Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 586

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-д холбогдох эрүүгийн 19020 0063 0031 дугаартай хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 181 дугаартай захирамжийн дагуу шүүхийн харьяалал тогтоосноор тус шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Ф Х Ж /F H Z/, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, хятад хэлний орчуулагч Ц.Мөнхцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарн 22-ны өдөр БНХАУ-ын Шианши муж, Үйлэн хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой гэх, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, хойд эх, дүү нарын хамт амьдрах, БНХАУ-ын Шианши муж, Үйлэн хотын Чимбиан сум, Лижиалан гэх газар оршин суух, Монгол Улсад урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БНХАУ-ын 6127251992082****Х дугаарын иргэний үнэмлэхтэй, Ф Х Ж /F H Z/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэсвгэрээр Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр, боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч Ф Х Ж /F H Z/-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар яримааргүй байна. Би Монгол Улсын хилийг хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эх орондоо байхдаа сэтгэлзүйн дарамтанд орсон байсан тул Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирсэн. Тухайн үед их яарч байсан тул  паспорт бичиг баримтгүй хилийг давж орж ирсэн юм. Эхлээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээс унжсан торыг давж гараад, дараагаар нь Монгол Улсын хилийг мөн унжсан төмөрөн торыг даваад орж ирсэн. Надад эхнэр, хүүхэд байгүй. Аав, хойд ээж, хойд ээжийнхээ хүү нартай хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19020 0063 0031 дугаартай хэргээс:

 

1. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ф Х Ж /F H Z/-ы 61272519920822****Х  дугаартай БНХАУ-ын иргэний үнэмлэх баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 06х/,

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч томилж, орчуулагчид эрх үүрэг тайлбарласан мөрдөгчийн 2019 оны 01 сарын 27-ны өдрийн тогтоол /хэргийн 08х/,

 

3. Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийн газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 09-11х, 13-22х/,

 

4. Ф Х Ж /F H Z/-ы биед үзлэг хийсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-28х/,

 

5. Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-32х/,

 

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 34-37х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ын гэрчээр өгсөн:

“...2019 оны 01 сарын 27-ны өдөр би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Чингисийн талбай дахь Тамир-67 дугаар постонд эргүүлийн үүргийг өглөө 09 цагаас эхлэн сургагч ахлагч Б.Энхбатын хамт гүйцэтгэж байсан. Тухайн өдөр талбайн урд хэсэгт жагсаалд оролцож байгаа хүмүүс гэр барьсан байсан юм. Гэтэл 17 цагийн орчим уг гэрүүдийн гадуур барьсан төмөр хайсан хашааны хажууд нэг эрэгтэй хүн явж байгаад хашаагаар ороод зүүн талаасаа 2 дахь гэр рүү орсон.

Тэгэхээр нь би араас нь явж ороход тэр хүн гэрт байсан хүмүүстэй юм ярих гээд байгаа бололтой зогсож байсан ба тэнд байсан хүмүүс “Хятад хүн байна” гэхээр нь би тэр хүнийг дагуулж гараад цагдаагийн постны байрандаа оруулсан. Би өөрөө урьд нь Бээжин хотод дунд сургуульд сурч байсан болохоор хятад хэл мэддэг юм.

Ингээд тэр хүнээс “ямар учраас энд явж байгаа болох, бичиг баримт, гадаад паспорт байгаа эсэх, хаанаас явж байгаа” талаар нь асуухад тэр хүн “2 хоногийн өмнө Ганц модны боомтоор орж ирсэн, паспорт байхгүй” гээд Хятад иргэний цахим үнэмлэх үзүүлэхээр нь “боомтоор орж ирсэн юм бол бичиг баримт байх ёстой, хаана байгаа юм бэ” гэхэд “би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 12 цаг өнгөрч байх үед боомт орчмоор хилээр хууль бусаар орж ирсэн” гэж хэлсэн. Би “энэ үйлдэл чинь хууль бус шүү дээ” гэхэд “би гадаад паспорт аваад орж ирэх юм бол намайг хаана байгааг мэдчихнэ, тиймээс би бичиг баримт аваагүй” гэж хэлж байсан. Ингээд би хэлтсийн жижүүртэй холбоо барьж хэлээд жижүүрт хүлээлгэн өгсөн.

Тэр хүн Хятадын цагдаагийн сургуулийн сонсогчийн хар өнгийн куртиктэй, бор өнгийн хагас түрийтэй гуталтай, саарал өнгийн өмдтэй, хар нүдний шилтэй байсан. Хар куртикнийх нь зүүн мөрөн дээр цагдаагийн сургуулийн логотой тэмдэг байсан. Түүнээс “яагаад цагдаагийн сургуулийн хувцас өмссөн юм бэ” гэхэд “тэнд сурч байсан” гэж хэлж байсан. Мөн түүнд Чингисийн талбай дээр авахуулсан 2 хувь зураг байсан. Хөндлөнгөөр нь угаасан зурагны ард талд нь хөх өнгийн балаар хятад ханз үсгээр “Намайг Ф Х Ж гэдэг, би Хятадаас ирсэн. Би олон удаагийн дарамт шахалтанд орсон, тийм учраас Монголд ирсэн ба Засгийн газарт намайг хамгаалалтанд аваач ээ гэж хүсэлт гаргаж байна. Цааш нь дамжуулж өгнө үү, мистер Энхболдод” гэж бичсэн байсан.

Мөн биед нь хятадын иргэний үнэмлэх, олон тооны түлхүүр, карт, цэвэр ус, ууттай талх, утасны чихэвч, нүдний шилний гэр, асаагуур, хар өнгийн лент, мөнгө зэрэг зүйл байсан. Тэр хэлэхдээ хилээр орж ирэхдээ 300 юаньтай орж ирсэн. Улаанбаатар хотруу ирэхдээ орон нутгийн автобусанд 100 юань өгөөд билет аваад ирсэн гэж байсан.

Тухайн үед тэр хүнд гар утас байгаагүй. Би түүнээс “гар утас байна уу” гэж асуухад “байхгүй, ирж байх замдаа алдсан” гэхээр нь “ямар утас байсан бэ” гэхэд “Huawеi маркийн утас байсан” гэж хэлсэн. Хаана, хэрхэн алдсан талаараа тодорхой хэлээгүй. Мөн тэр ганцаараа явж байсан. “Өөр найз нөхөд хамт ирсэн хүн байна уу” гэж асуухад тэр байхгүй гэж хариулж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Х-ын гэрчээр өгсөн:

“...Би Баянзүрх зорчигч тээврийн төвийн “Лавай” салбарт тээвэр зохицуулагчаар ажилладаг. Манай төв нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 дугаар цахилгаан станцын урд талд “Лавай” худалдааны төвийн дэргэд байрладаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ажилдаа ирээд байж байхад өдөр 12-13 цагийн орчимд Хятад улсын бололтой нэг иргэн миний суудаг цонхон дээр ирээд юм асуугаад байгаа бололтой, Хятадаар яриад байсан. Тэгэхээр нь би манай эндээс унаанд суух гэж байгаа гадаадын иргэн байна гэж бодсон. Манай ажлын Цолмон гэдэг залуу хятад хэл мэддэг болохоор түүний утас руу нь залгаад яриулсан. Дараа нь Цолмон надтай яриад “наад хүн чинь хотын төв орох гэж байгаа хүн юм байна, яаж явах вэ гэж асууж байна. Таксинд суугаад яв” гээд хэлчих гэхээр нь би тэр хүнд “такси” гэж хэлээд хойшоо заахад тэр хүн гараад явсан.

Би тэр хүнийг хаанаас ирсэн болохыг нь мэдээгүй, холоос ирсэн юм уу л гэж бодсон. Тэр хятад хүнийг орж ирэхээс өмнө 11:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цагаан Хад-Улаанбаатар чиглэлийн автобус ирсэн. Түүгээр ирсэн эсэхийг бол мэдэхгүй байна. Тэр хүн хар нүдний шилтэй, хар хувцастай байсан. Өмсөж явсан куртикнийх нь ханцуйн дээр цагдаагийн бололтой тэмдэг харагдаж байсан. Бусад зүйлийг нь сайн анзаараагүй.

...Энэ зурган дээрх хүн тэр өдөр надтай уулзсан хүн мөн байна. Яг энэ зураг дээрх хувцастайгаа явж байсан, гэхдээ гартаа барьж явсан юмыг нь бол анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-гийн гэрчээр өгсөн:

“...Би “Алсын их хайрхан” гэдэг нэртэй хоршоонд жолоочоор ажилладаг байсан. Хоршоо маань Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Улаанбаатар хот чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилдэг юм. Манайх дандаа оройн 18 цагийн ээлжинд явдаг. 7 хоногийн 4 өдөр автобус явдаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Цагаан хаднаас **-** УМҮ улсын дугаартай, Гранбирт маркийн, мөнгөлөг саарал өнгийн, 45 хүний суудалтай автобусаар хүн тээвэрлэсэн.

Тухайн өдөр жолооч Ариунболдын хамт явсан. Бид 2019 оны 01 дүгээр сарын 26-ны үдээс хойш 17:05 цагийн үед зорчигчдоо суулган хөдлөөд Улаанбаатар хотод 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10:40 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх “Лавай” төвийн буудал дээр ирж зорчигчдоо буулгасан.

Цагаан хаднаас хөдлөхөд суудлынхаа тоогоор хүн суулгаад дүүргээд хөдөлсөн. Голдуу тэнд тээвэр хийдэг жолооч нар байсан. Мөн нэг Хятад хүн сууж Улаанбаатар хотод ирсэн. Энэ зурган дээр байгаа хүн бол тухайн үед манай автобусанд сууж ирсэн хятад хүн мөн байна. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн орчим автобустайгаа Цагаан хадны буудал дээр ирээд зорчигчоо авах гээд зогсож байхад энэ хүн ирээд “Улаанбаатар” гэж хэлээд автобусны хойд талаасаа 2 дахь эгнээний суудалд суухаар нь би мөнгөө авах гэж очиход 5000 төгрөг өгөхөөр нь би гар утасныхаа тооны машиныг гаргаж 40.000 төгрөг гэж хийгээд үзүүлэхэд тэр өөрөө гар утас гаргаж ирээд тоо бодоод байсан. Тэгж байгаад нэмж 100 юань өгсөн. Ингээд би автобус явах болоогүй байсан тул бусад зорчигчдоо бүртгээд өдөржин байсан. Тэгэхэд энэ хүн ерөөсөө автобуснаас буугаагүй. Дараа нь хүн багатай үед тэр хүн жолоочийн кабин дээр ирээд “фейсбүүк” гээд байхаар нь би гар утсаа өгөхөд тэр миний фейсбүүкийн хайлт хэсэг дээр англи үсгээр нэг нэр бичиж хайгаад, зураг гаргаж ирээд үзүүлж байсан. Тэр нь Чингисийн талбай дахь Чингис хааны хөшөөний зураг байсан. Түүнийг үзүүлээд Чингис хаан гэж хэлээд байсан.

Би тэр хүний гар утасны маркийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан хар өнгийн ухаалаг утас байсан. Тэр тооны машинийг нь гаргаж ирээд тоо бодоод байсан, өөр ачаа бараа гэх зүйл байгаагүй. Зураг дээрх тортой зүйл ч гэсэн байгаагүй санагдаж байна. Хар өнгийн куртик, саарал өнгийн өмд гуталтай байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Ц-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Хилийн 0131 дүгээр ангийн Гашуун суухайт шалган нэвтрүүлэх заставын дарга хошууч Н- намайг дуудаад “хамт яваад хилийн хэсгээр шалгалт хийе” гэж хэлсэн. Ингээд хилийн 7 дугаар заставын дарга дэд хурандаа Б- бид хэд хилийн 703-аас 702 дугаар багана хүртэл буюу боомтоос баруун зүгт явганаар шалгасан. Энэ нь 3 км орчим газар юм. Тэгэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд бид 703 дугаар багана буюу боомтоос зүүн зүгт 704 дүгээр багана хүртэлх 5 км орчим газарт явганаар явж шалгалт хийсэн. Гэтэл 704 дүгээр баганаас баруун зүгт 350 метр зайд, боомтоос 5.2 км орчим зайд хятадын талаас явганаар хил зөрчсөн байж болзошгүй нэг хүний хөлийн мөр илрүүлсэн.

Хилийн мөр хянах зурвас дээр 7 ширхэг мөр байсан, хилээр дотогш ороод нутгийн гүн чиглэн хойд зүгт явсан олон тооны мөр байсан. Тухайн үед цаг өдрийн 11:30 болж байсан. Тэр мөрийг би хошууч Н-гийн хамт дагаж явахад барагцаагаар 5 км орчим яваад газрын байдлаас хамааран мөр нь бүдгэрсэн юм. Энэ үед дэд хурандаа Б- тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан заставынхаа харуулыг дуудаж, мөр хадгалах хайрцаг авч ирүүлээд мөр хянах зурваст байсан мөрийг хамгаалалтанд авсан.

Тухайн мөр илэрсэн хэсгээр хилийн төмөр торны доороосоо 2, 3 дахь утас нь тасарсан байсан. Тухайн төмөр утасны тасарсан байдлыг харахад шинэ хуучин тасарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байсан.

Одоо мөр хянах зурваст байсан мөрийг бол тэгшлээд, торыг нь засаж бүтэн болгосон байгаа. Түүнээс үргэлжлээд хилийн дотор талд байсан мөрийг бол хамгаалалтанд авсан байгаа. Тухайн мөр нь Хятад Улсын баруун урд талаас ташуулдан ирсэн байдалтай байсан. Тухайн үед би өөрийнхөө гар утсаар хилийн зурваст байсан болон дотогш явсан мөрний зургийг нь авсан байгаа. Тэр мөр нь барагцаагаар 40-41 орчим размерийн арзгар ултай гутлын хээ байсан. Мөр хоорондын алхамын зай нь 40 см орчим байсан.

Мөр илэрсэн талаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны үдээс хойш Хятад улсын талд мэдэгдэж, “манайхаас илэрсэн мөрийг танайд хүлээлгэн өгье” гэхэд “энэ талаар хилийн төлөөлөгчид мэдэгдье” гэсэн боловч эргэж хариу хэлээгүй байгаа. Тухайн үед тэдний талаас ирсэн хүний хамт Хятад Улсын хилийн зурваст очиж үзэхэд манай хил дээрээс илэрсэн мөрний адил мөрүүд байсан.

Хятад Улсын хилийн тор нь 2 м орчим өндөртэй хөндлөн 12 эгнээтэй тор байдаг. Тор нь доороосоо 4, 5 дахь төмөр утас нь сунасан байсан. Тэр торыг дээш доош нь болгоход бол хүн чөлөөтэй багтаж байсан. Бидэнтэй уулзсан Хятад Улсын хилийн төлөөлөгчийн туслахыг тэр зайгаар оруулан цааш явуулахад “нутгийн гүнээс ирсэн мөр байна” гэж байсан. Би Хятад Улсын хилийн торны зургийг мөн авсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х, 53-54х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус заставын даргаар ажиллаж байна. Манай застав нь хил хамгаалалт хариуцдаг. Хилийн 692 дугаар тэмдэгээс 713 дугаар тэмдэг хүртэлх хэсгийг хариуцдаг. Энэ хэсэгт Гашуун сухайтын боомт харьяалагддаг.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би хошууч Н-, тагнуулын ажилтан Ц- нарын хамт өглөө 09 цагаас боомтоос баруун зүгт 1,5 км газарт шалгалт хийхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Буцаж ирээд зүүн зүгт 5 км орчим газарт явган алхан хилийн зурвасыг шалгахад хилийн 704 дүгээр тэмдэгийн баруун талаар 350 орчим метр газарт Хятад Улсаас манай улсын хилийг нэвтэрсэн явган хүний хөлийн мөр илэрсэн. Мөрийг нягтлан үзэхэд нутгийн гүнрүү явсан байсныг Н-, Ц- нар дагаж явсан. Би тэнд үлдээд харуулд гарсан манааг ирэхээр нь мөр хамгаалах арга хэмжээ авсан.

Хилийн тор доороосоо 3, 4 дүгээр үеийг таслаад торон дундуур орсон байсан. Тухайн мөр илэрсэн хэсгээс бага зэрэг баруун урд зүгээс ирсэн байсан. Тэгээд тасарсан торыг нь төмөр залгаж засаад, мөр хянах зурвас дээр байсан мөрийг нь бол арилгаад зурвасыг хэвийн болгосон. Гэхдээ Ц- гар утсаараа зургийг нь авсан байгаа. Тухайн мөр нь барагцаагаар 40 орчим размерийн арзгар ултай гутлын мөр байсан.

Манай заставын харуулын манаа хилийн зурваст өдөрт 2-3 удаа шалгадаг. Тухайн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бид нарыг шалгахаас өмнө манай жагсаалын дарга Мөнхбат мотоциклтой явж шалгасан байсан. Тэгэхдээ анзаарч хараагүй юм билээ. Түүнээс өмнө манай манаа ч гэсэн шалгасан байсан, мөр гараад барагцаагаар 2 хоносон болов уу гэмээр бүдгэрсэн байсан юм. Түүнээс шинэ мөр бол хяналтын зурвас дээр тод гардаг юм. Харуулууд мотоциклоор явдаг, тэгэхдээ анзаарч хараагүй байсан.

Энэ талаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны үдээс хойш Хятад Улсын хилийн заставтай уулзалт хийж мэдэгдсэн. Манай хил дээрээс илэрсэн мөрийг Хятадын хилийн төлөөлөгчийн хамт дагаж явсаар Хятадын хилийн зурвас дээр очиход тэр мөр мөн тэнд байсан. Хятад улсын хилийн тор нь дунд хэсгээрээ суларсан байсан ба тэр завсраар нь орсон байх. Надад өөр нэмж ярих байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Н-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08:30 цагаас би хилийн 7 дугаар заставын дарга дэд хурандаа Б-, хилийн тагнуулын ажилтан Ц- нарын хамт хилийн 703 дугаар баганаас 702 баганы хооронд буюу боомтоос баруун зүгт 2.5 км газарт шалгалт хийхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Ингээд буцаж ирээд 703 дугаар баганаас 704 дүгээр багана чиглэлд шалгасан.

Ингэхдээ бид хилийн зурвас дагаж явганаар алхаж мөр хянах зурвасуудыг шалгаж явсан. Гэтэл 704 дүгээр баганы баруун талаар 350 метр орчим газраас Хятад улсын талаас манай улсыг чиглэсэн ул мөр нь мөр хянах зурвас дээр илэрсэн. Тэр даруй штабын даргад мэдэгдээд, би Ц-гийн хамт хилээр орж ирсэн мөрийг үргэлжлүүлэн дагаж 1.5-аас 1.8 км орчим яваад мөрийг алдсан. Газрын байдал нь чулуутай байсан учраас мөр бүдгэрээд тасарсан, цааш үргэлжлүүлэн хайсан боловч мөр олдоогүй. Нохой хөтлөгчөө нохойтой нь дуудан 17 цаг болтол хайсан боловч олдоогүй.

Тухайн этгээд төмөр торыг доод талаасаа 2 дахь төмрийг нь тасалсан байсан. Би харахдаа бахиар ч юмуу иртэй зүйлээр тасалсан байна гэж харж байсан юм. Мөр илэрсэн хэсгээс бага зэрэг баруун урд зүгээс ирсэн байсан. Мөрийг хамгаалалтад авсан байгаа. Тэр мөр бол нэг хүний гутлын мөр байсан. Мөр хянах зурваст 6-8 мөр гарсан байсан. Дотогш орж ирээд явсан мөр нилээн байсан. 40 орчим размерийн хэмжээтэй, өсгий дээрээ жижиг хээтэй, арзгар ултай гутлын мөр байсан.

Штабт мэдэгдээд, өгсөн чиглэлийн дагуу Хятад улсын талтай хилийн төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтыг надтай хамт дэд хурандаа Б-, ажилтан Ц- нар хийсэн. Тэдэнтэй уулзаж мөр илэрсэн талаар хэлээд, манай хил давсан мөрийг дагаж явсаар Хятадын хил дээр очиход тэр мөр Хятадын хилийн цаана ч гэсэн байсан. Ингээд тэдний талаас эргэж ямар нэгэн хариу хэлээгүй байна.

Хятад улсын хилийн тор нь 2 м орчим өндөртэй, хөндлөн 12 эгнээтэй тор байдаг. Тэр тор нь голын хэсгээрээ унжсан байсан. Түүгээр хүн багтахаар зайтай байсан. Би тэр зайгаар орсон юм байна гэж ойлгосон. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х/,

 

13. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжээчийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 1050 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн гадна дүр төрх нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй гадаад дүр төрхийн хэв шинж, хүйс, нас, үсний өнгө, хөвөө, урт, нүүрсний дүрс, хөмсөгний урт, хэлбэр, хөндлөнд харьцуулсан хөмсөгний байрлал, хөмсөг хоорондын зай, өнгө, нүдний хүүхэн хараа, солонгон бүрхүүлийн өнгө, хамрын хянган хэлбэр, цохны гүн, хамрын угалз, амны хэмжээ, уруулын жэмийлт, уруул зүүн тийш муруйсан, эрүүний өргөн, өндөр, доод эрүүний гаднах дүрс, чихний дэлбэнгийн хэмжээ, хөмсөг хооронд нугалаатай /үрчлээс/, ооч сахалтай зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-71х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Э-ы гэрчээр өгсөн:

“...Би 2016 оны 8 дугаар сараас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Бодлогын хэрэгжилт зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би Ф Х Ж гэгчийг танихгүй. Манай байгууллагад өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Д.Ч- дээр бүртгэл байгаа. Хэрэв БНХАУ-ын иргэн Ф Х Ж Монгол улсаас орогнол хүссэн хүсэлт гаргасан бол бүртгэл байх ёстой гэсний дагуу Д.Ч-ийн 207 тоот өрөөнд орж комьютерээс Ф Х Ж гэгчийг шүүлгэхэд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд улс төрийн орогнол хүссэн, дүрвэж ирсэн иргэдтэй холбоотой хүсэлт намайг ажиллаж байх хугацаанд гарч байгаагүй. Улс төрийн орогнол хүссэн асуудлыг Ерөнхийлөгч шийддэг учир Ерөнхийлөгчид хандах ёстой байх. Гадаадын иргэд өөрийн улсаас дүрвэж байгаа тохиолдолд НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газарт ханддаг. Тухайн байгууллагаас “дүрвэгч гэрчилгээ” гаргаж, манай байгууллагад мэдэгддэг байгаа. НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас тус яаманд Ф Х Жтай холбоотой баримт материал ирээгүй байна. Гадаадын иргэд Монгол Улсад орогнож, оршин суух хүсэлтээ ямар журмаар гаргадаг талаар би сайн мэдэхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 169-171х/,

 

15. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 902 тоот актын:

1. Ф Х Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ф Х Ж нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна.

3. Ф Х Ж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ф Х Ж нь өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна.

4. Ф Х Ж нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган мэдүүлэх чадвартай байна.

5. Ф Х Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 178-179х/,

 

16. Ф Х Ж /F H Z/ нь Монгол Улсын харъяат болон орогнол хүсэж материал гаргасан иргэдийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг гэрчилсэн Гадаадын иргэн, харъяатын газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/1392 дугаартай, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг ТГ/521 дугаартай албан бичиг баримтууд /хэргийн 191х, 199х/,

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ф Х Ж /F H Z/-ы гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шианши муж, Үйлэн хот, им биан сум Лижиалан гэх газар амьдардаг. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад машинд суугаад Ханшианд очоод, тэндээсээ мөн машинд сууж, Өвөр Монголын У шин жи гэдэг гацаанд ирээд такси барьсан. Ганц модны боомт дээр ирээд, 24-ний өдрийн орой харанхуй болсон байхад ирж дотогш орох гэснээ болиод хилийн зураас дагаад зүүн тийшээ 1 цаг орчим алхсан, барагцаагаар 1 км орчим алхсан байх. Тэгэхэд Хятад Улсын хилийн орчим тор нь унасан, сул байхаар нь давж нэвтэрсэн. Нааш явсаар Монгол Улсын хилийн торыг даван нэвтэрсэн. Монгол Улсын хилийн тор намхан байсан юм.

...Хилээр орж ирээд баруун зүгт алхсаар нилээн явж байгаад засмал зам дээр ирсэн. Зам дагаж хойд зүгт алхсаар нилээн явж байгаад засмал зам дээр ирсэн. Зам дагаж хойд зүгт алхсаар хилийн боомтын ойролцоо ирсэн. Тэндээс Улаанбаатар хот явдаг автобусанд суугаад...өглөөний 09 цагийн орчим Улаанбаатар хотод ирээд вокзал дээр буусан. Би тэндээс таксинд суугаад их хурлын гишүүд байдаг газарт ирсэн. Тэнд олон гэр байсан. Би тэнд УИХ-ын гишүүн Энхболд гэдэг хүний талаар жагсаал болж байгаа талаар мэдээлэл авсан байсан. Тэр газарт ирээд би зурагчнаар зураг авахуулаад зурагныхаа ард талд ханз үсгээр нэр болон Хятадаас ирсэн гэдгээ бичсэн. Мөн Хятад Улсад улс төрийн хавчлагад орсон учраас Монгол Улс намайг хамгаалалтанд авахыг хүсэж байна гэж бичээд тэнд гэрийн орчим байсан хүмүүст үзүүлсэн. ...Тэгээд байж байхад цагдаа ирээд намайг барьсан. ...Би энэ талаар Монгол Улсын эрх бүхий байгууллагад албан ёсоор хандсан асуудал байхгүй. Жагсаалд оролцсон хүмүүсийг байцааж байсан. Түүнээс ял шийтгэл оногдуулж байгаагүй. Жагсаал хийхдээ ямар нэгэн дүрэм журам зөрчсөн асуудал байгаагүй. Гэтэл цагдаа дээр дуудаж мэдүүлэг авсан асуудал дарамттай байсан. Надад холбогдох ямар нэгэн хэрэг асуудал бол байхгүй. ...Надад ямар нэгэн улс төрийн дарамт шахалт ирж байгаагүй. Миний толгой хааяа өвддөг юм. Үүнээсээ болж заримдаа буруу зөрүү санах асуудал байдаг юм. Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Монголын улсын хуулийг интернэтээс харж уншиж байгаад энэ талаар мэдсэн. Тэгээд тэгж мэдүүлвэл ял шийтгэлгүй байх гэж бодсон. ...Хэргээ шийдүүлээд хурдан нутаг буцахыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х, 81-82х, 87-89х, 92-93х, 185-186х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 100х/, иргэний үнэмлэхийн гэрэл зургийн үзүүлэлт, түүний албан ёсны орчуулга /хэргийн 94-95х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг яллагдагчаар болон гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол мэдэхгүй бол орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах, мөн монгол хэл бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах журмыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгжүүлэн хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч Ф Х Жд /F H Z/ холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

БНХАУ-ын иргэн шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуун сухайт хилийн боомт орчимын хилийн 704 дүгээр тэмдэгтээс баруун зүгт 350 метр газарт, явганаар боомт бус газраар, Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрч орж ирсэн, улмаар Ханбогд сумын Цагаан хаднаас Улаанбаатар хот чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусаар Улаанбаатарх хотод ирсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ф Х Ж /F H Z/-ы 61272519920822****Х  дугаартай БНХАУ-ын иргэний үнэмлэх баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 06х/,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч томилж, орчуулагчид эрх үүрэг тайлбарласан мөрдөгчийн 2019 оны 01 сарын 27-ны өдрийн тогтоол /хэргийн 08х/,

- Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийн газарт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 09-11х, 13-22х/,

- Ф Х Ж /F H Z/-ы биед үзлэг хийсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-28х/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-32х/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 34-37х/,

- гэрч Б.Д-ын: “...2019 оны 01 сарын 27-ны өдөр би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Чингисийн талбай дахь Тамир-67 дугаар постонд эргүүлийн үүргийг өглөө 09 цагаас эхлэн сургагч ахлагч Б.Энхбатын хамт гүйцэтгэж байсан. Тухайн өдөр талбайн урд хэсэгт жагсаалд оролцож байгаа хүмүүс гэр барьсан байсан юм. Гэтэл 17 цагийн орчим уг гэрүүдийн гадуур барьсан төмөр хайсан хашааны хажууд нэг эрэгтэй хүн явж байгаад хашаагаар ороод зүүн талаасаа 2 дахь гэр рүү орсон.

Тэгэхээр нь би араас нь явж ороход тэр хүн гэрт байсан хүмүүстэй юм ярих гээд байгаа бололтой зогсож байсан ба тэнд байсан хүмүүс “Хятад хүн байна” гэхээр нь би тэр хүнийг дагуулж гараад цагдаагийн постны байрандаа оруулсан. Би өөрөө урьд нь Бээжин хотод дунд сургуульд сурч байсан болохоор хятад хэл мэддэг юм.

Ингээд тэр хүнээс “ямар учраас энд явж байгаа болох, бичиг баримт, гадаад паспорт байгаа эсэх, хаанаас явж байгаа” талаар нь асуухад тэр хүн “2 хоногийн өмнө Ганц модны боомтоор орж ирсэн, паспорт байхгүй” гээд Хятад иргэний цахим үнэмлэх үзүүлэхээр нь “боомтоор орж ирсэн юм бол бичиг баримт байх ёстой, хаана байгаа юм бэ” гэхэд “би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 12 цаг өнгөрч байх үед боомт орчмоор хилээр хууль бусаар орж ирсэн” гэж хэлсэн. Би “энэ үйлдэл чинь хууль бус шүү дээ” гэхэд “би гадаад паспорт аваад орж ирэх юм бол намайг хаана байгааг мэдчихнэ, тиймээс би бичиг баримт аваагүй” гэж хэлж байсан. Ингээд би хэлтсийн жижүүртэй холбоо барьж хэлээд жижүүрт хүлээлгэн өгсөн.

Тэр хүн Хятадын цагдаагийн сургуулийн сонсогчийн хар өнгийн куртиктэй, бор өнгийн хагас түрийтэй гуталтай, саарал өнгийн өмдтэй, хар нүдний шилтэй байсан. Хар куртикнийх нь зүүн мөрөн дээр цагдаагийн сургуулийн логотой тэмдэг байсан. Түүнээс “яагаад цагдаагийн сургуулийн хувцас өмссөн юм бэ” гэхэд “тэнд сурч байсан” гэж хэлж байсан. Мөн түүнд Чингисийн талбай дээр авахуулсан 2 хувь зураг байсан. Хөндлөнгөөр нь угаасан зурагны ард талд нь хөх өнгийн балаар хятад ханз үсгээр “Намайг Ф Х Ж гэдэг, би Хятадаас ирсэн. Би олон удаагийн дарамт шахалтанд орсон, тийм учраас Монголд ирсэн ба Засгийн газарт намайг хамгаалалтанд аваач ээ гэж хүсэлт гаргаж байна. Цааш нь дамжуулж өгнө үү, мистер Энхболдод” гэж бичсэн байсан.

Мөн биед нь хятадын иргэний үнэмлэх, олон тооны түлхүүр, карт, цэвэр ус, ууттай талх, утасны чихэвч, нүдний шилний гэр, асаагуур, хар өнгийн лент, мөнгө зэрэг зүйл байсан. Тэр хэлэхдээ хилээр орж ирэхдээ 300 юаньтай орж ирсэн. Улаанбаатар хотруу ирэхдээ орон нутгийн автобусанд 100 юань өгөөд билет аваад ирсэн гэж байсан.

Тухайн үед тэр хүнд гар утас байгаагүй. Би түүнээс “гар утас байна уу” гэж асуухад “байхгүй, ирж байх замдаа алдсан” гэхээр нь “ямар утас байсан бэ” гэхэд “Huawеi маркийн утас байсан” гэж хэлсэн. Хаана, хэрхэн алдсан талаараа тодорхой хэлээгүй. Мөн тэр ганцаараа явж байсан. “Өөр найз нөхөд хамт ирсэн хүн байна уу” гэж асуухад тэр байхгүй гэж хариулж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

- гэрч Л.Х-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ажилдаа ирээд байж байхад өдөр 12-13 цагийн орчимд Хятад улсын бололтой нэг иргэн миний суудаг цонхон дээр ирээд юм асуугаад байгаа бололтой, Хятадаар яриад байсан. Тэгэхээр нь би манай эндээс унаанд суух гэж байгаа гадаадын иргэн байна гэж бодсон. Манай ажлын Цолмон гэдэг залуу хятад хэл мэддэг болохоор түүний утас руу нь залгаад яриулсан. Дараа нь Цолмон надтай яриад “наад хүн чинь хотын төв орох гэж байгаа хүн юм байна, яаж явах вэ гэж асууж байна. Таксинд суугаад яв” гээд хэлчих гэхээр нь би тэр хүнд “такси” гэж хэлээд хойшоо заахад тэр хүн гараад явсан. ...Тэр хятад хүнийг орж ирэхээс өмнө 11:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цагаан Хад-Улаанбаатар чиглэлийн автобус ирсэн. Түүгээр ирсэн эсэхийг бол мэдэхгүй байна. Тэр хүн хар нүдний шилтэй, хар хувцастай байсан. Өмсөж явсан куртикнийх нь ханцуйн дээр цагдаагийн бололтой тэмдэг харагдаж байсан. Бусад зүйлийг нь сайн анзаараагүй.

...Энэ зурган дээрх хүн тэр өдөр надтай уулзсан хүн мөн байна. Яг энэ зураг дээрх хувцастайгаа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46х/,

- гэрч С.А-гийн: “...Би “Алсын их хайрхан” гэдэг нэртэй хоршоонд жолоочоор ажилладаг байсан. Хоршоо маань Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Улаанбаатар хот чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилдэг юм. ...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Цагаан хаднаас **-** УМҮ улсын дугаартай, Гранбирт маркийн, мөнгөлөг саарал өнгийн, 45 хүний суудалтай автобусаар хүн тээвэрлэсэн.

...2019 оны 01 дүгээр сарын 26-ны үдээс хойш 17:05 цагийн үед зорчигчдоо суулган хөдлөөд Улаанбаатар хотод 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10:40 цагийн орчим Хан-Уул дүүрэг дэх “Лавай” төвийн буудал дээр ирж зорчигчдоо буулгасан. Цагаан хаднаас хөдлөхөд суудлынхаа тоогоор хүн суулгаад дүүргээд хөдөлсөн. ...нэг Хятад хүн сууж Улаанбаатар хотод ирсэн. Энэ зурган дээр байгаа хүн бол тухайн үед манай автобусанд сууж ирсэн хятад хүн мөн байна. 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн орчим автобустайгаа Цагаан хадны буудал дээр ирээд зорчигчоо авах гээд зогсож байхад энэ хүн ирээд “Улаанбаатар” гэж хэлээд автобусны хойд талаасаа 2 дахь эгнээний суудалд суухаар нь би мөнгөө авах гэж очиход 5000 төгрөг өгөхөөр нь би гар утасныхаа тооны машиныг гаргаж 40.000 төгрөг гэж хийгээд үзүүлэхэд тэр өөрөө гар утас гаргаж ирээд тоо бодоод байсан. Тэгж байгаад нэмж 100 юань өгсөн. ..тэр хүн жолоочийн кабин дээр ирээд “фейсбүүк” гээд байхаар нь би гар утсаа өгөхөд тэр миний фейсбүүкийн хайлт хэсэг дээр англи үсгээр нэг нэр бичиж хайгаад, зураг гаргаж ирээд үзүүлж байсан. Тэр нь Чингисийн талбай дахь Чингис хааны хөшөөний зураг байсан. Түүнийг үзүүлээд Чингис хаан гэж хэлээд байсан.

Би тэр хүний гар утасны маркийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан хар өнгийн ухаалаг утас байсан. Тэр тооны машинийг нь гаргаж ирээд тоо бодоод байсан, өөр ачаа бараа гэх зүйл байгаагүй. Зураг дээрх тортой зүйл ч гэсэн байгаагүй санагдаж байна. Хар өнгийн куртик, саарал өнгийн өмд гуталтай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/,

- гэрч Л.Ц-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Хилийн 0131 дүгээр ангийн Гашуун суухайт шалган нэвтрүүлэх заставын дарга хошууч Н- намайг дуудаад “хамт яваад хилийн хэсгээр шалгалт хийе” гэж хэлсэн. ...Тэгээд бид 703 дугаар багана буюу боомтоос зүүн зүгт 704 дүгээр багана хүртэлх 5 км орчим газарт явганаар явж шалгалт хийсэн. Гэтэл 704 дүгээр баганаас баруун зүгт 350 метр зайд, боомтоос 5.2 км орчим зайд хятадын талаас явганаар хил зөрчсөн байж болзошгүй нэг хүний хөлийн мөр илрүүлсэн.

Хилийн мөр хянах зурвас дээр 7 ширхэг мөр байсан, хилээр дотогш ороод нутгийн гүн чиглэн хойд зүгт явсан олон тооны мөр байсан. Тухайн үед цаг өдрийн 11:30 болж байсан. Тэр мөрийг би хошууч Н-гийн хамт дагаж явахад барагцаагаар 5 км орчим яваад газрын байдлаас хамааран мөр нь бүдгэрсэн юм. Энэ үед дэд хурандаа Б- тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан заставынхаа харуулыг дуудаж, мөр хадгалах хайрцаг авч ирүүлээд мөр хянах зурваст байсан мөрийг хамгаалалтанд авсан. Тухайн мөр илэрсэн хэсгээр хилийн төмөр торны доороосоо 2, 3 дахь утас нь тасарсан байсан. Тухайн төмөр утасны тасарсан байдлыг харахад шинэ хуучин тасарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байсан.

...Түүнээс үргэлжлээд хилийн дотор талд байсан мөрийг бол хамгаалалтанд авсан байгаа. Тухайн мөр нь Хятад Улсын баруун урд талаас ташуулдан ирсэн байдалтай байсан. Тухайн үед би өөрийнхөө гар утсаар хилийн зурваст байсан болон дотогш явсан мөрний зургийг нь авсан байгаа. Тэр мөр нь барагцаагаар 40-41 орчим размерийн арзгар ултай гутлын хээ байсан. Мөр хоорондын алхамын зай нь 40 см орчим байсан.

Мөр илэрсэн талаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны үдээс хойш Хятад улсын талд мэдэгдэж, “манайхаас илэрсэн мөрийг танайд хүлээлгэн өгье” гэхэд “энэ талаар хилийн төлөөлөгчид мэдэгдье” гэсэн боловч эргэж хариу хэлээгүй байгаа. Тухайн үед тэдний талаас ирсэн хүний хамт Хятад Улсын хилийн зурваст очиж үзэхэд манай хил дээрээс илэрсэн мөрний адил мөрүүд байсан.

Хятад Улсын хилийн тор нь 2 м орчим өндөртэй хөндлөн 12 эгнээтэй тор байдаг. Тор нь доороосоо 4, 5 дахь төмөр утас нь сунасан байсан. Тэр торыг дээш доош нь болгоход бол хүн чөлөөтэй багтаж байсан. Бидэнтэй уулзсан Хятад Улсын хилийн төлөөлөгчийн туслахыг тэр зайгаар оруулан цааш явуулахад “нутгийн гүнээс ирсэн мөр байна” гэж байсан. Би Хятад Улсын хилийн торны зургийг мөн авсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52х, 53-54х/,

- гэрч Ж.Б-ийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хилийн 7 дугаар заставын даргаар ажиллаж байна. Манай застав нь хил хамгаалалт хариуцдаг. Хилийн 692 дугаар тэмдэгээс 713 дугаар тэмдэг хүртэлх хэсгийг хариуцдаг. Энэ хэсэгт Гашуун сухайтын боомт харьяалагддаг.

2019 оны 01 дүгээр сарын 28-ный өдөр би хошууч Н-, тагнуулын ажилтан Ц- нарын хамт өглөө 09 цагаас боомтоос баруун зүгт 1,5 км газарт шалгалт хийхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Буцаж ирээд зүүн зүгт 5 км орчим газарт явган алхан хилийн зурвасыг шалгахад хилийн 704 дүгээр тэмдэгийн баруун талаар 350 орчим метр газарт Хятад Улсаас манай улсын хилийг нэвтэрсэн явган хүний хөлийн мөр илэрсэн. Мөрийг нягтлан үзэхэд нутгийн гүнрүү явсан байсныг Н-, Ц- нар дагаж явсан. Би тэнд үлдээд харуулд гарсан манааг ирэхээр нь мөр хамгаалах арга хэмжээ авсан.

Хилийн тор доороосоо 3, 4 дүгээр үеийг таслаад торон дундуур орсон байсан. Тухайн мөр илэрсэн хэсгээс бага зэрэг баруун урд зүгээс ирсэн байсан. Тэгээд тасарсан торыг нь төмөр залгаж засаад, мөр хянах зурвас дээр байсан мөрийг нь бол арилгаад зурвасыг хэвийн болгосон. Гэхдээ Ц- гар утсаараа зургийг нь авсан байгаа. Тухайн мөр нь барагцаагаар 40 орчим размерийн арзгар ултай гутлын мөр байсан.

...Энэ талаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны үдээс хойш Хятад Улсын хилийн заставтай уулзалт хийж мэдэгдсэн. Манай хил дээрээс илэрсэн мөрийг Хятадын хилийн төлөөлөгчийн хамт дагаж явсаар Хятадын хилийн зурвас дээр очиход тэр мөр мөн тэнд байсан. Хятад улсын хилийн тор нь дунд хэсгээрээ суларсан байсан ба тэр завсраар нь орсон байх.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57х/,

- гэрч О.Н-гийн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08:30 цагаас би хилийн 7 дугаар заставын дарга дэд хурандаа Б-, хилийн тагнуулын ажилтан Ц- нарын хамт ...хилийн 703 дугаар баганаас 704 дүгээр багана чиглэлд шалгасан.

Ингэхдээ бид хилийн зурвас дагаж явганаар алхаж мөр хянах зурвасуудыг шалгаж явсан. Гэтэл 704 дүгээр баганы баруун талаар 350 метр орчим газраас Хятад улсын талаас манай улсыг чиглэсэн ул мөр нь мөр хянах зурвас дээр илэрсэн. Тэр даруй штабын даргад мэдэгдээд, би Ц-гийн хамт хилээр орж ирсэн мөрийг үргэлжлүүлэн дагаж 1.5-аас 1.8 км орчим яваад мөрийг алдсан. Газрын байдал нь чулуутай байсан учраас мөр бүдгэрээд тасарсан, цааш үргэлжлүүлэн хайсан боловч мөр олдоогүй. Нохой хөтлөгчөө нохойтой нь дуудан 17 цаг болтол хайсан боловч олдоогүй.

Тухайн этгээд төмөр торыг доод талаасаа 2 дахь төмрийг нь тасалсан байсан. Би харахдаа бахиар ч юмуу иртэй зүйлээр тасалсан байна гэж харж байсан юм. Мөр илэрсэн хэсгээс бага зэрэг баруун урд зүгээс ирсэн байсан. Мөрийг хамгаалалтад авсан байгаа. Тэр мөр бол нэг хүний гутлын мөр байсан. Мөр хянах зурваст 6-8 мөр гарсан байсан. Дотогш орж ирээд явсан мөр нилээн байсан. 40 орчим размерийн хэмжээтэй, өсгий дээрээ жижиг хээтэй, арзгар ултай гутлын мөр байсан.

Штабт мэдэгдээд, өгсөн чиглэлийн дагуу Хятад улсын талтай хилийн төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтыг надтай хамт дэд хурандаа Б-, ажилтан Ц- нар хийсэн. Тэдэнтэй уулзаж мөр илэрсэн талаар хэлээд, манай хил давсан мөрийг дагаж явсаар Хятадын хил дээр очиход тэр мөр Хятадын хилийн цаана ч гэсэн байсан. Ингээд тэдний талаас эргэж ямар нэгэн хариу хэлээгүй байна.

Хятад улсын хилийн тор нь 2 м орчим өндөртэй, хөндлөн 12 эгнээтэй тор байдаг. Тэр тор нь голын хэсгээрээ унжсан байсан. Түүгээр хүн багтахаар зайтай байсан. Би тэр зайгаар орсон юм байна гэж ойлгосон. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжээчийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 1050 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн гадна дүр төрх нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн 6127251992082****Х гэсэн дугаартай бичиг баримт дээрх хүний гадна дүр төрх, харьцуулах загвараар ирүүлсэн Ф Х Ж /F H Z/-ы  гэх цээж зурагт дүрслэгдсэн хүний гадна дүр төрхтэй гадаад дүр төрхийн хэв шинж, хүйс, нас, үсний өнгө, хөвөө, урт, нүүрсний дүрс, хөмсөгний урт, хэлбэр, хөндлөнд харьцуулсан хөмсөгний байрлал, хөмсөг хоорондын зай, өнгө, нүдний хүүхэн хараа, солонгон бүрхүүлийн өнгө, хамрын хянган хэлбэр, цохны гүн, хамрын угалз, амны хэмжээ, уруулын жэмийлт, уруул зүүн тийш муруйсан, эрүүний өргөн, өндөр, доод эрүүний гаднах дүрс, чихний дэлбэнгийн хэмжээ, хөмсөг хооронд нугалаатай /үрчлээс/, ооч сахалтай зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-71х/,

- гэрч А.Э-ы: “...Би 2016 оны 8 дугаар сараас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Бодлогын хэрэгжилт зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би Ф Х Ж гэгчийг танихгүй. Манай байгууллагад өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Д.Ч- дээр бүртгэл байгаа. Хэрэв БНХАУ-ын иргэн Ф Х Ж Монгол улсаас орогнол хүссэн хүсэлт гаргасан бол бүртгэл байх ёстой гэсний дагуу Д.Ч-ийн 207 тоот өрөөнд орж комьютерээс Ф Х Ж гэгчийг шүүлгэхэд ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд улс төрийн орогнол хүссэн, дүрвэж ирсэн иргэдтэй холбоотой хүсэлт намайг ажиллаж байх хугацаанд гарч байгаагүй. Улс төрийн орогнол хүссэн асуудлыг Ерөнхийлөгч шийддэг учир Ерөнхийлөгчид хандах ёстой байх. Гадаадын иргэд өөрийн улсаас дүрвэж байгаа тохиолдолд НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газарт ханддаг. Тухайн байгууллагаас “дүрвэгч гэрчилгээ” гаргаж, манай байгууллагад мэдэгддэг байгаа. НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас тус яаманд Ф Х Жтай холбоотой баримт материал ирээгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 169-171х/,

- Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 902 тоот актын:

1. Ф Х Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Ф Х Ж нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна.

3. Ф Х Ж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ф Х Ж нь өөрийнхөө үйлдлийг удирдах чадвартай байсан байна.

4. Ф Х Ж нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган мэдүүлэх чадвартай байна.

5. Ф Х Ж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 178-179х/,

- Ф Х Ж /F H Z/ нь Монгол Улсын харъяат болон орогнол хүсэж материал гаргасан иргэдийн мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг гэрчилсэн Гадаадын иргэн, харъяатын газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/1392 дугаартай, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг ТГ/521 дугаартай албан бичиг баримтууд /хэргийн 191х, 199х/ болон Ф Х Ж /F H Z/-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 62-63х, 81-82х, 87-89х, 92-93х, 185-186х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх ба Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл болно.

 

Монгол улсын иргэний харьяалалгүй, гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг гадаадын иргэн гэх бөгөөд хэргийн шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь БНХАУ-ын иргэний харьяалалтай гадаадын иргэн тул Монгол улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрлийн хуудас буюу визийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авсны үндсэн дээр хүчин төгөлдөр паспорт болон паспортыг орлох баримт бичгээр хууль тогтомжид заасан журмын дагуу Монгол улсад нэвтрэн орох хуулийн зохицуулалттай. 

 

Тухайн хэргийн нөхцөлд БНХАУ-ын иргэн шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичиггүй, зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй /Монгол улсад орох визгүй/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуун сухайт хилийн боомт орчимд хилийн 704 дүгээр тэмдэгтээс баруун зүгт 350 метр газарт, явганаар, боомт бус газраар 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Монгол Улсын хилийг нэвтэрч, орж ирсэн үйлдэл нь “Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ...зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр боомт бус газраар Монгол Улсын хилийг нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтад маргаагүй болно.  

 

Түүнчлэн тухайн шүүгдэгчийн хувьд үзэл бодол, улс төрийн, шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас өөрийн эх орондоо хавчигдан мөшгигдсөн, Монгол улсад орогнох эрх олж авахын тулд тус улсын хилийг нэвтэрсэн гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар тогтоогдоогүй байна.

 

Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд Монгол улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба шүүгдэгч Ф Х Ж /F H Z/-ыг Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ...зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ф Х Ж /F H Z/-ийн хувьд урьд Монгол Улсад ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримттай байна. /хэргийн 100х/

 

Шүүх, шүүгдэгч Ф Х Ж /F H Z/-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан санал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 01 /нэг/ жил 04 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ф Х Ж /F H Z/ нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 72-73х, 78-79х, 114-115х, 126-127х, 134х, 174х, 181-182х, 212х, 214х/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, Тагнуулын ерөнхий газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2019 оны 02 сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 06х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ф Х Ж /F H Z/-ы 6127251992082****Х дугаарын иргэний үнэмлэх, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, нүдний шилний сав 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, банкны карт 6 ширхэг, өмдний бүс 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, хар лент 1 ширхэг, хэлхээтэй түлхүүр 15 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. БНХАУ-ын иргэн Ф Х Ж /F H Z/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиг баримтгүй, зохих зөвшөөрөлгүйгээр “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф Х Ж /F H Z/-ыг 01 /нэг/ жил 04 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ф Х Ж /F H Z/-д оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ф Х Ж /F H Z/-ы цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан, Тагнуулын ерөнхий газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх 2019 оны 02 сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 06х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ф Х Ж /F H Z/-ы 6127251992082****Х дугаарын иргэний үнэмлэх, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, гар утасны чихэвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, нүдний шилний сав 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, банкны карт 6 ширхэг, өмдний бүс 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, хар лент 1 ширхэг, хэлхээтэй түлхүүр 15 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ф Х Ж /F H Z/-д буцаан олгосугай.

 

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт Ф Х Ж /F H Z/ нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ф Х Ж /F H Z/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ф Х Ж /F H Z/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД