Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01914

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03746 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******од холбогдох,

 

Орон сууцны хөлсний төлбөрт 96,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03009 дугаар шийдвэрээр хариуцагч *******оос 92,362,474 төгрөгийг гаргуулж ******* ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байрны тоот хаягт байрлах 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж өдийг хүрсэн. Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс дээр дурдсан орон сууцны хөлслөгч болж нэхэмжлэгч компанид хөлс төлөх үүрэгтэй. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны түрээсийн төлбөрийг үнэлгээ ХХК-ийн тодорхойлсноор 96,900,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гардуулсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******од холбогдох орон сууцны хөлсний төлбөрт 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй тухай

Манай компани хариуцагч *******од холбогдуулан ипотекийн зүйл болох орон сууцыг хөлсөлсний төлбөрийг тухайн үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн юм. Учир нь, Иргэний хуулийн 175.5-д заасны дагуу ипотекийн зүйл болох орон сууцыг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг буруу тодорхойлсон байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тэгэхээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153.1, 165.1, 165.6-д тус тус зааснаар зөвхөн барьцааны зүйлийн үнээс өөрийн шаардлагаа хангуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох орон сууцны үнээс зөвхөн үндсэн үүрэг, хүү, анз, хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй болохоос шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэлх буюу орон сууцыг албадан худалдан борлуулах хүртэлх хугацаанд хамаарах зах зээлийн ханшаар орон сууцны хөлсийг шаардах эрхгүй юм гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлсон.

Гэвч бид хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 153.1, 165.1, 165.6-д тус тус заасны дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүрэг, хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаагүй болно.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч ******* ипотекийн зүйл болох орон сууцанд өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа тул ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хөлслөгч болж үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч ******* ХХК-д орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй юм.

Ипотекийн зүйл болох орон сууцыг хөлсөлсний хөлсийг хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-аар тухайн үеийн ханшаар үнэлүүлэхэд 96,900,000 төгрөг болсон. Энэхүү нотлох баримтыг хариуцагч талаас баримтаар няцааж, үгүйсгээгүй юм. Тэгэхээр нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн үеийн орон сууц хөлсөлсний хөлсийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дах хэсгийг "... барьцаалагч буюу ******* ХХК-ийн өмнө өмчлөгч буюу *******ын хүлээсэн үүрэг гэсэн агуулгагүй болно гэж буруу тайлбарласанд гомдолтой байна.

Иймд, бидний гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. үнэлгээ ХХК-ийн тодорхойлсны дагуу нэхэмжлэгч тал 96,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаалж байгаа хөрөнгөөр үндсэн үүрэг, хүү анз, түүнтэй холбоотой хохирлыг төлөх бөгөөд хөлслөгч болж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрт заасан хөрөнгөтэй холбоотой үүргээ гүйцэтгэх ёстой. Тус үүрэг нь Хан-Уул дүүргийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу 92,362,470 төгрөг, мөн барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангана гэж заасан. Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт шийдэгдсэн гэрээний үүрэг нь үүрэг гүйцэтгэхтэй холбоотой асуудлын хүрээнд агуулгаараа хамаарна. Барьцаалагч өөрөө байрандаа амьдарч, зээл авсныхаа төлөө түрээслэгч болж, мөнгө төлөх нь шүүхийн шийдвэрээс илүү буюу гэрээний үүргээс өндөр үнийн дүнгээр төлөх үүрэг үүсэхгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан орон сууцны хөлсний төлбөрт 96,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од 60,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлж, /х.х-ийн 25-27/

 

уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байр, тоот хаягт байрлах 57.87 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /х.х-ийн 28-29/

 

3.2. Зээлдэгч ******* нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/03009 дугаар шийдвэрээр түүнээс ,744,800 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6-9/

 

3.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00278 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /х.х-ийн 20-22/

 

3.4. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/08493 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 183/ГХ2021/00665 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 21290792 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. /х.х-ийн 5, 10-11/

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч буюу төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн зохицуулалтыг барьцааны зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүрэг, хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулахаас гадна тусдаа эрх зүйн өөр ойлголт учир үүрэг гүйцэтгүүлэгч этгээд үүрэг гүйцэтгэгчээс хөлс шаардах эрхтэй гэсэн бол, хариуцагчийн өмгөөлөгч нь барьцаа хөрөнгөөр гагцхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулах бөгөөд өмчлөгч этгээд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тул зээлдүүлэгчид хөлс төлөх үүрэг үүсэх учиргүй гэж маргажээ.

 

5. Давж заалдах шатны шүүх энэ төрлийн нэхэмжлэл урьд өмнө цөөн удаа гарч байсан, тухайн зохицуулалтын талаар маргаантай байгааг үндэслэн дараах байдлаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

5.1 Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж, мөн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд тэрээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээдэг хууль зүйн агуулгаас авч үзвэл энэ үеэс эхлэн барьцааны зүйл нь барьцаалагчийн ашиг сонирхол буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болох тул өмчлөгч /барьцаалуулагч/-ийн өөрийн өмч гэсэн итгэл үнэмшил хамгаалагдахгүй.

 

Тийм ч учир Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д ...шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй... гэж заасан байна.

 

5.2 Суурь зарчмын хувьд дээр дурдсан хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар хэдийгээр өмчлөгч нь өөрийн өмчийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байдаг боловч, нөгөө талаар өмчлөгч этгээд эд юмсын эрх зүйн хүрээнд бусдад үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгөө барьцаалуулснаар эрх нь хязгаарлагдсан этгээд болдог тул үүнээс үл хамааран үр шимийг хүртэх эрхтэй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана гэж тодорхой зохицуулжээ.

 

5.3 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Тодруулбал, талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар барьцаа хөрөнгийг шүүхээс гадуур худалдахаар тохироогүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар шүүх тухайн барьцаа хөрөнгийг албадан худалдах шийдвэр гаргах бөгөөд тийнхүү албадан худалдан борлуулах ажиллагааг эрх бүхий этгээд /Шийдвэр гүйцэтгэх газар/ эрхлэн явуулна.

 

Энэ утгаараа барьцаа хөрөнгө нь барьцаалуулагчийн бус, төрийн эрх бүхий этгээдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэлд хамаарах бөгөөд тус магадлалын 4.1-д дурдсанаар энэ тохиолдолд өмчлөгч /барьцаалуулагч/-ийн өөрийн өмч гэсэн итгэл үнэмшил хамгаалагдахгүй учир барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хөлслөгч болж, улмаар орон сууц хөлсөлсний хөлсийг тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй байхаар хуульд зохицуулжээ.

 

5.4 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* гудамж, ******* байрны тоот хаягт амьдарч байгаа болох нь баримтаар тогтоогдсон ба энэ талаар няцаасан баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй байна. /х.х-ийн 32/

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа хөрөнгөнд амьдран сууж байгаа хугацаагаар тооцож орон сууц хөлсөлсний хөлсийг нэхэмжилснийг буруутгахгүй.

 

6. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан тодорхой хугацааны дотор хэрэгждэг тул ердийн явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаанд хамаарах хөлсийг төлөх ёсгүй гэх тайлбарыг хүлээн авахгүй. Учир нь,

 

Нэхэмжлэгчийн зүгээс хэвийн явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон тодорхой хэмжээгээр өрийг буцааж төлж буй төлбөр төлөгч нараас дээрх үндэслэлээр мөнгө нэхэмжлээгүй, хариуцагч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ,744,800 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргаж, санаатай удаашруулж байгаа нөхцөл байдлыг үндэслэн тухайн нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарласан.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, татгалзал өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг уг үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ямар нэгэн санал, санаачилга гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь нотлох баримтад хамаарах бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь тус үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь үндэслэлтэй, энэ талаар хариуцагч нь маргаагүй байна. /х.х-ийн 56-73/

 

Иймд, хариуцагч *******оос шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан үнийн дүн болох 96,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Энэ хэргийн хүрээнд хэд хэдэн этгээд барьцаалагч байх тохиолдолд хэн нь нэхэмжлэл гаргах эрхтэй болон зээлдэгч өөрөө бус, харин гуравдагч этгээд барьцаалуулагч бол түүнийг үүрэг гүйцэтгэгч гэж үзэж орон сууц хөлсөлсний хөлсийг төлөх үүрэгтэй эсэх, мөн үүнээс улбаатай цаашид сөрөг үр дагавар гарах эсэх талаарх маргаан хамааралгүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5-д заасныг баримтлан хариуцагч *******оос орон сууц хөлсөлсний хөлсөнд 96,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж,

 

2 дахь заалтыг ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 642,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР