| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00456/И |
| Дугаар | 210/МА2025/01994 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/01994
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* /*******/, *******ийн ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ы хууль эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* ******* гудамж, ******* тоот хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм.
Уг хувийн сууцанд хариуцагч ******* нь 2013 оноос амьдарч байгаа бөгөөд боломжтой болохоороо мөнгийг нь бүрэн өгнө гэж орсон боловч одоо хүртэл төлбөрийг төлөөгүй, энэ олон жилийн хугацаанд миний бие түүнд удаа дараа шаардлага тавьж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд, хариуцагчийг өөрийн өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ямар ч түрээс, хөлсгүйгээр олон жил хариуцагчид ашиглуулж хохирч ирсэн, энэ хугацаанд миний алдагдсан боломж маш их, хариуцагч нь ийм байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, өөрийн зардлыг хэмнэж байна.
Иймд, хариуцагчийг миний өмчлөлийн хөрөнгөөс албадан чөлөөлүүлж өгөхийг хүсье гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2013 онд энэ орон сууцыг худалдах, худалдан авахаар талууд гэрээ байгуулж, нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэвч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гурван төсөлд банк бус санхүүгийн байгууллагад тодорхой хэмжээний төгрөгөөр барьцаанд тавьсантай холбоотой. Арга ядаад 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр банк бус санхүүгийн байгууллагад тавиад байхаар нь энэ үйлдлийг зогсоох байдлаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ үргэлжлүүлэн байгуулагдсан. Уг орон сууцны үнэ жил ирэх тусам банк бус санхүүгийн байгууллагад тавьснаас нь үүдээд унасан. Өнөөдрийн байдлаар 150,000,000 төгрөгөөр зарагдаж байна. Миний урьдчилгаанд төлсөн орон сууцны үнэлгээ, нэхэмжлэгчийн зарж байгаа үнэлгээ хоёр яг таарчихлаа тийм учир бид тохиролцоод дуусах боломжтой. Гэрээ бол хүчин төгөлдөр, аль аль талаасаа гэрээнээс татгалзъя гэж бичгээр болон амаар санал гаргаж байгаагүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101.1, 106.1, 106.2-т заасны дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх гэдэг шаардлага гаргаж байна. Гэтэл энэ нь өөрөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэдэг шаардлагад хамаардаг. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс үүдээд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр хууль ёсоор надад орон сууцыг худалдах зорилгоор миний өмчлөлд шилжүүлсэн байхад үүнийг хууль бус гэж үзэх боломжгүй. Магадгүй талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг ч юм уу, эсхүл үнэхээр гэрээнээс татгалзаж байгаа бол хэрхэн татгалзах бэ, татгалзъя гэж нэхэмжлэгч нь яриад байгаа бол өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх ёстой байх. Тэгэхээр 150,000,000 төгрөгөө нэхэмжлэгчээс өгөх юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Зээлээр худалдах худалдан авах гэрээний гол онцлог бол өөрөө сайн дураараа эзэмшлийг урьдчилаад шилжүүлдэг. Төлбөрийг дараа төлбөрт байдлаар хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгчээс гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах эсхүл гэрээнээс татгалзъя гэдэг шаардлага гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* ******* *******ийн гудамж, тоот хаягт байрлах 121 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдан авах зорилгоор нэхэмжлэгчид 150,000,000 төгрөг шилжүүлээд орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж, өөрийн гурван хүүхэд нөхрийн хамт амьдарч байна. Хэрэв нэхэмжлэгч нь худалдах зорилгогүй, эсхүл гэрээнээс татгалзсан, дуусгавар болгохоо ядаж нэг удаа ч болов мэдэгдэж байсан бол үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөх, эсхүл зээл авах, эсхүл урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах зэрэг боломжит хувилбаруудыг хайж нэхэмжлэгчтэй тохиролцож болох байсан.
Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.3-т заасан заалтуудыг баримталж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь, талууд улсын бүртгэлийн гэрчилгээний талаар огт маргаагүй, гэрчилгээ үнэн зөв бичигдсэн талаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Мөн талуудын хооронд хууль ёсоор Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээний үүргээ талууд биелүүлж байгаа, тус гэрээ хүчин төгөлдөр, аль нэг талаас гэрээг дуусгавар болгосон, татгалзсан зүйл байхгүй буюу үүргийн гүйцэтгэл хэвээр үргэлжилж байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид 272,250,000 төгрөгөөр зарсан боловч тус орон сууцаа 10,000,000 төгрөгөөр үнэлж, тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг төлж, шүүх болоод хариуцагчийг хууран мэхэлсэн.
Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас орон сууцны бодит үнэлгээг гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ талаарх шийдвэрлэсэн ямар ч баримт байхгүй нь процессын алдаа гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч өмчилдөг, түүнийг нэхэмжлэх эрх нь өөрт нь байдаг тул тэрээр өөрийн эрхийн дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь тодорхой цаг хугацаанд нэхэмжлэгчтэй гэрээ, хэлцэл байгуулсан боловч гэрээ зохих ёсоор хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж, цаашид түрээсийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр тухайн харилцаа үргэлжилж байсан хэдий ч хариуцагч тал түрээсийн төлбөрийг төлөхөө больсон. Иймд, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь урьд байгуулж байсан гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар маргаагүй, маргах ч үндэслэл байхгүй.
Талууд 2013 онд гэрээ байгуулсан ч хариуцагч тал гэрээг зөрчсөн, зохигч тухайн үед нэмэлт гэрээ байгуулсан буюу хэрэв гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн төлбөрт тооцно гэж тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр хэвээр байгаа болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* /*******/, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч ******* нь миний өмчлөлийн хувийн сууцанд 2013 оноос амьдарч байгаа, төлбөрийн боломжтой болохоороо мөнгийг өгнө гэсэн боловч төлбөрийг төлөөгүй, миний бие олон жилийн хугацаанд удаа дараа түүнд шаардлага тавьж байсан хэдий ч үр дүн гараагүй. Иймээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан... гэсэн бол,
хариуцагч нь ...талууд 2013 онд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, миний зүгээс нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийг өгсөн, тухайн гэрээ хүчин төгөлдөр, хэн, хэн нь гэрээнээс татгалзъя гэж санал гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр гэрээний дагуу тус хувийг сууцыг надад шилжүүлсэн тул үүнийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй... гэж маргажээ.
3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь тус хувийн сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй боловч гагцхүү хариуцагч *******ы эзэмшил нь хууль бус байх тохиолдолд чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй юм.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, талуудыг мэтгэлцүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.
4.1 Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар зохигч тус хувийн сууцыг 2013 онд худалдах, худалдан авахаар тохирч, нэхэмжлэгч ******* нь уг гэрээг үндэслэн өөрийн өмчлөлийн хувийн сууцыг хариуцагч *******д шилжүүлэн өгсөн бөгөөд хожим талууд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулжээ. /х.х-ийн 25/
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өмчийн нэхэмжлэл буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн зүйлд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тодруулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг тухайн гэрээнээс татгалзаж байгаа, аль эсхүл гэрээ хүчин төгөлдөр бус учир хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж байгаагийн аль нь болох талаар тодруулах ёстой байсан.
Анхан шатны шүүх зохигч энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, тухайн үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4.2 Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахад гэрээний зүйл мөнгө бүрэн төлөгдсөн эсэхээс үл хамаарч худалдан авагчид урьдчилан шилждэг гэж маргасан.
Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс татгалзсан гэсэн боловч хариуцагч нь уг тайлбарыг үл хүлээн зөвшөөрч, тухайн зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж маргажээ.
Энэ тохиолдолд шүүх талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж, үр дагаврыг буюу өгсөн зүйлийг харилцан буцаах нэхэмжлэл, аль эсхүл зохигч урьд өмнө нэгэнт гэрээнэээс татгалзсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлд хууль бусаар амьдарч байгаагийн чухам аль нь болохыг тодруулах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна гээд 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх гэж заасан.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлах, маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж, талуудыг чиглүүлэх үүрэгтэй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР