би 600 төгрөгөөр бодоод, хоорондоо тохиролцож үнийг нь базаад 1.170.000 төгрөгөөр өгч авалцсан. Дараа нь тухайн төмөрийг хулгайд алдсан хүмүүс ирээд надаас төмөрийг тоо ёсоор нь хүлээж аваад явсан. Тэр хоёр залуу надад төмөр тушааснаас хойш үдээс хойш цагдаад баригдсан юм байна лээ. Цагдаа нар ирээд тухайн төмөрийг зарж, үрж болохгүй гэсэн баталгааг надаар бичүүлээд аваад явсан болохоор би нэг ч ширхэг төмөрийг дутаахгүйгээр хадгалж байгаад, хохирогч компанийн хүмүүст буцааж өгсөн.
...надад учирсан хохирол 1.170.000 төгрөгөөс Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 585.000 төгрөг төлсөн. Харин Л.Э нь 585.000 төгрөгийг төлнө гэсэн. Үлдэгдэл төлбөр 585.000 төгрөгийг Л.Э-аас авчихвал эдгээр шүүгдэгч нарт гомдол санал байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 95х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ХУ2-19-331 тоот дүгнэлтэд:
“...тус үнэлэгдэж буй арматур, ялуу цутгадаг хэв, хомут зэргийн үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.228.960 /гурав сая хоёр зуун хорин найман мянга есөн зуун жар/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 99-41х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 06/220 дугаартай актын:
1. 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн баригдаж буй барилгаас төмөр хулгайд алдагдсан гэх хэргийн газраас мэргэжилтэн а/д Ц.Отгонбаярын бэхжүүлж авсан Б.М, Л.Э нарын гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Б.М-ын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн сангийн “Адис-Папилон” санд 7 удаа, Л.Э-ын гарын хээний дардас нийт 3 удаа тус тус бүртгэлтэй байгааг дурьдав.
3. Б.М, Л.Э нарын гарын хээний дардас нь “Адис-Папилон” санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 102-103х, 110-111/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М /хэргийн 41х/, Л.Э /хэргийн 49-50х/ нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшлийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжийг агуулдаг бөгөөд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан байна.
Шүүгдэгч Б.М, Л.Э нар нь 2019 оны 5 сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тунамал үйлс” ХХК-ийн барилгын талбайгаас 4-4.2 метрийн урттай 88 ширхэг арматур төмөр, 1.5 х 2.5 метрийн хэмжээтэй ялуу цутгадаг хэв 1 ширхэг, арматур зангидах зориулалттай хомут төмөр 400 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, ингэхдээ тэдгээр нь “энэ хаягдал төмрүүд юм шиг байна, авчихъя, унаа олъё” гэх зэргээр нэгдмэл нэг санаа зорилготойгоор урьдаас хэлэлцэн тохирч, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан /ЭХЕА-ийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйл/ тул шүүгдэгч Л.Э, Б.М нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн прокурорын эрх зүйн дүгнэлт хуулийн үндэслэл бүхий байна.
Тухайн хэргийн улмаас хохирогч “Тунамал үйлс” ХХК-ийн эд хөрөнгөд 3.228.960 төгрөгийн хохирол, эд зүйлсийг хаягдал төмөр гэж худалдан авсан иргэн Д.С-т 1.170.000 төгрөгийн хор уршиг тус тус учирсан нь тогтоогдсон ба нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт тус тус нөхөн төлж барагдуулсан талаар хэрэгт хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ын “санал гомдол байхгүй, алдагдсан төмөрийг бүрэн тоо ёсоор хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х, 96х/, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...төмрийг хулгайд алдсан компанийн хүмүүс өөрсдөө ирээд тоо ёсоор надаас хүлээж авсан..“ гэсэн мэдүүлэг /хэргийн 95х/, иргэний нэхэмжлэгчээс тус шүүхэд бичгээр гаргасан “Б.М болон Л.Э нараас тус тус 585.000 төгрөгийг хохиролдоо тооцон хүлээн авсан, гомдол саналгүй болсон талаархи” хүсэлт /хэргийн 151х, 144х/ баримттай байна.
Тухайн хэргийн хувьд нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр бусад этгээдийн /хэрэгт гэрчээр асуугдсан Н.Ш-гийн эзэмшил/ өмчлөлийнх болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад хэрэгт хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах талаар прокуророос тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоох ажиллагаа хийгээгүй, энэ талаар санал дүгнэлт гаргаагүй тул шүүх “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Б.М, Л.Э-т нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хэргийн шүүгдэгч Б.М, Л.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар тус тус маргааагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.М, Л.Э нарын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.М, Л.Э нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Л.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 57х/ баримттай, шүүгдэгч Б.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 58х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 62-66х, 67-71х, 72-76х, 77-83х/ тус тус авагдсан ба шүүгдэгч Б.М-ын урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.
Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 9 сарын 02-ны өдрийн 1458 дугаартай захирамжаар шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаар Б.М, Л.Э нарын 2019 оны 9 сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 07 /долоо/ хоногийг /хэргийн 145-146х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Тунамал үйлс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-, иргэний нэхэмжлэгч Д.С нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ы М, Б овогт Л-ийн Э нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.М, Л.Э нарыг тус бүрийг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Л.Э нарт тус бүрт оногдуулсан 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.М, Л.Э нарын цагдан хоригдсон нийт 07 /долоо/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч “Т****** ү***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-, иргэний нэхэмжлэгч Д.С нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.М, Л.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М, Л.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД