Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 585

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н А-д холбогдох эрүүгийн 19100 1937 0609 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Буянт-Ухаа 2” хороололд СӨХ-ийн үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжны 116 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н А,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт **-** УБН улсын дугаартай Тоёото витз загварын тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн М.П-ын Самсунг А-7 загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                         

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Иймд шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр хуучин Яармагийн эцэс дээр гэртээ харих гэж яваад О-тай таараад машинд нь суусан.

Замдаа П эгч тамхи авах гээд дэлгүүрт орсон. Би гудамныхаа үзүүрт буух гэж байхад гар утас нь суудлын завсарт унасан байхаар нь би мэдэгдэлгүйгээр аваад буусан. Тухайн үед хүнээс 600.000 төгрөг зээлсэн байсан болохоор тэрийгээ буцааж өгөх хэрэгтэй байсан. Би уг гар утсыг ломбарданд тавиад, буцаагаад авч өгсөн. Би өөрөө буруу зүйл хийснээ ойлгож ухаарсан. Хохирогч П болон О нарыг танина. Дахин ийм асуудал гаргахгүй. Маш их гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1937 0609 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3х/,

 

2. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 10х, 22х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.П-ын хохирогчоор өгсөн:

“...Би тус өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байгаад Хан-Уул дүргийн 6 дугаар хороо орох шаардлага гарсан болохоор би өөрийн нөхөр болох Түмэнсаяыг дагуулаад хажуу талын айлын Н.О-г гуйж, түүний **-** УБН улсын дугаартай Тоёото витз загварын автомашинаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ороод, хороон дээр болж байгаа сургалтанд хамрагдсан. Сургалт дуусаад Н.О-гийн автомашинаар гэртээ харих гээд явж байхад Яармагийн хуучин эцсийн буудал дээрээс Н.О-гийн найз гэх эмэгтэй хүн автомашинд суугаад, буухдаа миний Самсунг А-7 загварын гар утсыг хулгайлан авч буусан юм.

Уг гар утсыг манай бага охин болох Т.Оюунтунгалаг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Солонгос Улсаас ирэхдээ авчирж өгсөн юм. Миний гар утсанд содон шинж тэмдэг байхгүй, хагарч цуурсан зүйл байхгүй. Би алдсан гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.О-гийн гэрчээр өгсөн:

“...Би тухайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байсан юм. Манай гудамжинд гэр нь байдаг өндөр настай П-, Түмэнсая гэх ах, эгч хоёр манай гэрт 10 цаг болж байхад орж ирээд “Хороо орох хэрэг байна. Зарлагдаад байгаа хөлсний байр гэдэг хөтөлбөрт бүртгүүлэх гэсэн юм, чи ах эгч хоёрыгоо хүргээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд, өөрийн **-** УБН улсын дугаартай, Тоёота витз загварын машинтайгаа П-, Түмэнсая хоёрыг хороонд хүргэж өгсөн. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны гадна зогсож хүлээж байгаад буцаад аваад явсан. Буцах замдаа явж байхад Яармагийн хуучин эцэс дээр миний танил А гэх нэртэй эмэгтэй зогсож байхаар нь юу хийж байгаа талаар асуухад “гэртээ харих гэсэн юм, чи харьж байгаа юм бол замд чинь буучихъя” гэхэд нь би “тэг, тэг” гэж хэлээд А-г автомашиндаа суулгаад аваад явсан.

Замдаа явж байтал П эгч Яармагийн 52 гэх нэртэй худалдааны төвийн гадна зогсохыг хүсэж, тамхи авмаар байна гэсэн. 52 гэх нэртэй худалдааны төвийн гадна зогсоолд зогсоход П эгч миний охин болох Маралмаад /1 нас 08 сартай/ Самсунг А-7 загварын гар утсыг болох гарт нь бариулаад захруу орсон. Удалгүй П эгч 52 худалдааны төвөөс гарч ирэхээр нь хөдлөх гэтэл П эгчийн Самсунг А-7 загварын гар утас алга болсон байгаа талаар мэдээд, хайгаад олоогүй. Алга болсон 98180182 дугаартай утас руу залгахад нэг удаа дуудаж байгаад дахиад залгахад тэжээлээс салсан байсан. Бид 52 гэх нэртэй худалдааны төвийн гадна талбайн авто зогсоол руу харсан хяналтын камерийн бичлэгийг үзэхэд манай автомашин руу гаднаас хүн ойртоогүй бас манай машины цонхоор эд зүйл унаагүй болохыг мэдээд, хамт сууж явсан А-аг сэжиглээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Тухайн өдөр миний автомашинд миний охин болох М, манай гудамжинд гэр нь байдаг П эгч болон түүний нөхөр болох Түмэнсая, миний зүс таних эмэгтэй А нар сууж явсан. Би тус явдал болсон өдрөөс хойш нэг хоногийн дараа 22 товчооны тэнд байрлах А-гийн гэрт нь очиж уулзаад “гар утас алга болсон” талаар хэлээд, “Цагдаагийн байгууллагад хамт очиж шалгуулъя” гэхэд “надад битгий уурлаарай, би аваад 120.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихсан” гэж хэлсэн.

Би А гэх эмэгтэйг сайн мэдэхгүй, зүс мэдэх төдий. Заримдаа гадаа гудамжинд таархаараа мэнд мэдээд зөрдөг. А нь миний амьдардаг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7-122А тоотоос нэг гудамжны өмнө амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Х-287 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 06-08х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.А-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09 цаг 50 минутанд эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орох гэж Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ****** тоот гэрээсээ гарсан. 10 цаг 45 минутанд Хан-Уул дүүргийн эмнэлгээс гараад Яармагийн хуучин эцсийн буудал дээрээс гэрлүүгээ харих гээд алхаж явж байхад зүс таних О-тай тааралдсан. Тухайн үед О саарал өнгийн, маркийг нь сайн мэдэхгүй байна, жижиг машинтай явж байсан. Тэгээд О “Би гэрлүүгээ харих гэж байна, чи хойшлох юм уу” гэж асуухад нь би О-гийн машинд нь суухад машин дотор нь П эгч, О-гийн 1 нас хүрч байгаа М гэх нэртэй хүүхдийг өвөр дээрээ суулгасан, хойд суудалд Пагам эгчийн нөхөр Түмэнсая ах сууж байсан.

Бид Яармагийн хуучин эцсийн буудлаас 11 цаг 09 минут гэхэд явсан. Замдаа явж байхад П эгч “Нүхтийн 19 дугаар гудамжинд байх “52” гэх нэртэй худалдааны төвд орж тамхи авна” гэж хэлээд 11 цаг 11 минутанд “52” гэх нэртэй худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь байрлах “SM” гэх нэртэй пабын урд зогссон. П эгч автомашинаас буухдаа О-гийн хүүхэд М-д өөрийн Самсунг А-7 загварын утсаа гарт бариулаад О-д хүүхдийг нь өгөөд буусан. Тэгээд 2-3 минутын дараа П эгч гартаа тамхи барьсан машинд суусан бөгөөд 11 цаг 17 минутанд машин 52 гэх худалдааны захаас хөдөлсөн.

Машин 52 гэх худалдааны төвөөс хөдлөхөд жолоо барьж байсан О-гийн суудлын завсарт ягаан өнгийн утас унасан байсан. Тухайн үед 11 цаг 18 минут болж байсан бөгөөд хэнийх нь rap утас гэдгийг нь мэдэхгүй байсан. Надад мөнгөний шаардлага гарсан байсан тул би ягаан өнгийн гар утсыг авсан. Миний хажуу талд сууж явсан П эгчийн нөхөр Түмэнсая нь хоёр нүд нь хардаггүй тул Түмэнсая ахад мэдэгдэлгүй авсан. Тэгээд би Нүхтийн 8 дугаар гудамжны үзүүрт 11 цаг 21 минутанд буусан.

Би О-гийн машинаас авсан гар утсыг 14 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар автобусны буудалд байрлах “Өгөөмөр” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх төвд 120.000 төгрөгөөр 14 хоногийн барьцаанд тавьсан. Орой 19 цаг өнгөрч байхад О 8901**** дугаарын утсаар залгаад “П эгчийн утас алга болчихсон байна, өглөө цагдаагийн камер шүүж үзмээр байна” гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 11 цагт Нүхтийн 7 дугаар гудамжинд П эгч, О бид гурав уулзаж П “Цагдаа дээр очиж камер шүүлгэмээр байна” гэж хэлэхээр нь “би таны утсыг ломбарданд тавьсан юм аа, цалин буухаар би аваад өгье” гэж хэлэхэд П эгч “за, за зараагүй, ломбарданд байгаа юм чинь авчихаж болох байлгүйдээ” гэж хэлсэн.

Тэгтэл 2019 оны 8 дугаар сарын 02-ны орой 18 цаг болох гэж байхад Цагдаагийн байгууллагаас “Та хүний утас авсан байна, маргааш ирж мэдүүлэг өгнө” гэж дуудахаар нь би 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагт Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 05-ны орой 18 цаг 30 минутанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны баруун талд байрлах “Өгөөмөр” нэртэй барьцаалан зээлдүүлэх төвөөс барьцаанд тавьсан гар утсаа 128.500 төгрөг төлж буцааж аваад 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр П эгчийн гэрт нь Самсунг А-7 загварын гар утсыг аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Н.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 44х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 43х/, 2013 оны 7 сарын 21-ний өдөр төрсөн Энхтүвшингийн Ариунтуяа, 2014 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн А-гийн Азжаргал, 2009 оны 4 сарын 06-ны өдөр төрсөн А-гийн Даваалхам нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 49-51х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Н.А нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт **-** УБН улсын дугаартай Тоёото витз загварын тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг автомашинд сууж явсан иргэн М.П-ын Самсунг А-7 загварын гар утсыг машины суудлын дунд тавьсан байхад нь авч, улмаар зээлийн барьцаанд тавьж, мөнгө авч өөртөө ашиглан иргэн М.П-т 320.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 3х/,

- Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 10х, 22х, /

- хохирогч М.П-ын: “...Би тус өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байгаад Хан-Уул дүргийн 6 дугаар хороо орох шаардлага гарсан болохоор би өөрийн нөхөр болох Түмэнсаяыг дагуулаад хажуу талын айлын Н.О-г гуйж, түүний **-** УБН улсын дугаартай Тоёото витз загварын автомашинаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ороод, хороон дээр болж байгаа сургалтанд хамрагдсан.

Сургалт дуусаад Н.О-гийн автомашинаар гэртээ харих гээд явж байхад Яармагийн хуучин эцсийн буудал дээрээс Н.О-гийн найз гэх эмэгтэй хүн автомашинд суугаад, буухдаа миний Самсунг А-7 загварын гар утсыг хулгайлан авч буусан юм. Уг гар утсыг манай бага охин болох Т.Оюунтунгалаг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Солонгос Улсаас ирэхдээ авчирж өгсөн юм. Миний гар утсанд содон шинж тэмдэг байхгүй, хагарч цуурсан зүйл байхгүй. Би алдсан гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,

- гэрч Н.О-гийн: “...Би тухайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ...манай гудамжинд гэр нь байдаг өндөр настай П-, Түмэнсая гэх ах, эгч хоёр манай гэрт 10 цаг болж байхад орж ирээд “Хороо орох хэрэг байна, зарлагдаад байгаа хөлсний байр гэдэг хөтөлбөрт бүртгүүлэх гэсэн юм, чи ах, эгч хоёрыгоо хүргээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд, өөрийн **-** УБН улсын дугаартай, Тоёота витз загварын машинтайгаа П-, Түмэнсая хоёрыг хороонд хүргэж өгөөд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны гадна зогсож хүлээж байгаад буцаад аваад явсан.

Буцах замдаа явж байхад Яармагийн хуучин эцэс дээр миний танил А гэх нэртэй эмэгтэй зогсож байхаар нь юу хийж байгаа талаар асуухад “гэртээ харих гэсэн юм, чи харьж байгаа юм бол замд чинь буучихъя” гэхээр нь би “тэг, тэг” гэж хэлээд А-г автомашиндаа суулгаад аваад явсан. Замдаа явж байтал П эгч Яармагийн 52 гэх нэртэй худалдааны төвийн гадна зогсохыг хүсэж, тамхи авмаар байна гэсэн.

52 гэх нэртэй худалдааны төвийн гадна зогсоолд зогсоход П эгч миний охин болох Маралмаад /1 нас 08 сартай/ Самсунг А-7 загварын гар утсаа гарт нь бариулаад захруу орсон. Удалгүй П эгч 52 худалдааны төвөөс гарч ирэхээр нь хөдлөх гэтэл П эгчийн Самсунг А-7 загварын гар утас алга болсон талаар мэдээд, хайгаад олоогүй.

Алга болсон 98180182 дугаартай утас руу залгахад нэг удаа дуудаж байгаад дахиад залгахад тэжээлээс салсан байсан. Бид 52 гэх нэртэй худалдааны төвийн гадна талбайн авто зогсоол руу харсан хяналтын камерийн бичлэгийг үзэхэд манай автомашин руу гаднаас хүн ойртоогүй, бас манай машины цонхоор эд зүйл унаагүй болохыг мэдээд, хамт сууж явсан А-г сэжиглээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Тухайн өдөр миний автомашинд миний охин болох Маралмаа, манай гудамжинд гэр нь байдаг П эгч болон түүний нөхөр болох Түмэнсая, миний зүс таних эмэгтэй А нар сууж явсан. Би тус явдал болсон өдрөөс хойш нэг хоногийн дараа 22 товчооны тэнд байрлах А-гийн гэрт нь очиж уулзаад гар утас алга болсон талаар хэлээд, “Цагдаагийн байгууллагад хамт очиж шалгуулъя” гэхэд “надад битгий уурлаарай, би аваад 120.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихсан” гэж хэлсэн.

Би А гэх эмэгтэйг сайн мэдэхгүй, зүс мэдэх төдий мэднэ. Заримдаа гадаа гудамжинд таархаараа мэнд мэдээд зөрдөг. А нь миний амьдардаг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7-122А тоотоос нэг гудамны өмнө амьдардаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Х-287 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung А7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 06-08х/ болон шүүгдэгч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Н.А нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт **-** УБН улсын дугаартай Тоёото витз загварын тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг автомашинд сууж явсан иргэн М.П-ын Самсунг А-7 загварын гар утсыг машины суудлын дунд тавьсан байхад нь авч, улмаар зээлийн барьцаанд тавьж, мөнгө авч өөртөө ашигласан шууд санаатай, шунахай зорилготой гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Н.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгч Н.А-гийн гэмт үйлдэлд нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон, зөрчилгүй байна.  

 

Иймд шүүгдэгч Н.А-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч М.П-д 320.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш байна.     

 

Шүүгдэгч нь Н.А нь хохирогч М.П-д учруулсан эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь /хавтаст хэргийн 22х/ баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Н.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 42х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

 

Түүнчлэн тухайн хэргийн Н.А нь 2009 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн А-гийн Даваалхам, 2013 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн Энхтүвшингийн Ариунзаяа, 2014 оны 12 сарын 25-нд төрсөн А-гийн Азжаргал нарын хамт амьдардаг, мөн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдсэн 2019 оны 9 сарын 09-ний өдрийн байдлаар Н.А нь 19-20 долоо хоногийн жирэмсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 49-51х/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Чанд Авиа” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хэргийн 73х/ баримтуудаар тус тус нотлогдсон байна.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмшиж буй болон 4-9 насны 3 хүүхэдтэй, одоо 05 сартай жирэмсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж, “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн .., жирэмсэн эмэгтэйд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж болох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-н А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.А-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Н.А нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жилийн хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй. 

 

6. Энэ хэрэгт Н.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.П нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД